| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2023/00244/И |
| Дугаар | 001/хт2024/00288 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 001/хт2024/00288
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/02639 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01509 дүгээр магадлалтай,
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Ү” ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 95,549,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 95,549,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/02639 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Ү” ХХК-аас 63,752,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдэх 31,797,810 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ү” ХХК-аас 476,710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01509 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/02639 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “...63,752,070 төгрөг...” гэснийг “27,000,000 төгрөг” гэж, “...үлдэх 31,797,810 төгрөгийн...” гэснийг “68,549,880 төгрөгийн” гэж,
2 дахь заалтын “...476,710 төгрөг...” гэснийг “331,750 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцааж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б миний бие нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдох Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.26-ны өдрийн 210/MA2024/01509 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1 Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2019.04.13-ны өдрөөс 2019.10.15-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч “Ү” ХХК-ийн гүйцэтгэж байсан Н, З, Д зэрэг байршил дахь барилгад харилцан тохиролцсон үнээр нийт 803 м.куб буюу 127,273,770 төгрөгийг бетон зуураг нийлүүлсэн. Хариуцагч “Ү” ХХК нь дээрх төлбөрөөс 33,587,500 төгрөгийг бэлнээр, 29,934,200 төгрөгийг бэлэн бусаар төлж, нийт 63,521,700 төгрөгийг төлж үлдэгдэл 63,752,070 төгрөгийг төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нь бетон зуурмаг авч 63,521,700 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар, бетон зуурмаг хүлээлцсэн баримт, 33,587,500 төгрөгт нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Ү” ХХК-руу НӨАТ шивсэн баримт, Г банкны данснаас “Ү” ХХК нь “Х” ХХК-ийн дансанд шилжүүлсэн орлогын гүйлгээний баримтуудаар тогтоогдож байгаа тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж хариуцагч “Ү” ХХК-аас 63,752,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж үзэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хариуцагч өөрийн үгүйсгэх баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагч “Ү” ХХК нь ямар ч баримт гаргаж өгөөгүй байхад гаргаж өгсөн мэтээр баримтыг нь үнэлж “Х” ХХК-ийг баримтгүйгээр 90,000,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн мэтээр дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчиж хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс бетон зуурмаг нийлүүлсэн анхан шатны бүх баримт (падаан)-ыг нотлох баримтын шаардлага хангуулж өгсөн байдаг. Тухайн баримтанд хариуцагчийн нярав гарын үсэг зурж бетоныг хүлээн авдаг болно.
4.2. Мөн “Х” ХХК нь өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ хангуулж өмгөөлөгчөөр Г.Э-г авсан. Гэтэл өмгөөлөгч Г.Э нь тухайн үед хөдөө орон нутагт ажиллаж байгаагаа шүүгчийн туслахад хэлж улмаар тайлбар болон шүүх хуралдаанд онлайнаар оролцох хүсэлтийг гаргахад шүүх уг хүсэлтийг огт хэлэлцэхгүйгээр өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэрэгсэхгүй болгосон үндсэн төлбөр 36,752,070 төгрөгийг ханган шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.26-ны өдрийн 210/МА2024/01509 дугаартай магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.08-ны өдрийн 001/ШХТ2024/01285 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 95,549,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Манай компани нь бетон зуурмаг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019.04.13-ны өдрөөс 2019.10.15-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч “Ү” ХХК-ийн гүйцэтгэж байсан Н, З, Д зэрэг байршил дахь барилгад харилцан тохиролцсон үнээр нийт 804 м.куб 127,273,770 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Хариуцагчаас 127,273,770 төгрөгийн бүтээгдэхүүний үнийн дүнгээс 33,587,500 төгрөгийн төлбөрийг бэлнээр, 29,934,200 төгрөгийн төлбөрийг бэлэн бусаар төлсөн. Үлдэгдэл 63,752,070 төгрөгийг 2019 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд нийт алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 31,797,810 төгрөг болсон. ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч “Ү” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...З, Д-ын барилгад авсан бетон зуурмагт маргахгүй, Нийн барилгад авсан бетон зуурмагын тооцоо нэхэмжлэгчийн тооцооноос зөрж байгаа. Үүнээс 27,000,000 төгрөгийг “Х” ХХК-д төлөх үлдэгдэлтэй байгаа.” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “...Зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар “Х” ХХК, “Ү” ХХК-ийн хооронд бетон зуурмаг нийлүүлэх тухай буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Шүүх хуралдаанд хариуцагч бетон хүлээлцсэн баримтад зурагдсан н.М нь манай нярав. Тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан н.Ш тухайн үед манай нягтлангаар ажиллаж байсан. Н-ийн барилгад авсан бетон зуурмагийн тооцоо нэхэмжлэгчийн тооцооноос зөрж байгаа, 27,000,000 төгрөг төлнө гэсэн тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, тайлбар нь баримтаар тогтоогдоогүй. Түүнчлэн 2019.04.13-ны өдрөөс 2019.10.15-ны өдрийг хүртэл хугацаанд “Ү” ХХК нь Н чиглэлд 777 м.куб, дөлгөөн нуур чиглэлд 19 м.куб, З чиглэлд 7 м.куб нийт 803 м.куб барилгын бетон зуурмаг “Ү” ХХК-ийн нярав н.М баримтаар хүлээн авч гарын үсэг зурж, хоёр байгууллагын нягтлан бодогч 2019.10.15-ны өдрөөс 2021.08.31-ний өдрийн байдлаар тооцоо нийлж 804 м.куб бетон зуурмагийн үнэ, үлдэгдэл төлбөрийг тооцож гарын үсэг зурж баталгаажуулж байсан тул тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч “Ү” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар бетон зуурмагийг хүлээн авсан тул хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр алданги шаардсан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги шаардах эрхгүй. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, хариуцагч “Ү” ХХК-аас 63,752,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдэх 31,797,810 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар зохигчийн хооронд бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй, харин талууд амаар хэлэлцэн тохиролцож нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалсан бетон зуурмагийг тухай бүр нийлүүлж, хариуцагч зуурмагийг хүлээн авч барилгад ашиглаж байсан талаар маргаагүй учир зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ талаарх үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ. Нэхэмжлэгч “Х” ХХК нь ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна. Тодруулбал, хариуцагчид бетон зуурмаг нийлүүлж байсныг нотлохоор нэхэмжлэгчийн гаргасан санхүүгийн анхан шатны баримтууд нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн бус “Ж” ХХК-ийн санхүүгийн баримтууд байхын зэрэгцээ уг баримтуудыг гадаад хэлээр үйлдсэн, орчуулга нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна. Мөн тухайн санхүүгийн баримт нь хариуцагч “Ү” ХХК 803 м.куб бетон зуурмаг хүлээн авсныг нотлохгүй буюу уг баримтад зурагдсан гарын үсэг нь хариуцагч талын эрх бүхий этгээд эсхүл тус компанийн тамга, санхүүгийн тэмдгээр баталгаажаагүй байна. Мөн хэргийн 1-р хавтасны 5-6 дахь талд авагдсан “Х” ХХК “Ж” ХХК-ийн хооронд борлуулалтын тооцоо нийлсэн тухай хүснэгтэд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарагдсан боловч хариуцагч “Ү” ХХК-аас уг баримтад хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй, “Ү” ХХК-ийн тамга эсхүл санхүүгийн тэмдгээр баталгаажаагүй байна. Уг баримтад хариуцагч талаас гарын үсэг зураагүй, тооцоо нийлж байгаагүй гэж хариуцагч маргасан учир уг баримтыг үндэслэн талуудын хооронд тооцоо нийлсэн гэж үзэхгүй. Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасантай нийцэхгүй тул шүүх тухайн баримтуудыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. ... Хариуцагч “Ү” ХХК-ийн захирал О.Б 2024.05.17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, нэхэмжлэгч 2019 онд бетон зуурмаг нийлүүлж, хариуцагч хүлээн авч барилгад ашигласны төлбөрт 27,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэснийг үндэслэн нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрсөн 27,000,000 төгрөгийн хэмжээгээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг худалдах-худалдан авах гэрээ гэж адил тодорхойлсон боловч нотлох баримтыг өөр өөрөөр үнэлж, зөрүүтэй шийдэл гаргасан байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ы “... нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн, ... өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцуулаагүй ...” тухай гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
12. Зохигч талуудын хооронд 2019.04.13-ны өдрөөс 2019.10.15-ны өдрийн хугацаанд бетон зуурмаг нийлүүлэх гэрээ амаар байгуулагдаж, гэрээний үнэд хариуцагч талаас 63,521,700 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй бөгөөд хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлж, хуулийг зөв хэрэглэсэн.
13. Харин зохигч талууд хариуцагчид нийлүүлсэн бетон зуурмагийн нийт хэмжээ, төлөгдөөгүй үнийн хэмжээний талаар маргасан ба нэхэмжлэгч талаас ирүүлсэн баримтыг хоёр шатны шүүх өөр өөрөөр үнэлж, улмаар давж заалдах шатны шүүх зохигчийн нотлох үүргийн хуваарилалтыг буруу дүгнэсэн.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” мөн хуулийн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.” гэж нотолгооны үүргийн талаар заасан.
15. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй ба энэхүү маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтын талаар хариуцагч үгүйсгэж мэтгэлцэж байгаа бол эсрэг талын гаргасан тайлбар, нотлох баримтыг няцаасан байх шаардлагатай.
Тухайлбал нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Ү” ХХК-д нийт 803 м.куб хэмжээтэй, нийт 127,273,770 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс хариуцагчийг 33,587,500 төгрөгийг бэлнээр, 29,934,200 төгрөгийг бэлэн бусаар буюу нийт 63,521,700 төгрөгийг төлсөн, үлдэх 63,752,070 төгрөгийг төлөөгүй гэсэн тооцоолол хийж, үүнийгээ нотлохоор “Х” ХХК JKS борлуулалтын тооцоо нийлсэн хүснэгт, Г банкны мемориалын баримт, бетон зуурмаг хүлээлцсэн баримт (Ж), НӨАТ-ын талаарх төлбөрийн баримтыг тус тус ирүүлсэн.
Хариуцагч талаас нэхэмжлэгч “Х “ХХК-аас 2019 оны 04-10 сар хүртэлх хугацаанд бетон зуурмаг хүлээн авч байсныг хүлээн зөвшөөрч гагцхүү бетон зуурмагийн төлбөрт 63,752,070 төгрөгийн төлбөргүй, харин 27,000,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үлдэгдэлтэй гэж тооцооллын талаар маргасан боловч энэхүү татгалзлаа нотлоогүй, шүүхэд ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.
16. Анхан шатны шүүх хариуцагчийг татгалзлаа нотлоогүй гэж үзэж нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтыг үндэслэн гэрээний үнийн талаарх тооцооллыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр шийдвэрлэсэн нь нотлох үүргийн зарчим болон нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй.
17. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй буюу нэхэмжлэгчээс ирүүлсэн дурдсан нотлох баримтыг шаардлага хангаагүй гэсэн үндэслэл зааж хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т нийцээгүй, нотолгооны үүргийг зөв хуваарилаагүй гэж үзнэ.
Тодруулбал нэхэмжлэгчээс ирүүлсэн бетон зуурмаг хүлээлцсэн баримтыг “Ж” ХХК-ийн санхүүгийн баримт гэж үзэж, улмаар уг баримтыг нэхэмжлэгчээс 3 өөр байдлаар буюу орчуулсан, нотариатаар гэрчлүүлж ирүүлснийг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэхдээ уг баримтад хүлээн авагч хэсэгт гарын үсэг зурсан н.М, н.Л нар нь хариуцагч “Ү” ХХК-ийн ажилтнууд болохыг хариуцагч үгүйсгээгүй, улмаар уг баримтыг үндэслэн талууд тооцоо нийлснийг баталгаажуулж баримтанд хариуцагч талаас н.Ш гарын үсэг зурсан нь хариуцагч “Ү” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан этгээд болохыг мөн үгүйсгээгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.
18. Иймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний үнийг хариуцагч бүрэн гүйцэд төлөөгүй нь тогтоогдсон гэж үзэж хариуцагчаас 63,752,070 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.
19. Хоёр шатны шүүх зохигч талууд анзын талаарх гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй ...” гэж заасантай нийцсэн ба энэ талаар зохигч гомдол гаргаагүй.
20. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э-гаас 2024.07.24-ний өдөр гомдолд бичгээр ирүүлсэн тайлбартаа давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтийг дурдсан, энэхүү хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд хүсэлтээ дэмжиж оролцоогүй тул давж заалдах шатны шүүхийг нэхэмжлэгчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээдэг бөгөөд энэ агуулгаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох нөхцөл боломжийг өөрөө бүрдүүлэх, шүүх хуралдааны бэлтгэлийг хангах үүрэгтэй ба шүүхээс түүний энэ үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан, саад болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
21. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01509 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/02639 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Х” ХХК-аас 2024.08.30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,711 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА