| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/0100/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/98 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/98
2024 07 02 2024/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Д.Энхзул,
Улсын яллагч Т.Солонго,
Хохирогч Ц.Ц**********,
Шүүгдэгч Ү.Т*********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Ү*******ын Т*********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
****************,
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ү.Т********** нь 2024 оны 05 дугаар сарын 23-нд ************** тоот хашаанд байрлах Ц.Ц*******ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Ц************тэй үл ялих зүйлээр маргалдаж эрүүл мэндэд нь халдсаны улмаас зүүн талын Х хавирганы хугарал, зүүн хөмсөгний жижиг зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Т************мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ц********** мэдүүлэхдээ: “...Хавирга хугарсан болохоор юм өргөж хийж чадахгүй байгаа. Сар гаруй хугацаанд ажлаа хийж чадаагүй энэ хугацааны мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байгаа. 7-10 хоногтоо би 7-8 сая төгрөг хийчихдэг. Одоо өөрөө ажлаа хийж чадахгүй хүн хөлсөлж ажлаа хийлгэж байна. Нийт надад 20-25 сая төгрөгийн хохирол гарсан байгаа. Анх би бэлэн мөнгө гэхгүй эмчилгээний зардлыг чи даагаад үзүүлээд харуулъя гэж хэлсэн ирээгүй. Одоогоор хавирга бүрэн эдгэж өгөөгүй байгаа” гэв.
Улсын яллагч Т.Солонго нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ү.Т*********зийд холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна.
Шүүгдэгч Б********* овогт Ү*********ын Т*********** нь 2024 оны 05 дугаар сарын 23-нд **************тоот хашаанд байрлах Ц.Ц***********ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Ц**********тэй үл ялих зүйлээр маргалдаж эрүүл мэндэд нь халдсаны улмаас зүүн талын X хавирганы хугарал, зүүн хөмсөгний жижиг зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ц.Ц************ийн мэдүүлэг, гэрч Бумзаяа, Болорсүх нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 209 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Ү.Т**********ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрх, ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж байна. Иймд шүүгдэгч Ү.Т***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ү.Т***********ийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-н 1- р хуудас/,
Хохирогч Ц.Ц**********ийн “...Би 2024 оны 05 сарын 23-ны өдөр 16 цаг орчмын үед тухайн өдрийн цагийг би сайн санахгүй байна. Намайг гэртээ угаалга хийж байхад Т*************ирээд араас Болорчулуун ирсэн Тэгээд Би Болорсүх 500 граммын tiger нэртэй пивоноос 24 ширхэг аваад ир гээд би мөнгийг нь өгсөн. Тэгээд бид нар нийлээд тухайн пивыг ууж байгаад би нэлээн согтоод тасарсан байна. 2024 оны 05 дугаар сарын 25-ны намайг сэрэхэд миний бие хөндүүрлээд би босож чадахгүй зүүн талын хавирга өвдөөд байсан. Тэгээд намайг гэртээ байж байсан чинь Т************орж ирээд энүүгээр пиво байсан яасан юм юу? Та нар уучихсан юм уу гэсэн. Тэгээд би Т***********с би хэнтэй муудаж маргалдсан юм бэ, миний зүүн хавирга өвдөөд байна гэхэд Т********* надад хандаж чи өөрөөсөө болсон гээд гараад явсан. Тэгээд Болорсүхээс юу болсон талаар асуухад Т********** та хоёр намайг явахад маргалдаад байсан тэгээд би явсан та хоёроос өөр хүн гэрт байгаагүй гэж хэлсэн. Тэгээд би Т*********ийг чи надтай ирээд уулзаарай, миний бие өвдөөд байна гэж утсаар хэлэхэд, Т********* надад хандаж чи өөрөөсөө болсон шүү гэсэн тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг./хх-н 6-р хуудас/,
2024.06.20-ны өдрийн дахин өгсөн “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул болсон үйл явдлын талаар санахгүй байна. Маргааш өглөө нь миний бие өвдөөд хүнд зодуулсан нуруу, бөөр өвдөөд байсан, нүүрний зүүн хэсэгт зулгарсан байсан бөгөөд гаднаас Т********** манайд ирсэн бөгөөд юу болсон талаар асуухад чи өөрийнхөө амнаас болсон шүү гэж хэлээд манайхаас гараад явсан. Тэгээд хамт архи уусан Болорсүхээс өчигдөр юу болсон талаар намайг Т***********тэй маргалдсан гэж хэлсэн...Надад эмчилгээний төлбөр мөнгө өгсөн зүйл байхгүй. Т************ надад хэлэхдээ найз нь олон хүүхэдтэй, найзыгаа бодоод өргөдөл эргүүлээд авчих гээд байгаа...Би хот хооронд Mitsubishi маркийн Supergreat бүхээгтэй 20 тонны тээврийн хэрэгслээр дэлгүүрийн бараа зөөдөг. Нуруу гэмтсэнээс болж ажлаа хийх боломжгүй болсон тул эхний ээлжид 15-20 сая төгрөг нэхэмжлэх хүсэлтэй байна. Өнөөдрийн байдлаар нотлох баримтын хэмжээнд өгөх баримт байхгүй. Би Шүүхийн шатанд холбогдох баримт бичгээ бүрдүүлж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-р хуудас/,
Гэрч Б.Болорсүхийн “... Намайг Ц********ийн гэрт очиход Ц*******ийн найз гээд Т************гэдэг нэртэй эрэгтэй хүн байсан. Би тухайн өдөр Т***********гэдэг хүнтэй танилцсан. Ц*********ийн гэрт Би эхнэр Бумзаяатай хамт очсон бөгөөд Ц*******, Т********* бид нар нийлж тухайн пивыг ууж байхад Ц********, Т********** хоёр гэрт маргалдаад байсан. Т********** Ц********ийн нүүр хэсэгт нь цохисон тул би тэр хоёрын голоор ороод салгасан. Удалгүй Т*********, Ц******** хоёр бие биеэсээ уучлалт гуйж, тэврэлдээд сайндсан бөгөөд дахиад нэмж пиво авъя намайг дэлгүүр ороод пиво аваад ир гэсэн тэгэхээр нь би үгүй гээд, эхнэр Бумзаяаг дагуулаад гэр рүүгээ явсан.....” “...Тухайн үед Т************ Ц********ийн хөмсөгний дээд хэсэгт баруун гараар цохих шиг болсон би сайн анзаараагүй гэнэт Т********** Ц**********ийн хоёр олдоод би голоор нь орж салгасан...” гэх мэдүүлэг./хх-н 10-р хуудас/,
Гэрч Б.Бумзаяагийн “...Ц********ийн гэрт Би нөхөр Болорсүхийн хамт очсон бөгөөд Ц*********, Т**********, Болорсүх нар нийлж гэрийн баруун талд суугаад тухайн пивыг уугаад хоорондоо юм яриад байсан. Ц*********, Т********* хоёр гэрт маргалдаад байсан. Намайг гадаа гараад бие засаад ороод ирэхэд Т********** Ц**********ийн хоёр дундуур Болорсүх ороод салгаж байсан. Тэгээд удалгүй Т**********, Ц********** хоёр бие биеэсээ уучлалт гуйж, тэврэлдсэн бөгөөд Болорсүхийн бид хоёрыг хашаанаасаа гаргаж өгөөд Т**********, Ц********** хоёр Ц**********ийн гэр рүүгээ буцаад орсон. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.....” “...Ц********** нэлээн согтуу би мөнгөтэй хүн гээд Т**********д баярхаад байсан бөгөөд Т********** би уурхайд ажил хийдэг хүн гээд тэр хоёр маргалдаад байх шиг болсон....” “...Тухайн үед Ц**********ийн хөмсөгний дээд хэсгээс цус гарсан байсан аль хөмсөг нь байсныг одоо санахгүй байна. Т********** Ц**********ийн хоёр хоорондоо зодолдоод байж байхад манай нөхөр Болорсүх голоор нь орж салгасан гэж надад хэлсэн. Тухайн өдөр Ц********** Т**********гөөс өөр хүнтэй маргалдаагүй....” гэх мэдүүлэг /хх-н 11-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №290 дугаартай “...1. Ц.Ц**********ийн биед зүүн талын Х хавирганы хугарал, зүүн хөмсөгний жижиг зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл үүсчээ.2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” дүгнэлт/хх-н 21-22-р хуудас/,
Яллагдагч Ү.Т**********гийн “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ү.Т********** нь 2024 оны 05 дугаар сарын 23-нд ***********5 тоот хашаанд байрлах Ц.Ц**********ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Ц**********тэй үл ялих зүйлээр маргалдаж эрүүл мэндэд нь халдсаны улмаас зүүн талын Х хавирганы хугарал, зүүн хөмсөгний жижиг зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ү.Т**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Ц.Ц********** нь хохирол төлбөр нэхэмжилсэн талаар баримт гаргаж өгөөгүй тул хохирогч Ц.Ц********** нь хохирлын талаархи баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд Ү**********н Т**********н мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын хяналтын явцад өнөөдрийн шүүх хуралдаан дээр өөрийн үйлдсэн гэмт хэргийг гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргадаггүй, мөн ам бүл 9 буюу 7 хүүхэдтэй байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч Ц.Ц********** нь хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирлын баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болно” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ү.Т**********н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Т**********д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ү.Т**********д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******** овогт ************ын Т**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Т**********д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Ц.Ц**********ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА