| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 500/2020/0026/Э |
| Дугаар | 1124 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 1124
2020 9 3 2020/ДШМ/1124
Б.Эад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Б,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2008 01260 0391 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Чонос овгийн Б.Э, 1990 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, ах, эгч нарын хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 160 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД:...................../;
Б.Э нь 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 46 дугаар гудамжны 6 тоотод байрлах нийтийн байрны 44 тоотод иргэн Э.Лийг “унтуулж амраасангүй, та хоёрыг ер нь алчихна шүү” гэж зүүн далан тус газарт нь хутгалж цээжний хөндий нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэн, гол судас гэмтээсэн, хатгаж зүссэн шарх үүсгэн хүнийг алсан, иргэн П.Аыг “унтуулж амраасангүй, та хоёрыг ер нь алчихна шүү” гэж баруун далан тус газар нь хутгалж баруун далны доод хэсгийн зүсэгдсэн шарх хөнгөн хохирол учруулан хүнийг алахыг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Эыг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан, хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 11 жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 94 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цайвар мөнгөлөг өнгийн ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь 12 см, өргөн нь 2.5 см, нийт 26 см хутга 1 ширхэг, хүрэн өнгийн хуванцар бариул бүхий хайч 1 ширхэг, LD нэрийн бичиглэл бүхий тамхины 2 ширхэг иш, улаан хүрэн зүйлээр бохирлогдсон хивснээс хайчлан авсан хайчилбар, цус мэт хүрэн өнгийн зүйлээс дээж авсан хөвөн бамбар, хар өнгийн зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаасны тасархай зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг Сидиг тус хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалж, Б.Эыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Б.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргаан байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.
Би Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байдаг. Иймд би дээрх гэмтлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэх хүсэлтэй байна. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Эын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхбаярын биед хөнгөн гэмтэл учирсан байдаг. Гэвч үүнийг нь бусдыг алахаар завдсан гэж үзснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Э тухайн үед хүнийг алах санаа зорилго агуулаагүй болох нь өөрийнх нь мэдүүлгээс харагддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэж заасан. Тэгэхээр Б.Э хохирогчийн нуруу руу нэг удаа хатгачихаад унтаад өгсөн байдаг. Өөр гадны хүчин зүйлийн улмаас үйлдэл нь таслан зогсоогдоогүй. Иймд бусдыг алахыг завдсан гэж үзэж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Тухайн цаг хугацаанд хохирогч Анхбаяр болон Э.Л нар хоорондоо маргалдсан байдаг. Шүүгдэгч Б.Э “та хоёрыг ална шүү” гээд талийгаачийн зүүн далан тус газар нь хутгалсан байдаг. Энэ үйлдэл нь талийгаачийн цээжний хөндий рүү нэвтэрч, уушгиний дээд дэлбэнгийн гол судас гэмтээснээс болж амь насыг нь хохироосон. Мөн Анхбаярын баруун далан тус газар нь хутгалсан боловч цаашаа нэвтэрч ороогүй байдаг. Дээрхи үйлдлийн шинж чанар хэргийн нөхцөл байдлыг харахад хохирогч нарыг хутгалсан үйлдэл нь хүнийг санаатай алахыг завдсан үйлдэл мөн гэж үзсэн. Бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэтгэлцдэг боловч үйлдлийн шинж чанар, хэргийн нөхцөл байдлаас харахад алахыг завдсан гэмт хэрэг мөн байдаг. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Эад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Б.Эыг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан, хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 11 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.
Хэрэгт цугларсан хохирогч П.Аын “... Б.Э “та хоёрыг ер нь алчихна шүү” гэж босч ирээд хутга авахаар нь би наад хутга чинь сунадаг шүү, чи боль хөөе гэтэл шууд талийгаач Лхагвадоржийн зүүн далан дээр хутгалаад эргэж хараад миний баруун дал руу хутгалсан. ...” /1хх 83-85/, гэрч Б.Гүрванчингийн “... Б.Э босож ирээд манай гал тогооны хэрэгсэл байдаг тавиур доор байсан цагаан саарал өнгийн хутга аваад Анхбаярын баруун талын дал руу 1 удаа хутгалаад дараа нь Лхагвадоржийн зүүн талын дал руу 1 удаа хутгалсан. ...” /1хх 95-96/, гэрч Л.Оюун-Эрдэнийн “... Б.Э ширээн дээр байсан цулгуй цагаан саарал өнгийн төмөр хутгыг аваад Анхбаярын нуруу руу нэг удаа хатгаад дараа нь Лхагваагийн нуруу руу мөн хутгаараа хатгаж байгаа харагдсан. ...” /1хх 100-102/ гэсэн мэдүүлгүүдээс шүүгдэгч Б.Э нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байна гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс дээш хүнийг алсан бол ...” гэсэн хүндрүүлэх шинжийг заасан ба шүүгдэгч Б.Эын үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон, нөгөө хүнийг алахыг завдсан байх тул хүндрүүлж зүйлчлэх шаардлагатай.
Б.Эын үйлдлийг тус тусад нь зүйлчлэн, ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй ба нэг зүйл, хэсгээр ял оногдуулж, ялын дээд, доод хэмжээ, завдсан гэх үйлдлийг харгалзан үзэж ял оногдуулах учиртай.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэргэсэхгүй болгож, түүнд холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Эад холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Б.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ