Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/01087

 

                                         

 

 

 

 

 

 

   2021          04          06

                101/ШШ2021/01087

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                  

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Г.Г холбогдох

           

            “Машин механизм түрээсийн гэрээ”-нээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн 2,500,000 төгрөг гаргуулах,

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй, ачаа тээвэрлэлтийн хөлс 2,911,569 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “Г” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Г” ХХК-ийн захирал Ё.Өминий бие Г.Гтой 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Машин механизм түрээсийн гэрээ” байгуулсан. Уг гэрээний 2.4-т заасны гэрээний урьдчилгаа төлбөрт 1,000,000 төгрөг тохиролцсон. Гэтэл Г.Г нь яаралтай мөнгөний шаардлага гараад байна гэж учир байдлаа тайлбарласан тул Г.Гийн Төрийн банкны 103900174462 тоот дансанд 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Г.Г нь тус гэрээний 1.3-т заасны дагуу тухайн машин механизмыг ажиллуулаагүй ба Өмнөговь аймгийн Манлай суманд ирсэн боловч ажлаа хийлгүйгээр буцаж явсан.

Иймд талуудын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ биелэгдээгүй учир уг гэрээнээсээ татгалзаж, машин механизм түрээсийн гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг Г.Гоос буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Г.Г нь тус гэрээний 1.3-т заасны дагуу тухайн машин механизмыг ажиллуулаагүй ба Өмнөговь аймгийн манлай суманд ирсэн боловч ажпаа хийлгүйгээр буцаж явсан” гэжээ. Г.Г би 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлын талбайд 620 км зам туулан очиж 2020 оны 5 дугаар сарын 16-нд ачаагаа буулгаад байж байтал инженер гэх залуу ирээд “Чамайг энд ажиллуулахгүй өөр компани руу явуулна гэж Ё.Өсая ярьсан” гэж хэлсэн. Тэгээд “энэ утсаар өөрөө ярь” гээд утасны дугаар өгсөн. Намайг ярьсан чинь Ё.Ө“Чамайг өөр компани руу явуулна би яриад өгье, эндээс 40 гаруй км-т байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “Би танай компанид ажиллахаар гэрээ хийж ирсэн өөр компанид ажиллахгүй” гэсэн чинь Ё.Ө“... хаана ч ажилласан яадаг юм, ажиллахгүй бол зайл” гэж хэлсэн. Тэгээд би “Г” ХХК-д ажиллуулахаар зуучилж өгсөн эгч М.Цэцэгтуяа руу “Энд ажиллуулахгүй, 40-өөд км-т байгаа өөр компанид яриад өгье гээд байна” гэхэд тэрээр “Би Ё.Өтэй одоо ярья” гээд ярьсан ба “Ё.Өтэй ярьлаа, бид учраа олчихьё гэж байна, чамтай ярина гэнэ” гэж хэлсэн. Тэгээд би дахин залгаад Ё.Өтэй ярихад “Урьдчилгаанд авсан мөнгөндөө ажиллаад яв” гэсэн, мөн инженер нь “чамайг би мэдэхгүй, энд ажиллуулахгүй” гэсэн учраас ээлжийн жолооч н.Дашдондогтой хамт арга буюу буцсан. Би зөвхөн урьдчилгаанд авсан 2,500,000 төгрөгт биш нэг сарын хугацаанд гэрээний 2.2-т заасан үнээр ажиллах гэрээ байгуулсан. Иймээс “Г” ХХК түүний захирал Ё.Өнь машин механизм түрээсийн гэрээний 1.3 дахь заалтыг зөрчиж гэрээний үүргийг биелүүлж машин механизмыг ажиллуулж ажлаа хийх боломжийг олгоогүй.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Машин механизм түрээсийн гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг Г.Гоос буцаан гаргуулж өгнө үү” гэжээ. Би 2020 оны 5 дугаар сарын 12-нд Улаанбаатараас Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дахь ажлын талбай хүртэл 620 гаруй км явахад нэг бүр нь 6 тоннын жинтэй 2 ширхэг төмөр бетон хоолой болон банз ачиж яв гэж “Г” ХХК-иас хэлсний дагуу тээвэрлэн “Г” ХХК-ийн ажпын талбайд буулгасан. Хүнд ачаатай машинд замын болон цаг агаарын /хүчтэй салхины аюулаас болгоомжилж зарим аймагт онцгой байдлын зам тээврийн хөдөлгөөн түр хязгаарласан үе байсан/ нөхцөл маш муу байсан болно. Гэрээнд энэхүү тээвэрлэлт болон холбогдох зардлууд тусгагдаагүй. Тиймээс Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар тушаалаар батлагдсан “Авто машинаар ачаа тээвэрлэх 1 тонн км-ийн жишиг тариф”-ийн журмыг үндэслэн Улаанбаатар хотоос 12 тонн ачааг /төмөр бетон хоолой/ Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дахь ажлын талбай хүртэлх 620 км зайд тээвэрлэсний зардлыг 1 тн.км-ийг 391.34 төгрөг байхаар тооцоход нийт 2,911,569 төгрөг болж байгаа бөгөөд “Г” ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн 2,500,000 төгрөгийг Г.Гоос гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Г.Г би “Г” ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Машин механизм түрээсийн гэрээ байгуулан гэрээнд заагдаагүй ажил болох нэг бүр нь 6 тоннын жинтэй 2 ширхэг төмөр бетон хоолой болон банз ачиж яв гэж “Г” ХХК-иас хэлсний дагуу тээвэрлэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатараас Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дахь ажлын талбай хүртэл 620 км хүнд ачаатай замын болон цаг агаарын хүнд нөхцөлд 3 хоног яваад 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ачаагаа буулгаад байж байтал гэрээ байгуулсан “Г” ХХК-ийн ажлын талбайд ажиллуулахгүй өөр компанид ажиллуулна гэснээр арга буюу буцсан.

Иймд “Г” ХХК-иас ачаа тээвэрлэлтийн хөлс 2,911,569 төгрөгийг гаргуулж Г.Г надад олгуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Гт холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний урьдчилгаанд 1,000,000 төгрөг шилжүүлэх байсан хэдий ч Г.Гийн гуйлтын дагуу 2,500,000 төгрөг шилжүүлж Г.Г оронд нь ажлын талбар хүртэл холбогдох ачааг хүргэж өгсөн болно.

Иймд харилцан тохиролцоо байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Г.Гт холбогдуулан “Машин механизм түрээсийн гэрээ”-нээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн 2,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч “Г” ХХК-д холбогдуулан ачаа тээвэрлэлтийн хөлс 2,911,569 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

            “Г” ХХК нь Г.Гтой 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Машин механизм түрээсийн гэрээ”-г байгуулж, Г.Батзоригийн эзэмшлийн 98-94 УБИ улсын дугаартай, Beiben маркийн өөрөө буулгагчийг Өмнөговь аймгийн Манлай суманд “Г” ХХК-ийн хариуцан ажиллаж буй хоолойн ажилд 1 сарын хугацаагаар ажиллуулах, түрээсийн урьдчилгаа төлбөр нь 1,000,000 төгрөг байхаар харилцан тохирсон, хэдийгээр урьдчилгаа төлбөрийг 1,000,000 төгрөг гэж тохирсон боловч Г.Гийн хүсэлтийн дагуу 2,500,000 төгрөгийг “Г” ХХК-ийн захирал Ё.Өөөрийн хувийн данснаас Г.Гт шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

            Дээрх гэрээний дагуу Г.Г нь Улаанбаатар хотоос 620 км явж, Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт байрлах “Г” ХХК-ийн ажлын талбайд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр очиход талуудын хооронд үл ойлголцол гарч, гэрээний дагуу Г.Г үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, буцсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.          

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчдын хооронд үүссэн асуудал нь гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн, энэ нь мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.3-т “хоёр талын ашиг сонирхлын үүднээс онцгой үндэслэлээр гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай бол” үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээг цуцлах үндэслэл бий болсон гэж үзнэ. 

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар талуудын хэн алин нь гэрээнээс татгалзсан байх тул гэрээний дагуу Г.Г нь “Г” ХХК-ийн ажлын талбайд автомашиныг ажиллуулах үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор “Г” ХХК нь урьдчилгаанд шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

Ийнхүү хариуцагч Г.Г нь дээрх гэрээний дагуу Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт байрлах “Г” ХХК-ийн ажлын талбайд 620 км зам туулж, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр очихдоо “Г” ХХК-ийн хүсэлтийн дагуу нэг бүр нь 6 тоннын жинтэй 2 ширхэг төмөр бетон хоолой болон банзыг ачиж, тээвэрлэн “Г” ХХК-ийн ажлын талбайд буулгасан гэх тайлбар, шаардлагыг хариуцагч гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Машин механизм түрээсийн гэрээ”-нд дээрх ачааг тээвэрлэх талаар талууд тохиролцоогүй боловч уг гэрээний үүрэгтэй холбоотойгоор хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т зааснаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох нэхэмжлэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хүсэлтийн дагуу нэг бүр нь 6 тоннын жинтэй 2 ширхэг төмөр бетон хоолой болон банзыг ачиж, тээвэрлэн “Г” ХХК-ийн ажлын талбайд буулгасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан тооцох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.1-д зааснаар Г.Гийн тээвэрлэсэн ачааны талаар “Г” ХХК нь гомдлын шаардлага гаргаагүй тул ачааг хүлээн авсанд тооцно.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.2-т “Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно” гэж зааснаар хариуцагч Г.Г нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар “Норм батлах тухай” тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Авто машинаар ачаа тээвэрлэх 1 тонн км-ийн жишиг тариф” /https://www.legalinfo.mn/annex/details/10062?lawid=14607/, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 290 дугаар “Барилгын норм ба дүрэм батлах тухай /БНбД81-10-04*10/” тушаалын 1 дүгээр хавсралт “Барилгын материал, бүтээц, хийц эдлэлийг талбайд зөөх, ачиж, буулгах ажлын норм” /https://www.legalinfo.mn/annex/details/5444?lawid=7566/-ийг үндэслэн тээврийн замын нийт километр болон ачисан ачааны зэрэглэлийг тодорхойлсон нь үндэслэлтэй байна.  

 

Өөрөөр хэлбэл дээрх тушаалын 1 дүгээр хавсралтын “Барилгын материал, эдлэл, бүтээцийг талбайд зөөх, ачиж, буулгах ажлын норм”-ын 3 зэргийн ачааны ангилалд “70.Төмөр бетон хоолой ба коллекторын элемент, хэмжих нэгж нь тн ...” байхаар заасан ба Г.Гийн тээвэрлэсэн “6 тоннын жинтэй 2 ширхэг төмөр бетон хоолой” нь уг ангилалд хамаарч, 4 дүгээр хавсралтын тээврийн зам, ачааны зэрэглэлийн дагуу 620 км нь 101-ээс дээш зай, км-т хамаарах ба 3 дугаар зэрэглэлийн ачааны үнэ болох 1 тн.км нь 391,34 төгрөг байхаар тус тус заасны дагуу 6 тн 2 ширхэг төмөр бетон нь нийтдээ 12 тн, 620 км-ийг 12 тн-оор тооцвол 7440 км.цаг ба үүнийг 391,34 төгрөгөөр үржүүлэхэд 2,911,569.6 төгрөг гарч байна.   

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнө шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэн, түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно. 

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Гоос урьдчилгаанд шилжүүлсэн 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас ачаа тээвэрлэлтийн хөлс 2,911,569 /хоёр сая есөн зуун арван нэгэн мянга таван зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.Гт олгосугай. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,536 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д, “Г” ХХК-иас 61,536 /жаран нэгэн мянга таван зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж, Г.Гт олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ