Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0809/З |
Дугаар | 128/ШШ2018/0826 |
Огноо | 2018-12-14 |
Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2018/0826
2018 оны 12 сарын 14 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2018/0826
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Х т ХХК
Хариуцагч: Т Ө Б З Г “Цэцэрлэгийн барилга, 200 ор, С*******, Э******* сум, ТӨБЗГ-2018/XIII.1.1.222” тоот тендерийн үнэлгээний хороо
Нэхэмжлэлийн шаардлага: Т Ө Б З Г ******* тоот тендерийн Үнэлгээний хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Тс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Б.Б, Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Х т ХХК нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан “ТӨБЗГ-2018/ХIII.1.1.222”-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерт оролцож тендерийн материал хүргүүлсэн.
Захиалагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тендерийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минутанд нээсэн бөгөөд тендерт манай компани болон Х ХХК нь тендерийн санал ирүүлснийг баталгаажуулсан юм.
Гэтэл захиалагчийн 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн А-2/3382 тоот албан бичгээр “... танай компанийн санал болгож буй машин механизм, инженер техникийн ажилтнууд нь “Эрүүл мэндийн төвийн барилга, 10 ор, (С*******, Д******* сум) төсөлтэй давхцаж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу танай компанийн тендерээс татгалзах тухай Үнэлгээний хорооны дүгнэлт гарсан” гэх хариуг өгсөн.
Х т ХХК нь уг шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд хандан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Н ын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 6-1/5776 тоотоор шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай мэдэгдсэн болно.
Иймд уг шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм.
Үнэлгээний хорооны манай компанийг тендерээс татгалзаж хасах үндэслэл болгож буй “машин механизм, инженер техникийн ажилтнууд нь өөр төсөлтэй давхацсан” гэх үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Х т ХХК нь 2018 оны 3 сараас хойш гүйцэтгэж буй “Эрүүл мэндийн төвийн барилга, 10 ор, (С*******, Д******* сум) төсөл нь одоогийн байдлаар суурийн ажил бүрэн хийгдэж, хоёр дах давхрын ажил хуваарьт заасан цаг хугацаандаа амжилттай явж байгаа болно. Тэнд ажиллаж байгаа машин механизм, инженер техникийн ажилтнуудын жагсаалтыг энэхүү тендерийн баримт бичигтээ хавсарган, тухайн төсөлд гүйцэтгэсэн ажлын хуваарийг үндэслэн шинээр гүйцэтгэх барилгын ажлын хуваарьт зохицуулан шаардлагатай инженер техникийн ажилтан болон машин механизмыг компанийнхаа дотоод бодлогоор хуваарилан ажиллуулахаар шийдвэрлэсэн болно. Тухайлбал инженер техникийн ажилтан болон машин механизмыг тус бүрээр ялган холбогдох мэдээллийн хамтаар гарган өгсөн болно:
“ХХТ-4. Э******* Машин механизм файлын 2, 3, 4-р хуудсууд,
“ХХТ-5. Э******* Боловсон хүчин файлын 3-р хуудаснуудад дээрх мэдээлэл агуулагдаж байгаа болно.
Манай компани нь жилд дунджаар 3-4 ажил гүйцэтгэж ирсэн туршлага, чадамж бүхий хуулийн этгээд бөгөөд энэ тухай тендерийн баримт бичигт хавсаргасан “ХХТ-3. Э******* 3 жил ажил файлд дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн 2018-2019 онуудад баригдах “Эрүүл мэндийн төвийн барилга, 10 ор, (С*******, Д******* сум) төслийн ажил хэвийн явагдаж буй тухай тодорхойлолтыг захиалагчийн хяналтыг орон нутагт гүйцэтгэгч С******* аймгийн ГХБХБГ-аас авч тендерийн материалд хавсаргасан. (“ХХТ-3. Э******* 3 жил ажил” файлын 3, 4, 83 дугаар хуудсууд)
Компанийн дотоод бүтэц, ажил үүргийн хувиарийг баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан нарыг компанийн бүтээн байгуулж буй аль төсөлд хэрхэн ажилуулах нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх компанийн дотоод асуудал бөгөөд “Эрүүл мэндийн төвийн барилга, 10 ор, (С*******, Д******* сум) төсөлд ажиллаж байсан компанийн ажилчид, техник хэрэгслийн заримыг шилжүүлэн С*******, Э******* сум, ТӨБЗГ-2018/ХIII.1.1.222 тендерийн ажилд ажиллуулахаар компанийн Захирлын тушаал гаргасныг ажиллах хуч, техник давхардсан гэж үндэслэн тендерээс татгалзаж хассан нь тендерт оролцогчийн ирүүлсэн баримт, материалыг илтэд мушиган гуйвуулсан, буруугаар тайлбарлан татгалзах дүгнэлт гаргасан байна.
Иймд “Т Ө Б З Г 2018 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А-2/3382 тоот мэдэгдэлд дурдсан *******” тоот тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгох”, “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт заасны дагуу Хөххайрхан ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Х т ХХК нь 2002 онд үүсгэн байгуулагдсан ба барилга, угсралт, засвар, барилгын төмөр хийцийн бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Х т ХХК нь С******* аймгийн Э******* сумын 200 ортой, хүүхдийн цэцэрлэгийн барилгын цахим тендерт оролцсон. Ингээд холбогдох материалуудаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Тендерийн үнэлгээний хорооноос баталсан тендер шалгаруулалтын маягтад заасан журмын дагуу өгсөн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 30 минутад тендерийг нээсэн бөгөөд уг тендерт Х т ХХК болон гуравдагч этгээд Х ХХК-иуд саналаа ирүүлсэн болохыг баталгаажуулсан. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/23381 дугаартай албан бичгээр танай компанийн санал болгож буй машин механизм, инженер техникийн ажилтнууд С******* аймгийн Эрүүл мэндийн төвийн барилгын зураг төсөлтэй давхцаж байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг үндэслэн Х т ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалаас татгалзах тухай хариу гарсан байна гэсэн.
Х т ХХК-ийн зүгээс уг шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтоос 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/15776 дугаартай гомдолд хариу хүргүүлэх тухай албан бичгээр Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээсэн болохыг мэдэгдсэн.
Х т ХХК нь дээрх албан бичгийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х т ХХК-иас Тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсэн тендерийн материалд машин, механизм, инженер техникийн ажилтнууд нь өөр ажилтай давхацсан гэдэг үндэслэл нь хуульд нийцээгүй, ирүүлсэн баримт бичгийн талаар буруу дүгнэлт хийсэн гэж үзсэн. Х т ХХК-ийн хувьд 2018 оны 03 дугаар сараас эхэлж С******* аймгийн Д******* сумын Эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар суурийн ажил бүрэн хийгдсэн, 2 давхрын барилгын ажил цаг хугацаандаа хийгдэж байна. Тэнд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын жагсаалтыг нуун дарагдуулж, давхцуулж өгсөн зүйл байхгүй. Ажлын хуваарилалтыг хуульд заасан журмын дагуу хийсэн ба тендерт тавигдах нөхцөл шаардлагын хүрээнд тендерийн баримт бичгийг хүргүүлсэн байдаг. Тухайн бүсэд гүйцэтгэж буй ажлын хуваарийг үндэслэн шинээр гүйцэтгэж байгаа ажилд шаардлагатай инженер техникийн ажилчид, авто машин, компанийн дотоод ажилчдын хуваарийг хийгээд 2 төсөл дээр давхцуулахгүйгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. С******* аймгийн Э******* сумын барилгын ажилд ажиллах ажилчдын мэдээллийн маш тодорхой байдлаар CD-нд буулгаж нотлох баримтаар хавсаргаж өгсөн байгаа.
Х т ХХК-ийн хувьд жилд 3-4 ажил гүйцэтгэдэг ба дээрх ажлуудад машин механизм, ажилчдыг давхцуулахгүйгээр хуваарилсан. Өөрөөр хэлбэл нэг тендерийн барилгын ажилд нэг ажилтныг ажиллуулахаар явуулсан бол зөвхөн өөрт ногдсон ажлаа л гүйцэтгээд дахиж тендерийн ажилд оролцож болохгүй гэх үндэслэлгүй. Тухайн барилгын ажлын ямар үе шатанд ямар ажилтан хэрэгтэй байгаа, дараагийн ажилд хэрхэн хуваарилах нь манай компанийн дотоодын асуудал гэж ойлгож байна. Харин тендерийн барилгын ажлыг цаг тухайд нь шаардлага хангасан байдлаар хүлээлгэн өгөх үүрэгтэй. Тиймээс ажилчдын хувьд ямар нэг байдлаар давхацсан гэсэн ойлголт байхгүй. Иймд Т Ө Б З Г Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй юм. Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг албан ёсоор танилцуулаагүй, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэл ирсэн. Анх шүүхэд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэлтэй холбоотой шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хариу тайлбар ирсэн ба тендерийн баримт бичигтэй холбоотой Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл, түүнчлэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэх Х ХХК-ийн материалууд нотлох баримтаар ирсэн. Эдгээр материалуудтай танилцахад хамгийн сайн гэж үнэлэгдсэн Х ХХК-ийн тендерийн материал нь Тендерт оролцогчдын өгөдлийн хүснэгт болон шалгаруулалтын маягтад заасан нийт 47 шаардлагаас 26 шаардлагыг нь огт хангаагүй байсан. Эдгээр баримтууд нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болох байх. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс Х т ХХК дээрх 47 шаардлагаас хэдийг нь хангасан, Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг ямар үндэслэлээр хүчингүй гэж үзэж байгаа талаар тодорхой тайлбар хэлнэ гэж бодож байна. Ингээд Х т ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.” гэв.
Хариуцагч Т Ө Б З Г дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Засгийн газрын 2017 оны 315 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-д тусгагдсан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцаас санхүүжигдэх XIII.1.1.222 “Цэцэрлэгийн барилга, 200 ор /С*******, Э******* сум/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/192 дугаар тушаалаар байгуулагдсан. Үнэлгээний хороо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас ирүүлсэн ажлын даалгавар, зураг, төсвийн дагуу тендерийг зарласан.
Тендерийн баримт бичигт заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тендерийг нээхэд Х ХХК болон Х Х Т ХХК-иуд тендер ирүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу тендерийн үнэлгээг бага үнэ санал болгосон тендерээс эхэлж хийхэд Х ХХК нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн, Х Х Т ХХК нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 14.1.(ж).7-д заасан шаардлага хангаагүй тендер ирүүлсэн байсан.
Тус газраас 2018 оны 2 дугаар сард зарласан XVIII.1.29 “Эрүүл мэндийн төвийн барилга, 10 ор /С*******, Д******* сум/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр Х Х Т ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг ажлыг хийж гүйцэтгэхээр санал болгосон инженер техникийн ажилчид, машин механизмууд нь давхардаж байгаа нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 14.1.(ж).7-д заасан “Тендерт оролцогч нь олон багц ажлын тендерт оролцох болон өөр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер техникийн ажилтнуудыг, машин механизмуудыг танилцуулах бөгөөд давхацсан тохиолдолд татгалзах үндэслэл болно.” заалтыг хангахгүй байх тул үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар татгалзсан болно.
Оролцогч 2 компанид 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулах болон тендерээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Х т ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хянан үзэж 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 6-1/5776 дугаар албан бичгээр Х Х Т ХХК-ийн ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна, тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу үргэлжлүүлэхийг захиалагч байгууллагад мэдэгдсэн. Үүний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А-2/3554 дүгээр албан бичгээр гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн болно.
Уг төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны талаарх холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан.
Иймд нэхэмжлэгчийн хууль бус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
“Х ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан “Цэцэрлэгийн барилга, 200 ор, С*******, Эрдэнэцагаан сум, ТӨБЗГ-2018/ХIII.1.1.222”-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерт оролцсон.
Тус тендерийн нээлт 2018 оны 8 дугаар сарын 06-ны 13:30 цагт болсон бөгөөд манай компани тендерийн баримт бичигт тодорхойлон заасан нөхцөл шаардлагыг хангасан тендерийн материал хүргүүлж, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан.
Тендерт оролцох нөхцөл шаардлагыг биелүүлж 21,600,000 /хорин нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийн тендерийн баталгааг Капитрон банкинд байршуулсан.
Мөн захиалагчаас ирүүлсэн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №А-2/3554 тоот гэрээ байгуулах эрх олгосон тухай зөвлөмжийн дагуу, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйл заалтын дагуу тендерийн үнийн дүнгээс 92,233,195.45 /ерэн хоёр сая хоёр зуун гучин гурван мянга нэг зуун ерэн таван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Капитрон банкинд гаргасан болно.
Уг тендерийн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бэлтгэл ажлын хүрээнд одоогийн байдлаар нийт 255,066,925.45 /хоёр зуун тавин таван сая жаран зургаан мянга есөн зуун хорин таван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийн зардал, цаг хугацааг зарцуулж, хүлээгдээд байна.
Гэтэл тендерт оролцсон өрсөлдөгч компани болох Х т ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гарган, шүүхэд нэхэмжлэл гаргасны улмаас манай компаний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох шаардлагатай болсон төдийгүй тендерийн гэрээ байгуулах хугацаа хойшилж, улсын төсөвт туссан төлөвлөгөөт ажил хүлээгдэж, өвлийн улирал болж, цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хүндрэл учруулаад байна. Х т ХХК-ийн хүсэлтэд дурдсан “...ТӨБЗГ-аас батлагдсан ТОӨЗ 5.3 (e) буюу Сүүлийн ТШӨХ-д дурдсан сүүлийн 3 жилийн хугацаанд ашигтай ажилласан байх гэх шаардлагыг Х ХХК хангаагүй” хэмээсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь тус тендерийн баримт бичгийн дээрх компанийн дурдсан ТОӨЗ-д 5.3.(е) заалт байхгүй бөгөөд Х ХХК нь тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааврын (ТОӨЗ)-ийн 5.3-д заасан санхүүгийн болоод бусад бүхий л нөхцөл шаардлагуудыг бүрэн хангасан болно.
Мөн барилгын материалын төмөр болох арматур төмөр манай компанийн нөөцөнд бэлэн байгаа учраас өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан хамгийн бага үнэ буюу 1,844,663,909 /нэг тэрбум найман зуун дөчин дөрвөн сая зургаан зуун жаран гурван мянга есөн зуун ес/төгрөгийн үнийн санал хүргүүлсэн.
Тендерт санал болгосон үнийн дүнг урьд гүйцэтгэсэн ажлын дадлага туршлага, өнөөгийн зах зээлийн судалгаан дээр үндэслэн олон жилийн мэдлэг ур чадвар бүхий мэргэжлийн төсөвчин боловсруулсан тул хэт бага төсөв гэж үзэх нь үндэслэлгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэн хуулийн заалт болон бусад харгалзах хууль, дүрэм журмыг үндэслэн захиалагч байгууллага тендерт оролцогчдыг үнэн зөв, шударгаар үнэлж шалгаруулсан гэж үзэж байна.
Иймд манай компани Т Ө Б З Г Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Х т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х т ХХК-иас тус шүүхэд “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ТӨБЗГ-2018/XII.1.1.222 тендерийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг үнэлж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зарласан С******* аймгийн Э******* сумын 200 ортой цэцэрлэгийн барилгын ТӨБЗГ-2018/XII.1.1.222 тендер шалгаруулалтад нэхэмжлэгч Х т ХХК оролцсон.
Тус газрын ТӨБЗГ-2018/XII.1.1.222 тендерийн үнэлгээний хороо 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт боловсруулж, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тендер шалгаруулалтад оролцсон 2 компанийн тедерийн баримт бичгийг үнэлж, Х ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулах зөвлөмжийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр захиалагчид хүргүүлжээ.
Нэхэмжлэгч Х т ХХК-иас дээрх шийдвэртэй холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасныг тус яам хянан үзэж, захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн тендерийг үргэлжлүүлэхийг мэдэгдсэн байна.
Хариуцагч Т Ө Б З Г ТӨБЗГ-2018/XII.1.1.222 тендерийн үнэлгээний хороо нэхэмжлэгч Х т ХХК-ийн ирүүлсэн тендерийг ТШӨХ-ийн 14.1/ж/.7-д заасан “Тендерт оролцогч нь олон багц ажлын тендерт оролцох болон өөр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер техникийн ажилтнууд, машин механизмыг танилцуулах бөгөөд давхацсан тохиолдолд татгалзах үндэслэл болно.” гэсэн заалтын хангахгүй гэж үзэн татгалзсан байдаг.
Сангийн яам тендер шалгаруулалттай холбоотой Х т ХХК-ийн гомдлыг хянан хууль зөрчөөгүй гэж үзэн тендерийг үргэлжлүүлэхийг мэдэгдсэний дагуу захиалагчаас 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А-2/3554 дүгээр албан бичгээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн байна.
Ингээд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр БШШУСЯ/201801086 дугаартай “XII.1.1.222 Цэцэрлэгийн барилга, 200 ор /С*******, Э******* сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г Х ХХК-тай байгуулжээ.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ТӨБЗГ-2018/XII.1.1.222 тендерийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгох, тендерийн үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах боломжгүй байна.
Учир нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ТӨБЗГ-2018/XII.1.1.222 тендерийн үнэлгээний дүгнэлтийг нэхэмжлэгч Х т ХХК-ийн гомдлоор 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сангийн яамнаас хянан үзээд “... Гомдол гаргасан Х т ХХК нь Эрүүл мэндийн төвийн барилга 10 ор /С*******, Д******* сум/ ажлыг гүйцэтгэх Ц.Ганзориг, Б.Өнөржаргал, О.Баатархүү нарыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний 15 дугаар тушаалаар томилсон байна. Харин тус компани нь “Цэцэрлэгийн барилга, 200 ор /С*******, Э******* сум/” ажлыг гүйцэтгэх Ц.Ганзориг, Б.Өнөржаргал, О.Баатархүү нарыг давхардуулан 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар томилсон байна. Захиалагч тус компанийн ирүүлсэн тендерээс дээрх 2 төсөлд ашиглахаар санал болгосон 19-50 УБЛ улсын дугаартай авто кран, 25-56 УНЗ улсын дугаартай ачааны машин, 99-24 УН улсын дугаартай авто ачигч зэрэг машин механизмууд давхардаж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу татгалзсан нь үндэслэлтэй байна. Иймд тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.” гэж дүгнэжээ.
Сангийн яамнаас Х т ХХК-ийн гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7-д “энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх;”-ээр заасан эрхийн хүрээнд хянан үзэж, 55 дугаар зүйлийн 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ...гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:” гэж зааснаар шийдвэрлэсэн байна.
Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно.”, 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно.” гэж заасны дагуу Х т ХХК-иас гомдол гаргах боломжтой боловч хуульд тусгайлан заасан энэхүү зохицуулалтын дагуу Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сангийн яамнаас тендерийг хянан үзсэн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Тиймээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ТӨБЗГ-2018/XII.1.1.222 тендерийн үнэлгээний дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Сангийн яамны шийдвэр нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа учраас түүнд гомдол гаргахгүй” гэж тайлбарлаж байгаа боловч Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Сангийн яамны гомдол хянан үзсэн шийдвэр нь шүүхэд хянагдахаар зохицуулагджээ.
Иймээс ТӨБЗГ-2018/XII.1.1.222 тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзсэн Сангийн яамны шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч Х т ХХК-ийн “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ТӨБЗГ-2018/XII.1.1.222 тендерийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х т ХХК-ийн “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ТӨБЗГ-2018/XII.1.1.222 тендерийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлэх ажиллагааг дахин хийхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН