Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1122

 

2020          9             3                                              2020/ДШМ/1122                                        

 

 

Э.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Э.А,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Э.Ад холбогдох эрүүгийн 2003 00081 0085  дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Мянган овгийн Э.А, 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, “MNIB” ХХК-д даатгалын менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

            Э.А нь 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 10 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тэнгис кино театрын урд замд “Toyota Prius 30” загварын, 52-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Г.Сийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: Э.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Аийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулж, Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Аээс хохирогч Г.С нь гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ад ял оногдуулахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулалгүй орхигдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “... эсхүл шүүх хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэсэн заалтыг шүүх шийдвэр гаргахдаа хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Э.Ад холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 448 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлийн дагуу зохих нэмэлт, өөрчлөлт оруулуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна. ...” гэжээ.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан. Анхан шатны шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүний эрхийг хасахгүй гэх агуулгаар нэмэгдэл ялыг хэрэглээгүй нь хууль зөрчсөн гэх байр сууртай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялтай. Хэдийгээр шүүгдэгч Э.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хэдий ч шүүхээс эрх хасах нэмэгдэл ял оногдуулсанаар шүүгдэгчийн жолоочийн эрхээ сэргээх хугацаа мөн хугацаагаар хойшлогдохоор байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Э.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж ... эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Ад хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй ба Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан оногдуулбал зохих ял буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг Э.Ад оногдуулахгүй орхигдуулсан нь буруу байх ба хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж, 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно.” гэж тус тус хуульчилсан тул шүүх эрх хасах ялыг заавал оногдуулах учиртай.

Нөгөөтээгүүр, авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг үл харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулснаар тухайн хугацаанд шүүгдэгч жолоодох эрхийг олж авах боломжгүй ба шүүгдэгчийн жолоочийн эрхээ сэргээх хугацаа мөн хойшлогдох зэрэг эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ.

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ