| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2021/02273/и |
| Дугаар | 182/ШШ2021/02544 |
| Огноо | 2021-11-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2021/02544
| 2021 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 182/ШШ2021/02544 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.П-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НЭМГ-т холбогдох,
Ажлаас буруу халсныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.П, өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оноос эхлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын албан тушаалыг хашиж байсан ба уг хугацаанд тус байгууллагыг амжилттай удирдаж, хууль тогтоомж болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан. Коронавирусын халдвар авсан 35 настай иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй, Энэрэл эмнэлгийн үүдэнд нас барсан хэрэгтэй холбоотойгоор холбогдох эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдсан ба тус төвийн орлогч дарга С.Аын ажлын үндсэн чиг үүрэгтэй холбоотой учраас түүнийг ажлаас нь чөлөөлөх тушаалыг гаргасан. Гэтэл надад хариуцлага тооцож байгаа гэх Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 тоот тушаал гарч Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлж, өндөр насны тэтгэвэрт гаргахаар шийдвэрлэсэн байна. Миний бие дараах үндэслэлээр тус тушаалыг хууль бус бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчдаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна. 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж тус тус заасан ба төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хувьд 65 нас хүртэл төрийн алба хаах эрхтэй. Миний бие НЭМГ-ын даргад 65 нас хүртэл ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг үндэслэж 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэг жилийн хугацаатай Үр дүнгийн гэрээ байгуулсан нь намайг 65 нас хүртэл ажиллуулахыг зөвшөөрсөн үйлдэл мөн юм. Гэтэл уг гэрээний хугацаа дуусаагүй байхад цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
НЭМГ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 тоот тушаалын үндэслэл болж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан боловч Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.3-т заасан зохицуулалт үйлчлэх ёстой. Учир нь 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасан тул Төрийн албаны тухай хуулийн 41.2-т зааснаар 65 нас хүртэл ажиллах эрхтэй. Гэтэл дээрх байдлаар хууль тогтоомж зөрчиж намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу миний халагдахаас өмнөх 3 сарын дундаж цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
Иймд Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: НЭМГ-тай холбогдуулж нэхэмжлэгч Ц.Пийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Пийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн НЭМГ-ын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Б/54 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:
1.Нийслэлийн түргэн тусламжийн газрын даргаар ажиллаж байсан Ц.П нь төрийн албаны ТҮЭМ-9-3 ангилал, зэрэглэлийн албан тушаалд НЭМГ-ын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд Ц.Пийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалж өндөр насны тэтгэвэрт гаргасан. Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.3-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг нь ажилтны иргэний үнэмлэхийн үндсэн дээр он сар өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн байхыг ойлгоно. гэж заасны дагуу тооцож үзэхэд нэхэмжлэгч Ц.П нь 1960 оны 05 дугаар сарын 16-нд төрсөн ба НЭМГ-ын даргын тушаал гарсан өдөр нэхэмжлэгч нь 61 насанд хүрсэн байсан тул хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, өндөр насны тэтгэвэрт гаргасан НЭМГ-ын даргын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
2. Нэхэмжлэгч Ц.Пийн нэхэмжлэлд дурдсан төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэл ажиллах эрхийг зөрчсөн, тэтгэвэрт гарах насанд хүрээд НЭМГ-ын даргатай Үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байтал гэрээний хугацаа дуусаагүй байхад намайг ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж заасан. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахтай холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хуулиар бус харин хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарах насыг хуульд өөрөөр буюу 60 нас байхаар заасан гэж үзэх үндэслэлтэй тул 61 настай Ц.Пийн хөдөлмөрийн гэрээг цуцалж өндөр насны тэтгэвэрт гаргасан НЭМГ-ын даргын тушаал хууль зөрчөөгүй болно.
Түүнчлэн 60 нас хүрч тэтгэвэр авах эрх үүссэн төрийн албан хаагчийг төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэл, журмыг зохицуулсан.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д заасан зохицуулалт нь Төрийн жинхэнэ албан хаагч-д хамаарах ба нэхэмжлэгч Ц.П нь төрийн үйлчилгээний албан хаагч тул хуулийн тухайн заалт хамаарч үйлчлэхгүй болно. Иймд Ц.Пийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шаардлагаа дэмжин, НЭМГ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 тоот тушаал хууль бус болсон, учир нь нэгдүгээрт Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу төрийн үйлчилгээний албан хаагчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 65 нас байхаар заасан; хоёрдугаарт ажлаас чөлөөлөхдөө тусгай хуулиар тогтоосон журам зөрчсөн буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т заасны дагуу тухайн шатны Засаг даргатай зөвшилцөлгүй ажлаас чөлөөлсөн, гуравдугаарт, тэтгэврийн насанд хүрсэн гэх үндэслэлээр бус үнэн хэрэгтээ сахилгын зөрчил гаргасан гэж үзсэнээ олон нийтэд зарласан атлаа энэ талаар ажлаас халах тушаалд тодорхой дурдалгүй тэтгэвэрт гаргасан дүр үзүүлсэн нь ажилтан миний маргах эрхийг зөрчсөн төдийгүй, нэр төрийг сэвтүүлсэн явдал болсон гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, Төрийн албаны тухай хуулийн 41.2 дахь хэсэг төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарахгүй, энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль нарийвчилсан хуульд тооцогдоно. Ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзээгүй, энэ талаар огт буруутгаагүй, харин тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаас нь чөлөөлсөн. Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөн бөгөөд энэ талаарх баримтыг үйлдсэн, хэрэгт ач холбогдолгүй тул нотлох баримтаар гаргаж өгөх шаардлагагүй гэж үзсэн гэх агуулгаар хариу мэтгэлцэж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1. Зохигчдын хэн аль нь нэхэмжлэгч Ц.П нь 2006 оноос эхлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын албан тушаалыг хашиж байсан болон энэхүү албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах үйл баримтуудын тухайд тус тус маргаагүй бөгөөд зохигчдын маргааны зүйл дараах үндсэн хоёр асуудлын хүрээнд өрнөж байна. Үүнд:
1) Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын дагуу төрийн үйлчилгээний албан хаагчдын тэтгэврийн насыг 65 насаар тогтоосон эсэх
2) Нэхэмжлэгч Ц.Пийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлөхдөө Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан ажиллагааг хийсэн эсэх болно.
2. Нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж заасан бөгөөд энэ нь төрийн улс төрийн албан хаагчаас бусад бүх албан хаагчдыг хамруулж байгаа хэлбэр бөгөөд гагцхүү салбарын тусгай хуультай, жишээлбэл, цэргийн, цагдаагийн гэх мэт албан хаагчдын хувьд хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн нөхцлийг хамаатуулан хэрэглэнэ гэж тайлбарлаж байх бол хариуцагч энэ заалтын хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль ч мөн адил багтана, учир нь төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд тусгай хууль нь Хөдөлмөрийн тухай хууль мөн гэж хариу маргаж байна.
Шүүх төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийг хамаарахгүй гэж үзсэн бөгөөд ийнхүү дүгнэх гол үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн Хуулийн үйлчлэх хүрээ гэх гарчигтай 4 дүгээр зүйлийн 4.2 ба 4.3 дахь хэсгийн зохицуулалттай холбон тайлбарлаж байна. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж, 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно. гэж тус тус заажээ. Тодруулбал, хуулийн дээрх заалтаар төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрийн харилцаанд баримтлах хуулийн үйлчлэлийн эрэмбийг тогтоосон байх ба төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль нарийвчилсан хуульд тооцогдох бол төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг нарийвчилсан хууль гэж үзэхээр байна. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хууль агуулгын хувьд хөдөлмөрийн харилцааны ерөнхий хууль мөн хэдий ч тухайн тохиолдолд нарийвчилсан хуульд тооцогдож Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол гэх томьёоллын хүрээнд цэрэг, цагдаа, шүүх зэрэг тодорхой салбарын тусгайлсан хуулиудын нэгэн адил үйлчлэх агуулгатай байна.
Иймд Төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар 60 нас-ыг өндөр насны тэтгэвэрт гарах нас гэж үзэх үндэстэй байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэрт гарах нас болоогүй байхад буюу 65 нас хүрээгүй байхад тэтгэвэрт гаргасан нь хууль бус болсон гэх тайлбар үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. Харин тэтгэвэрт гаргах харилцааг нарийвчлан журамласан (тодорхой хугацааны өмнө мэдэгдэх, сэтгэл зүйн болон бусад байдлаар бэлтгэх г.м) аливаа зохицуулалт үгүй тул энэ талаар гаргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар ёс зүйн хувьд үндэслэл бүхий байж болох ч хууль зүйн хувьд маргаан бүхий тушаалыг хууль бус гэж шууд дүгнэх хангалттай үндэслэл болохгүй.
3. Нэхэмжлэгч нь түүнийг албан тушаалаас чөлөөлөхдөө тусгай хуульд нарийвчлан заасан журмыг зөрчсөн буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу Нийслэлийн засаг даргатай зөвшилцөөгүй гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч түүнд тэтгэвэрт гарах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэж уулзалт хийх үедээ Нийслэлийн засаг даргатай зөвшилцсөн талаараа тайлбарлаж, энэ тухай баримттай танилцуулж байсан гэжээ.
Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө. гэж заасан байна. Хэдийгээр ийнхүү зөвшилцсөн эсэх талаар маргаан бүтэн хэлэлцүүлэг өрнөсөн хоёр шүүх хуралдааны туршид мэтгэлцэж, хариуцагч ийнхүү зөвшилцсөн тухай тайлбарыг амаар удаа дараа гаргаж байсан боловч энэ тухай нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлсэнгүй.
Ажилтныг ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохтой холбоотой харилцаанд баримтлах журмалсан хэм хэмжээ нь материаллаг хэм хэмжээний нэгэн адил хууль зүйн ач холбогдолтой бөгөөд уг журмыг зөрчсөн нь маргаан бүхий харилцааг хууль бус гэх дүгнэлтэд хүргэнэ. Иймд нэхэмжлэгч нь тэтгэвэрт гарах насанд хүрсэн хэдий ч энэ үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эсэх асуудлаар эрх бүхий албан тушаалтантай зөвшилцсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ журмыг зөрчиж гаргасан НЭМГ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 тоот тушаал хууль бус болжээ. Нэгэнт нэхэмжлэгч Ц.Пийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж түүнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилох үндэстэй байна.
4. Нэхэмжлэгч тэтгэврийн насанд хүрсэн гэх үндэслэлээр бус үнэн хэрэгтээ сахилгын зөрчил гаргасан гэж үзсэнээ олон нийтэд зарласан атлаа энэ талаар ажлаас халах тушаалд тодорхой дурдалгүй тэтгэвэрт гаргасан дүр үзүүлсэн нь ажилтан миний маргах эрхийг зөрчсөн төдийгүй, нэр төрийг сэвтүүлсэн явдал болсон гэх агуулга бүхий тайлбар гаргаж байх ба хариуцагч Коронавирусын халдвар авсан иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй Энэрэл эмнэлгийн үүдэнд нас барсан тухай үйл явдалтай нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт хууль зүйн холбоогүй. Тус үйл явдлын дараа НЭМГ-ын даргын хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үг тушаалын үндэслэл болоогүй, өнөөдөр эрх бхий албан тушаалтнаас Ц.Пийг энэ үйл явдалд буруутгасан зүйл үгүй гэж тайлбарлаж байна. Нэгэнт тушаалд энэ талаар дурдаагүй, түүнчлэн энэ үйл явдалд нэхэмжлэгчийг буруутгаагүй талаараа хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байх ба нэхэмжлэлийн энэ үндэслэл түүний шаардлагатай хэрхэн уялдах нь тодорхойгүй байх тул шүүх энэ асуудлаар тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Эдгээр үндэслэл, үйл баримтад тулгуурлан нэхэмжлэгч Ц.Пийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Гэрээг хууль бусаар дуусгавар болгох тухайн үед нэхэмжлэгчийн туршилтын хугацаа тасалдсан байх тул ийнхүү тасалдсан үеэс үргэлжлүүлэн туршилтаар ажиллах эрх нэхэмжлэгчид хадгалагдаж байна.
5. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа гаргацгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул энэ талаар хариуцагчаас ирүүлсэн цалингийн тооцоолол, холбогдох тушаалд суурилан олговрын дүнг тодорхойлов. Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1,662,588 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 77,329 төгрөг гэж тооцон нийт 6,727,681 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэстэй байна.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ц.Пийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,727,681 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газраас 130,405 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
|
|