| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/02898/И |
| Дугаар | 101/ШШ2021/03831 |
| Огноо | 2021-11-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2021/03831
| 2021 11 23 | 101/ШШ2021/03831
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 15 дугаар байр 41 тоотод оршин суух, Ботахарахаражан овгийн Ермекийн ******* /ТК80112809/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 3-6-8 тоот хаягт байрлах Харз-Эрдэнэ ХХК /6550525/-нд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Е.*******, өмгөөлөгч Д.Энхгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, гэрч Д.Арвинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е.*******, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Харз-Эрдэнэ ХХК-нд 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хүний нөөцийн менежерийн албан тушаалд ажилд орсон. Ажлын 5 өдрөөр, өдөрт 4 цаг ажиллахаар, үндсэн цалин 1,200,000 төгрөгөөр тохиролцон ажиллахаар болсон. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд томилсон тушаал гаргаагүй.
Миний хувьд хөл хорионы үед ажлын 4 цагтаа баригдалгүй ажиллаж, гэрээг ажил үүргээ гүйцэтгэж, тайлан төлвөлгөөгөө тогтмол танилцуулж ирсэн. Мөн ажиллаж байсан хугацаанд үндсэн ажил үүрээс минь өөр ажил хийлгэхийг удаа дараа шаардаж байсан. Шинээр ажилтан ажилд авахдаа сургаж байгаа гэх үндэслэлээр цалин хөлсийг олгодоггүй. Ингээд намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад сахилгын шийтгэлийн арга хэмжээ авсан гээд намайг амарсан өдөр хуралдсан мөртлөө надад танилцуулаагүй ба өвчтэй гэсэн эмнэлэгийн магадлагаа өгсөн байхад үндэслэлгүй ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байна.
Ажлаас халагдсан тушаал гарсан гэж мэссэнжерээр мэдээд тушаал авъя гэхээр өгөхгүй байсаар байгаад эмнэлэгт хэвтээд гарсны дараа буюу 6 сарын 21-ний өдөр биеэр очоод уулзаад авсан. Гэхдээ тушаалыг минь өгөхөөс татгалзаж, халагдах өргөдөлөө өг гэж сүрдүүлж байсан.
Миний бие ажиллаж байх хугацаандаа бие давхар болсныг захирал болон, гэл бүл, ажилтнууд мэдэж байсан. 5 сарын 08-ны өдрөөс 5 сарын 22-ны өдөр хүртэл 10-14 цаг хүртэл тогтмол Хөдөлмөрийн онлайн яармагт гэрээсээ болон ажил дээрээ оролцож тасралтгүй ажилласан. 5 сарын 16-нд болох нэгдүгээр ангийн хүүгийнхээ үсэглэлийн баярт бэлдэхийн тулд 5 сарын 12, 13, 14 өдрүүдэд гэрээсээ ажил үүргээ гүйцэтгээд, хөдөлмөрийн онлайн яармагт гэрээсээ оролцъё гэж захиралтай утсаар ярьж чөлөө авсан.
Тэгээд 5 сарын 24-ний өдрөөс 6 сарын 8-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгээс өвчтэй байсан гэсэн акт аваад мессенжерээр явуулсан. Тэр үед ажлаас халагдах тушаал чинь гарсан гэж мэдэгдсэн ба шалтгаан нь юу вэ гэхээр та өөрөө мэдэж байгаа гээд тушаалыг минь өгөхгүй байсаар 6 сарын 21-ний өдөр биеэр очиж авсан.
Иймд үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоолгож, 5 сарын 24-ний өдрөөс жирэмсний амралт олгох хүртэл хугацаагаар тооцож 9 сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны буюу 5, 6, 7, 8 сарын цалин буюу сарын цалин хөлсийг 1,200,000 төгрөгөөр тооцож 4,800,000 төгрөг, 1-р сарын 18-ны өдрөөс хойш 9-р сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд ногдох ээлжийн амралтын 900,000 төгрөг, жирэмсний болон амаржсаны нөхөн олговорыг 120 хоногоор тооцож 4,800,000 төгрөгийг нэхэмжилж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Хариуцагч Харз-Эрдэнэ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч нь манай байгууллагад ажилд орсон нь үнэн боловч хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил үүргээ биелүүлээгүй. Цалинг нь сарын 1,200,000 төгрөгөөг тохирсон боловч өөрийнх нь хүсэлт шаардлагаар нийгмийн даатгалд 600,000 төгрөгөөр тооцож шимтгэлийг нь төлдөг байсан.
Ажлаас чөлөөлөхдөө жирэмсэн гэдгийг мэдээгүй. Сүүлд нь ажлаас чөлөөлсөн хойно өвчтэй гэсэн баримтаа мэйлээр ирүүлсэн нь байсан нь ач холбогдолоо алдсан. Бид эмэгтэй хүнийг хүндэтгээд баримт юм гаргаж өгөөгүй болохоос манай ажилтанд хүүхдээ авахуулсан гэж бичсэн байсан.
Нэхэмжлэгч Е.*******ь нь анх компанид орохдоо хуулийн сургууль төгссөн эрх зүйч мэргэжилтэй гэж хэлж орсон. Ингээд компанийн хуультай холбоотой асуудлыг хариуцах мөн хүний нөөцийн асуудлыг хариуцахаар тохирч компанид орсон. Иймд долоо хоногийн хэдэн өдөр ажиллах талаар мэдэж байгаа гэж бодож байна. Учир нь компанийн зүгээс ажиллах цагийн уян хатан нөхцөлөөр хангаагүй гэж тайлбарласан. Өмнө нь хэд хэдэн удаа ажил дээрээ согтуу ирж зүй бус үйлдэл гаргаж байсан талаар компанийн ажилчид гомдол гаргаж байсан. Е.*******ь нь хүний нөөцийн ажилтны хувиар ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй холбоотой актуудыг боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр ажилд орсон байсан. Нэхэмжлэгч нь 2021 оны 1-р сарын 18-нд ажилд орсон. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг шинчлэх шаардлагатай байна. Ингээд 2 сарын 1-ний өдрөөс ажилчидтай хөдөлмөрийн шинэчилсэн гэрээг дахин байгуулж ажиллъя гэдэг тохиролцоог хийсэн байдаг. Анх Е.*******ь нь ажилд орохдоо өөрийгөө жирэмсэн гэдгээ компанид мэдэгдэж байгаагүй. Ажлаас халагдах үед жирэмсэн гэдгийг нь компаниас мэдсэн. Ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалыг төлж байсан. Е.*******ь нь ажилд орсноос хойш тохирсон баримт бичгүүдийг хугацаанд нь боловсруулж өгөөгүй. Үндсэн цалин 1,200,000 төгрөг байхаар тохирсон боловч нийгмийн даатгалын шимтгэл 600,000 төгрөгөөр төлсөн гэж байна. Энэ нь Е.*******ийн өөрийнх нь санаачилсан ажил учир нь миний өмнө нь ажиллаж байсан компаниуд 600,000 төгрөгөөр төлөгдөж байсан гэдэг байдлаар энэхүү ажлыг зохион байгуулсан. 4,5 сарын нийгмийн даатгалыг бууруулж төлсөн гэх тайлбарыг өгч байна. Тухайн цаг хугацаанд цар тахалтай холбоотойгоор хатуу хөл хорио тогтоосон байсан. Е.*******ын хувьд 4 сард нийтдээ 5 өдөр л ажилласан байдаг. Иймд цалин нь 136,364 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл нь 36,810.28 төгрөгөөр бодогдсон байгаа юм. 5 сарын цалин нь 210,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл нь 56,700 төгрөг төлөгдсөн байгаа юм. 5 сард нийт ажиллавал зохих хоног нь 20 хоног байсан ч Е.*******ийн хувьд нийт 7 өдрийн 23 цагаар ажилласан. 5-р сарын 16-ны өдрийн сахилгын шийтгэлийн тухайд ажлыг удаа дараа тасалсан гэдэг нь 5 сарын цагийн бүртгэлээс харагдана. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй гэдэг нь боловсруулахаар тохирсон хөдөлмөрийн гэрээ шинэчлээгүй болон хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулаагүй учир сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Ажлаас халсан үндэслэлийн тухайд ажилчдын хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 3-р сард дуусгавар болж шинэчилсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилчдад 14 хоногт нэг удаа сургалт оруулах үүргээ биелүүлээгүй. Ажилтнуудад сургалт оруулсан гэж тайлбарлаж байгаа боловч нэг ч удаа сургалт оруулаагүй гэдгийг ажил олгогч хэлж байгаа юм. Е.*******ь нь дур мэдэн хоёр ажилчныг ажлаас халсан байсан. Мөн компанийн санхүүгийн асуудалд дур мэдэн оролцох, ажилчдын цагийн бүртгэлийн тооцоог буруу гаргасан. Ажилчдын цалинтай холбоотой асуудалд оролцсон, будлиантуулсан асуудлыг хэд хэдэн удаа гаргасан. Зарим ажилчдын цалинг гурван сараар хассан, ажлаагүй ажилчны цагийн бүртгэлийг ажилснаар гаргасан гэх мэт зөрчлүүдийг гаргасан. Тухайн үед компанид Лхагвасүрэн гэх гэр бүлийн хүн нь хамт ажиллаж байсан ингэхдээ нөхрийнхөө цалинг үндэслэлгүйгээр нэмсэн байсан. 5-р сарын 21-ний өдөр ажил дээр согтуу ирж нягтлантай зүй бус харьцсан. Мөн захирлын тушаалгүйгээр өөртөө сар бүр 100,000 төгрөгийн нэмэлт цалин бодуулж авсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчлүүдийг удаа дараа гаргасан. Эдгээрийг үндэслээд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 т зааснаар ажил олгогчийн санаачилгаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 үндэслэж ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан байгаа. Ноцтой зөрчил гэдгийг компанийн санхүүгийн ажилд дур мэдэн оролцсон гэж тайлбарлаж байна. Эмнэлэгийн магадлагааг ажлаас халах тушаал гарсны дараа буюу 6 сард цахим хэлбэрээр компани руу явуулсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е.******* нь хариуцагч Харз-Эрдэнэ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,800,000 төгрөг гаргуулах, ажилласан хугацаанд оногдвол зохих ээлжийн амралтын мөнгө 900,000 төгрөг, авах байсан жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4,800,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Е.******* нь Харз-Эрдэнэ ХХК-д 2021 оны 1 дүгээр сарын 15-ний өдрөөс хүний нөөцийн менежерээр ажиллаж, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар болон Харз-Эрдэнэ ХХК-ийн захирлын 2021 оны 5 сарын 24-ний өдрийн 6 дугаартай тушаалаар тогтоогдож байна. /хх-ийн 12 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан.
Нэхэмжлэгч нь Харз-Эрдэнэ ХХК-ийн захирлын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн энэ тайлбарыг үгүйсгээгүй тул хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзэхээр байна.
Ажил олгогчийн зүгээс 2021 оны 5 сарын 24-ний өдрийн 6 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.8, 12.1.9, 12.1.11 дэх хэсэгт заасан заалтуудыг үндэслэн хүний нөөцийн ажилтан Е.*******ийг хүний нөөцийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Хариуцагчаас ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг сахилгын ноцтой зөрчил болон сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан байна.
Ажил олгогчийн зүгээс дээрх зөрчил, холбогдох зохицуулалтын талаар ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлдээ дурдаагүй байх хэдий ч ажлаас чөлөөлөх болсон үндэслэлд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Хариуцагчийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлийн тухайд, талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй... гэж зааснаас үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон үүрэг байх бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна.
Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл буюу ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл болох ноцтой зөрчил гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажлын онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.
Зохигчдын хэн алиных нь тайлбараар хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байх бөгөөд ажил олгогчийн зүгээс санхүүгийн үйл ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно.
Хэрэгт авагдсан баримтаар Харз-Эрдэнэ ХХК-ийн захирлын 2021 оны 5 сарын 16-ны өдрийн 5 дугаартай тушаалаар ажил шалтгаангүй тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Е.*******д сахилгын арга хэмжээ авсугай гэжээ.
Нэхэмжлэгчээс сахилгын арга хэмжээ авсан тушаал гарсныг ажлаас чөлөөлөгдөх үедээ мэдсэн. Тушаалд дурдагдсан зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байх хэдий ч дээрх тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчмын хүрээнд шүүх энэ тушаалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж, үндэслэлээ дараа ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгчээс дээрх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ хийх, хүний нөөц бүрдүүлэх, ажилтнуудад 14 хоногт нэг удаа сургалт явуулах үүргээ биелүүлээгүй, согтуу ирж удирдлагууд болон ажилтнуудтайгаа маргаан үүсгэж бусдыг доромжилсон, компанийн санхүүгийн асуудалд дур мэдэн оролцсон удаа дараа ажил тасалсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Тодруулбал, ажилтны гаргасан зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй нь холбоотой дүрэм, журмыг зөрчих, ёс зүйн алдаа гаргах зэрэг үйлдэл, эс үйлдэхүй байхыг шаардах бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заагдсан ажил, үүрэгтэй нь холбоотой дүрэм журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Мөн зөрчил шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг баримт хэрэгт авагдаагүй байх тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж буй хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.
Дурдсан үндэслэлээр ажил олгогчийн нэхэмжлэгч Е.*******ийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан.
Зохигчид хэн аль нь сарын цалин хөлсний хэмжээг 1,200,000 төгрөгөөр тохирсон боловч нийгмийн даатгалын шимтгэлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр 600,000 төгрөгөөр төлдөг талаар дурдаж байна.
Иймд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамын 7-д нийцүүлэн 600,000 төгрөгийн цалин хөлсөөр тооцож, 2021 оны 1, 2, 3 дугаар сарын дундаж цалин хөлс нь 600,000 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,400,000 төгрөг (600,000х4сар)-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /хх-ийн 7 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь Е.*******д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,400,000 төгрөгийг олгохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс ажилласан хугацаанд оногдвол зохих ээлжийн амралтын олговорт 900,000 төгрөг, авах байсан жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4,800,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлийг ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас авах байсан жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй мөн ээлжийн амралтаа эдлээгүй хохирсон гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэлийн дээрх шаардлага нь хөдөлмөрийн гэрээний нэг тал гэрээ болон хуульд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас хохирол учирсан гэж үзэж байх тул энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдох шаардах эрх байна.
Иймд тус шаардлагад гэрээний нэг талын үүргийн зөрчил, түүнээс хохирол учирсан байх нөхцөл байдал, тэдгээрийн шалтгаант холбоог хохирол шаардаж байгаа тал өөрөө нотлох үүрэгтэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т жирэмсний болон амаржсаны тэтгэмж нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн нэг төрөл байна.
Мөн хуулийн 191дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж, 2 дахь хэсэгт Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан.
Тодруулбал, хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд нийгмийн даатгалын сангаас олгохоор зохицуулсан тэтгэмж байх бөгөөд 4,800,000 төгрөгийн хохирлыг ажил олгогчийн зүгээс учруулсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар 191 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.
Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгчээс ээлжийн амралтын олговорт 900,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар, Ажилтан нь ...амрах, эрхтэй бөгөөд энэхүү эрхийг хангах эрх зүйн зохицуулалт нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т заасан ээлжийн амралтын олговор олгох болон 79 дүгээр зүйлийн ээлжийн амралтын хугацааг хуулиар тогтоосон зохицуулалтууд байх бөгөөд 79.5-д, Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно. гэж тус тус зохицуулжээ.
Эдгээр зохицуулалтаас дүгнэн үзвэл, Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуульд заасан ажилтны амрах эрх-ийг хуулийн дагуу хангах нь ажил олгогчийн үүрэг байх хэдий ч маргаан үүссэн тохиолдолд хөдөлмөрийн нөхцөл болон ажилласан жилийг харгалзуулан ээлжийн амралтын хугацаагаа тодорхойлж, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх, нотлох үүрэг нь нэхэмжлэгчид байна.
Нэхэмжлэгчээс өөрийн эдлэх амралтын хугацаагаа хэрхэн яаж тодорхойлсон нь ойлгомжгүй, холбогдох баримтаар нотлоогүй тул хариуцагчаас ээлжийн амралт олгоогүй гэх үндэслэлээр 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е.*******ийг Харз-Эрдэнэ ХХК-ийн Хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Харз-Эрдэнэ ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Е.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Е.******* болон хариуцагч Харз-Эрдэнэ ХХК-ийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Харз-Эрдэнэ ХХК-нд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Харз-Эрдэнэ ХХК-иас 53,350 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА