Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/74

 

 

       2024              06                 05                                                     2024/ШЦТ/74

                  

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Энхзул,

Улсын яллагч Т.Солонго,                                        

Шүүгдэгч Э.Т******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*** овогт Э********ын Т*********т холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******************,

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.Т******** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ********** дугаар баг Цагаанхад суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны орой ********** улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Э.Т********* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ********** дугаар баг Цагаанхад суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны орой ********** улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.    

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал  тогтоогдож байна.  Тухайлбал:

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11, 77-р хуудас/,

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн жолоодох эрхээ хасуулсан тодорхойлолт /2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр *********** сум эрх хасагдсан/, хх-ийн 27-р хуудас/,

Гэрч Н.Давагдоржийн: “...Би ********* бүсийн нүүрс тээврийн авто замын 212 дахь километрт зам тээврийн ослын хэмжилт хийж байхад нэг жолооч машинаасаа бууж ирээд надад хандан хажуугаар нь тойроод гарчих уу гэхээр нь би түр байж байгаарай удахгүй зам чөлөөллөө гэсэн тэгээд би тэр жолоочид хандан та наашаа хүрч ирээд хөндлөнгийн гэрчээр ороод өгөөч гэсэн тэгсэн тэр жолооч тэгье гэхээр нь тухайн жолоочийн мэдээллийг нь авч байх явцад амнаас нь спиртийн төрлийн зүйл үнэртсэн тэгэхээр нь та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэсэн үгүй гэсэн тэгэхээр нь би тандагч багаж үлээлгэн шалгахад улаан гэрэл ассан тэгээд драгер багаж үлээлгэн шалгахад 0.36% согтолтой байсан тэгээд эрхийн үнэмлэхийг регистрийн дугаараар нь бэлэн бус торгуулийн багажаар шалгахад 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ************** сумын цагдаагийн хэлтэст жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Яллагдагч Э.Т*********ийн “...Би 2024 оны 1 сарын 16-ны орой 20 цагийн үед ********** хилийн боомт Анд гэх нэртэй зочид буудлын 311 тоотод Дондог найзын хамт 1 шил 0.75 граммын Jack Daniels гэх нэршилтэй виски хувааж уугаад 22 цагийн амраад унтсан. Тэгээд маргааш өглөө нь Howo маркийн ******* улсын дугаартай ********** эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон ****** хилийн боомтоор гарч ирээд ******** суурьшлын бүс НАБТ буюу гаалийн ачилт буулгалтын талбай руу орох гээд БНХАУлсын хилээр гараад явж байсан чинь замд Шалган нэвтрүүлэх 3-р цэгийн урд уулзварт зам тээврийн осол гарсан байсан. Зам түгжрээд хөдөлгөөн зогссон байсан би машинаасаа буугаад замын хажуугийн овоолсон шороон дээгүүр гараад явж болох уу гээд зам тээврийн осол дээр хэмжилт хийж байсан цагдаагийн алба хаагчаас асуусан. Тэр цагдаа намайг тэгээ тэг явж болно гэсэн тэгээд буцаад машин руугаа алхаж байсан чинь байтал ахаа нааш ир ослын гэрч болоод өгөөч гээд цагдаагийн алба хаагч дуудсан тэгэхээр нь тэгье тэгье гээд гарын үсэг зурчхаад эргээд тээврийн хэрэгсэл рүү алхаж байтал дахиад цагдаа дуудаад ахаа ийшээ үлээгээдэх гэхээр нь заа гээд үлээсэн чинь 0.36 хувийн согтолттой байсан тэгээд би өчигдөр орой уусан юм яагаад гардаггүй билээ гээд дахиад үлээж шалгасан чинь дахиад 0.36% гарсан Тэгээд миний унаж явсан ******** улсын дугаартай Howo маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байршуулан намайг дуудсан цагт ирээрэй гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Т******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  Шүүгдэгч Э.Т******* нь жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу эрхгүй байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11, 77-р хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 27-р хуудас/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Т********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Э.Т**********ийн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд биелүүлэх саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Э.Т********** нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Т************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б******* овогт Э*******ын Т********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т**********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Т**********т оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т**********т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

6. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Т***********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т**********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА