Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2021/00351

 

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2021/00351

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б миний бие 2009 онд нөхөр болох Б.Бтэй танилцаж улмаар 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн болно. Хамтран амьдрах хугацаанд 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бидний дундаас Б.Н, 2015 оны 10 сарын 29-ны өдөр охин Б.Смаань хорвоод мэндэлсэн. Хамтран амьдрах хугацаанд нөхөр маань нэг бус удаа гар хүрч байсан, мөн бие давхар байхад буюу 2013 оны 04 дүгээр сард болон 07 дугаар сард зодож хамранд минь хоёр ч удаа гэмтэл учруулсан. 2016 оны 9 дүгээр сард нөхөр маань БНСУ-ыг зорьсон, миний бие 10 дугаар сард нөхөр дээрээ очсон. 2019 оны 04 дүгээр сард би Монголдоо ирсэн. Харин нөхрийн хувьд 2020 оны 07 дугаар сард Монголд ирсэн. Нөхрийг ирсэнээс хойш бид хоёр хамт амьдраагүй болно. 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нөхөр маань гаднаас ирж орилж бахирч элдэв ааш гаргасан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Улмаар яармагийн цагдаагийн хэлтэсээс ирж надаас болон нөхрөөс мэдүүлэг авсан.

Тухайн үед нөхөр би та нарыг амралтанд хүргэж өгнө гэж хэлж уурлаад байсан учир арга буюу нөхрийн машинд суусан. Амралтын газар очиход нөхөр бас л элдэв ааш зан гаргаж эхэлсэн. Арга буюу машинд хүүхдээ суулгамагц нөхөр машиныг хурдтай хөдөлгөснөөс би бага охинтойгоо хамт газар шидэгдэж ухаан алдаж унасан. Ухаан орж сэрэхэд гзмтэл дээр ирсэн байсан. Гэмтэл дээр байхдаа дахин ухаан алдсан учир 2020 оны 09 дүгээр сард тархины хагалгаанд орсон. Бага охин тархиндаа оёдол тавиулсан болно. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр маань гэрт ирж дахин элдэв асуудал үүсгэсэн учир нагац эгч Золзаяа нь цагдаад дуудлага өгснөөр цагдаагийн байгууллагаас намайг аюулын өндөр зэрэгт хамаарах эрсдэлтэй байна гэж үзэж хоёр охинтой минь хамт хамгаалах байранд оруулсан. Гэтэл миний бие муудаж хамгаалах байрнаас эмнэлэгрүү гэнэт хүргэгдэж ирсэн болно.

Миний бие дахин Б.Бтэй хамт амьдрах хүсэлгүй, боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Н, Б.Снарыг өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2010 онд Э.Бтой гэр бүл болж 2013 онд анхны охин Б.Н-ийг, 2015 онд хоёр дахь охин Б.С-ийг төрүүлж ам бүл дөрвүүлээ элэг бүтэн сайхан амьдарч байсан. Би амьдралаа дээшлүүлэхийн тулд БНСУ-д улсад ажиллаж амьдрахаар хамтын шийдвэр гаргаж 2016 онд явж ажилласан.Эхнэр маань миний араас 10 сард ирсэн болно. Бид хоёр 2019 оны 4 cap хүртэл хамдаа ажиллаж амьжиргаагаа дээшлүүлэн охидынхоо ирээдүйн сайн сайхны төлөө зүтгэж ирсэн Энэ хугацаанд Болорын эмээ болох Д зөвшөөрсөний дагуу хоёр охиноо гэр орондоо үлдээгээд амьжиргаанд шаардагдах хоол хүнс авах мөнгө төгрөг.хувцас хэрэглэл, гэр ахуйн хэрэгцээт бүхий л зүйлээр хангаж ирсэн.

Миний эхнэр Болор 2019 оны 4 сарын дунд үеэр БНСУ-аас баривчлагдан нутагтаа ирж. эмэг эх Дагийсүрэн, хоёр охины хамт амьдарч байгаад 2019 оны 12 сард гэрээсээ нүүж түрээсийн байранд орсон. Түрээсийн байрны нийт төлбөр 3,500,000 төгрөгийг Солонгос улсад ажиллаж байхдаа явуулсан. Намайг БНСУ-д ажиллаж байхад А гэдэг үл таних эмэгтэй надруу залгаж миний нөхөр Б.О нь танай эхнэр Э.Б гэх эмэгтэйтэй нийлж гэр бүлийн тогтоворгүй байдал үүсгэж гэр орондоо ч ирэхээ больсон. Би 2 насны нялх хүүхэдтэй, жирэмсэн хүн. Таны эхнэр миний гэр бүлийг үймүүлж бага балчир насны хоёр нялх хүүхдийг өнчрүүлчихээд байна. Тийм учраас та эхнэртээ ойлгуулж миний нөхрөөс эхнэрээ татаж аваачээ гэж нэг бус удаа утсаар ярьсан. Би энэ хүний үгэнд итгээгүй. Э.Б-ээсс асуухад ийм зүйл байхгүй гэж хэлдэг болохоор гэр бүлийнхээ амьжиргаанд нь зориулж эхнэр хүүхэддээ cap бүр 3,000,000 төгрөг/ бүгд 21,000,000 төгрөг/-ийг Солонгос улсад ажиллаж олсон орлогоосоо явуулдаг байсан.

Миний эхнэр Болор ажпын байр түрээслэн Караоке ажиллуулж орлого олмоор байна, мөнгө явуул гэхэд нь 6,000,000,/зургаан сая/ төрөг Солонгос улсаас явуулсан болноМиний бие хамтын хадгаламжиндаа байсан мөнгөнөөс 2020 оны 4-сарын 24 ний өдөр 74,250,000 төгрөгөөр 2 өрөө шинэ орон сууц худалдан авч өгсөн.Одоо эхнэр хүүхдүүд амьдарч байна. Би БНСУ-аас 2020 оны 7 сарын 2-ны өдөр ирсэн Ковид-19 цар тахлын улмаас Сүнжин гранд зочид буудалд 21 хоног тусгаалагдаж байгаад, гэр хорионд хуүхдүүдтэйгээ хамт 14 хоног байхад миний эхнэр Болор эхний өдөр уулзаад дахиж гэр орондоо ирээгүй, шалтгааныг сонстол Э.Б салах тухайгаа шүүхэд өргөдөл өгсөн, хоёулаа Чингэлтэй дүүргийн шүүх дээр уулзъя гэж утсаар ярьсан. Гэтэл миний эхнэр Болор Дархан хотод Караоке ажиллуулж байхдаа О гэдэг хүнтэй хамт амьдар ч байсан байнаО нь урьд нь1 хүүхэдтэй эхнэрээсээ салж.дараа нь хоёр дахь эхнэрээсээ хоёр нялх хүүхэдтэй салсан, муу түүхтэй бөгөөд одоо гурав дахь удаагаа манай гэр бүлийн амьдралыг үймүүлж байгаа юм.

Би Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүгчийн дуудсанаар шүүхийн эвлэрүүлэн зуучлах газарт дурьдсан хугацаанд Болорын хамт уулзахад та хоёрт салах шалтгаан алга тодорхой хугацаа өгье гэж хариу хэлсэн болно.Тэгэхэд би эхнэрээсээ салахгүй охидоо өнчрүүлэхгүй гэдэг саналаа хэлсэн. Эвлэрэх хугацаанд Э.Б хоёр охин бид нартай нэг ч хоног хамт амьдраагүй бөгөөд эвлэрэх боломж олгосонгүй. Миний бие нь гэр бүлийн элэг бүтэн амьдралыг урьдын адил сайхнаар цогцлоож хоёр охиндоо амьдын хагацал үзүүлэхийг хүсээгүй тул Э.Б-оос надад гаргасан элдэв ааш авирыг маш их тэвчиж учраа олох гэж хүлээцтэй хандсан. Гэтэл Э.Б улам бүр төөрөгдөлд орж, муу нөлөөтэй хүмүүсийн үгэнд итгэж.өмнө байгаагүй зан ааль, санаанд оромгүй заль гаргаж, намайг охидтойгоо уулзах гээд очих бүрийд зүгээр ярилцан сууж байснаа цагдаад дуудлага өгч, өөрийгөө дарамталсан гэж муухайгаар илт худал мэдүүлэг өгч удаа дараа цагдаад хандсан. Ийм үйлдэл болоогүй учир би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй эмээ, нагац эгч дүүс нь мэдэж байгаа.

Миний ханьтай учирсан О гэдэг залуу нялх хүүхдүүдээ хаяж өнчрүүлчихээд миний хоёр охиныг эцэг шиг нь хайрлаж чадна гэдэгт итгэхгүй байна. Үүнд л миний сэтгэл маш их зовж шаналж байнаНөгөө талаар Э.Б гэртээ байхаасаа байхгүй нь их гадуур байрлах урт цагаар ажиллах ажлын байрыг сонгож ,70 гарсан өндөр настай эмээдээ хоёр охиныг минь үлдээж хонуудаар явж байгаа нь охидтойгоо хамт байж эхийн хайр халамжийг мэдрүүлж чадахгүй байна.

Иймд хоёр охиноо хойт эцгийн гар харуулахгүйгээр өөрийн охидоо хайр халамж дүүрэн өсгөн хүмүүжүүлж эрүүл чирэг, зөв сайхан сэтгэлтэй хүн болгон төлөвшүүлэх сайн аав байж чадна Тийм учраас хоёр охиноо өөрийн гар дээр авах хүсэлтэй байна гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б хариуцагч Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Б.Б нар нь 2009 онд танилцаж 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг улсын бүртгэлийн 318 дугаарт бүртгэсэн байна. Гэрлэгчид 2020 оны 09 дүгээр сарыг хүртэл хамтран амьдарч тэдний дундаас 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр охин Б.Н, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охин Б.Снар төрсөн байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гэрлэлтээ батлуулсан 10 жилийн хугацаанд Б.Бийн сэтгэл санаа нь тогтворгүй, хэрүүл маргаан дэгдээдэг, олон удаагийн хэрцгий үйлдлээрээ сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэл үйлддэг цаашид хамтран амьдрах хүсэлгүй болсон талаар тайлбарлаж байх ба хариуцагч нь хэдийгээр гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг эхэн үедээ хүлээн зөвшөөрөхгүй, охидуудтайгаа хамт элэг бүтэн амьдрахыг хүсэж байгаа боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарыг сонсоод хамтран амьдрах хүсэлгүй байгааг нь сайтар ойлголоо. Надад ч энэ талаар дахин хүсэлт тавих бодол алга, гагцхүү охидуудыг минь хойд эцгийн гар харуулахвий гэхээс шаналж байна гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан сэтгэл зүйчийн уулзалтын тэмдэглэл, Э.Бын эмнэлгийн магадлагаа, цагдаагийн дуудлага мэдээллийн жагсаалт, нэхэмжлэгч ба хариуцагчийн гэр бүлийн хүчирхийллийн талаарх харилцан тайлбар, асуулт, хариултад үндэслэн хариуцагч Б.Б нь хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь эвлэрэх хүсэлгүй цаашид хамтран амьдрах боломжгүй байгаагаа шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээг дахин авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад зохигчид охин Б.Н, Б.Снарын асрамжийн талаар болон дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохоо тайлбарлаж байх бөгөөд энэ талаар тухайлсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүүхдийн асрамжийг шүүхээс шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагч Б.Б нь хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заажээ. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр охин Б.Н, Б.Снарыг сар бүр тэжээн тэтгэх үүргийг хариуцагч Б.Бд даалган шийдвэрлэх үндэстэй байна.

Үндэсний статистикийн хорооны даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/02 тоот тушаалаар 2021 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 238,700 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарлаж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагч Б.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 130,980 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу 2013 оны 09 сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Н /РД:УЦ13290322/, 2015 оны 10 сарын 29-ний өдөр төрсөн охин Б.С/РД:УЧ15302905/ нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бэр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Бэс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагч Б.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 130,980 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

4.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Золзаяад даалгасугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА