Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 001/хт2024/00286

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/02306 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/01420 дугаар магадлалтай,

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ч.С-т холбогдох,

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 99,200,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Засварын зардал 24,699,661 төгрөг, дайрганы үнэ 10,000,000 төгрөг, нийт 34,699,661 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Ч.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Ч.С-т холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 99,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч засварын зардал 24,699,661 төгрөг, дайрганы үнэ 10,000,000 төгрөг, нийт 34,699,661 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/02306 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.С-ээс 99,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, хариуцагч Ч.С-ийн гаргасан 34,699,661 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 653,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/01420 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/02306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Т.С-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.13-ны өдөр урьдчилан төлсөн 331,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Т.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.02-ны өдрийн 02306 дугаартай шийдвэрт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2024.07.19-ний өдөр 01420 дугаартай магадлал гаргасан. Магадлалыг 2024.08.15-ны өдөр гардан авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасан хугацааны дотор энэхүү гомдлыг гаргаж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.02-ны өдрийн 02306 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.19-ний өдрийн 01420 дугаартай магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулан 34,699,661 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1-д “... шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах...” гэж, 172.2.2-т “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн...” гэж заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэнийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зуйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэн шийдвэрлэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч би өөрөө гаргаж чадах бүхий л баримтыг шүүхэд гаргаж байсан ба шүүх хэргийг шийдвэрлээгүй байхад баримтыг авахгүй гэж хэлээд авдаггүй, нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой эсэхийг урьдчилан дүгнэж авахгүй гэж шийдвэрлэдэг, үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулахтай холбоотой хүсэлтүүдийг хангадаггүй, гаргасан захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй байж намайг өөрөө нотлоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүхээс доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн томилж өгсөн төлөөлөгчтэй байнга холбогдож энэ талаар харилцан ярилцдаг байсан ба тэр харилцаандаа тэд доголдлыг арилгана, гарсан зардлыг төлнө гэдэг. Гэтэл энэ талаар хоорондоо харилцсан мессэжүүдийг хэвлээд шүүхэд өгч холбоо, харилцааны хэрэгсэлд үзлэг хийлгэх хүсэлт гаргахад үндэслэлгүйгээр хүлээж аваагүй. Хэвлэсэн баримтыг ч хэрэгт аваагүй. Тэр баримтад гарсан зардлыг төлнө хариуцана гэж маш тодорхой харилцсан байдаг.

Мөн нэхэмжлэгчид хайрга нийлүүлсэн асуудлаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, үгүйсгэж байгаа талаар шийдвэртээ дурьдаагүй, дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн дутуу дулимаг шийдвэрээс болж би хохирсон чигээрээ явж хаанаас хохирлоо нэхэмжлэх нь маш тодорхойгүй болсон. Үүнтэй холбогдуулан гаргасан хүсэлтүүдийг анхан шатны шүүх хүлээн аваагүйг давж заалдах шатны шүүхээс эргэлзээгүй нотлоогүй байна гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.02-ны өдрийн 02306 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.19-ний өдрийн 01420 дугаартай магадлал өөрчлөлт нэмэлт, өөрчлөлт оруулан 34,699,661 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч Т.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.08-ны өдрийн 001/ШХТ2024/01287 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Хариуцагч Т.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Т.С-т холбогдуулан “Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 99,200,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Ч.С-тэй 2019.05.21-ний өдөр ... улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй 121.5 метр квадрат талбай бүхий орон сууц, агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 119,500,000 төгрөгөөр худалдсан. Тус үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг хариуцагч нь ... үйлдвэрийн зориулалт бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 35,000,000 төгрөгөөр, ... 84,500,000 төгрөгийн үнэ бүхий дайргыг худалдагч талд нийлүүлж, дайрганы үнийг тухайн үеийн үйлдвэрийн үнээр тооцохоор тохиролцсон. Улмаар хариуцагч Ч.С- нь дээрх ... үл хөдлөх эд хөрөнгийг 2019.05.23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн охин болох Э.А-гийн өмчлөлд шилжүүлсэн. Харин хариуцагч нь 2019.05.21-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээний дагуу төлбөрөө төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр орон сууцны төлбөр болох 119,500,000 төгрөгийг 100,000,000 төгрөг болгон багасгаж, уг төлбөрийг 2022.11.30-ны өдрөөс 2023.12.30-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулахаар талууд 2022.11.30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Гэвч төлбөр төлөгч буюу хариуцагч нь төлбөр барагдуулах гэрээний 3.2 дах хэсэгт заасны дагуу сар бүрийн 10-ны өдөр төлбөр төлөх үүргээ эс биелүүлж, “И” ХХК-аас удаа дараа төлбөр төлж барагдуулах тухай мэдэгдэл хүргүүлсний дагуу уг төлбөрөөс 2023.09.08-ны өдөр ердөө 800,000 төгрөг төлсөн.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Т.С нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... 2019.05.21-ний өдрийн Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээний 3.1.7-д “Худалдагч нь 1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгөнд бүрэн засвар үйлчилгээ хийж хүлээлгэн өгнө” гэсэн боловч ... засвар хийж өгөөгүй учраас, засвар үйлчилгээнд гарсан хохирол 25,000,000 төгрөгийн зардлыг тооцон хасуулах, 2019.05.21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн тухай 2.1.1 заалтад “Ө сумд 20,000 м.кв үйлдвэрлэлийн зориулалт бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 35,000,000 төгрөгт тооцон авах ба бичиг баримтаа шилжүүлэх болоход “газрыг чинь авахаа больсон, бидний ажил зогссон” гэж хэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл газрыг манайд хүлээлгэж өгөөгүй байгаа ба газар ашиглаж үйл ажиллагаа явуулсан төлбөрт 14,200,000 төгрөг тооцон хасах, Гэрээний үнийн тухай 2.1.2-т зааснаар ... 2019.05.30-ны өдөр 10-20 мм 400 м.куб дайрга авсан 10,000,000 төгрөгийг тооцон хасах, 2022.11.30-ны өдрийн байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ хийсэн гэрээний хугацаа дуусаагүй байгаа учир дээрхи дүнгүүдийг тооцон хасаж, анхны гэрээний дагуу үлдсэн 50,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, дайргаа нийлүүлэн төлбөрөө барагдуулах хүсэлтэй байгаа учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.

9. Хариуцагч Т.С нь нэхэмжлэгч “И” ХХК-д холбогдуулан 34,699,661 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...Нэхэмжлэгч 2019.05.21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 3.1.7-д “Худалдагч нь 1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгөнд бүрэн засвар үйлчилгээ хийж хүлээлгэн өгнө” гэсэн боловч засвар хийж өгөөгүй учраас өөрийн зардлаар засвар үйлчилгээ хийхээс аргагүй болж засвар үйлчилгээнд гарсан зардал болох 24,699,661 төгрөгийг, гэрээний 2.1.2-т зааснаар ... 2019.05.30-ны өдөр 10-20 мм 400 м.куб дайрга нийлүүлсэн 10,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. ...” гэж тодорхойлжээ.  

10. Нэхэмжлэгч “И” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Хариуцагч Ч.С-тэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2019.05.21-ний өдөр байгуулахдаа маргааны зүйл болох ... үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийх шаардлагагүй, цэвэрлэгээ, үйлчилгээг бүрэн хийлгэн хүлээлгэн өгсөн ба хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үед гомдол, санал байхгүй тул хүлээн авч гэрчилгээг өөрийн охин болох Э.А-д шилжүүлсэн байдаг. Хариуцагч нь 2019.05.21-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан төлбөрийн нөхцөлөөс алийг нь ч биелүүлээгүй учраас 2022.11.30-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тиймээс хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзвэл “И” ХХК гэж бичигдсэн боловч ямар гэрээг үндэслэж хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй байна.” гэж маргажээ.

11. Анхан шатны шүүх “...хариуцагч Ч.С нь 10,000,000 төгрөгийн дайрга нийлүүлсэн, 24,699,661 төгрөгийн засварын ажил хийсэн, эдгээр зардлаа төлбөр барагдуулах гэрээний тооцоонд оруулаагүй гэсэн татгалзлаа баримтаар нотлоогүй,  ... талууд гэрээний төлбөрийг 100,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч төлбөрийг 2023.12.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар төлбөр барагдуулах гэрээ байгуулсан,  ... үүний дараа хариуцагч нь 2023.09.08-ны өдөр 800,000 төгрөг шилжүүлсэн,  ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ... үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн төрсөн охин Э.Агийн өмчлөлд шилжүүлсэн тул Иргэний хуулийн 252 дүгээр зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйл эрхийн хувьд доголдолгүй байжээ. Хэдийгээр гэрээний зүйл болсон үл хөдлөх хөрөнгөд бохир хальсан, хана засварласан үйл баримт тогтоогдох боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, ... 254.6 дахь хэсэгт ... зааснаар доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжгүй болсон. Мөн талууд 2022.11.30-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, 2022.11.30-ны өдрийн Ч.С-ийн хүсэлт, 2022.11.30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа гаргахдаа доголдлын талаар, 2019 оны 5-7 дугаар сард хийсэн засварын талаар хэлэлцээгүй. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул хариу үүрэгт 99,200,000 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Хариуцагч 10,000,000 төгрөгийн дайрга нийлүүлсэн, 24,699,661 төгрөгийн биет байдлын доголдол илэрсэн, доголдолтой холбоотой шаардлагаа хугацаандаа гаргасан, төлбөр барагдуулах гэрээндээ эдгээр зардлаа тооцсон болохоо нотлоогүй сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болжээ.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв дүгнэж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Нэхэмжлэгч “И” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хариуцагч Ч.С-ээс шаардах эрхтэй. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 100,000,000 төгрөгөөс хариуцагч нь 2023.09.08-ны өдөр 800,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 99,200,000 төгрөгийг түүнээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтад нийцнэ. ... Талууд 2022.11.30-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулахдаа дээрх засварын зардал, дайрганы үнийг үл хөдлөх эд хөрөнгийн үнээс хасаж тооцох талаар тохиролцоогүй, хариуцагч Ч.С нь үл хөдлөх эд хөрөнгөд 24,699,661 төгрөгийн засвар хийсэн болох нь, мөн нэхэмжлэгч “И” ХХК-д 10,000,000 төгрөгийн дайрга нийлүүлсэн болох нь хэргийн баримтаар эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна.” гэсэн дүгнэлт хийж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхижээ.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөрүүгүй тодорхойлж, адил шийдэл гаргасан хэдий ч худалдах худалдан авах гэрээний зүйл доголдолтой байсан эсэх, улмаар үнийг төлөх эсэх болон хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн эсэх тухай хариуцагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

14. Зохигчийн хооронд 2019.05.21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, гэрээгээр Б байрны зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, 121,5 метр квадрат талбай бүхий орон сууц, агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нийт 119,500,000 төгрөгөөр худалдан авах, үнийг гэрээний 2 дугаар зүйлд зааснаар Ө сумын төвийн зүүн урд байрлах, нэгж талбарын 0000 дугаартай, 20,000 м.кв, талбай бүхий, үйлдвэрийн зориулалттай, эзэмших эрхийн 0000 дугаартай гэрчилгээтэй газрыг 35,000,000 төгрөгөөр, А суманд байрлах өөрийн дайрганы карьераас 84,500,000 төгрөгийн үнэ бүхий дарга дайргыг худалдагч талд нийлүүлж, дайрганы үнийг тухайн үеийн үйлдвэрийн үнээр тооцохоор, бэлнээр 19,500,000 төгрөг төлөхөөр тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хүсэлтээр түүний охины өмчлөлд шилжүүлсэн боловч үнийн талаарх дээрх тохиролцоо хэрэгжээгүй байна.

Улмаар хариуцагч Ч.С-ийн 2022.11.30-ны өдрийн хүсэлтийг үндэслэн талууд мөн өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг харилцан бичгээр үйлдэж, төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэд хариуцагч 100,000,000 төгрөгийг 1 жил, 1 сарын хугацаанд төлөхөөр тохиролцож, хариуцагч төлбөрт 800,000 төгрөгийг төлжээ.

15. Хэргийн баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв тогтоож, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болон гэрээний үнийг төлөх нөхцлийг хэрэгжүүлсэн үйл баримтын талаарх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэв.

16. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан.

17. Зохигч худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагчийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлсэн болон үнийн нийт хэмжээний талаар маргаангүй боловч үнэд тооцвол зохих зарим үүргийн хэмжээ буюу үүнд эд хөрөнгийн доголдолтой холбоотой гарсан зардал, гэрээний дагуу нэхэмжлэгчид нийлүүлсэн дайрганы үнийг хасч тооцох эсэх талаар маргажээ.

18. Хоёр шатны шүүх эд хөрөнгийн доголдлын талаар дүгнэхдээ хариуцагчийн 2022.11.30-ны өдөр гаргасан хүсэлт болон мөн өдрийн талуудын үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр барагдуулах тухай гэрээ баримтууд болон эд хөрөнгийг хариуцагчийн охины өмчлөлд шилжүүлсэн үйл баримтыг тус тус үндэслэн эд хөрөнгийг худалдан авагчид хүлээлгэн өгөх үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн болон биет байдлын доголдолгүй байсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д нийцсэн, энэ талаарх нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагчаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолтой байсан гэж маргаж, уг нөхцөл байдлыг нотлохоор видео бичлэгт үзлэг хийсэн, үзлэгийн тэмдэглэлээр бохир хальсан, хана засварласан үйл баримт тогтоогдсон хэдий ч анхан шатны шүүх энэ нь доголдлын талаар шаардлага гаргах Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан “өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардах эрхээ хэрэгжүүлээгүй” гэснийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь зохигч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2019.05.23-ны өдөр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, үүнээс 3 жил 6 сарын дараа буюу 2022.11.30-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулсан байх бөгөөд энэ хугацаанд хариуцагчаас эд хөрөнгийн доголдлын талаарх шаардлагыг нэхэмжлэгчид гаргасан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Түүнчлэн хариуцагчаас доголдолтой холбоотой зардлыг нотлох зорилгоор мэргэшсэн төсөвчин Д.М-ын хийсэн “Иргэн Э.А-гийн өмчлөлийн Б байрны зоорийн давхрын тоотын засварын ажлын төсөв” баримтыг ирүүлсэн боловч уг баримтаар засвар хийхэд гарах зардлын хэмжээ буюу төсөв гэж үзэхээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үед доголдолтой байсан болохыг нотлоогүй байна.  

19. Хариуцагчаас гэрээгээр тохиролцсоны дагуу гэрээний үнийг төлөх зорилгоор нэхэмжлэгчийн даалгасан этгээд болох А.Г-д 10,000,000 төгрөгийн үнэ бүхий дайргыг өөрийн “Э” ХХК-ийн талбайгаас нийлүүлсэн гэж мэтгэлцэж дайргыг тээвэрлэсэн гэх “Ө” ХХК-ийн захирал Г.Г-д болон дайргыг хүлээн авсан гэх “Л” ХХК-ийн захирал Г.Г нарыг гэрчээр асууж, эдгээр байгууллага болон “Т” ХХК-ийн захирал Ч.Н нар тус тус албан бичгийг шүүхэд ирүүлж, “Ө” ХХК-ийн захирал А.Г-ын хүсэлтийн дагуу түүнээс авах авлагад ”Э” ХХК-ийн талбайгаас нийт 4,800,000 төгрөгийн дайргыг авсан талаар тайлбарласан, нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал М.У болон А.Г нар нь “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгч болох боловч дээрх баримтаар нэхэмжлэгчийн зүгээс уг дайргыг А.Г-д нийлүүлэхийг зөвшөөрсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир хариуцагчийг гэрээнд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй.

Улмаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцох тухай Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийг гэрээний үнэд нэхэмжлэгчид дайрга нийлүүлсэн гэж үзсэнгүй.

20. Зохигч 2019.05.21-ний өдөр байгуулсан гэрээнд төлбөрийн зарим хэсэгт хариуцагчийн эзэмшлийн газрыг тооцож авахаар тохиролцсон боловч энэ тухай нөхцөл хэрэгжээгүй ба хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа газрыг ашигласны төлбөрт 14,000,000 төгрөгийг гэрээний үнэд тооцож хасна гэсэн атлаа сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ тайлбараа дэмжээгүй, зохигч энэ талаар мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийсэнгүй.

21. Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх талаар 2024.02.19-ний өдөр гэрээний үнэд нэхэмжлэгчид  дайрга нийлүүлсэн болохыг нотлохоор “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Г, “И” ХХК-ийн менежер гэх н.Б- “Ө” ХХК-ийн захирал Г.Г-д нарыг гэрчээр асуух хүсэлт гаргаж, үүнээс шүүх “Ө” ХХК-ийн захирал Г.Г-дыг гэрчээр асуух хүсэлтийг хангаж, “н. Б-тэй холбоотой хувь чатад үзлэг хийлгэх хүсэлт нь хэрэгт ямар хамааралтай болох нь тодорхойгүй, эдгээр хүмүүсийн хаяг, хувийн мэдээлэл байхгүй, нэхэмжлэгчтэй холбоотой байдал тогтоогдохгүй” үндэслэлээр гэрч А.Г, н.Б нарыг гэрчээр асуух хүсэлтийг хангаагүй.

Улмаар 2024.03.28-ны өдөр Г.Г-ийг гэрчээр асуух, 2024.04.19-ний өдөр 5 видео бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх  тухай бүр шүүх хуралдааныг хойшлуулж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба 2024.05.02-ны өдрийн шүүх хуралдаанд видео бичлэгт үзлэг хийсэнтэй холбоотой зургийг өнгөтөөр гаргаж өгөх, хариуцагч болон нэхэмжлэгч “И” ХХК-ийн ажилтан гэх н.Б нарын хоорондоо харилцаж байсан чатад үзлэг хийлгэх, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийх, “Ө” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах тухай хүсэлтийг тус тус гаргаж, үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийх тухай хүсэлтээс татгалзаж, бусад хүсэлтийг шүүх видео бичлэгийг үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан тул өнгөтэй хэлбэрээр зургийг хавсаргах шаардлагагүй, н.Б гэх хүнтэй харилцсан хариуцагчийн хувийн зурвас, “Ө” ХХК-ийн хувийн мэдээлэл нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн гомдолд дурдсанчлан түүний хүсэлтийг хангаагүйгээс нотлох баримтыг гаргаж өгөх бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон гэж дүгнэх үндэслэлгүй ба анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т заасан хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, 38 дугаар зүйлийн 38.6, 38.9-д заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх журмыг болон шүүхийн дээрх ажиллагаа нь хэргийн оролцогчийн эрхийг тус тус зөрчөөгүй гэж үзнэ.

22. Иймээс хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/02306 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/01420 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ч.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ч.С-ээс 2024.08.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                       Н.БАТЗОРИГ

                                                                                                         Н.БАТЧИМЭГ

П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН