Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/01100

 

 

 

 

 

 

 

                                2021        04          07  

   101/ШШ2021/01100

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК холбогдох 

 

Цалин хөлсний үлдэгдэл 88,255,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал /№3095/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Б миний бие 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “М” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус компанид санхүү хариуцсан менежерийн ажилд орсон ба 2019 оны 5 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд тус компанид хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан. “М” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 20-нд надад 1 сарын 2,500,000 төгрөгийн цалин олгохоор хөдөлмөрийн гэрээг дуусах хугацаагүй байгуулсан. “М” ХХК нь Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас явуулсан “Цахим эрүүл мэнд” төсөлд шалгарч, БНХАУ-ын “Хуавей Технологи” компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллан, тус төслийг хэрэгжүүлж байсан ба төслийн санхүүжилт удаашралтай байна гэх шалтгаанаар удаа дараа цалинг хугацаанд нь төлөхгүй хойшлуулж, удахгүй төлнө, түр хүлээж бай гэх зэрэг шалтгаанаар цалинг өгөхгүй удааж байсан тул миний бие 2019 оны 5 дугаар сарын 01-нээс тус компанид ажиллахаа больсон юм. Э.Б намайг тус компанид ажиллаж байх хугацаанд “М” ХХК-ийн захирал Э.Гантулга нь өөрийн компанийн албан ёсны бланк, тамга тэмдэг, өөрийн гарын үсэг бүхий цалингийн өглөгтэй нь үнэн гэх баримтуудыг өгч байсан ба хамгийн сүүлд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт авах цалингийн үлдэгдлийн өглөгийг тооцож үзэхэд 88,255,000 төгрөгийн өглөгтэй болох нь тогтоогдож, тодорхойлолт бичиж өгсөн юм. Гэтэл “М” ХХК нь төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж, төслийн үндсэн гүйцэтгэгч болох БНХАУ-ын “Хуавей Технологи” компаниас санхүүжилт төлбөрөө удаа дараа авсан боловч надад өгөх ёстой цалингийн үлдэгдэл төлбөр болох 88,255,000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулахгүй хохироож байна.

Иймд 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “М” ХХК-тай байгуулсан № 01 дугаартай хөдөлмөрийн гэрээ, тус гэрээний хавсралт, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу ажил олгогч “М” ХХК-иас 88,255,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “М” ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.Б нь “М” ХХК-д санхүү хариуцсан менежерээр 2015 оноос 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Э.Бгийн ажилласан хугацаанд олговол зохих цалингийн үлдэгдэл нь 88,255,000 төгрөг гэдгийг тооцон, үүнийг хүлээн зөвшөөрсөн албан бичгийг компани үйлдэж нэхэмжлэгчид өгсөн үйл баримттай маргахгүй байна. “М” ХХК нь цахим эрүүл мэнд төсөлд шалгарч, 2015 оноос уг төслийн туслан гүйцэтгэгчээр ажилласан ба ажилчдынхаа цалинг бүрэн гүйцэд олгож чадахгүй байсан нь Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай санхүүжилт хугацаандаа орохгүй байсантай холбоотой юм. “М” ХХК нь ажил олгогчийн хувьд хүлээсэн үүргээ биелүүлж, Э.Бгийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргаан байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан цалин хөлсний үлдэгдэл 88,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

“М” ХХК-ийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай тушаалаар Э.Бг мөн өдрөөс эхлэн “Санхүү хариуцсан менежер”-ийн албан тушаалд томилж, сарын үндсэн цалинг 2,500,000 төгрөгөөр тооцон олгохоор, 01 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан, улмаар Э.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж, чөлөөлөгдсөн, зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.  /хх-7-12 тал/

 

Нэхэмжлэгч Э.Бгийн дээрх ажилласан хугацааны цалин хөлс 2016 онд 29,243,000 төгрөг, 2017 онд 25,095,000 төгрөг, 2018 онд 25,338,000 төгрөг, 2019 онд 8,579,000 төгрөг, нийт 88,255,000 төгрөгийг хариуцагч “М” ХХК олгох үүргээ биелүүлээгүй болох нь “Цалингийн хүснэгт”, “М” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-13, 16-18 тал/ 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж тус тус заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.3-т талууд цалин хөлсний талаар тохирсон нь энэхүү хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд “М” ХХК-ийн захирал Э.Гантулга нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тус хуулийн этгээдийн дэргэд “Хөдөлмөрийн маргаан таслах комисс” байхгүй болохыг мэдэгдсэн тайлбарыг гаргасан байна. /хх-55 тал/

 

Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан ба хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Э.Б нь цалин хөлстэй холбоотой энэхүү хуульд заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Хэдийгээр дээр дурдсанчилан нэхэмжлэгч Э.Б нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байх боловч хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох цалин хөлсний үлдэгдэл 88,255,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

 

Ийнхүү хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа боловч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэл зоригоо илэрхийлээгүй, зохигчид хэн алин нь эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэх тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан болно.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй, мөн дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг, маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх зохицуулалттай байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                              

ТОГТООХ нь:

    

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас цалин хөлсний үлдэгдэл 88,255,000 /наян найман сая хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Бд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Гэрэгэ системс” ХХК-иар дамжуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 599,500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Э.Бд олгож, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 599,225 /таван зуун ерэн есөн мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т тус тус зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2021/00848 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар авсан арга хэмжээ нь давж заалдах журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ