| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2020/03724/и |
| Дугаар | 182/ШШ2021/00294 |
| Огноо | 2021-01-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2021/00294
| 2021 оны 01 сарын 28 өдөр | Дугаар 182/ШШ2021/00294 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.А-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хүүхэдтэйгээ уулзахад саад болохгүй байх үүргээ хэрэгжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.С нь Ц.Атай 2011 оноос үерхэж байгаад 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр охин А.Мтөрсөн. Бид хувийн таарамжгүй харьцаа, мөн Ц.Аийн амьдралдаа хандах хайхрамжүй байдлын улмаас 2016 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Цаашид тус тусдаа хувийн амьдралтай болсон бөгөөд хамтран амьдрах боломжгүй тул хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А миний бие 2011 онд Г.Стай танилцаж, 2013 ны 7 дугаар сарын 30-ны өдөр бидний дундаас охин А.Мтөрж, хамтран амьдарч байсан бөгөөд 2017 оны 12 сараас тус тусдаа амьдрах болсон. Г.Сын нэхэмжлэлд дурьдсан төрсөн охин А.Мд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу тэтгэмж өгөхөд татгалзах зүйлгүй болно гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие эхний үед охинтойгоо уулзаж байсан, заримдаа ганц, нэг хоногоор өөр дээрээ авч байсан боловч удалгүй охиныг минь надтай уулзуулахаа больсон. Утсаар ярьж охинтойгоо уулзахыг хүсэхэд зөвшөөрдөггүй. Шинэ жилээр ч юм уу бэлэг, хувцас хунар өгөх гэхэд хүлээж авдаггүй. Хэдэн удаа очиж уулзахыг оролдоод чадаагүй. Охиноо ээжтэйгээ хамт гудамжинд явж байхад нь тааралдаж охинтойгоо ярилцах гэхэд хөөж туудаг, үүнээс болж түлхэлцэхэд намайг зодож цохилоо хэмээн цагдаа дуудаж өгсөн тохиолдол гарсан. Цагдаа учрыг нягтлаад намайг зөрчил гаргаагүй байна, явж болно гэсэн. Энэ мэтээр Г.С нь гурван жил шахмын хугацаанд охинтой минь уулзуулаагуй хаана хэнтэй амьдарч, ямар цэцэрлэгт явж байгаа, хаана ямар сургуульд орсныг хэлээгүй.
Манай аав, ээж хоёр ач охинтойгоо цагаан сараар золгоё гэж хүсэхэд нь би уулзуулж чадаагүй. 2020 оны зун манай аав Г.Сын ээж рүү залгаж ач охинтойгоо уулзмаар байна гэхэд дараа уулзуулна, сард юмуу улиралдаа нэг цаг уулзуулж магадгүй гэж хэлсэн. 2019 онд охиноо зургаан нас хүрч нэгдүгээр ангид орсон байх гэж бодсоноос биш хаана орсныг нь ч мэдэж чадаагүй. Тэгтэл нэг жил өнжүүлээд бусад хүүхдээс хоцроож, 5 дугаар сургуульд оруулсныг 2020 онд намар санаандгүй мэдэж би ээжтэйгээ хамт очиж багшаас нь зөвшөөрөл авч охинтойгоо уулзсан. Хэд хоногийн дараа манай ээж хичээл тарах үеэр очиж Санчирын ээжийг тосч уулзаад ярилцсан гэсэн. Тэгтэл маргааш нь зөвшөөрөөгүй байхад А.Мтэй уулзсан, дахиж зөвшөөрөлгүй уулзвал 102,108 дуудаж шүүхэд хандана гэж загнасан уггагай мессеж ирүүлж түүнээс хойш харилцахаа болсон юм.
Г.С 2020 оны 12 р сард хүүхдийн тэтгэмж нэхэж тус шүүхэд хандсан байна. Нэхэмжлэлийн дагуу би зохих тайлбар гаргаж өгсөн ба Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу сар бүр тэтгэмж төлөхөөс гадна тухай бүр шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ дахин илэрхийлж байна. 2021 оны 1-р сарын 14-ны одор болсон шүүх хуралд нэхэмжлэгч тал ирээгүй. Уг нь энэ асуудлыг шүүхэд хандахгүйгээр харилцан ойлголцоод шиидвэрлэж болох байсан Иим учраас би одоо ч гэсэн өмгөөлөгч аваагүй, ойлголцож зөвшилцөнө гэж найдаж байна. Өнгөрсөн хугацаанд Г.С мь өөр гэр бүл зохиож, хүүхэд төрүүлсэн бөгөөд А.Мийг ээж Ж Мөнхтуул нь гэртээ асран хамгаалж байгаа юм. Мөн Ж М нь 2016 онд эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн шалтгаанаар А Мийг асран хамгаалахад хүндрэлтэй гэдэгт би санаа зовж явдаг.
Би Г.С нь төрүүлсэн ээжийн хувьд охиноо өөр дээрээ байлгаж есгөж хүмүүжүүлэх эрхийг нь анхнаасаа хүндэтгэж ирсэн юм. Гэхдээ би төрсөн эцгийн хувьд, эрхээ хязгаарлуулах ямар ч шалтгаан байхгүй учраас А.Мдээ илүү сайн туслах, түүнийг өсгөж хүмүүжүүлэхэд эрх тэгш оролцох үүднээс охиноо долоо хоногт хоёроос доошгүй хоног өөр дээрээ авч асран халамжилж байх сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Долоо хоногийн зарим өдөр цөөн цагаар уулзах нь зохицуулахад төвөгтэй, хичээл сургуультай хүүхдийг нааш цааш зөөж ядрааж магадгүй юм. Үүний оронд амралтын хоёр өдөр эсвэл ажлын хоёр өдөр охиноо өөр дээрээ авах нь илүү тохиромжтой гэж үзэж байна Манай аав ээж хоёр тэтгэврийн насанд хүрсэн. Надад туслах учраас хэдийд ч боломжтой. Ямар өдөр байхыг Г.С, мөн А.Мийн өөрийн саналыг харгалзан сонгох боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Ц.Ат холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин А.Мд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хариуцагч Ц.А нь нэхэмжлэгч Г.Ст холбогдуулан нэг долоо хоногт 2-оос доошгүй удаа охинтойгоо уулзуулж байхыг даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г.С, Ц.А нар нь 2011 онд танилцаж, хамтран амьдарсан байх бөгөөд тэдний хамтын амьдралын явцад 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр охин охин А.Мтөрсөн байна. Зохигчид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй хэдий ч охин А.Мийн эцэг болох үйл баримтын тухайд хариуцагч маргаагүй, өөрийн нэрээр овоглон төрсний гэрчилгээ авчээ. /хх-ийн 5 дугаар тал, хүүхдийн төрсний гэрчилгээ/
Зохигчид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2017 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд энэ цагаас хүүхэд эх Г.Сын асрамжид үлдэж, одоо 7 настай ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид суралцдаг талаар зохигчид харилцан маргахгүй байна. Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн талаарх өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдов.
Хариуцагч Ц.А нь хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байх ба тэрээр хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1-д гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.1-д эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.
Иймд зохигчдын хамтын амьдралын явцад төрсөн хүүхэд А.Мнь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд эцэг Ц.А нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, хариуцагч Ц.Ааар охин А.Мишээлийг тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй. Үндэсний статистикийн хорооны даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/02 тоот тушаалаар 2021 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 238,700 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
Түүнчлэн хариуцагч Ц.А нэхэмжлэгч Г.Ст холбогдуулан охин Б.Мишээлтэй уулзах боломжоор хангуулах, долоо хоногт хамгийн багадаа 2 удаа уулзаж байх, ийнхүү хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, 26.2-т эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж, 26.5-д эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтоохоор тус тус заажээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэдийгээр эцгийг хүүхэдтэйгээ уулзах, холбоотой байх эрх, үүрэгтэй болохыг хүлээн зөвшөөрч, энэ талаар саад учруулах бодолгүй боловч долоо хоног бүр 2 удаа урт хугацаагаар уулзуулах шаардлагыг хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нэг орчинд дасан зохицох сэтгэлзүйн байдлаас шалтгаалан хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасны дагуу хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ийнхүү хүмүүжүүлэхэд эхийн нэгэн адил харилцан оролцоотой байх эцгийн эрх, үүргийг хэрхэн хэрэгжүүлэх тусгайлсан журмыг шүүхээс тогтоох боломжтой гэж үзэж байна. Эх Г.Сын тайлбарлаж байгаагаар эцэг Ц.А охин А.Мишээлтэй өнгөрсөн бүх хугацааны турш хамт амьдарч чадаагүй, тэдний хамтын амьдралын дундуур хэсэг хугацаанд салангид байсан тул охин төдийлөн ойр дотно биш гэх агуулгаар тайлбарлаж байна. Хариуцагч тус тайлбарыг эс зөвшөөрч охинтойгоо хамт байх хугацаанд охин түүнээс бишүүрхсэн, хүнийрхсэн байдал ажиглагдаагүй, аавтайгаа дотно, энгийн харьцаатай байдаг болохыг тайлбарлаж, охиноо улам илүү мэдэж, түүнийг охиноо гэж хайрлаж явдгаа ойлгуулах, хүмүүжилд нь сайнаар нөлөөлөх, зөв хүн болгож өсгөж хүмүүжүүлэхэд охины эх, эмээд нь туслах чин хүсэлтэй, ийм үүрэгтэй гэж боддог талаар шүүхэд мэдүүлж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно гэж заасан. Зохигчид хэн аль нь хүүхдийнхээ талаар адил буюу эерэг байр суурьтай, сайнаар нөлөөлж, зөв хүмүүжил олгоход анхаарах ижил зорилготой байх бөгөөд энэ нь хүүхдийн эрх ашигт харшлахгүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасантай нийцэж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, эцэг Ц.А охин А.Мишээлтэй долоо хоногт 1 удаа зохигчид болоод хүүхдийн хэн алины зохимжтой өдөр, 4 цагаас багагүй үргэлжилсэн хугацаагаар уулзахад эх Г.С саад болохгүй байхыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Харин долоо хоногийн 1-ээс дээш удаа уулзах тохиолдолд эх Г.Сийн зөвшөөрлийг шаардах бөгөөд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү зөвшөөрөх эсэхийг хүүхдийн байнгын асрамжлагч болохын хувьд тухай бүр шийдвэрлэх эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин А.Мишээлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ц.Ааар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6-д заасны дагуу эцэг Ц.А нь охин А.Мишээлтэй нэг долоо хоногт нэг удаа, дөрвөн цагаас багагүй үргэлжилсэн хугацаагаар уулзахад саад болохгүй байхыг эх Г.Ст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1‑т зааснаар нэхэмжлэгч Г.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ц.Ааас хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулан, хариуцагч Ц.Аийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРМАА