| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2020/03540/и |
| Дугаар | 182/ШШ2021/00259 |
| Огноо | 2021-01-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2021/00259
| 2021 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 182/ШШ2021/00259 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Н.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Я-д холбогдох
Гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Н.А миний бие 2006 онд Э.Ятэй танилцаж 2007 онд 2231 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 9 сарын 27-нд охин А.Н, 2010 оны 4 сарын 7-нд хүү А.Тнар төрсөн. Бид харилцааны тааламжгүй байлын улмаас 2016 оноос хойш тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусын амьдралтай, цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохтой холбоотой маргаан байхгүй. Хүүхдүүд миний асрамжид байгаа болно гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Я миний бие 2006 онд Н.Атэй танилцан 2007 онд гэр бүл болж 2231 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо тус тусын амьдралтай болсон тул гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй. Бид хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй болно гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.А хариуцагч Э.Ят холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Н.А, хариуцагч Э.Я нар нь 2006 онд танилцаж 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг улсын бүртгэлийн 2231 дугаарт бүртгэсэн байна. Гэрлэгчид 2016 оныг хүртэл хамтран амьдарч тэдний дундаас 2007 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр охин А.Н, 2010 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүү А.Тнар төрсөн байна.
Н.А, Э.Я нар нь одоо тус тусдаа хамтран амьдрагчтай болж, нэхэмжлэгч Н.А дахин 2 хүүхэд, хариуцагч Э.Я нэг хүүхэдтэй болжээ. Тэдгээр нь цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлэрэх хүсэлгүй байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Иймд зохигчдыг дахин эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэрлэгчид 2016 оноос хамтран амьдрахаа больсон байх ба ийнхүү тусдаа амьдрах болсон үеэс хойш охин А.Н, хүү А.Тнар эцэг Н.Аийн асрамжид байжээ. Тэд охин А.Н, хүү А.Тнарын асрамжийн болон тэтгэлгийн талаар маргаангүй бөгөөд энэ талаар тухайлсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүүхдийн асрамж, тэтгэлгийг шүүхээс шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэж дурдаж байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагч Э.Яээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.А, хариуцагч Э.Я нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Э.Яээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Золзаяад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА