Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2017/0529

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2017/0529

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, 0/0-р байрны 00 тоотод оршин суух, С.Э,

Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б, Л.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э, түүний өмгөөлөгч В.Б, Л.Ш нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: С.Э нь иргэний нисэхийн салбарт 34 дэх жилдээ сурч, ажиллаж байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс Зам, тээврийн сайдын 212 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байна. Гэтэл ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд Сайдыг ташаа мэдээллээр хангаснаас болж, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Зам, тээврийн сайдын 233 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь халаад байна.

Зам, тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаар

тушаал нь Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг үндэслэн гарсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэл болгохдоо С.Э иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны А/160 дугаар тушаалаар байгуулагдсан Байгууллагын зардлаар гадаадад шинээр суралцах оюутны талаар шийдвэр гаргах, суралцагчдын сургалтын чанар, төлбөр тооцоо, бусад зардлын асуудлаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг-ийн ахлагчаар ажиллахдаа өөрийн хүү Э.Г-г нисгэгч мэргэжлээр 2013 онд төгссөний дараа түүнийг суралцан төгсөж байгаа мэтээр 2014 онд өргөдөл гарган суралцах хугацааны төлбөр болох 59.000 ам.доллар гаргуулан авсан, мөн хүү Э.Г-н ашиг сонирхолд нийцүүлэн Иргэний нисэхийн багц дүрэм-121 Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсан нь ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдалд албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашигласан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний хүү Э.Г нь 2012 оны 10 дугаар сард Канад улсын ******* хотын нисэхийн сургуульд хувийн зардлаар элсэн орж, суралцах хугацаандаа нийт нислэгийн 250 орчим цагийг дүүргэж, төгсөх бөгөөд тухайн 250 цагийг үе шаттайгаар цуглуулж, тухай бүрт нь зохих мэргэжлийн эрхийн үнэмлэхийг олгодог. Энэхүү сургалтын явцдаа нислэгийн 80 цагийг цуглуулж, шалгалт өгснөөр Канадын ИНЕГ-т нисгэгч гэсэн бүртгэлтэй болж, хувийн нисгэгчийн /PPL/ үнэмлэх 2013 оны 08 дугаар сарын 20-нд авсан. Гэтэл 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг сургуулиа төгссөн мэтээр буруу тайлбарласан.

Нийт суралцах хугацааны үлдэгдэл болох 170 цагийн нислэгийг 2014 оны 2, 5, 8 дугаар сард шалгалт өгч, Канадын Иргэний нисэхийн ерөнхий газраас Арилжааны нисгэгчийн /CPL/ линценз бусад нэмэлт эрхүүдийг авснаар дуусгавар болгосон. Энэхүү лиценз ба нэмэлт эрхүүдийг авсан байх шаардлагыг Канад улсын ИНЕГ-аас тавьдаг. Дээр дурдсан шалгалтанд орсон нь нислэгийн үнэмлэхүүдээр хангалттай нотлогдоно. Мөн Э.Г-г ******* хотын нисэхийн сургуульд суралцаж байгаа болохыг тодорхойлсон тодорхойлолт 2014 оны 08 дугаар сарын 18-нд Калгарын хотын нисэхийн сургуулиас ирсэн. Хүү маань сургуулиа төгсөж 2014 оны 09 дүгээр сард Монгол Улс руу ирсэн болох нь хилээр орсон гарсан бүртгэл, онгоцны тасалбараар хангалттай нотлогдох юм.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд суралцаагүй хүнд сургалтын төлбөр олгосон

гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд С.Э миний бие албаны эрх мэдлээ ашиглаж хэтрүүлээгүй.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод журмын 1.7.2 болон мөрдөгдөж байгаа жишгийн дагуу би зөвхөн сургалтын тэтгэмж хүсэж эцгийн хувиар өргөдөл л гаргасан бөгөөд сургалтын тэтгэмж 53.100 ам,доллар олгох эцсийн шийдвэрийг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар олгодог бөгөөд төлбөрийг шууд сургуулийн дансанд шилжүүлдэг тул миний бие уг мөнгийг авч ашиглаагүй.

Мөн Иргэний нисэхийн салбарын олон зуун ажилчид өөрсдөө болон хүүхдээ байгууллагын нэр дээр суралцуулах, сургалтын тэтгэмж хүссэн өргөдөл гаргадаг бөгөөд энэ жишгийн дагуу л би өргөдөл гаргасан. Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн 8.1.1-д заасны дагуу Э.Г нь Иргэний нисэхийн үндсэн мэргэжил болох Нисгэгч-ээр бэлтгэгдэн ирсэн учир аливаа хохирол учраагүй.

Оюутны сургалтын талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийн хуралдаанд ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай гэж хэлээд би хурлыг орхин гарсан бөгөөд сургалтын төлбөрийн асуудлыг ажлын хэсгийн гишүүд олонхийн саналаар шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэр гаргах ажиллагаанд С.Э миний бие оролцоогүй тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг миний бие зөрчөөгүй.

Иргэний нисэхийн 121-р дүрэм нь төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг хэрэгжүүлэхээр гарсан УИХ-ын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоол болон Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 428 дугаар тогтоолуудын хүрээнд Зам тээврийн сайдын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаар тушаалаар батлагдсан Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-ний Хоёр.5.2-т заасны дагуу шинэчлэн боловсруулагдсан төсөл болно. Уг төслийг Зам тээврийн сайдад би биш, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хүргүүлсэн. Уг төсөл нь дүрэм боловсруулах журмын дагуу боловсруулагдан хэлэлцэгдэж, санал авах, сайтад тавих, Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын газрын зөвлөл, Иргэний нисэхийн ерөнхий газрын зөвлөл, сайдаар хянуулах, Хууль зүйн яаманд бүртгүүлэх үе шат дарааллаараа явагдсан.

Шинэчилсэн ИНД-121-ийн төслийн үг, үсэг, тоо, найруулга, утгад миний бие огт

оролцоогүй ба төслийг гардан хийсэн хүнийг ч танихгүй, зөвхөн албан тушаалын тодорхойлолтын дагуу Иргэний нисэхийн хууль тогтоомжийг сайжруулах, үл тохирлыг арилгах, олон улсын стандартад нийцүүлэх утгаар ажил явагдаж байгаа талаар мэдээлэл авч байсан. Өнөөдрийн байдлаар батлагдаагүй, мөрдөгдөөгүй, миний бие боловсруулалтад нь оролцоогүй төслийн талаар ташаа мэдээллийг сайдад танилцуулсны улмаас ийнхүү алдаатай шийдвэр гарсан гэж үзэж байна.

Дээр дурдсанаар миний бие Зам тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаар тушаалд зааснаар Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй.

Зам тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөл хянан хэлэлцээд Зам тээврийн сайдын 2014 оны 233 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчсөн болохыг тогтоож, шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн.

Иймд Зам тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Зам тээврийн хөгжлийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж, Г.Очхүү нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:С.Э нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны А/160 дугаар тушаалаар байгуулсан Байгууллагын зардлаар гадаадад шинээр суралцах оюутны талаар шийдвэр гаргах үүрэг бүхий ажлыг хэсэг-ийг ахлаж байхдаа өөрийн төрсөн хүү Э.Г-г нисгэгч мэргэжлээр суралцаж төгсөөд, мэргэжлээрээ М ХК-д ажиллаж байхад суралцаж байгаа гэж өргөдөл гарган өөрийн ахалж байсан ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлж, өөрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл дээр баталгаажуулж гарыг үсэг зуран, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад танилцуулж, шийдвэрлүүлэн 59.000 ам.долларын зардал гаргуулан авсан. Тухайн үед хүү Э.Г-г суралцаж байгаа талаарх баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд сайд тухайн үед авагдсан баримтыг үндэслэж

шийдвэрээ гаргасан.

Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн, С.Э сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь бусад төрлийн зөрчлөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Засгийн газрын 2001 оны 64 дүгээр тогтоолоор баталсан Иргэний нисэхийн ерөнхий газрын дүрэм-ийн 17-д заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын эзгүйд түүнийг аюулгүй байдлын хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга орлодог бөгөөд С.Э нь нисэхийн аюулгүй байдал, хяналт зохицуулалт хариуцсан тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. Тэргүүн дэд дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрыг шууд удирдлагаар хангаж ажилладаг бөгөөд С.Э нь Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын дүрмийн боловсруулалтын хэлтсийн үйл ажиллагаанд оролцон, Иргэний нисэхийн 121 дүгээр дүрмийн төслийг боловсруулахад хувийн ашиг сонирхлоор нөлөөлсөн.

Нэхэмжлэгч С.Э нь тухайн үед зөрчил үйлдсэн, түүнийгээ няцаах буюу үгүйсгэх баримтыг гаргаж өгч чадахгүй байгаа бөгөөд тухайн зөрчлийг үндэслэн сайд шийдвэрээ гаргасан. Иймд С.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь тус шүүхэд Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Э нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ... миний бие албаны эрх мэдлээ урвуулан ашиглаагүй. Авлигын тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй... гэж

маргажээ.

Нэг: Нэхэмжлэгчийн Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анх Зам, тээврийн сайдын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 79 дүгээр тушаалаар нэхэмжлэгч С.Э Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 212 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар жинхлэн томилжээ.

Маргаан бүхий Зам, тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаар тушаалаар Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг тус тус үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга С.Э нь тус газрын даргын 2014 оны А/160 дугаар тушаалаар байгуулагдсан Байгууллагын зардлаар гадаадад шинээр суралцуулах оюутны талаар шийдвэр гаргах, суралцагчдын сургалтын чанар, төлбөр тооцоо, бусад зардлын асуудлаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа өөрийн хүү Э.Г-г нисгэгч мэргэжлээр 2013 онд төгссөний дараа түүнийг суралцан төгсөж байгаа мэтээр 2014 онд өргөдөл гаргаж, суралцах хугацааны төлбөр болох 59000 /тавин есөн мянган/ ам.долларыг гаргуулан авсан, мөн хүү Э.Г-ийн ашиг сонирхолд нийцүүлэн Иргэний нисэхийн багц дүрэм-121 Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулан ирүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдалд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл гаргасан гэж үзэж, түүнийг 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь халсан нь хууль бус болжээ.

Нэхэмжлэгч С.Э-ийн эрхэлж байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар төрийн захиргааны удирдах албан тушаалд хамаарагдах мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар нэхэмжлэгч С.Э нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулагдах ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэл, журмыг тогтоосон байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа, дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 25.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, 25.1.3-т Монгол Улсын харъяатаас гарсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах хуулийн зохицуулалттай байна.

Нэхэмжлэгч С.Э-ийн хүү Э.Г нь Канад улсын ******* мужийн ******* хотын Нисэхийн сургуульд уулархаг район болон багш нисгэгчийн газрын бэлтгэлд суралцаж, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр сургуулиа төгссөн болох нь ******* хотын Нисэхийн сургуулийн тодорхойлолт, ******* хотын Нисэхийн сургуулийн сертификат, Э.Г-н нисэхийн баримт бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого-ыг баталсан байх бөгөөд уг баримт бичгийн 8.1.1-д иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн /нисэгч, инженер, техникийн ажилтан, нислэгийн удирдагч/ болон бусад мэргэжлийн ажилтныг өндөр хөгжилтэй үндсэн англи хэлтэй улс оронд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагад бэлтгэх/ чиглэлийг баримтлах, мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 428 дугаар тогтоол болон Зам, тээврийн сайдын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаар тушаалуудаар уг баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Мөн энэхүү үйл баримтыг эрүүгийн журмаар шалгаад Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар тогтоолоор С.Э-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч нь Э.Г нь мэргэжлээрээ М компанид ажиллаж байхад суралцаж байгаа гэж өргөдөл гарган 59.000 ам долларын зардал гаргуулан авсан гэж маргаж байх энэхүү үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь маргаан бүхий тушаалын нэг үндэслэлээ ... хүү Э.Г-ийн ашиг сонирхолд нийцүүлэн Иргэний нисэхийн багц дүрэм-121 Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсан гэж маргаж байх боловч энэхүү үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Тодруулбал Зам, тээврийн сайдын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаар тушаалаар батлагдсан Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Иргэний нисэхийн дүрэм-121-ийг шинэчлэн боловсруулахаар заагдсан, энэхүү дүрмийн төсөлд холбогдох мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын газрын даргын зөвлөлийн хуралдаан, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, төслийг албажуулж, Зам, тээврийн яаманд хүргүүлсэн болох нь хэрэгт цугларсан холбогдох мэргэжлийн байгууллагуудын санал, хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг уг дүрмийн төслийг боловсруулахад хувийн сонирхлоор нөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдах хуулийн зохицуулалттай байна. Гэтэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгч С.Э-г хуульд заагаагүй үндэслэлээр ажил, албан тушаалаас нь халсан нь хууль бус болжээ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна-аар заасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д ээлжийн амралттай байгаа үед ажилтны ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах хуулийн зохицуулалттай байна. Гэтэл нэхэмжлэгч С.Э-г ээлжийн амралттай байх хугацаанд ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн /халсан/ болох нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа Удирдлагын газрын даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь маргаан бүхий актыг гаргахдаа нарийвчилсан зохицуулалттай Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлахгүйгээр нэхэмжлэгч С.Э-г Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа-г зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Зам, тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаар тушаалын С.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр: Нэхэмжлэгчийн ... ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 06 дугаар сарын 30-ныг дуусталх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй, нэхэмжлэгч С.Э-г төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2017 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 32 сар 11 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 82.889.781 /наян хоёр сая найман зуун наян есөн мянга долоон зуун наян нэг/ төгрөгийг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч С.Э-ийн нэхэмжлэлийг хангаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д ... эрүүл мэндийн даатгалын дэвтэр ... бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь дээрх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүргийг хуулиар хүлээсэн байх тул нэхэмжлэгч С.Э-ийн Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Зам, тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаар тушаалын С.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Э-г Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-д 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2017 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 32 сар 11 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 82.889.781 /наян хоёр сая найман зуун наян есөн мянга долоон зуун наян нэг/ төгрөгийг хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, С.Э-гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН