Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2021/01900

 

 

2021      08          24                                                             182/ШШ2021/01900

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: "МИК АГ ТЗК" ХХК /- ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: НШШГГ-т холбогдох

Эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд ТБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдүгээр баг ....... тоот 69,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны 2 дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт зохион байгуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. “МИК АГ ТЗК” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдүгээр баг ..... тоот хаягт байршилтай Орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаартай 69.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Дорноговь аймгийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 44-21312 тоот лавлагаагаар "Эрхийн Улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаартай, Дорноговь Замын-Үүд сум ............... тоот Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх:... 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэрээр “МИК АГ ТЗК” ХХК Хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна” гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.”, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгг "Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.” 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсдэг.

Харин Улсын бүртгэлийн газрын лавлагаагаар “МИК Актив Гурав ТЗК” ХХК-ийн өмчлөлд буй эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна гэж тодорхойлсон тул “МИК Акгив Гурав ТЗК” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгөөр “А” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа гүйцэтгэж байгаа нь үндэслэлгүй байна. “МИК Актив Гурав ТЗК” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаа талаар хууль ёсны өмчлөгч болох манай компанид ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах талаар албан ёсны баримт бичигтэй танилцуулаагүй. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдүгээр баг, ...... тоот хаягт байршилтай, Ү-..... дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох "МИК АГ ТЗК” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хамгаалж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт “122.1.Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу уг эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 5859 дугаартай захирамжаар “А” ХХК 752,502,630 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиодолд зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигчид эвлэрсэн. Манай байгууллагаас Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/34552 дугаар албан бичгээр дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 357 дугаар албан бичгээр Төрийн банкинд 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээгээр үүрэг оногдуулсан байна. Захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлсэн.

Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Волоожийн Ганзоригт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Нэгдүгээр баг ....-р байрны 01, 05, 09, 10, 18, 21, 23, 24, 27, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэгдсэн 10 ширхэг орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 16301188/21, 16301188/23, 16301188/20, 16301188/22, 16301188/24, 16301188/25 дугаар тогтоолоор барьцааалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 4/224 дүгээр тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Сэлэнгэ-Эститэйт” ХХК-иар үнэлүүлэхэд 10 орон сууцыг 520,028,460 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг албан бичгээр талуудад үнэлгээг мэдэгдсэн.

Дээрх хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан болно. “МИК АГ ТЗК” ХХК Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ........... тоот хаягт байршилтай орон сууцыг 2017 онд өмчлөх эрхээ бүртгүүлсэн гэх дээрх хөрөнгө нь Төрийн банкны үүргийн гүйцэтгэлд 2012 онд барьцаалбар бүртгэгдсэн, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүгчийн захирамж 2014 онд гарсны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь Төрийн банкнаас 2012 оны 13 дугаар сарын 21-ний өдөр 980,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлж авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж, “Зээлийн гэрээ цуцлах, зээлийн хүүг зогсоох, зээлийг эргүүлэн татуулах тухай” нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлтэй холбуулан Төрийн банкнаас 752,502,630 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, “А” ХХК-иас 752,502,630 төгрөгийг төлж барагдуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч “А” ХХК нь зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн Эрхийн Улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт Дорноговь аймгийн, Замын-Үүд сумын, 1 дүгээр баг, ....... дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 13 24, 27, 28, 29, 43, 48 тоотод байрлах, 808.8 м.кв талбайтай орон сууцуудыг барьцаалсан байсан. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/34552 тоот албан бичгээр дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. “А” ХХК нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэсэн гэж үзэж байна гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “МИК АГ ТЗК” ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ........дугаар байрны 21 тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийн эрхийн ........ дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан бөгөөд орон сууцууд нэг барилгад тооцогдон нэг үл хөдлөх эд хөрөнгийн хэлбэрээр бүртгэлтэй байх үед нэгж  орон сууцуудад салган бүртгэхдээ өмнөх нэгдмэл бүртгэлд туссан өмчийн бусад эрхийн талаар холбогдох арга хэмжээ аваагүй явдалд шударга өмчлөгч нар буруугүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна. Харин хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хүчин төгөлдөр бүртгэлд үндэслэн барьцааны эрхийг хэрэгжүүлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж хариу маргаж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримтад суурилан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.   

  1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаартай захирамжаар нэхэмжлэгч А ХХК, хариуцагч “ТБ” ХХК-нд холбогдох зээлийн гэрээг цуцлах, зээлийн хүүг зогсоох, зээлийг эгүүлэн татуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, зээлийн гэрээний үүрэгт 752,502,630 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталсан байна. Тус захирамжийн дагуу зохигчид эвлэрэхдээ Зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр цуцлан, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоон, Зээлийн гэрээний үүрэгт 752,502,630 төгрөгийг “А” ХХК-аар төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ. /нэгдүгээр хавтаст хэргийн 42, 43 дугаар тал/ Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг хариуцагчаар болон бусад этгээдээр татан оролцуулаагүй байх ба эвлэрлийн захирамжид барьцаа хөрөнгийг тухайлан дурдаагүй байна.

            Улмаар дээрх эвлэрлийн захирамжид зааснаар сөрөг нэхэмжлэлийн хувьд шаардах эрх бүхий этгээд болох Төрийн банк шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх хүсэлт өгснөөр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гарчээ /нэгдүгээр хавтаст хэргийн 45 дугаар тал/. Ийнхүү 2016 онд үүссэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжилсээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс НШШГГт эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэлтэй Замын Үүд сумын 1 дүгээр багийн ..... байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 тоот, нийт 15 байранд “ТБ” ХХК-ийн барьцааны эрх бүртгэгдсэн талаар дурдаж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай албан бичиг ирүүлжээ /нэгдүгээр хавтаст хэргийн 47 дугаар тал/ 

  1. Зохигчид Төрийн банкны барьцааны эрхийн бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаартай орон сууц нь оршин байрлах хаягийн хувьд эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаартай 69.5 м.кв орон сууцтай адил болох талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл нэг орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн хоёр өөр дугаарт бүртгэсэн, Ү-0714002411 дугаарын бүртгэлд “ТБ” ХХК-ийн барьцааны эрхийг тэмдэглээгүй гэж зохигчид тайлбарлаж байна. Энэ тохиолдолд улсын бүртгэл нэгдсэн байх зарчим алдагдсаны зэрэгцээ энэ нь эд хөрөнгийг шударгаар олж авсан өмчлөгчийн эрхийг хөндөж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл нь нээлттэй, үнэн зөв байх, тус бүртгэлд итгэж, эдийн баялгийн эрхийг шударгаар олж авсан этгээдийн эрх ашгийг хамгаалах үндсэн зорилготой. Маргаан бүхий тохиолдолд Ү-0714001871 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд Төрийн банк барьцааны эрхийг үүсгэсэн байх бол Ү-0714002411 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг МИК АГ ТЗК ХХК шударгаар олж авсан гэж дүгнэхүйц нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.   

              Тодруулбал, анх 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А ХХК эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг хөтлөн хүсэлт гаргаж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 7-р хэсэг, 136 дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 дугаар тоотуудыг хамтатган Ү-0714001871 дугаартай нэг үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгүүлж өмчлөх эрх үүсгэжээ. /нэгдүгээр хавтаст хэргийн 131 дүгээр тал/. Энэ нь тухайн байрнуудын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргасан анхны тохиолдол байсан нь хэрэгт авагдсан “А” ХХК-ийн Улсын бүртгэлийн байгууллагад 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргаж байсан хүсэлтээр тогтоогдож байна. /нэгдүгээр хавтаст хэргийн 132 дугаар тал/. Улмаар дээрх 15 орон сууцыг нэгтгэсэн Ү-0714001871 дугаартай нэг үл хөдлөх эд хөрөнгөд Төрийн банкны барьцааны эрхийг бүртгүүлэхээр 2012 оны 03 дугаар сарын 22-ний өдөр бүртгэлийн байгууллагад хандан мэдүүлэг гаргаж байсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 139 дүгээр талд авагджээ.

  1. Харин Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдүгээр баг, 7-р хэсгийн 136 дугаар байрны 21 тоот 69.5 м.кв орон сууцны өмчлөх эрхийг О.М 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр А ХХК-тай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ /нэгдүгээр хавтаст хэргийн 201 дүгээр хуудасны арын нүүр/-ний үндсэн дээр олж авсан байх ба Ү-074002411 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа өөрийн нэр дээр гаргуулжээ /Нэгдүгээр хавтаст хэргийн 204 дүгээр тал/. Энэ үед Ү-074002411 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд хэн нэгний барьцааны эрхийг дагуулан бүртгэх ажиллагаа хийгдээгүй байна. Энэ үеэс хойш Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-074002411 дугаарт бүртгэлтэй Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдүгээр баг, ...... дугаар байрны .... тоот 69.5 м.кв орон сууцны өмчлөх эрхийг 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Г.Д О.Мөнх-Амгалангаас худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 193, 194, 196 дугаар талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, бүртгэлийн мэдүүлэг, орон сууц худалдах худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. Орон сууц Г.Дын өмчлөлд байх үед түүний Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд тавьсан нь Дорноговь аймгийн Замын Үүд сумын сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 137/ШШ2017/00234 дугаартай шийдвэр /нэгдүгээр хавтаст хэргийн 190 дүгээр тал/-ээр тогтоогдож байх ба улмаар тус шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тодорхой заажээ.

            Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийсэн боловч үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй шалтгаанаар өмчлөгчийн хүсэлтэд үндэслэн орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны төлбөрт тооцон банкны, эсхүл банкны заасан этгээд болох МИК АГ ТЗК ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх арга хэмжээг шийдвэр гүйцэтгэх газраас авч хэрэгжүүлсэн нь хоёрдугаар хавтаст хэргийн 204, 207 дугаар талд авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Замын Үүд дэх шийдвэр гүйцэтгэх хэсгийн Дорноговь аймгийн бүртгэлийн хэлтэст 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлсэн 01/475 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх тухай албан бичиг, МИК АГ ТЗК ХХК-ийн бүртгэлийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            МИК АГ ТЗК ХХК нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу банкны зээлдэгчдээс зээлээ шаардах эрх болон барьцааны эрхийг арилжааны шилжүүлэн авч хөрөнгийн багц үүсгэх замаар түүгээр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа явуулан ипотекийн зээлийн эх үүсвэрийг бий болгох зорилго бүхий хуулийн этгээд бөгөөд түүний худалдан авсан хөрөнгийн багц дахь зээлийн гэрээнд зөрчил үүссэн тохиолдолд барьцаалагчийн нэгэн адил эрх эдэлнэ. Энэ утгаараа Худалдаа Хөгжлийн банкны төлбөр авагчийн хувиар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн орон сууцны өмчлөх эрхийг МИК АГ ТЗК ХХК-нд шилжүүлсэн үйлдлийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

  1. МИК АГ ТЗК ХХК нь маргаан бүхий байранд үүссэн эдийн баялгийн эрхийн талаар түүхчилсэн лавлагаа авахаар 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр  Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж байсан байх ба уг байгууллагаас орон сууцны өмчлөх эрхийн өөрчлөлтийн талаар хариу лавлагааг хүргүүлэхдээ аливаа барьцааны эрх бүртгэгдээгүй болохыг тодорхойлж байжээ. /нэгдүгээр хавтаст хэргийн 206 дугаар тал/. Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр болон 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн 540, 543 тоот албан бичгүүдэд /хоёрдугаар хавтаст хэргийн 83, 84 дүгээр тал/ Улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаар дээр Замын-Үүд сум 1 дүгээр баг 7 дугаар хэсэг .... байрны 01, 05, 09, 10, 18, 21, 23, 24, 27, 29 тоот 10 орон сууц анхлан бүртгэгдсэн, тэдгээрээс гагцхүү 09, 18, 23 тоот байрнууд салж бүртгэгдсэн мэт дурдсан нь илтэд алдаатай[1] байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бүртгэлийн хувийн хэргийн хуулбараас үзвэл анх 15 орон сууц Ү-0714001871 дугаарт бүртгэгдэж, үүнээс 09, 18, 23 тоот орон сууцнаас гадна хэд хэдэн орон сууцнууд салан тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл үүсгэсний дунд маргаан бүхий 21 тоот ч мөн салж бүртгэгдсэнийг харж болохоор байна.

            Ийнхүү 15 орон сууцыг хамтад нь бүртгэсэн Ү-0714001871 дугаартай нэг үл хөдлөх эд хөрөнгөөс орон сууц бүрийг салган бүртгэх үедээ Ү-0714001871 үл хөдлөх эд хөрөнгөд үүссэн барьцааны эрхийг дагуулан бүртгээгүй нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд бүртгэлийн байгууллагын энэ үйлдэлд салган бүртгэсэн .... тоот орон сууцыг  шударгаар олж авсан өмчлөгчдийг буруутгах хууль зүйн боломжгүй юм. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл чухамхүү ийм байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд бүртгэлийн үнэн зөв байдалд итгэж үнэмшин хөрөнгийг бусад этгээдийн аливаа эрхгүйгээр шилжүүлэн авсан хэмээн найдсан этгээдийн эрх ашгийг хамгаалахыг Иргэний хуулийн 114, 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт томьёолсон болно.

            Монгол Улсын Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т “Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй” гэж,  114 дүгээр зүйлд “Эд хөрөнгө шилжүүлэн авч байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүний өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.”  гэж тус тус заажээ.

            Хэдийгээр үгчлэн хэрэглэх тохиолдолд эдгээр заалтууд гагцхүү өмчлөх эрх олж авах үйл явцад өмчлөгчийн талаарх бүртгэлийн мэдээллийг илэрхийлж байгаа мэт боловч улсын бүртгэлд бүртгүүлэх замаар үүсэж өөрчлөгдөж, дуусгавар болох учиртай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүх төрлийн inrem эрх (ипотек, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх г.м)-үүдийг багтаасан зарчмын зохицуулалт мөн болохыг анхаарвал зохино. Энэ агуулгаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн талаар бүртгээгүй байхад тухайн эд хөрөнгөд ийм эрх үүсээгүй гэж улсын бүртгэлд шударгаар итгэж найдан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээдийн эрх ашгийг хамгаалах учиртай юм. Харин барьцааны эрх бүртгэгдэх учиртай боловч аль нэг шалтгаанаар бүргэгдээгүй, бүртгэл ямар нэг байдлаар будилаантай байгааг мэдсээр байж эд хөрөнгийг ийм эрхгүй гэж итгэсэн мэт дүр үзүүлэн шилжүүлж авсан этгээдэд энэ хамгаалалт үйлчлэх учиргүй. Маргаан бүхий тохиолдолд МИК Аг ХХК-ийг Ү-074002411 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд Ү-0714001871 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх буюу Төрийн банкны барьцааны эрх дамжин бүртгэгдэх учиртайг мэдсээр байж, эсхүл мэдэх боломжтой байхад ийм эрхгүй гэж итгэж шилжүүлэн авсан гэж дүгнэх аливаа нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй.

            Иймд МИК АГ ТЗК ХХК-ийн Ү-074002411 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны эрхгүй гэж ойлгон шилжүүлж авсан нөхцөл байдлыг шударга гэж үзлээ.

  1. Иргэний хуулийн 114, 109 дүгээр зүйлийн 109.3-т бүртгэлийн үнэн зөв байдалд итгэсэн этгээдийн эрх ашгийг хамгаалснаар өмчлөх эрхээ алдсан, эсхүл маргаан бүхий тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх /ипотек, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх г.м/-ээ шударга бусаар алдаж байгаа этгээдийн эрхийг хамгаалалтгүй орхисон гэж дүгнэж болохгүй. Тодруулбал, маргаан бүхий тохиолдолд барьцааны эрхээ шударга бусаар алдаж байгаа Төрийн банк ийнхүү бүртгэлийн үнэн зөв байдлыг алдагдуулж, түүний барьцааны эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон буруутай этгээдээс хохирол, гэм хороо нэхэмжлэх хууль зүйн боломжтой.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр барьцааны эрх бүртгэгдээгүй байхад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ..... дугаар байрны .. тоот хаягт байрлах, үл хөдлөх хөрөнгийн эрхийн Ү-074002411 дугаартай орон сууцыг ТБ ХХК-ийн төлбөрийн үүрэгт битүүмжилсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болсон гэж үзэх үндэстэй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу энэхүү орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлөхийг НШШГГт даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 7 дугаар хэсэг, 136 дугаар байрны 21 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001904 дугаартай орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг НШШГГт даалгасугай.  

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

  1. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

 

 

           

 

 

 

[1] Хавтаст хэргийн 84 дүгээр талд авагдсан албан бичигт 09 тоот орон сууцанд хоёр ч өөр Ү дугаар олгосон мэт тайлбарласан байна.