Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2018/00019

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 20 өдөр

 Дугаар 223/МА2018/00019

 

 

М.Л-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2018/00567 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.Л-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн  М.Л-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

            Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие ардын цэргийн албанаас 1983 оны 6 дугаар сарын 27-нд халагдаж, 1983 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажилласан. Нэгдэл хувьчлагдахад нэгдлээс гарч хувиараа хөдөлмөр эрхэлсэн болно. Нэгдэл хувьчлагдахад хөдөлмөрийн дэвтрээ авч чадалгүй үрэгдүүлсэн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн зарим оны тушаал шийдвэр нь архиваас гарахгүй байна. Иймд гэрчийн тодорхойлолт, бусад материалыг үндэслэн 1983 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ойрд овогт Мавганы Лхагвасүрэн /РД:НУ62112356/-г Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Л-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Л давж заалдах гомдолдоо:  “...шүүх нэхэмжлэгч М.Л миний Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад 1983 оны 07 сарын 1 ний өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх ажилласан гэх байдал нь гэрчийн мэдүүлгээс өөр бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул 1983 оны 07 сарын 01 ний өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгосон байна.

М.Л миний бие шүүхэд ажилласан жилийн хугацааг тогтоолгохоор шүүхэд хандахдаа өөрт байгаа болон цуглуулсан нотлох баримтыг гаргаж өгсөн. Тухайн уед тус нэгдэлд ажиллаж байсан боловсон хүчний буруутай ажиллагааны улмаас хөдөлмөрийн дэвтрийг цаг тухайд нь нээгээгүй, тушаал гаргаагүй зэргээс 1983-1956 онд ажилласан хугацааг тооцох боломжгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй хохирч байна. Гэвч тус нэгдэлд намайг 1983-1986 онд  малчнаар ажиллаж байсныг гэрчлэхээр тухайн цаг үед Туяа нэгдлийн тооцооны ня-богоор ажиллаж байсан гэрч Б.Шагдарсүрэн ,Туяа нэгдлийн орлогч даргаар ажиллаж байсан гэрч Д.Лхамжавын мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байх бөгөөд эдгээр баримтыг үгүйсгэх нотолгоо хэрэгт авагдаагүй байхад нотлох баримтыг шүүх үнэлэхдээ гэрчийн мэдүүлгээс өөр баримтаар тогтоогдохгүй байна гэх үндэслэл зааж 1983-1986 онд ажилласан жилд тооцоогүй нь учир дутагдалтай байна.

Хэрэгт 1983 оноос эхлэн ажилласан гэх байдал гэрчийн мэдүүлгээс өөр бичгийн баримтаар тогтоогдохгүй байна гэх үндэслэл нь ИХШХШТухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэхь хэсэгт зааснаар /шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсаны үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ/ гэсэн заалтад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож М.Л миний Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. ” гэжээ.      

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй,  нэхэмжлэлийн шаардлагад бүрэн гүйцэт дүгнэлт хийж чадаагүйг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой байна. 

Нэхэмжлэгч М.Л нь 1983 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад малчнаар ажилласан байсныг тогтоолгох хүсэлт гаргасан  ба шүүх хэргийг хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчнаар ажиллаж байсан буюу 1 жилийн хугацааны шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана", мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана" гэж заасантай нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгч М.Л 1983 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1986 оны 12 дугааар сарын 31-ний өдрийг хүртэл  Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад малчнаар ажиллаж  байсан болох нь тухайн  үед Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд хариуцлагатай алба хашиж байсан нэгдлийн орлогч  дарга  Д.Лхамжав, тооцооны  нягтлан бодогч Б.Шагдарсүрэн нарын шүүхэд  гэрчээр асуугдсан тэмдэглэл, тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь хэргийн үнэн бодит байдлыг тогтооход эргэлзээ төрүүлэхүйц биш, нотолгооны ач холбогдолтой байх ба хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэн үнэлж байгааг шийдвэртээ тусгаагүй, гэрчийн мэдүүлгээс өөр баримтаар тогтоогдохгүй байна гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т” Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн  40.2-т” Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай , ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн  заалттай  нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснийг залруулах боломжтой байна.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, М.Лхагвасүрэнг 1983 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад малчнаар ажилласан байсныг тогтоож, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ

1. Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2018/00567 дугаар шийдвэрийн тогтоох  хэсгийн 1 дүгээр заалтыг “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М.Л-г /РД: НУ..../  1983 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлийн Хушинга бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нэхэмжлэгч М.Л-н 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                       ШҮҮГЧИД                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                               

                                                                                      Т.ЭНХМАА