| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 500/2020/0025/Э |
| Дугаар | 1123 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 1123
2020 9 3 2020/ДШМ/1123
Б.А, Э.А, Э.Б, Г.Н
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Оюунжаргал,
шүүгдэгч Г.Н,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Э,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/617 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А, Э.А, Э.Б, Г.Н нарт холбогдох эрүүгийн 1905 03789 0979 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Баянбүрд овгийн Б.А, 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шихихутаг” дээд сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт ..............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;
2. Боржигон овгийн Э.А, 1998 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;
3. Чоно овгийн Эрдэнийн Э.Б, 1999 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../;
4. Боржгон овгийн Г.Н, 1998 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........................./;
Б.А, Э.А, Э.Б, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн плаза” төвийн урд хэсэгт хохирогч Э.Быг зодож биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, хоёр хацар, баруун чихний дэлбээнд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.А, Э.А, Э.Б, Г.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.А, Э.А, Э.Б, Г.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Б.А, Э.А, Э.Б, Г.Н нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Б.А, Э.А, Э.Б, Г.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан Сиди бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.А, Э.А, Э.Б, Г.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Анударийн өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“... Б.А нь Э.А, Э.Б, Г.Н нартай бүлэглэж хохирогч Э.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт эргэлзээтэй байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэлгүйгээр, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн хянаж үзэлгүйгээр зөвхөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна. Хохирогчоор тогтоогдсон Э.Бын биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Дүгнэлтүүдийн эргэлзээтэй байдлыг арилгах зорилгоор бүрэлдэхүүнтэй шинжээч томилж 628 дугаартай дүгнэлт гарсан. Шинжээч эмч Чулуунсүх Э.Бын биед учирсан гэмтлүүдийн аль нь гэмтлийн зэрэгт хамаарах, хэдэн удаагийн ямар үйлчлэлээр үүсэх боломжтой талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, зүүн нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, дотроо 5 литрийн устай хуванцар саваар цохиход гэмтэл учирах боломжтой гэж мэдүүлсэн. Харин хоёр хацар, баруун чихний дэлбээнд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн. Анударийг хохирогчийн зүүн нүдэнд учирсан гэмтлийг учруулсан гэж дүгнээд байна. Хохирогч Э.Б мэдүүлэхдээ “миний зүүн нүдэнд учирсан гэмтлийг эмэгтэйчүүдийн нэг нь том усны саваар нүүр орчимд савж цохиход учирсан. Тухайн сав дотроо нилээн их устай байх шиг байсан. Нүүр лүү цохиход толгой манараад ухаан алдсан” гэдэг. Хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Номингийн мэдүүлгээс харахад Э.Быг усны саваар цохисон хүмүүс бол Э.А, Э.Б нар байдаг. Б.А хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээс харахад “Э.Б нь эхлээд Б.Анударийг үсдэхээр нь өөрийгөө хамгаалах зорилгоор зөрүүлээд үсдсэн. Гар хөл рүү нь жийсэн. Өөр үйлдэл хийгээгүй” гэдэг. Энэ мэдүүлгийг нь үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах, эсхүл Б.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“... Би 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “Түмэн плаза” дэлгүүрийн урд өөрийн гар утсаа хохирогч Э.Баас авахаар очсон. Г.Н нь утасны код буруу хийснээс болж Э.Бтай маргаан үүсч улмаар зодоон болсон. Э.Б эхлээд намайг үсдээд авахаар нь би өөрийгөө хамгаалах гэж зөрүүлж үсдсэн. Э.А, Э.Б нар нь машинаас бууж ирэн Э.Б бид хоёрыг салгасан. Мөрдөн байцаалтын шатанд Э.Б нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа талаар надад хэлсэн бөгөөд ингэж шийдвэрлүүлэхийн тулд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчийг хохиролгүй болгосон байх шаардлагатай гэсэн. Миний бие мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өмгөөлөгчтэй оролцоогүй бөгөөд хууль зүйн үр дагаврыг ойлгоогүйгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тиймээс шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалган шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“... Анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын хяналтын шат болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэргийг хялбаршуулсан журмаар явуулж болохгүй нөхцөл байдал байхгүй байсан. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагын талаар хангалттай ойлгосон байсан. Анударийн хувьд эрх зүйч мэргэжлээр сурдаг гэж ярьж байсан ба энэ байдлаас нь шалтгаалж одоо энэ нөхцөл байдал үүссэн болов уу гэж бодож байна. Хамгийн гол нотлох баримт болох Сиди бичлэг дээр Б.А хохирогчийг өшиглөсөн байдаг. Миний өшиглөлтөөс хохирогчид гэмтэл учраагүй гэх байдлаар яриад байдаг. Гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон оролцоо нь хохирогч Э.Б руу чиглэсэн үйлдэл хийснээр бүлэглэсэн, хамтарсан байхыг шаардахаас биш заавал хүн бүрийн оролцооноос хохирогчид гэмтэл үүссэн байх ёстой гэх ойлголт байхгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.А, Э.А, Э.Б, Г.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг /1хх 238-241/ прокурорт гаргасны дагуу прокурор хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гаргаж, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай саналаа танилцуулж, яллагдагч нар саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу явагджээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Харин шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ...үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэнэ.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүгдэгч ...түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, ...эрхтэй.” гэж тус тус заасан эрхийнхээ дагуу гэм буруудаа маргаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах үндэслэл болж байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэж хуульчилсан.
Түүнчлэн хэргийг прокурорт буцааж байгаатай холбогдуулан шүүгдэгч Б.А, Э.А, Э.Б, Г.Н нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцооны болон хамтран оролцооны хэлбэрийг ялгаж тогтоох шаардлагатай.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол ...” гэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг тодорхойлон заажээ.
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүчин чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал бөгөөд үүнээс хальж бусдын амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Шүүгдэгч Б.А, Э.А, Э.Б, Г.Н нарын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн “Түмэн плаза” төвийн урд хэсэг буюу олон нийтийн газарт хохирогч Э.Бтай маргалдаж улмаар түүнийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинж байгаа эсэхэд прокуророос дүгнэлт хийх шаардлагатай байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/617 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.А, Э.А, Э.Б, Г.Н нарт холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.
Хэргийг прокурорт буцаасан тул шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/617 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А, Э.А, Э.Б, Г.Н нарт холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Б.А, Э.А, Э.Б, Г.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ