Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 28

 


    Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч Г.Амарсайхан,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Л.Батхүү, Х.Насанбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Л.Батхүү, Х.Насанбаатар нарт холбогдох 201717000032 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 сарын 14-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

  Нэг. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн харьяат, 1983 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 4 аав, ээж дүү нарын хамт амьдрах, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Бэки овгийн Лхагважавын Батхүү /РД:ЛИ83070378/.

  Хоёр. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн харьяат, 1981 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдрах, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Сүхмээрэн овгийн Халтарын Насанбаатар /РД:ЛИ81020273/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

           Яллагдагч Л.Батхүү, Х.Насанбаатар нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2017.01.14-ний шөнө Түвшинширээ сумын иргэн Б.Даваадоржийн бэлчээрт байсан нэг тооны эр үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Л.Батхүү шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Хэнтий аймгаас ирэхдээ Алтанцэцэг гэдэг хүнтэй мөнгө уралдуулж тоглох гэж хамт ирсэн. Тэгээд Алтанцэцэгийг Насанбаатарынд орхиод үхэр махлахаар явсан. 2017 оны 01 сарын 14-ний өдөр мөнгөний хэрэг байсан учраас Насанбаатарын гэрт очоод Насанбаатарыг манайх руу явж үхэр махалж ирье гэж хэлээд дагуулж явсан. Тэгээд Хавцал гэдэг газраас нэг үхэр авсан. Би Насанбаатарт би манай ахын үхэр гэж хэлсэн. Хохирогчид хохиролд 1.800.000 төгрөг төлсөн. Насанбаатар хөдөө гэдсийг нь гаргаж хаяхад л мэдсэн байх. Миний унаж явсан машин нь манай ахын машин. Би гэмшиж байна...гэв.

- Шүүгдэгч Л.Батхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн:2017.01.10-ны өдөр Алтансүх гэх эмэгтэй манай эхнэр Энхтуул бид нар Түвшинширээ сум руу тоглоом тоглох гэж явсан. Бид явахдаа 5316 ХЭҮ улсын дугаартай Сүзүки маркийн машинтай явсан. Тэгээд Хараатын ууланд байдаг Насанбаатарын гэрт шөнө очиж хоночихоод өглөө нь би Алтансүх, Энхтуул хоёрыг Насанбаатарын гэрт орхиод Алтансүхээс 500.000 төгрөг аваад тоглоомонд уралдуулаад ямаа болгочихоод ирье гэж яваад 2 хоног тоглоод 300.000 төгрөгийг нь алдчихаад 200.000 төгрөгийг нь буцааж авчирч өгсөн. Тэгээд 2017.01.13-ны өглөө Насанбаатарыг гэрээс нь дагуулж гараад би Алтансүхийн 300.000 төгрөгийг алдчихлаа гэж үнэн учраа хэлээд чи надтай хамт яваад өгөөч манайхаас 1 үхэр хийгээд ирье гэж хэлээд машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд бид хоёр урагшаа чиглэж 40 км орчим яваад хавцал гэх газарт 19.00 цагийн үед очсон. Тэгээд 1 хар эр үхэр барьж аваад би өөрөө унагаад Насанбаатартай хамжиж байгаад хөдөө гэдсийг нь аваад гучлага байхгүй учир арьстай нь өвчөөд 5316 ХЭҮ улсын дугаартай Сүзүки маркийн машиндаа ачаад бид шөнө 23.00 цагийн үед Насанбаатарын гэрт ирээд Насанбаатарыг орхиод Энхтуул, Алтансүх нарыг аваад Хэнтий аймаг руу хөдөлсөн. Замдаа би Энхтуул, Алтансүх хоёрт 300.000 төгрөгөнд үхэр авлаа гэж хэлсэн. Тэгээд Хэнтий аймаг руу 01.30 цагийн үед ороод Алтансүхийг гэрт нь буулгаж өгөх гэж яваад эргүүлийн цагдаа таараад баригдсан... гэх мэдүүлэг /хх-40/

- Шүүгдэгч Х.Насанбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Алтанцэцэг, Энхтуул, Батхүү нар Хэнтий аймгаас манайд ирсэн. Тэгээд хөдөөнөөс гэрээсээ үхэр махална гэж хэлсэн. Тэгээд би хамт явсан. Би хулгайн үхэр гэж мэдээгүй, арьс ширтэй нь хуваагаад байхаар нь асуухад манай ахын үхэр гэж надад ойлгуулсан. Бид нар нэг нутаг болохоор танина. Сүртэй найз нөхөд бол биш. Үхрийг арьстай нь хуваахад л хулгай хийж байна гэж мэдсэн. Би хамт ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна ... гэв. 

- Шүүгдэгч Х.Насанбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Батхүү нь цагаан өнгийн жижиг машинтай 2 хүүхэнтэй хамт Хэнтийгээс ирээд манайд унтаж амарчихаад Батхүү нь малын мөнгө борлуулан гээд ирсэн гэж байсан. Батхүү нь машинтайгаа явж хамт ирсэн хоёр эмэгтэй нь манайд үлдсэн. Тэгээд Батхүү нь 1 хоноод маргааш өдөр нь ирээд Алтансүхийн 300.000 төгрөгийг нь алдчихлаа гэрлүүгээ явж үхэр хийж ирье гэж байсан. Тэгээд манай гэрийн гаднаас хөдлөх гэхээр нь би намайг миний мотоцикль дээр буулгаад орхичих гээд машинд нь суусан. Тэгээд хамт явж байх замдаа Л.Батхүү надад чи ер нь надтай хамт яваад үхэр ажлаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Батхүү нь эвдэрхий байшингийн тууринд оруулж байгаад хар зүсмийн эр үхэр бүсээрээ оосорлож барьж аваад би араас нь хөөж бэлчээрээс нь жаахан холдуулж байгаад Батхүү өөрөө унагаасан. Тэгээд бид хамт ажиллаад гэдэс шийрийг газар дээр нь хаяад толгойг нь аваад махыг нь 3 хэсэг болгоод машиндаа ачаад шууд манай гэрт ирсэн. Тэгээд Батхүү хоёр эмэгтэйгээ аваад явлаа гээд явсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа Хэнтий аймгаас 2 цагдаа ирж бусдын үхэр мал хулгайллаа гээд намайг аваад явсан. Батхүү надад ямар ч мөнгө өгөөгүй, өгнө гэж ч хэлээгүй ... гэх мэдүүлэг /хх-44/ 

-    Хохирогч Б.Даваадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Малгар буюу Хавцал гэх газарт нутагладаг бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө хар зүсмийн, зүүн чих дороосоо догол, баруун чих ганзага имтэй соёолон насны эр үхрийг бэлчээр дээрээс нь алдсан. Бусад үхэр нь бүрэн байсан. Тэгээд эрэл сурал болж явсан чинь Хэнтий аймгийн Цагдаагийн газраас хүмүүс ирж надтай уулзаад танай үхрийг хулгайлсан хүмүүсийг олсон гэж хэлсэн. Би алдсан үхрээ 1.8 сая төгрөгөөр үнэлнэ. Миний үхэр бол нас гүйцсэн, бүдүүн эр үхэр байсан. Л.Батхүү надад 1.800.000 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр төлж барагдуулсан. Одоо ямар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх- 25-27/

-    Иргэний нэхэмжлэгч Л.Баттөрийн мөрөнд байцаалтанд өгсөн:  Л.Батхүү нь миний төрсөн дүү. Түүний үйлдсэн хэргийн талаар мэдэхгүй. Би 2016 оны 9 сард Хэнтий аймгийн харъяат Лундаа гэх хүнээс Сүзүки маркийн 53- 16 ХЭҮ улсын дугаартай машиныг 70 ямаагаар сольж аваад түүнээс хойш эдэлж хэрэглэж байсан. Уг машины төлбөр бүрэн гүйцэд хийгдсэн одоо ямар нэгэн тооцоо байхгүй.  2016 оны 12 сард зөв талын явах эд анги гэмтээд Хэнтий аймгийн төв дээр байдаг дүү Батхүүд засвар хийлгүүлэхээр өгч явуулаад эргэж аваагүй байгаа, тэрээр засварлуулсан гэсэн бөгөөд би очиж авч амжаагүй байсан юм. Лундаа надад 3.000.000 төгрөг гэж дуугарч байсан, тэгээд бид 70 ямаагаар сольсон, одоо үнэлж мэдэхгүй байна ...гэх мэдүүлэг /хх-32/      

- Гэрч М.Лундаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Уг 53-16 ХЭҮ улсын дугаартай машин нь миний нэр дээр байдаг бөгөөд Капитал банкны Хэнтий салбарт зээлийн байрьцаанд тавьсан байсан юм. Харин одоо банкинд ямар нэгэн төлбөр, тооцоо байхгүй, зээлээс чөлөөлөгдсөн байгаа. 2016 оны 09 сард Түвшинширээ сумын харъяат Л.Баттөр гэх хүнд 70 ямаагаар сольж борлуулсан. Машины төлбөрөө бүрэн гүйцэд барагдуулж авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй, уг автомашины төлбөрийн тооцоо байхгүй. Тухайн авто машины гэрчилгээ нэрийг шилжүүлж амжаагүй байгаа... гэх мэдүүлэг /хх-33-34/,

    - Гэрч Н.Энхтуулын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Л.Батхүүтэй 2016 оны 09 сараас хойш хамтран амьдарч байгаа. 2017 оны 01 сарын эхээр миний танил Алтансүх гэх эмэгтэй, Батхүү бид гурав Батхүүгийн ах Баттөрийн машинтай Түвшинширээ сумын нутагт байдаг Насанбаатарын гэх айлд очсон. Явсан учир нь тоглоом тоглох гэж очсон. Тэгээд Батхүү нь Алтансүх бид 2-ын мөнгөнөөс 500.000 төгрөгийг тоглож уралдуулахаар ганцаараа яваад 2, 3 хоног ирээгүй. Батхүү ирээд хэдэн ямаа олж ирлээ, маргааш цуглуулна гэж байсан. Би яаж уралдуулсан талаар асуухад “ хэдэн ямаа болгоод ирсэн “ гэсэн, өөр зүйлийн талаар надад яриагүй. Маргааш өглөө нь Насанбаатар мотоциклио айлын гадаа хаячихсан байгаа бололтой Батхүүгээр хүргүүлнэ гээд хамт гарцгаасан. Шөнө 23 цаг болж байхад ирээд Батхүү явъя гэхлээр нь Алтансүх бид 2 хувцасаа өмсөөд машиндаа суух гэтэл “ арын суудал дээр ачаатай байгаа, та 2 урд талын суудал дээр давхралдаад суучих “ гэсэн. Батхүү хэдэн ямаагаа үхэр болгоод ирлээ гэж ярьж байсан. Бид явсаар Хэнтий аймгийн төв рүү ордог гүүр дээр ирэх үедээ Батхүү нь “ би мөнгөө тоглоомонд тоглоод алдчихсан, тэгээд оронд нь хүний үхэр хулгайлаад аваад ирсэн юмаа “ гэж хэлсэн. Тэгээд бид маргалдаж, яах гэж ийм зүйл хийсэн талаар зэмлэж хэлээд, одоо тэгээд яах юм гэж байтал цагдаагийн эргүүл ирж шалгасан. Тэгээд биднийг Хэнтий аймгийн цагдаа руу аваад явсан....гэх мэдүүлэг /хх-28/      

    - Гэрч Ж.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Энхтуул, Батхүү нартай Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын руу мал, мөнгө уралдуулна гээд явсан. Бид 3 яваад Түвшинширээ сумын харъяат Насанбаатарын гэх айлд очсон. Батхүү нь тоглохоор явсан, бид 2 хоносон. Насанбаатар нь айлд мотоциклио орхисон явж авч ирнэ гээд Батхүүгийн машинтай явсан. Тэгээд тэд шөнө бид нарыг унтсан хойно ирээд Батхүү нь явъя гэсэн. Тэр хоёр үхэр хийгээд ирлээ гэж байсан. Энхтуул бид хоёр урд талын суудалд суусан, үхрийн мах ачсан гэсэн. Бид явсаар Хэнтий аймгийн төвөөр явж байгаад цагдаад шалгагдсан байх, би анзаараагүй сууж байтал арын хаалгыг нэг цагдаагийн ажилтан онгойлгоод “ энэ машиныг явуулж болохгүй, цагдаагийн газар луу явъя гэсэн. Тэнд очоод хулгай хийсэн юм байна гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-29- 30/      

-    Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2016.01.15. /хх-08- 09/

-    Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт.2017.01.14. /хх-10-14/

-    Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг. 2017.02.20 /хх-15-16/

-    Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг 2017.03.23 /хх-17-19/

-    Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг 2017.03.23 /хх-20-22/

-    Тээврийн хэрэгслийн гэрчилгээ.№ 00944458 /хх-49/

-    Автомашин, техникийн үнэлгээ.2017.02.08 /хх-51/

-    Эд зүйлийн үнэлгээ. 2017.03.23 /хх-52/

-    Түвшинширээ сум дахь мал, эд зүйлийн үнэлгээ. 2017.01.23 /хх-62/

-    Л.Батхүүгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/

-    Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.01.24-ний өдрийн 41 тоот тодорхойлолт /хх-53/

-    Х.Насанбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54/

-    Х.Насанбаатарын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/

-    Л.Батхүүгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60/

-    Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ. 2017.01.30 /хх-70/

-    Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн засаг даргын 2017.01.24-ний өдрийн 36 тоот тодорхойлолт /хх-55/ зэрэг болно.


           Шүүгдэгч Л.Батхүү, Х.Насанбаатар нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2017.01.13-ний шөнө Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг Хавцал гэх газраас тус багийн иргэн Б.Даваадоржийн хар зүсмийн, зүүн чих дороосоо догол, баруун чих ганзага имтэй соёолон насны эр үхрийг бэлчээрээс хулгайлж 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Батхүү, Х.Насанбаатар нарын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Даваадорж, гэрч Н.Энхтуул, Ж.Алтансүх, Л.Баттөр нарын мэдүүлгүүд, 2017.01.15-ны өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, 2017.01.14-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, 00944458 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2017.02.08-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээ, 2017.03.23-ны өдрийн Эд зүйлийн /малын/ үнэлгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

          Хэргийн байдлыг тодруулбал, шүүгдэгч Л.Батхүү нь бусдын мөнгийг мөрийтэй тоглож алдан, уг мөнгийг олох зорилгоор үхэр хулгайлах санаачлага гарган, Х.Насанбаатартай хамт явж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг Хавцал гэх газраас бусдын 1 тооны эр үхрийг бэлчээрээс нь барьж нядлан машинаар зөөвөрлөн Хэнтий аймгийн төвд авчирсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь тэдгээрийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон гэрч Н.Энхтуулын “2017 оны 01 сарын эхээр миний танил Алтансүх гэх эмэгтэй, Батхүү бид гурав Батхүүгийн ах Баттөрийн машинтай Түвшинширээ сумын нутагт байдаг Насанбаатарын гэх айлд очсон. Явсан учир нь тоглоом тоглох гэж очсон. Тэгээд Батхүү нь Алтансүх бид 2-ын мөнгөнөөс 500.000 төгрөгийг тоглож уралдуулахаар ганцаараа яваад 2, 3 хоног ирээгүй. Шөнө 23 цаг болж байхад ирээд Батхүү явъя гэхлээр нь Алтансүх бид 2 хувцасаа өмсөөд машиндаа суух гэтэл “ арын суудал дээр ачаатай байгаа, та 2 урд талын суудал дээр давхралдаад суучих “ гэсэн. Батхүү хэдэн ямаагаа үхэр болгоод ирлээ гэж ярьж байсан. Бид явсаар Хэнтий аймгийн төв рүү ордог гүүр дээр ирэх үедээ Батхүү нь “ би мөнгөө тоглоомонд тоглоод алдчихсан, тэгээд оронд нь хүний үхэр хулгайлаад аваад ирсэн юмаа “ гэж хэлсэн. Тэгээд бид маргалдаж, яах гэж ийм зүйл хийсэн талаар зэмлэж хэлээд, одоо тэгээд яах юм гэж байтал цагдаагийн эргүүл ирж шалгасан” гэх,  Ж.Алтансүхийн “  Би Энхтуул, Батхүү нартай Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын руу мал, мөнгө уралдуулна гээд явсан. Бид 3 яваад Түвшинширээ сумын харъяат Насанбаатарын гэх айлд очсон. Батхүү нь тоглохоор явсан, бид 2 хоносон. Шөнө бид нарыг унтсан хойно ирээд Батхүү нь явъя гэсэн. Тэр хоёр үхэр хийгээд ирлээ гэж байсан. Энхтуул бид хоёр урд талын суудалд суусан, үхрийн мах ачсан гэсэн. Бид явсаар Хэнтий аймгийн төвөөр явж байгаад цагдаад шалгагдсан байх, би анзаараагүй сууж байтал арын хаалгыг нэг цагдаагийн ажилтан онгойлгоод “ энэ машиныг явуулж болохгүй, цагдаагийн газар луу явъя гэсэн. Тэнд очоод хулгай хийсэн юм байна гэдгийг мэдсэн “ гэх мэдүүлгүүдээр нотлогдож, тогтоогдсон байна.

        Шүүгдэгч Х.Насанбаатар “ би Батхүүг манайх руу яваад үхэр ажиллаад ирье гэхээр нь үгүй гэж хэлж чадаагүй, хулгайн үхэр гэдгийг мэдээгүй “ гэж өөрийн гэм буруугийн талаар маргаж буйг шүүх хүлээн авах үндэсгүй, энэ нь дараах баримтуудаар няцаагдаж байна гэж үзнэ. Тухайлбал, шүүгдэгч Батхүү нь Алтансүхийн 300.000 төгрөгийг алдсан талаар хэлж, үхэр хийхээр хамт явахыг түүнээс гуйсан, ахынхаас үхэр хийнэ гэсэн атлаа гэнэт шөнийн цагаар хээр газар бэлчээрт таарсан үхрээс барьж нядлан, үхрийн гэдэс шийрийг хаях, махыг нь арьстай өвчин авч явсан зэргээс дүгнэхэд шүүгдэгч Х.Насанбаатар нь Л.Батхүүг хулгай хийж байгааг бүрэн мэдсэн байх боломжтой хийгээд уг үхрийг хамт нядалж, ажиллах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд бүлэглэн оролцсон байна. 
        Өөрөөр хэлбэл, Х.Насанбаатар нь мал маллаж амьдардаг, монгол хүн, малчин хүний хувьд зан заншил, ёс зүйд харш аргаар буюу махыг нь арьстай өвчиж байгаа, үхрийн гэдэс, шийрийг хээр хаяж байгаа зэрэг үйлдэлд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой байсан атлаа уг үйлдлээс татгалзалгүй гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байна.
        Иймд шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
           
Шүүгдэгч Л.Батхүү, Х.Насанбаатар нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан баривчлах ял оногдуулах үндэстэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын эд хөрөнгийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, мөн шүүгдэгч Л.Батхүү нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, Х.Насанбаатарыг энэ хэрэгт холбогдуулсан байдлыг үндэслэн ялыг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Л.Батхүү, Х.Насанбаатар нар нь хохирогч Б.Даваадоржийн үхрийг хулгайлахдаа иргэн Л.Баттөрийн эзэмшлийн Сүзүки маркийн 53-16 ХЭҮ улсын дугаартай машинаар гэмт хэрэг үйлдэх газарт очих, хулгайлсан малын махыг Хэнтий аймгийн төвд авчрах зэргээр гэмт үйлдлээ түргэсгэхэд ашигласан нь шүүгдэгч Л.Батхүү, Х.Насанбаатар, гэрч Н.Энхтуул, Ж.Алтансүх, Л.Баттөр нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь иргэний нэхэмжлэгч гэрч Л.Баттөрийн “ Би 2016 оны 9 сард Хэнтий аймгийн харъяат Лундаа гэх хүнээс Сүзүки маркийн 53- 16 ХЭҮ улсын дугаартай машиныг 70 ямаагаар сольж авсан. 2016 оны 12 сард зөв талын явах эд анги гэмтээд Хэнтий аймгийн төв дээр байдаг дүү Батхүүд засвар хийлгүүлэхээр өгч явуулаад эргэж аваагүй байсан. Одоо үнэлж мэдэхгүй ” гэх, гэрч М.Лундаагийн “ уг 53- 16 ХЭҮ улсын дугаартай машин миний нэр дээр байдаг бөгөөд Капитал банкны Хэнтий салбарт зээлийн байрьцаанд тавьсан байсан юм. Одоо банкинд ямар нэгэн төлбөр, тооцоо байхгүй, зээлээс чөлөөлөгдсөн. 2016 оны 09 сард Түвшинширээ сумын харъяат Л.Баттөр гэх хүнд 70 ямаагаар сольж борлуулсан. Тухайн авто машины гэрчилгээ нэрийг шилжүүлж амжаагүй байгаа “ гэх мэдүүлгүүд, 00944458 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт тогтоогдсон тул уг машиныг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Л.Батхүү, Х.Насанбаатар нараас тухайн тээврийн хэрэгслийн үнийг тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоолоо. 
Тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн дээрх машиныг хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ гаргах эрх бүхий “ Аз хийморийн эзэд “ ХХК 1.200.000 төгрөгөөр үнэлжээ/хх- 51 тал/.
     
           Л.Батхүү, Х.Насанбаатар нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна. 
                                   
           Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Даваадоржид учирсан 1.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх бөгөөд шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

      Хэрэгт Suzuki Aerio маркийн 53-16 ХЭҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2017.02.20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн иргэн Л.Баттөрд олгоно.
    
    Шүүгдэгч Л.Батхүүгийн эзэмшлийн НOKIA C2-01 маркийн 60.000 төгрөгийн үнэтэй гар утсыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2017.03.22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, ялтан Х.Насанбаатарын эзэмшлийн НOKIA 23-30 маркийн 50.000 төгрөгийн үнэтэй гар утсыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2017.03.23-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг үнийг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үргэлжлүүлнэ. 
        

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэки овгийн Лхагважавын Батхүү, Сүхмээрэн овгийн Халтарын Насанбаатар нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Л.Батхүүг эд хөрөнгө хурахгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах, шүүгдэгч Х.Насанбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 / гурав/ сар 10 / арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан ялтан Х.Насанбаатар, Л.Батхүү нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Suzuki Aerio маркийн авто машины үнэд тус бүрээс 600.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

           4. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Даваадоржид учирсан 1.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ялтан Х.Насанбаатар, Л.Батхүү нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан Л.Баттөрийн эзэмшлийн Suzuki Aerio маркийн 53-16 ХЭҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2017.02.20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн иргэн Л.Баттөрд олгож, ялтан Л.Батхүүгийн эзэмшлийн НOKIA C2-01 маркийн 60.000 төгрөгийн үнэтэй гар утсыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2017.03.22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, ялтан Х.Насанбаатарын эзэмшлийн НOKIA 23-30 маркийн 50.000 төгрөгийн үнэтэй гар утсыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2017.03.23-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг үнийг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үргэлжлүүлсүгэй. 

        6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар ялтан Л.Батхүү, Х.Насанбаатар нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Х.Насанбаатар, Л.Батхүү нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН