Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2018/00021

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 20 өдөр

 Дугаар 223/МА2018/00021

 

 

М.Б-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн давж заалдах шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2018/00701 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М У Х” ХХК-д холбогдох,

5 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн төлөөлөгч Д.Батбаяр, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

 Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэн П.Батбилэгтэй "Тайга-3" маркийн хөрөө рамыг 13 500 000 төгрөгөөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 5 000 000 төгрөг төлж. үлдэгдэл төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон. Улмаар би өнгөрсөн хугацаанд гэрээний үндсэн төлбөрт 3 000 000 төгрөг, алданги 500 000 төгрөг нийт 8 500 000 төгрөг төлсөн болно. Хөрөө рамыг худалдаж авсан даруй 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр "М У Х" ХХК-д би хүлээлгэн өгсөн юм. Учир нь хариуцагч компанийн удирдлагууд ойн нөхөрлөлийн чиглэлээр Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг ойгоос мод бэлтгэх боломжтой тул хөрөө рам хэрэгтэй гэж ярьж байсан. Талууд хөрөө рамыг хүлээлцсэн асуудал дээр маргадаггүй бөгөөд 2017 оны 11 cap хүртэл хугацаанд "М У Х" ХХК нь миний хөрөө рамыг үнэ төлбөргүй ашиглаж байсан атлаа түүний төлбөрөөс нэг ч төгрөг төлөлгүй өнөөдрийг хүрснийг хүмүүс мэднэ. Би өөрийн өмчлөлийн хөрөө рамаа ашиглаж, үйл ажиллагаа явуулж чадаагүйн улмаас иргэн П.Батбилэгт төлөх гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн, эцэст нь П.Батбилэг миний эсрэг зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу хөрөө рамыг үлдэгдэл төлбөрт тооцуулан буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж талууд шүүхийн шатанд эвлэрч, шүүгчийн захирамж гарсан болно. Улмаар П.Батбилэг нь шүүгчийн захирамжийн дагуу хөрөө рамыг "М У Х" ХХК-ийн хашаанаас авч явсан юм. Би өнгөрсөн хугацаанд хөрөө рамын төлбөрт 8 500 000 төгрөг төлсөн боловч нэг ч удаа ашиглаагүй, хохирол хүлээж байхад "М У Х" ХХК нь миний хөрөө рамыг тасралтгүй 3 жил ашиглаж үр шим хүртсэн атлаа түүний төлбөрөөс нэг төгрөг ч төлөөгүй тул хөрөө рамын төлбөрт миний төлсөн 8 500 000 төгрөгийг "М У Х” ХХК-иас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү." гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: "Би П.Батбилэгээс Тайга-3 хөрөө рамны мөнгө гэж урьдчилгаанд өгсөн 5 000 000 төгрөг, мөн явц дунд гэрээгээ сунгуулах болгондоо П.Батбилэгт өгсөн 3 500 000 төгрөг нийт 8 500 000 төгрөг, хөрөө рамаа цоо шинээр нь "М У Х" ХХК-ийн захирал Д.Батбаярын хүү Д.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгсөн байхад үүнийг 3 жил 2 cap тасралтгүй ашиглаж байгаад худалдагч П.Батбилэгийг буцааж авахад мотор байхгүй шатсан /1 450 000 төгрөг/, ирлэгч /1 000 000 төгрөг/, солбигч /1 000 000 төгрөг/ байхгүй хүлээлгэн өгсөн тул эдгээр эд ангийн төлбөрт 3 450 000 төгрөг нийт 11 950 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Энэ хөрөө рамыг би иргэн П.Батбилэгээс зээлээр худалдан авсан боловч хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй тул П.Батбилэг намайг шүүхэд өгч гэрээнд заасны дагуу хөрөө рамыг түүнд буцааж өгөх шүүхийн шийдвэр гарсны дагуу "М У Х" ХХК-д очиж хөрөө рамыг П.Батбилэг хурааж авсан юм. "М У Х" ХХК бүтэн 3 жил 2 сарын турш миний хөрөө рамыг ашиглаж байсан бөгөөд энэ хооронд хөрөөний мөнгийг эгч М.Навчаагаар удаа дараа нэхүүлж байсан боловч надад нэг ч төгрөг өгөөгүй. Одоо мөнгөө нэхэхээр миний эгч М.Навчаагийн компанийн тусдаа явуулж байсан үйл ажиллагааны зардалтай хольж хутган түүнд өгсөн байдлаар тайлбарладаг. Хөрөө рамыг "М У Х" ХХК-д анх шилжүүлж өгсөн учир нь Батсүмбэр сумын Засаг дарга, Ой ангийн дарга нар сумын Үдлэг багийн нутагт иргэдэд үйлчлэх модны захыг "М У Х" ХХК, миний эгч М.Навчаагийн "Эко хатан" ХХК нар хамтран байгуулж ажилла гэж санал тавьсныг "М У Х" ХХК-ийн талийгаач захирал Доржпүрэв, миний эгч М.Навчаа нар хүлээн авч модны зах байгуулахаар болж, тоног төхөөрөмжийг нь миний эгч М.Навчаа гаргахаар болсон гэдгийг эгч маань надад хэлж би авсан хөрөө рамаа Батсүмбэр суманд байрлах "М У Х" ХХК руу явуулахаар болсон. Энэ дагуу "М У Х" ХХК уул хөрөө рамыг сумаас олгосон газарт байрлуулах байтал өөрийн компанийн хашаанд аваачиж суурилуулсан. Маргаан бүхий хөрөө рамыг тухайн компанид өгөхөөс өмнө буюу 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр "М У Х" ХХК, "Эко хатан" ХХК нар ойн нөхөн сэргээлт хийх, цэвэрлэгээ хийх гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу ямар ч ажил хамтран хийгээгүй байж, шүүхэд энэ хамтран ажиллах гэрээг нотлох баримтаар өгч хоёр компани хамтран ажилласан, эгч М.Навчаад миний хөрөө рамыг ашигласан мөнгийг өгсөн мэтээр тайлбар гаргасан байна. Миний эгч М.Навчаа өөрөөсөө гоожин, мод бэлтгэх урсгал зардал гаргаж 2 cap гаруй хугацаанд мод бэлдэж, олсон орлогоосоо миний хөрөө рам худалдаж авсан төлбөрт 3 500 000 төгрөг өгсөн болно. Харин миний эгч М.Навчаагийн энэ үйл ажиллагаанаас олсон ашгийг миний хөрөө рамыг ашиглан гаргаж авсан зардал гэж хольж хутгаж, миний хөрөө рам ашигласан зардлыг эгч М.Навчаад өгсөн гэж тайлбарлаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх хөрөө рамыг худалдан авагч М.Б би мөнгийг нь төлж, гэрээ байгуулж, байнга сунгаж явсан байтал ""М У Х" ХХК нь Тайга-3 хөрөө рамыг 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эзэмшиж түүгээр өөртөө орлого олж байсан, би хөрөө рам ч үгүй, мөнгө ч үгүй хохирч үлдэж байгаа тул өөрт учирсан хохирлоо "М У Х" ХХК-с төлүүлэх хүсэлтэй байх тул гэм хорын хохиролд 11 950 000 төгрөг гаргуулж өгнө үү." гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: "Би урьд гаргасан 11 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгаж одоо хариуцагч "М У Х" ХХК-иас Иргэний хуулийн 492, 493.1, 493.2, 493.6, 493.7-д зааснаар доорх нэхэмжлэлийг гаргаж байна.

Надад учирсан 8 500 000 төгрөгийн тал болох 4 250 000 төгрөг болон хариуцагч нь цоо шинэ Тайга-3 хөрөө рамыг өөрийн мэдэлдээ 3 жил гаруй ажиллуулж, үр шимийг нь хүртэж байгаад П.Батбилэгт хүлээлгэж өгөхдөө мотор, ирлэгч, солбигч байхгүйгээр хүлээлгэн өгсөн. Эдгээр эд зүйлийн үнэ 3 000 000 төгрөгийн тал болох 1 500 000 төгрөг нийт 5 750 000 төгрөгийг "М У Х" ХХК-иас нэхэмжилж байна. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар миний төрсөн дүү М.Навчаатай хамт уг хөрөөг хэрэглэж байсан гэдэг. Тэгвэл миний дүү М.Навчаа нь намайг уг хөрөөг худалдаж авах явцад худалдагч П.Батбилэгт 3 500 000 төгрөг өгсөн, Тайга-3 хөрөө рамыг худалдаж авахдаа түүнд өгсөн 8 500 000 төгрөгийг хариуцагчийн тайлбарлаж байгаагаар хөрөөг хэрэглэсэн хоёр хүнд тэнцүү хуваахад нэг хүнд 4 250 000 төгрөг ногдоно. Тэгвэл нэг хүнд ногдох дээрх мөнгөнөөс миний дүү М.Навчаа надад 3 500 000 төгрөг өгсөн тул 750 000 төгрөг үлдэж байгаа бөгөөд бид төрсөн эгч дүүс учир энэ мөнгийг би нэхэмжлэхгүй. Харин "М У Х" ХХК дээрх 4 250 000 төгрөгийг төлж, намайг хохиролгүй болгох ёстой гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. "М У Х" ХХК нь Тайга-3 хөрөө рамыг 3 жил гаруй өөрийн эзэмшилд байлгаж, үр шимийг нь хүртэхдээ мотор, ирлэгч, солбигч зэрэг эд ангийг эвдсэн, үүнийг үнэлэхэд 3 000 000 төгрөг болсон тул энэ мөнгөний тал хувь 1 500 000 төгрөгийг "М У Х" ХХК-иас нэхэмжилж байна." гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Урьд нь нэхэмжлэлийн шаардлага 11 500 000 төгрөг байсан. Одоо 5 750 000 төгрөг болгож бууруулж байгаа. Энэ нь хөрөөний урьдчилгаанд 5 000 000 төгрөг, дараагаар нь М.Навчаагаас 3 500 000 төгрөг нийт Б.Батбилэгт 8 500 000 төгрөг өгсөн байдаг. Үүний тал мөнгө болох 4 250 000 төгрөгийг "М У Х" ХХК-иас нэхэмжилж байгаа. Учир нь М.Навчаа болон "М У Х" ХХК нь хамтран ажиллаж тус хөрөөг ашигласан байдаг учраас нэхэмжлэгчийн зүгээс дээрх 2 этгээдээс тус бүр 4 250 000 төгрөгийг гаргуулах шийдэлд хүрсэн байгаа. Мөн цоо шинэ хөрөөг "М У Х" ХХК-ийн захирал Д.Батбаярын хүү Д.Бат-Эрдэнэ нэхэмжлэгч М.Булгантамираас авч эзэмшилдээ 3 жил 2 сарын хугацаанд байлгасан. Энэ хугацаанд хөрөө рамыг ашиглан үр шимийг нь хүртээд шүүхийн шийдвэрээр П.Батбилэг гэдэг хүнд буцааж өгөхдөө мотор. ирлэгч. солбигчийг нь дутуу өгсөн байдаг. Ингээд мотор, солбигч, ирлэгч 3 000 000 төгрөг болж байгаагаас үүний 50 хувь болох 1 500 000 төгрөг нийлээд 5 750 000 төгрөгийг нэхэмжилж байна. Анхнаасаа М.Б 8 500 000 төгрөгөөрөө хохирсон гэдэг нь хэнд ч харагдаж байгаа. Энэ мөнгө М.Навчаагаас гараагүй М.Булгантамираас гарсан. Энэ хүн одоо хөрөө ч үгүй үлдсэн. Дээр нь нэхэмжлэлийг М.Навчаа гаргаагүй, М.Б гаргаж байгаа. Нэхэмжлэгч хэн бэ гэдэг дээр суурилан ярьмаар байна. Хамтран ажиллах гэрээнд хөрөөний талаар нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Ингэхээр хамтран ажиллах гэрээ болон М.Навчаатай хольж энэ нэхэмжлэлийг ярьмааргүй байна. Мөн дээр нь тус хөрөөг эзэмшсэн талаараа хариуцагч хүлээж байгаа, ийм учраас хөрөөг ашиглаад ашиг олсон болохоор нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна Хариуцагч нь хөрөө рамыг шударга бусаар олж авсан этгээд үр шимийг нь хүртсэн байхад жинхэнэ эзэмшигч нь өөрөө ашиг олоогүй. Харин "М У Х" ХХК ашиг олсон мөртлөө нэхэмжлэгч М.Б-т нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Ингээд харвал нэхэмжлэгч нь хуулийн зохицуулалтаараа хариуцагчаас хохирлоо төлүүлэх нь үндэслэлтэй байна. Хариуцагч талаас хөрөөг ирээгүй байхад нь М.Булгантамираас хөрөөг авах талаар зөндөө нэхэж байсан. М.Навчаагаар дамжуулж зээлж авсан гэдгээ мэдээгүй биш мэдэж байсан. Тодорхой хугацаанд хөрөө рамыг хувьдаа ашиглан ашиг олж, үр шимийг нь хүртсэн байдаг тул хуулийн дагуу нэхэмжлэгч М.Б-т одоо дээрх нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх нь зүйтэй." гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2016 оны 04 дүгээр сард "М У Х" ХХК-ийн захирлын ажлыг өв залгамжилж хүлээн авсан юм. Миний нөхөр Доржпүрэв хүнд өвчний улмаас 2015 оны 10 сард нас барсан бөгөөд тэр цагаас хойш М.Навчаа гэдэг хүн хөрөө рам авна гэж нэхэж ирдэг боловч би түүнд хөрөө рамыг өгөхгүй. Учир нь нэхэмжлэгч М.Б гэдэг хүнтэй уулзаж байгаагүй, хөрөө рамны талаар худалдах, худалдан авах болон хамтран ажиллах гэрээ хийгээгүй, хөрөө рам хүлээлцсэн талаар акт баримт байхгүй. Миний нөхөр Доржпүрэв хүнд өвчтэй эмнэлэгт байхдаа М.Навчаатай уулзаж, "бидний хооронд өр авлага байхгүй, манай гэр бүлээс хөрөө рам нэхэж, дарамталж болохгүй шүү" гэж хэлж байсан. Эд өөрсдөө хөрөөгөө авчирж мод зүсээгүй бол манайх хөрөөг нь авах шаардлагагүй байсан. Хөрөөг яаж тохирч, яаж авч ирснийг би мэдэхгүй. Би М.Булгантамиртай нэг ч үг ярьж үзээгүй, бидний хооронд хийсэн гэрээ байхгүй, хүлээлцэж өгсөн, авсан зүйл байдаггүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би М.Навчаа гэдэг хүнд 1 000 000 төгрөгтэй холбоотой бичгийг хийж өгсөн болохоос нэхэмжлэгч М.Б-т бичиг хийж өгөөгүй. Мөн өөрийн талийгаач нөхрийнхөө бичгийг ч үгүйсгээгүй. Тэгээд ч би М.Булгантамираас хөрөө аваагүй, надад хөрвөг хүлээлгэж өгөөгүй. Урьд нь надтай хөрөөний талаар юу ч ярилцаагүй байж одоо ийм нэхэмжлэл гаргасан явдалд би их гайхаж байна. Би түүнийг шүүх хуралдаан болох хүртэл таньдаггүй байсан." гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг олж авсан гэж яриад байгааг үгүйсгэж байна. Энэ хөрөө чинь ямар нэг байдлаар тэнгэрээс унаад ирээгүй шүү дээ. М.Навчаа гэдэг хүн аваачиж өгөөд хамтран ашиг олсон шүү дээ. Үндэслэлгүйгээр олсон гэж хэлж байгаад би гайхаж байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрөө үндэслэлгүй байна. Угтаа бол "М У Х" ХХК, "Эко хатан" ХХК, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Ганбаатар, тус сумын ойн ангийн дарга Цэнгэлдалай нарын 4 хүн нийлж ярилцсан том ажил шүү дээ. Тэгэхээр энэ үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл биш. Мөн М.Б гэх хүн бол хөрөө рамыг нэхэмжлэх эрхгүй этгээд байна. Анхлан М.Навчаа хөрөөг ""М У Х" ХХК-д аваачиж үйл ажиллагаагаа явуулаад ашиг шимийг нь хүртсэн байдаг. Энэ талаар бүх нотлох бичиг баримт хэрэгт байдаг. Хариуцагчийн төлөөлөгч ч гэсэн өөрөө хэлж байгаа М.Б гэж хүнийг танихгүй одоо л шүүх хурал дээр анх харж байна гэж, тийм учраас хөрөөний асуудлаар М.Б гэдэг хүн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дахин хэлэхэд дээрх нэхэмжлэлийг гаргах хүн нь М.Б биш, хууль зүйн талаасаа харах хэрэгтэй. Би аман болон бичгээр тохиролцоо хийгээгүй гэсэн байтлаа хөрөө рамыг нэхэмжлээд байгаа, би үүнийг нэхэмжлэх үү гэдгээ сайн бодох хэрэгтэй. Баянзүрх дүүргийн шүүхээр хөрөө рамын эзэмшигч нь хэн бэ гэдгийг шийдсэн байгаа. П.Батбилэг нь ч өөрийн өмч болох хөрөө рамыг аваад явсан шүү дээ. Тэгэхээр өмчийн эзэн биш байж мотор, ирлэгч, солбигч нэмж нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хөрөөг ашиглаад "М У Х" ХХК-иас гадна М.Навчаа гэдэг хүн үр шимийг хангалттай олсон байдаг. Мод авчирч зүсэхэд банз гарна олон талаар ашиг олох боломжтой байдаг. Нэхэмжлэгч нь харин М.Навчаа болохоос М.Б биш ээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэлийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна." гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар М.Б-н нэхэмжлэлтэй "М У Х" ХХК-д холбогдох 5 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2018/00701 тоот шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдаж байна.

Энэ хэргийн нэхэмжлэгч нь Навчаа биш Булгантамир гэтэл хариуцагч тал энэ хэргийн нэхэмжлэгч биш хүнийг энэ нэхэмжлэлд хамааруулж 2015 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр Навчаад тайга-хөрөөг өгөхгүй талаар, цаашид Навчаад хөрөөг өгөх шаардлагагүй боллоо шүү хангалттай мод бэлтгэж хөрөөний үнийг хэд дахин хийн авсан гэх бичгийг удаа дараа ярьж нотлох баримтаар өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй Мөн дээрх бичгийг шүүхэд нотлох баримтаар хариуцагч тал өгсөн атлаа талийгч Доржпүрэвийн эхнэр “М У Х” компании захирал Батбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр -Навчаад 2017.05.01-нд Тайга хөрөөг, өгөхөөр боллоо / 1,000,000/ өгөх нэмж 1 сая төгрөг өгнө гэсэн бичиг хийж өгсөн нь Талийгчийн бичиж үлдээсэн гэх бичгээс хойш бичиж өгсөн байгаа нь Талийгчийн бичсэн гэх бичгийг үгүйсгэж байна. Энэ бичгээс хөрөөг ашигласан “М У Х” компани  хэрэглэсэн түүнийг буцааж өгөх ёстой гэдэг нь хэнд ч ойлгомжтой харагдана.

Нэхэмжлэгч М.Булгантамираас 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “М У Х” компаний захирал Д.Батбаярын хүү Бат-Эрдэнэд вогоноос цоо шинээр буугаад 4-5 хонож байсан Тайга-3 хөрөөг Баянзүрх дүүргийн Цайз зах дээр ирж Бат-Эрдэнэ өөрийн эзэмшлийн машинаар ачиж авч явж “М У Х” компаний хашаанд буулгаж энэ хөрөө рамыг “М У Х” компани жил 7 cap гаруй хугацаанд зориулалтын дагуу ашиглан үр шимийг хүртэн эзэмшиж үйл ажиллагаа явуулсан байна. Энэ хөрөөг хүлээн авч ашигласан талаар хариуцагч тал маргадаггүй, авч явж “М У Х” компаний эзэмшилд өгснөө Бат-эрдэнэ ч үүнийг үгүйсгэдэггүй. Шүүх хурал хойшлогдсоны дараа шүүх хурлын зааланд бүгд байхад зааланд сууж байсан Батбаярын хүү Бат-Эрдэнээс шүүгч Тайга-хөрөөг Булгантамираас авч ачиж явсан уу? гэж асуухад тийм гэж хэлж байсан. Би цоо шинэ Тайга-3 хөрөө рам өгсөн гэтэл 3-н жил 2 сарын дараа “М У Х” ХХК-иас П.Батбилэг хүлээн авахдаа хүлээн авсан зүйлийн ард мотор, ирлэгч, солбигч байхгүй хөрөө рам авлаа гэж бичээд өөрийн тамгаа дарсан байсан. Ийм учир би эвдэрсэн зүйлийн эд ангийг нэхэмжилсэн.

Анх М.Б Тайга-3 хөрөө рамыг “М У Х” компанид шилжүүлэн өгөх болсон шалтгаан нь тухайн үед ажиллаж байсан Батсүмбэр сумын засаг дарга Ганбаяр, ойн ангийн дарга Цэнгэлдалай нарын сумын Үдлэг багийн нутагт иргэдэд үйлчлэх модны захыг "М У Х ХХК, "Эко хатан" ХХК-н нар хамтран байгуулж ажилла гэсэн санал тавьж сумаас Үдлэг багт газар олгохоор тохирсон байдаг. Энэ үндэслэлээр манай эгч М.Навчаа нь хөрөө рам манай хоёр компанид хэрэгтэй байна гэсэн мөн надаас байнга шаардаад асуугаад байсан учир би өөрөөсөө мөнгө гаргаж урьдчилгаа 5.000,000 төгрөг өгч Орос руу хөрөө рам авч ирж борлуулдаг П.Батбилэг гэдэг хүнд Тайга-3 хөрөө захиж авчруулсан.

-Гэтэл хариуцагч тал 2014 оны 04 дүгээр сард тухайлбал нэхэмжлэгч М.Б намайг Тайга-хөрөөг “М У Х” компанид өгөхөөс 4-н сарын өмнө "ЭКО хатан ХХК болон "М У Х" компаниудын хооронд байгуулсан "Хамтран ажиллах" гэрээг ашиглан энэ гэрээнд Тайга-3 хөрөөний талаар огт дурьдсан зүйл байхгүй байхад хөрөөний талаар харилцан олсон орлогоо 50, 50%-иар хуваахаар тохирсон юм шиг шүүхэд ойлголт өгч нэхэмжлэгч биш М.Навчаатай холбоотой асуудлыг гаргаж ирж шүүхийг төөрөлдүүлж худал ярьсан. Навчаа тухайн үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө хамтран ажиллах гэрээний он, cap дотор бичсэн зүйлийг хараагүй хольж хутгасан тул залруулга бичиж шүүхэд үлдээсэн. Энэ нь шүүхэд хариуцагч талаас нотлох баримт болгож өгсөн 2014 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр хийсэн гэрээний он сараас тодорхой харагдах болно.

-Хариуцагч мөн шүүхэд өгсөн хариу тайлбартаа М.Б гэж хүнтэй уулзаж ярилцаж байгаагүй, танихгүй, хөрөө рамны талаар худалдах, худалдан авах гэрээ болон хамтран ажиллах гэрээ хэлцэл хийгээгүй гэдэг. Гэтэл шүүх хурал дээр М.Б таньдаг мөн ашигаас маш их хэмжээгээр хүртсэн гэж нотлох баримт гаргасан байна. Энэ баримт нь М.Булгантамирыг их хэмжээний ашиг олсон гэж үзэх баримт биш ба Навчаа өөрийн зардал гаргаж бэлдсэн модоо хот руу ачихад нийлүүлэгч компани болон хүнээ заавал бичих ёстой үндэслэлээр Булгантамир гэж бичсэн баримтыг мушгиж гуйвуулж ярьж,  тайлбарласан. Ингэж болохгүй.

-Нэхэмжлэгч М.Б нь хөрөөнөөс болж хүнд урьдчилгаа мөнгө түүний хүүг өгч хохирсон, тэгсэн байтал уг хөрөө нэг ч өдөр ашиглан хэрэглээгүй байж 3-н жил 2 сарын дараа буцаад анх худалдсан хүнд Тайга-3 хөрөө очсон гэдэг нь шүүхэд П.Батбилэг нь М.Булгантамираас нийт 8,500,000 төгрөг авсан гэсэн тодорхойлолт, мөн М.Булгантамираас хөрөөг гаргуулах анхан шатны шүүхийн шийдвэр зэргээр хангалттай нотлогдсон.

-Хөрөө очсоноос хойш зөвхөн 2 cap гаруй хугацаанд өөрийн зардлаа гаргаж мод бэлтгэсэн гэх эгч Навчаа нь хөрөөний жинхэнэ эзэмшигч Булгантамирт уг хөрөөг зориулалтын дагуу ашиглан эзэмшсэнээ ойлгож түүний төлбөрт 3,500,000 төгрөг төлсөн байхад түүнээс ч их хугацаагаар эзэмшилдээ зориулалтын дагуу ашиглаж үр шимийг хүртэн тодорхой хугацааны туршид эзэмшиж байсан “Мань-ууль хайрхан” компани энэ мөнгөнөөс чөлөөлөгдөн үлдэх ёсгүй “М У Х” ХХК-н миний өгсөн хөрөө рамыг 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр cap хүртэл бүтэн 3-н жил 2 сарын хугацаанд түүний үр шимийг хүртэн эзэмшиж зориулалтын дагуу ашиглаж байгаад эвдсэн. Шүүх Навчааг хариуцагчийн хүсэлтээр гэнэт дуудаж мэдүүлэг авсан. Навчаа мэдүүлэг өгөх үед түүнд ямар нэгэн харах баримт байхгүй байсан тул 50, 50%-ийн ашиг авах тухай 2014 оны 04 дүгээр сарны 25-ний өдрийн гэрээнд зааснаа хэлсэн болохоос хөрөө рамны 50, 50% гэж хөрөө авах үед хийгээгүй талаар гэрчийн мэдүүлгээ өөрөө Солонгос улс руу явах болсон тул өөрийн гараар залруулж наториатоор батлуулсан бичгээ шүүхэд өгсөн. Гэтэл шүүхээс түүний залруулгыг хууль сануулаагүй бичиг гэж үзсэн. Ямар ч хүн баримт үзээгүй үед түүнийг андуурах, хольж, хутгаж ойлгох асуудал гаргаж болох зүйл шүү дээ. Энэ залруулга нь талуудаас шүүхэд өгсөн "Хамтран ажиллах" гэрээгээр давхар нотлогдож байхад шүүх түүнд дүгнэлт өгч чадаагүй.

“М У Х” XX компани Навчаатай холбоотой, түүний ажилласан ашиг орлоготой холбоотой асуудлаа жичдээ нэхэмжлэх, заргалдах, тооцох эрх нь нээлттэй байхад түүнийг Булгантамирын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй хольж хутгаж тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тайга хөрөө рамны урьдчилгаа мөнгө Булгантамираас гарсан. Хоёр өөр хүний асуудал яригдаж байхад түүнийг нэг гэр бүлийн хүн шиг ойлгож түүнд тайлбар өгөөд байх үндэслэлгүй.

Би 5,000,000 төгрөгөөрөө хохирсон. Миний хөрөө рамыг авч ажиллуулж орлого ашиг олж байсан “М У Х” ХХК нь миний хөрөөг ашиглан үндэслэлгүй хөрөнгөжиж зөвхөн өөртөө орлого ашиг олж байсан тул би уг хохирлыг “М У Х” ХХК надад төлөх ёстой гэж үзсэн тул миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

Иймд миний зөрчигдсөн эрх ашгийг хамгаалан сэргээх зорилгоор Төв аймгийн анхан шатны шүүхийн 2018/00752 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.   

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, тухайн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг зохицуулаагүй, эд юмс болон эрхийн үр шимийн талаарх Иргэний хуулийн тодорхойлсон хэм хэмжээг хэрэглэсэн, гэрээний бус үүргээс буюу хуульд зааснаар үүсэх үүргийн харилцаатай холбоотой шаардах эрхийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгтэй холбоотой шаардах эрхийн зохицуулалтыг оновчтой сонгон хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв. 

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “М У Х” ХХК-д холбогдуулан анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “М У Х” ХХК нь миний хөрөө рамыг тасралтгүй 3 жил ашиглаж үр, шим олсон атлаа түүний төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй тул хөрөө рамын төлбөрт миний төлсөн 8 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэхдээ: гэм хорын хохиролд 11 950 000 төгрөг гаргуулахаар шаардаж, шаардлагынхаа үндэслэлийг нэхэмжлэгчээс хөрөө рамын үнэд худалдах-худалдан авах гэрээний нөгөө тал болох Батбилэгт өгсөн 8 500 000 төгрөг, Батбилэгийг буцааж авах үед мотор байхгүй, шатсан 1 450 000 төгрөг, ирлэгч /1 000 000 төгрөг/, солбигч /1 000 000 төгрөг/ байхгүй хүлээлгэж өгсөн гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч М.Б 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчлөхдөө: хариуцагчийг Батбилэгт төлсөн 8 500 000 төгрөгийн тал хувь буюу 4 250 000 төгрөг, хөрөөг Батбилэгт хүлээлгэж өгөх үед мотор, ирлэгч, солбигч байхгүйгээр хүлээлгэн өгсөн тул 3 000 000 төгрөгийн тал хувь буюу 1 500 000 төгрөг, нийт 5 750 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр шаарджээ.

Хэргийн зохигчид нэхэмжлэгч М.Б-н бусадтай хийсэн худалдах-худалдан авах хэлцлийн үндсэн дээр олж авсан “Тайга-3” хөрөө рамыг хариуцагч “М У Х” ХХК ашиглан мод бэлтгэх үйл ажиллагаа явуулж байсан үйл баримтыг маргаагүй боловч уг хөрөөг нэхэмжлэгч нь ямар нэгэн хэлцэл, тохиролцооны үндсэн дээр хариуцагчид шилжүүлэн өгсөн болон хариуцагч нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцааны үндсэн дээр тэдний хооронд үүрэг үүссэн гэж үзэх, эсхүл хөрөө рамын өмчлөгч эсхүл, хууль ёсны эзэмшигчийн хувьд гэрээний бус, хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаагаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэх хууль зүйн болон бодит үндэслэл хэргийн нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгчийн шаардах эрхтэй эсэх талаар өгсөн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх хөрөө рамыг Батбилэг гэгчээс 13 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 8 500 000 төгрөгийг урьдчилан төлсөн, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагч тал шүүхэд хандаж, хөрөө рамыг буцааж авахаар шаардсан нэхэмжлэл гаргасныг М.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг хөрөө рамыг 13 хэсэг иж бүрдлийн хамт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр зохигчид эвлэрснийг баталсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ ШШ2017/03282 дугаар хүчин төгөлдөр  захирамжаар тогтоогдсон байх бөгөөд энэхүү захирамжид тусгагдсан “...П.Батбилэг нь М.Булгантамираас хөрөө рамаа буцааж авсан тохиолдолд үлдэгдэл төлбөр болох 5 500 000 төгрөгийг П.Батбилэг нь нэхэмжлэхгүй...” байхаар тохиролцсоноос бус М.Б-н төлсөн 8 500 000 төгрөгийг хэрхэх талаар эвлэрлийн гэрээнд ямар нэг байдлаар тусгагдаагүй байна. Түүнчлэн дээрх эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь П.Батбилэгт хөрөө рамыг буцааж өгөх үедээ хөрөө рамын эвдэрсэн, дутсан зарим эд ангитай холбоотойгоор түүнд хохирол төлсөн болох нь хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

 

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой сонгон хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ

1. Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2018/00701 дугаар тогтоох хэсгийн 1 дугаар заалтын “ Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар...” гэснийг “ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаагийн 108 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧИД                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР