| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2020/03593/и |
| Дугаар | 182/ШШ2021/00373 |
| Огноо | 2021-02-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2021/00373
| 2021 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 182/ШШ2021/00373 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: МХС-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УХЗХУТ-д холбогдох,
8,190,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагчийн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: УХЗХУТ2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Кабелийн худаг, сувагчлал түрээслүүлэх болон шилэн кабелийн гэмтэл саатал засварлах №YAГ/LD18/02-10 тоот гэрээг нэг жилийн хугацаатай манай компанитай байгуулсан. УХЗХУТнь түрээсийн гэрээний хугацаанд нийт 18,103,184 төгрөг төлөх ёстойгоос 2018 онд 9,913,024 төгрөг төлсөн, одоогийн байдлаар түрээсийн гэрээний үлдэгдэл 8,190,160 /найман сая нэг зуун ерэн мянган нэг зуун жаран/ төгрөг төлөгдөөгүй үлдсэн байна.
Иймд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Кабелийн худаг сувагчлал түрээслүүлэх болон шилэн кабелийн гэмтэл саатал засварлах №YAГ/LD18/02-10 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 8,190,160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/1833 тоот шийдвэрээр Нийслэлийн цагдаагийн газарт ашиглагдаж байсан нэхэмжлэлд дурдагдсан 39 камерыг дэд бүтцийн хамт 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн өмчлөлд шилжүүлэн авсан байна. Нэхэмжлэлд дурдсан худаг сувагчлал ашигласны төлбөр болох 8,190,160 төгрөг нь манай байгууллагад өмч шилжиж ирэхээс өмнөх буюу Нийслэлийн цагдаагийн газрын өмчлөлд байх үед үүссэн 2017 оны төлбөр юм.
Шинээр хийгдэх 2018 оны гэрээнд дээрх хуримтлагдсан төлбөрийг хариуцах тухай ирүүлсэн хүсэлтийн дагуу, тогтмол хамтарч үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд 2018 оны гэрээндээ тусгасан боловч, өр үүссэн үеийн өмчлөгч нь Нийслэлийн цагдаагийн газар байх тул УХЗХУТөөс уг төлбөрийг төлөх үндэслэлгүй хэмээн Нийслэлийн төрийн сангаас шилжүүлэг хийгээгүй болно. Манай байгууллага 2018 онд өөрийн өмчлөлд авснаас хойших бүх төлбөрийг төлж барагдуулж ирсэн ба 2018 онд тус газарт 67,648,298 / Жаран долоон сая зургаан зуун дөчин найман мянга хоёр зуун ерэн найман /төгрөг төлсөн байна гэв.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МХС” ХХК нь хариуцагч УХЗХУТд холбогдуулан 2017 оны 02 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацааны худаг, сувагчлалын түрээсийн төлбөр 8,190,160 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин дээрх хугацаанд хариуцагч УХЗХУТтэй түрээсийн гэрээ байгуулаагүй нь үнэн боловч хожим тус байгууллагатай хийсэн түрээсийн гэрээнд энэ хугацааны төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээнд туссан, 2017 онд энэ байгууллага манай түрээсийн үйлчилгээний үр шимийг хүртэж байсан тул ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь үндэслэл бүхий байсан гэх агуулгаар тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, 2017 оны түрээсийн төлбөрийг тус байгууллага нөхөж төлөхөөр 2018 онд байгуулсан гэрээндээ заасан нь үнэн. Учир нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас энэ хугацааны түрээсийн төлбөрийг манай байгууллага хариуцах нь зүйтэй гэж үзэж албан бичиг ирүүлсэн байсан. Гэвч өмчлөгчийн зааварласан агуулгаар гэрээг байгуулсан боловч төлбөр төлөх үед бодит байдал дээр төрийн сангаас манайд мөнгөн хөрөнгийг шижүүлэх зөвшөөрөл олгоогүй учир бид төлөх боломжгүй болсон гэж хариу мэтгэлцэж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны Таван шараас Офицерүүдийн ордон, тус шулуун чиглэлээс Замын Цагдаагийн газар хүртэл үргэлжилсэн 18,452 метр урттай кабелийн сувагчлал, 191 ширхэг худгийн түрээсийн төлбөр 8,190,160 төгрөгийг хэрхэн төлж барагдуулах талаар маргаан үүссэн байх ба нэхэмжлэгч уг төлбөрийг түрээсийн гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй гэжээ. Гэвч зохигчдын хэн аль нь дээрх хугацаанд талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, 2017 онд түрээсийн зүйлийг Нийслэлийн Цагдаагийн газар ашиглаж байсан учир тус байгууллагатай түрээсийн гэрээ байгуулах учиртай байсан гэж тайлбарлацгааж байна.
Зохигчдын хэн аль нь түрээсийн зүйл болох дээрх чиглэлийн 18,452 метрийн урттай кабелийн сувагчлал, 191 ширхэг худаг нь нэхэмжлэгч МХС ТӨХХК-ийн хууль ёсны эзэмшлийн зүйл бөгөөд төрийн өмч тул уг эд хөрөнгийг бусдад хариу төлбөртэй ашиглуулах эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжтой талаар харилцан маргаагүй. Түүнчлэн түрээсийн зүйл болох кабелийн сувагчлал, худаг нь Таван шараас Офицеруудын ордны чиглэл болон тус шулуун замаас урагш Замын Цагдаа хүртэл салбарлан оршиж байгаа авто замын нэгдүгээр эгнээний доор байрладаг газартай салшгүй бэхлэгдсэн, кабелийн шугам гүйх зориулалттай суваг хэлбэрийн сүлжээ, тодорхой цэгт байршсан олон тооны худаг болох үйл баримтын тухайд маргаагүй. Зохигчид эдгээр бүтээцүүд нь орон нутгийн өмчлөлийн зүйл болох авто зам дагуух камер, тэдгээрийг ажиллуулах үндсэн төхөөрөмж болох нэгдсэн серверийн хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай болохыг хүлээн зөвшөөрч байна.
Улмаар Таван шараас Офицерүүдийн ордон хүрэх замын 39 камер, серверийн эзэмшлийг орон нутгийн өмчийн асуудал эрхэлсэн эрх бүхий этгээдийн шийдвэрээр Нийслэлийн Цагдаагийн газраас бусад этгээдэд шилжүүлэх явцад кабелийн худаг, сувагчлалын түрээсийн төлбөрийг хэрхэх нь 2017 оны 2 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд тодорхойгүй үлдсэн талаар зохигчид харилцан маргаагүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/920 тоот тушаал (хх-ийн 69 дүгээр тал), Улаанбаатар хотын цагдаагийн газраас “МХС” ХХК- нд хүргүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12/926 тоот албан бичиг (хх-ийн 95 дугаар тал), Улаанбаатар хотын цагдаагийн газраас Замын цагдаагийн албаны даргад хүргүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12/927 тоот албан бичиг (хх-ийн 96 дугаар тал), Цагдаагийн ерөнхий газрын Замын Цагдаагийн албанаас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13/1505 тоот албан бичиг (хх-ийн 98 дугаар тал)-үүдээр тус тус тогтоогдож байна.
2. Хариуцагч маргаан бүхий хугацаанд нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулаагүй гэж маргаж байх ба хэргийн үйл баримтаас үзвэл дээрх хугацаанд талууд түрээсийн гэрээ байгуулаагүй, тэдгээрийн хооронд 2018 оноос гэрээний харилцаа үүсжээ (хх-ийн 10 дугаар тал). Түүнчлэн гэрээний хавсралтын сүүлийн хуудсанд Тайлбар хэсэгт ... Нийслэлийн Цагдаагийн газраас шилжсэн 18,452 м сувагчлалын 2017 оны 03 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөр НӨАТ орсон дүнгээр 8,190,160 төгрөгийг нэхэмжлэхийн дагуу төлнө гэж бичсэн байна. /хх-ийн 57 дугаар тал/
Нэхэмжлэгч хэдийгээр маргаан бүхий хугацаанд Нийслэлийн Цагдаагийн газартай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсныг мэдэж байсан бөгөөд түрээсийн зүйлийн ашиглалтыг зогсоох арга хэмжээ авах, сүлжээг салгах бүрэн боломжтой байсан боловч нийтийн эрх ашгийн үүднээс ийнхүү шийдвэрлэх нь буруу гэж үзсэн тул үйл ажиллагааных нь хэвийн байдлыг ханган орон нутгийн байгууллагуудад ашиглуулсаар байсан. Энэ нь Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2-т заасантай нийцнэ гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэл бүхий гэж үзлээ. Түрээсийн зүйл болох кабелийн худаг, сувагчлал нь Нийслэлийн өмчийн замын хөдөлгөөний камер болон тэдгээрийн төв удирдлага, хяналтын нэгдсэн серверийг хэвийн ажиллуулахад зайлшгүй шаардлагатай байна. Замын хөдөлгөөний камер, серверийг орон нутгийг төлөөлөн эзэмшилдээ байлгах этгээдийг өөрчлөх тухай шийдвэрийг өмчлөгч гаргахдаа /хх-ийн 72 дугаар тал/ ийнхүү шийдвэрлэх завсрын хугацааны түрээсийн төлбөрийг дараагийн түрээслэгчид оногдуулсныг түрээслүүлэгч МХС ТӨХХК, шинэ түрээслэгч Замын хөдөлгөөний удирдлагын төв хүлээн авч гэрээндээ тусгасан нь Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2-т заасантай нийцэж байна.
Эдгээр үндэслэл, үйл баримтад суурилан нэхэмжлэгч “МХС” ХХК-ийн хариуцагч УХЗХУТд холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 8,190,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. .
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 324 дүгээр зүйлийн 324.2-т заасны дагуу хариуцагч УХЗХУТөөс түрээсийн төлбөр 8,190,160 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МХС” ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
|
|