| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2020/03461/и |
| Дугаар | 182/ШШ2021/00155 |
| Огноо | 2021-01-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2021/00155
| 2021 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 182/ШШ2021/00155 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Бага тойруу хаягт байрлах ЧДХХҮХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Г-д холбогдох,
Зээлийн гэрээний төлбөрт 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧДХХҮХнь иргэн Ч.Гтэй эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох тухай гэрээг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулж 2,500,000 төгрөг олгосон. Гэрээнд заасны дагуу үнийн дүнг 100 хувь эргэн төлөх үүрэгтэй бөгөөд эргэн төлөх сүүлийн хугацаа 2019 оны 09 дүгээр сард дуусаж байна. Хариуцагч Ч.Г эргэн төлөлт огт хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч Ч.Гийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн төлбөр болох 2,500,000 төгрөгийг гаргуулан төсөвт төвлөрүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЧДХХҮХнь хариуцагч Ч.Гөд холбогдуулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүгүй олгосон 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэйгээ танилцаж ойлгосон боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, эсхүл эс зөвшөөрч байгаа талаараа шүүхэд хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд гаргаагүй байна.
Хариуцагчийн шүүхэд өгсөн хаягаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасны дагуу мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг, насанд хүрсэн охин нь хүлээн авсан тухай баримт хэрэгт авагджээ. Хариуцагч ийнхүү мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул шүүх хурлыг түүний эзгүйд үргэлжлүүлэх хууль зүйн үндэстэй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэг талаас ЧДХХҮХ, нөгөө талаас иргэн Ч.Г нар харилцан тохиролцож 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 99 тоот Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу ХХҮХнь Ч.Гийн хөдөлмөр эрхлэлт, байнгын орлого, ажлын байртай байх нөхцдийг дэмжиж 2,500,000 төгрөгийг хүүгүй зээлдүүлэх, Ч.Г нь сар бүр 100,000 төгрөг төлөх замаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгах үндсэн тохиролцоо хийгджээ. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байна.
Зээлдүүлэгч ЧДХХҮХээс зээлдэгч Ч.Гийн Хаан банкны 5083107485 тоот дансанд 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зүгээс эргэн төлөлт хийсэн талаарх аливаа баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч ийнхүү төлөлт хийсэн тухай тайлбарыг амаар болон бичгээр шүүхэд гаргасангүй. Иймд түүнийг гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Энэ үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Ч.Гөөс 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЧДХХҮХт олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Ч.Гөөс 2,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЧДХХҮХт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу хариуцагч Ч.Гөөс 54,950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА