| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/05707/И |
| Дугаар | 101/ШШ2021/01011 |
| Огноо | 2021-03-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2021/01011
| 2021 03 30 | 101/ШШ2021/01011 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,746,195 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, Т.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, Т.Одгэрэл нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
NT-206210185 тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 3,178,833.76 төгрөг, үндсэн хүү 1,276,968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 275,393 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 4,746,195 төгрөгийг Б.Эаас гаргуулах тус байгууллага нь нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Б.Э нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ******* УАЕ удсын дугаартай ******* арлын дугаартай ******* гэрчилгээтэй Toyota crown /2004 2012/ суудлын, автомат бензин, сувдан цагаан автомашиныг барьцаалан 3,500,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, NM-206210185 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардаж байсан. Манай байгууллагын зүгээс “Үүрэг гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуци”-ийн гэрээнээс татгалзаж байгаа бөгөөд учир нь энэхүү гэрээний 3.1.5-д Төлбөр төлөгчөөс зээлдэгчийн нэр дээр бүртгүүлж, холбогдох бичиг баримтыг банкинд хадгалуулах, харин автомашиныг төлбөр төлөгч талд ашиглуулж, эзэмшүүлж, хадгалуулж, шилжүүлэхээр тохиролцсон байна. Мөн гэрээний 4.2.13-т үүрэг гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгийн өнгө, үзэмж, чанар, үнэлгээ, бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцах бөгөөд хулгай, дээрэм, халдлагаас сэргийлэх бүх нөхцлийг хангахаар үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү тохиролд манай талаас үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийг хүлээн аваагүй мөн зээлдэгч өөрөө энэхүү хөрөнгөө хаана байгааг мэдэхгүй байна.
Иймд бид гэрээний үүргээ зөрчиж эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн хэмээн үзэж байгаа тул хариуцагч Б.Эаас зээлийн гэрээний үүрэгт 4,746,195 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа:
2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Н” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага буюу 4,746,195 төгрөгөөс үндсэн зээл болох 3,178,834 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэгдэл 1,552,361 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Үндсэн зээлээ төлөх нь Иргэний хуульд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүргээ ухамсарлаж байгаа бөгөөд 2020 оноос эхлээд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас цагийн ажил олдохгүй байсан гэх давагдашгүй хүчин зүйлүүд нөлөөлсөн болно. Үндсэн зээлийг төлөхдөө тус нэхэмжлэл нь Иргэний хууль болон зээлийн үйл ажиллагааны тухай хууль тэдгээрт холбогдох хууль тогтоомжуудыг баримтлан гаргасан гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт тусгагдсан ******* УАЕ улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол улсад импортлогдсон цагаан өнгийн 180 загварын ******* арлын дугаартай суудлын автомашиныг NT-206210185 зээлийн гэрээний салшгүй хэсэг болох “Үүрэг гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, 3.1.2-т зааснаар “... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үндсэн зээлийн үлдэгдэл зээлийн хүү төлөх хугацаанаас 30-аас дээш хоногоор хоцорсон тохиолдолд барьцаа хөрөнгийг Монгол улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 буюу зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэсэн заалтаа хэрэгжүүлээгүй. Мөн Иргэний хуулийн 153, 154 дүгээр зүйлүүдэд зааснаар барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой байгаа ба “Н” ХХК-ийн нэр дээр буй 1671 УАЕ улсын дугаартай суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,178,833.76 төгрөг, үндсэн хүү 1,276,968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 275,393 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 4,746,195 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 3,178,833.76 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэж маргаж байна.
“Н” ХХК нь Б.Этай 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 206210185 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, 3,500,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирч, Б.Э нь автомашин худалдан авах зорилгоор зээлийг авсан ба энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэж тус тус заасан байна.
Хариуцагч Б.Э нь зээлийн гэрээний хугацаанд 2019 оны 11 дүгээр сарын 05, 11 дүгээр сарын 14, 19, 2020 оны 3 дугаар сарын 02-ний өдрүүдэд нийт 480,936.25 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч “Н” ХХК нь үндсэн зээлд 321,166.24 төгрөг, хүүд 94,501.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 65,268.4 төгрөгийг тус тус тооцжээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д "... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээрх зээлийн гэрээний 2.4-т нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.
Дээрх хариуцагчийн төлсөн төлбөрөөс зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүүд 65,268.4 төгрөгийг нэхэмжлэгч тооцон авсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалтад нийцэхгүй буюу нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хариуцлага гэдэг агуулгаараа гэрээний үндсэн хугацаа дуусах үеийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцох тул уг төлөлтийг хүүд тооцох нь зүйтэй байна.
Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хариуцагч нь зээлийн хүүд 745,994.92 төгрөгийг төлөхөөс 159,770.01 /94,501.61+65,268.4/ төгрөгийг төлж, гэрээний үндсэн хугацааны хүүгийн үлдэгдэл 586,224.91 төгрөгийг төлөөгүй байна.
Гэрээний хугацаа дууссан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 56 хоног ба уг хоногийг үндсэн зээлийн үлдэгдэл 3,178,833.76 төгрөгөөс 1 өдрийн төлөх хүү болох 3708.6 төгрөгөөр тооцвол 207,681.6 төгрөгийн хэтэрсэн хугацааны хүүд төлөх үндэслэлтэй.
Эдгээрээс үзвэл хариуцагч нь зээлийн үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүүд нийт 793,906.51 /586,224.91+207,681.6/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалтын дагуу 158,781.3 /793,906.51 : 20 хувь/ төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцох нь зүйтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь нотариатын зардалд 15,000 төгрөгийг нэхэмжилэх эрхтэй боловч энэхүү шаардлагатай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, ийм зардал гарсан болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Зохигчдын хооронд дээрх зээлийн гэрээ байгуулагдсан өдөр болох 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 206210185 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” байгуулагдаж, тоёота кроун маркийн ******* арлын дугаартай, ******* УАЕ улсын дугаартай, сувдан цагаан өнгийн суудлын автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн буюу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, машиныг бодитоор үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Б.Эын эзэмшил, ашиглалтад байхаар харилцан тохирсон байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар дээрх гэрээ байгуулагдсан байх ба автомашин нь нэхэмжлэгчийн хадгалалтад байхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд уг автомашин хариуцагч Б.Эт биш, өөр этгээд бодитоор эзэмшиж байгаа, Б.Э нь автомашиныг олохгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
“Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-ний 3.1.5-д “... автомашиныг төлбөр төлөгч талд ашиглуулж, эзэмшүүлж, хадгалуулж, шилжүүлэхээр тохиролцсон байна”, 4.2.13-т “Үүрэг гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгийн өнгө, үзэмж, чанар, үнэлгээ, бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцах бөгөөд хулгай, дээрэм, халдлагаас сэргийлэх бүх нөхцлийг хангана” гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-т “Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно” гэж заасан зохицуулалтад нийцсэн ба, уг гэрээний дагуу автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь энэхүү гэрээнээс татгалзсан, хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар гэрээний үүргийг дуусгавар болгох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсаны хувьд маргаагүй, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн атлаа зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр төлөхөөс татгалзсан, мөн үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулах хүсэл зоригоо илэрхийлсэн боловч энэхүү татгалзаж буй тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,178,833.76 төгрөг, хүү 793,906.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 158,781.3 төгрөг, нийт 4,131,521.57 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгсөд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1330 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 3 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар буюу түүний ******* дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнө гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, хариуцагч талыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Эаас “Зээлийн гэрээ”-ний үүрэгт нийт 4,131,521.57 /дөрвөн сая нэг зуун гучин нэгэн мянга таван зуун хорин нэгэн төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 614,673.43 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,889.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 81,055 /наян нэгэн мянга тавин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ