Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2017/0537

 

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2017/0537

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0-р хороо, 00-р хороолол, 00-00 тоотод байрлах У ХХК,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, ЛЛЛ-н 0 давхарт байрлах Б ХХК,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Олимпийн гудамж, К байрны 000 тоотод байрлах Х ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У ХХК, Б ХХК, Х ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Б ХХК, У ХХК, Х ХХК-иуд нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу аялал жуучлалын зориулалтаар газар ашигладаг.

Богд-хан уулын Дархан цаазат газрын захиргаа, Байгаль орчны яам, Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас нэхэмжлэгч компаниудад Танай зарим компаниудын ашиглаж байгаа газар дээр тулгуур босгоод Улаанбаатар хотын цахилгааны хангамжийг сайжруулах Их тойрог ЦДАШ дэд станцын төсөл-ийг хэрэгжүүлж 9 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугам барина. Барилгын ажлыг саадгүй явуулж өгнө үү, Газар чөлөөлж өгнө үү гэх албан бичиг ирүүлсэн. Улмаар 2016 онд 06 дугаар сард Эрчим хүчний барилга угсралтын тресст ХХК нь Б ХХК-ийн хашааг буулгаж, газар дээр нь цахилгаан дамжуулах агаарын шугамын суурийг ухаж эхэлсэн. Тодруулахад бид нар авсан чиглэлийнхээ дагуу ажиллагаа явуулж байна гэдэг. Нэхэмжлэгч компаниудын зүгээс иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.*******ийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгийг дурьдсан бөгөөд уг албан бичигт 9 цэгийг тогтоож, эцэслэсэн саналыг хүргүүлсэн байна. Үүнийг биелүүлж мөрдөж ажиллахыг даалгасугай гээд манай компаниудын нэрийг дурдсан байдаг. Энэ талаар мэдсэн цагаасаа эхэлж бид урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулж, дараагаар нь тус шүүхэд хандсан.

Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугамын трассыг УИХ-ын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын Инженерийн дэд бүтэцтэй холбогдох хэсэг дэх Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн төлөвлөгөө /2020-2030 он/-г батлан гаргасан. Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үүднээс Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах Их тойрог ЦДАШ, дэд станцын төсөл-ийг Нийслэлийн төсвөөс санхүүжүүлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар эрхлэн хэрэгжүүлж байгаа. Тус ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан трасс нь Богд-Хан амралтын газрын хашааны ардуур дайран өнгөрөхөөр буюу манай компаниудын газраас өөр газраар батлагдсан байдаг. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.******* нь нэхэмжлэгч компаниудын ашиглаж буй газрыг оруулсан 9 цэгийн байршлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт эцэслэн хүргүүлж, Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг саадгүй явуулах нөхцөл бололцоог хангахыг нэхэмжлэгч нарт мэдэгдсэн байдаг.

Эрчим хүчний яамнаас газрын асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг хүчингүй болгоогүй, төрөөс тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолыг зөрчиж, төлөвлөлтөд тусгагдсанаас өөр байршлаар ЦДАШ-ыг явуулахаар трассыг тогтоож, яг үүгээр явуулъя гээд эцэслээд санал хүргүүлсэн нь эрх зүйн үйлчлэл, үр дагвар үүсгэж, УИХ-ын тогтоолоор баталсан газраас өөр газраар трасс явахад хүргээд байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлин 4.1.1-д Барилга байгууламж гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, зам, гүүр, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д Цахилгаан дамжуулах сүлжээ гэж нэгдсэн сүлжээ үүсгэж байгаа цахилгаан дамжуулах зориулалт бүхий 110 кв, түүнээс дээш хүчдлийн шугам, дэд станц, түүнчлэн энэ сүлжээнд холбогдсон, эсхүл техник, технологийн хувьд энэ сүлжээнд хамрагдах шаардлагатай бусад хүчдлийн шугам, дэд станцыг, 6 дугаар зүйлийн 6.1-д Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 6.1.5-д нэгдсэн сүлжээ, хийн хангамж, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны болон магадлал хийх, дүрэм, журмыг батлах, хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоох гэж тус тус заасны дагуу 110 квТ-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээний барилгын техникийн нөхцөл, шугамын трасс-ыг Эрчим хүчний яам хэрэгжүүлэхээр тогтоожээ.

Үүний дагуу Эрчим хүчний яамны Бодлогын газрын 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2011/4, 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2011/37 тоот, зураг төсөл боловсруулах даалгавар зэргээр Эрчим хүчний тухай хуульд зааснаар Эрчим хүчний шугамын трасс-ыг тогтоож, түүнд үндэслэн Э ХХК нь ажлын зураг боловсруулсныг Барилгын хөгжлийн төв 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 119/2013 тоот магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан. УИХ-ын тогтоол, Эрчим хүчний яамны бодлогын газрын даалгаварт үндэслэн боловсруулж баталсан Эрчим хүчний барилга, байгууламж-ийн техникийн үндсэн нөхцлийг өөрчилж, эцэслэн тогтоох шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга гаргасан. Түүнд ийм эрх хуулиар олгогдоогүй.

Засгийн газрын шийдвэр үйл ажиллагаа нь, хууль болон Улсын Их Хурлын тогтоолын биелэлтийг хангахад чиглэдэг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Засгийн газрын гишүүний ажлын албаны хамгийн том албан тушаалтан. Тиймээс Засгийн газрын шийдвэр үйл ажиллагаа, Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолд нийцэж байх ёстой. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын дээрх шийдвэр нь УИХ-ын тогтоолоор баталсан зураг төслийг зөрчиж, барилгын ажлын трассыг өөр чиглэлээр явуулах санал гаргаж, түүнийг нь үндэслэж гүйцэтгэгч компани барилгын ажил явуулах бодит нөхцөл байдал бий болоод байна.

Эрчим хүчний тухай хууль болон Барилгын тухай хуульд зааснаар эрчим хүчний барилгын ажлын зурагт өөрчлөлт оруулах гэж байгаа бол тодорхой үндэслэлээ бодит байдал дээр, цаг уур болоод газар орны нөхцөл байдал дээр үнэхээр ямар ч бололцоогүй болсон тохиолдолд захиалагч, гүйцэтгэгчийн саналыг харгалзан зөвшилцөөд дараа нь барилгын зураглалаа өөрчлөлт оруулахаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг дахин авдаг. Үүний үндсэн дээр барилгын ажлын зурагт өөрчлөлт оруулаад өөрчлөлт оруулсан хэсэг дээр дахин магадлан дүгнэлт хийгдээд энэ магадлан дүгнэлтийг үндэслэж дахин шинэ барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгодог журамтай. Гэтэл дээрх нөхцөл байдал бүрдээгүй байхад Эрчим хүчний яамны эрх хэмжээний асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга бие дааж хэрэгжүүлж, ажлын зурагт заагдсанаас өөрөөр трассыг эцэслэн тогтоож, барилгын ажил гүйцэтгэхээр болж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан Захиргааны акт аргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг үндэслэлийг хангаж байна гэж үзэж байна. Мөн Улсын Их Хурлын тогтоолыг зөрчиж байгаа учраас өөр бусад байдлаар холбогдох хууль тогтоомж Их Хурлын тогтоолыг зөрчсөн гэж үзэж байна.

Эрчим хүчний тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Барилгын тухай хуулиараа ч тэр Байгаль орчны тухай хуулиараа ч тэр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалтанд батлагдсан ажлын зургийг өөрчлөх тэр тусмаа Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан трассыг өөрчлөх эрх хэмжээ олгогдоогүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу эрх хэмжээгүй захиргааны байгууллага албан тушаалтан гаргасан илт хууль бус захиргааны акт юм.

Нэхэмжлэгч нар нь З ХХК-иар өөрийнхөө компаниудын ашиглаж байгаа газрын координатыг тогтоолгож 9 цэгийг байрлуулж давхцалыг тодорхойлуулсан. Трассын шугамаа хуульд заасны дагуу хамгаалалтын шугамаа 25 метрээр хоёр тийш нь татаад зуруулахад Х ХХК-ийн 30.83 м.кв газар хамгаалалтын шугамд орж байсан учраас Х ХХК-ийн эрх зөрчигдөнө гэж үзэж байгаа. Мөн Б ХХК-ийн 3148 м.кв газрыг ашиглах бололцоогүй болж, хамгаалалтын зурваст орчихож байгаа. У ХХК-ийн тухайд мөн л адил тодорхой хэмжээний газрууд нь хамгаалалтын зурваст орж байгаа учраас эрх нь зөрчигдөөгүй гэж ярих үндэслэл байхгүй.

Эрчим хүчний 110 квт-ын шугам гэдэг бол цахилгааны өндөр аюултай учраас хотын дундуур явж байдаг зүйл биш. Эрчим хүчний тухай хуулиараа шугамаас хоёр тийшээ 50 м зайд үйл ажиллагаа явуулах, хүн амьдрахыг хориглодог. Газар дээр нь хоёр тийшээ 50 м зай байтугай цахилгаан дамжуулах шугам барих ч зай байхгүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас барина гээд зүтгээд, гүйцэтгэгч компани ч гэсэн барилга барина гээд зүтгээд байдаг.

Дээрх илт хууль бус актын улмаас тэнд барьсан барилга, явуулсан байгаа ажлууд үр дүнгүй, хийгдсэн хөрөнгө оруулалтууд нь алдагдал хүлээх, хийх гэж байгаа төлөвлөсөн ажлууд явах бололцоогүй болох ийм нөхцөл бүрдээд байна. Мөн тэнд ажиллаж амьдарч байгаа манай компаниудын ажилтнууд, тус компаниудаар үйлчлүүлэх жуулчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх нь зөрчигдөж, ад амь нас эрүүл мэндэд нь хор хохиролтой нөхцөл байдал бүрдсэн. Нөгөө талаас Эрчим хүчний цахилгаан дамжуулах 110 квТ-ын шугам нь галын аюул дагуулахаас гадна агаар шатааж хуурайшуулах, агаар болон орчны хөрсийг тодорхой хувь хэмжээний эрчим хүчээр цэнэгжүүлж, сөрөг ион үүсгэж байдаг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болох нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Ийм аюултай, эрүүл мэнддээ сөрөг нөлөөтэй орчинд хүн амрах боломжгүй тул аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах бололцоогүй, Газар ашиглах гэрээ-ээр олж авсан газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Г.Г нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Улаанбаатар хотын 100000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжих төвийн эрчим хүчний системийн ажиллагааг сайжруулах, хөшигтийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангах, шинээр баригдах дулааны цахилгаан станц, төвийн эрчим хүчний системд холбох Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил зогссон байдалтай байсныг 2015 онд үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэж үзэж, ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг Улаанбаатар хотын иргэдийн эрх ашгийг хангах зорилгоор энэ ажлыг саадгүй явуулах үүднээс У ХХК, Б ХХК-иудын газрын хаягаар агаарын шугамыг явуулах шийдэлд хүрж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгээр эрчим хүчний трассыг явуулах боломжтой координатыг тогтоосон саналыг өгсөн. Уг санал нь төрийн захиргааны төв байгууллагын эцэслэн гаргасан, эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт биш юм.

Газрын зурагт харагдаж байгаагаар нэхэмжлэгч Х ХХК-ийн ашиглаж байгаа газартай цахилгаан дамжуулах агаарын шугамтай давхцаагүй, газар дээгүүр нь трасс дайрч өнгөрөөгүй тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх асуудал байхгүй тул шүүхэд гомдол гаргах нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Дархан цаазат газрын нийтлэг горимд газар ашиглагч нь тухайн газрын 30 хүртэлх хувьд нь барилга байгууламж барьж, бусад орчинд ногоон байгууламж, авто зогсоол байгуулж болно гэж заасан. Ашиглалтаар авсан газар дээр бүгдэд нь барилга барина гэж ойлгохгүй байгаа.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын хөгжил, Хөшигтийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангах, шинээр баригдах дулааны 5 дугаар цахилгаан станц зэрэг хөгжлийн томоохон төсөл хэрэгжүүлэхэд анх газар ашиглах эрх аваад одоо болтол үйл ажиллагаа явуулахгүй, хашаалаад орхисон дээрх аж ахуйн нэгжүүд саад учруулах ёсгүй гэж үзэж байна.

Иймд У ХХК, Б ХХК, Х ХХК-иудын үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У ХХК, Б ХХК, Х ХХК нар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч У ХХК, Би ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б ХХК, У ХХК, Х ХХК-иуд нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богдхан-Уулын дархан цаазат газар нутагт газар ашиглах эрхтэй болон Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах Их тойрог 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс, зураг төсөл, холбогдох дүгнэлт, зөвшөөрөл нь олгогдож, батлагдсан талаар талууд маргаагүй байна.

Гагцхүү нэхэмжлэгч нь Их тойрог 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын батлагдсан зураг төсөл, трассыг өөрчилсөн ямар нэгэн шийдвэр гараагүй. Эрчим хүчний тухай хууль, Барилгын тухай хуулиар цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төсөл, трассд холбогдох журмын дагуу өөрчлөлт оруулах, хяналт тавих эрх Эрчим хүчний яаманд олгогдсон байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар акт гаргаж, Зайсан орчмын трассд орох 9 цэгийн байршлыг эцэслэн тогтоосон нь илт хууль бус гэж, хариуцагч нь ... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүсэлтэд хариу өгсөн албан бичиг болохоос биш эцэслэн гаргасан, эрх ашиг хөндсөн эрх зүйн акт биш... гэж маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас ... тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар  бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичиг нь тодорхой нэг тохиолдлыг буюу Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугамын батлагдсан трасс, ажлын зурагт зааснаас өөр байдлаар /товчилсон/ явуулах саналыг хүргүүлсэн, захиалагч болон гүйцэтгэгч компани нь уг санал, координатын дагуу эрчим хүчний барилгын ажлыг гүйцэтгэхээр ажиллаж /бэлтгэж/ байх бөгөөд энэ нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байна.

Нөгөөтээгүүр хариуцагч нь нэхэмжлэгч компаниудад дээрх барилгын ажлыг саадгүй явуулах талаар мэдэгдсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б ХХК, У чулуу ХХК-иудын ашиглаж буй газар дээгүүр Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугамыг дайруулан өнгөрөх үр дагаврыг үүсгэж байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзлээ.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Эрчим хүчний яам нь Их тойрог 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажил нь тусгай хамгаалалттай газар нутаг дээрх газар ашиглах эрхтэй холбоотойгоор явахгүй байгаа тул газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд удаа дараа[1][1] хандаж байсан боловч Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газрыг чөлөөлөх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Харин Их тойрог 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын асуудлаар төрийн захиргааны төв байгууллага болон бусад байгууллагуудын удирдлагуудтай зөвшилцсөн үндэслэлээр трассын цэгийн байршлыг эцэслэн хүргүүлж, улмаар уг трасс дайран өнгөрч буй тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй компаниудад дээрх шугамын ажлыг саадгүй явуулах нөхцөл бололцоог хангахыг мэдэгдэж, эрчим хүчний барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, холбогдох зөвшөөрөл, дүгнэлтээс өөрөөр явуулахаар гүйцэтгэгч компанид санал хүргүүлсэн трассын дагуу Их тойрог 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлжээ.

Өөрөөр хэлбэл Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь тусгай хамгаалалттай газар нутаг дээрх газар ашиглах эрхтэй холбоотой /газрыг чөлөөлж, цахилгаан дамжуулах агаарын шугам тавих нөхцөл бүрдүүлэх талаар/ асуудлыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх ётой байтал уг асуудлыг шийдвэрлэлгүйгээр шууд Их тойрог 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын байршлыг тогтоож өгсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх актын улмаас Их тойрог 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь нэхэмжлэгч Б ХХК, У ХХК-ийн газар дээгүүр дайран өнгөрч, тэдгээр компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж, Б ХХК, У ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ... хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг ... хянан шийдвэрлэх ...-ээр, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох-оор, 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт ... илт хууль бус болохыг тогтоолгох ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ... зөрчигдсөн байх гэж тус тус тодорхойлон заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд илт хууль бус гэж маргаж буй захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, зөрчиж болзошгүй байх ёстой. Гэтэл маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичиг /солбицол/ нь нэхэмжлэгч Х ХХК-ийн тусгай хамгаалалттай газарт ашиглаж буй газар дээгүүр өнгөрөөгүй, хамгаалалтын бүсэд орохгүй байгаа тул эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, зөрчиж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгээр хүргүүлсэн санал /солбицол/ болон хамгаалалтын зурвас нь Х ХХК-ийн тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж буй газар дээгүүр дайран өнгөрөөгүй болох нь маргаан бүхий акт болон зураг[2][2], газар ашиглах эрхтэй компаниудад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас хүргүүлсэн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09/3911 тоот, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Х ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.15, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 40 дүгээр зүйлийн 40.2, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.9, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан У ХХК, Б ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг баримтлан Х ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

 

 

 


 

 

[1][1] Хавтаст хэргийн 71, 77, 83, 85, 86

[2][2] Хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас,