Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2017/0513

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2017/0513

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О аймаг, Б сум, О багийн 0-00-00 тоотод оршин суух, Ч.Ц,

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан О аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойшхи цалингийн зөрүүг нөхөн олгохыг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц, түүний өмгөөлөгч Т.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие О аймаг дахь МСҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалт зарласны дагуу уг сонгон шалгаруулалтад орж, тэнцэж тус төвийн захирлаар 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс томилогдон ажилласан.

Би 2005 оноос эхлэн О аймгийн МСҮТ-д багш, тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны дарга, Хангайн бүсийн арга зүйн төвд арга зүйч, захирлаар тасралтгүй 12 жил ажиллаж байна. О аймаг дахь МСҮТ-ийн захирлаар ажиллахад ямар нэгэн алдаа зөрчилгүй, хамт олноороо нэг баг болон сайн ажилласан бөгөөд сайдтай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээгээ 92 буюу А

үнэлүүлсэн.

2016 оны 12 дугаар сарын 26, 28-ны өдрүүдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас МБС-ын хэлтсийн дарга А.Х утасдаж Н.Т танай захирлаар очиж ажиллана. Танай аймгийн удирдлагаас Н.Т-ыг ажиллуулах санал ирүүлсэн. Зарим аймгийн захирлуудтай харилцан утсаар ярилцаж байна. Зарим захирлыг шууд ажлаас нь чөлөөлж, дахин ажиллуулахгүй тушаал гаргах магадлалтай байгаа тул Хангайн бүсийн арга зүйн төвд орон тоо байгаа бол тэндээ ажиллах хүсэлт өгөөч гэж 2 удаа ярьсан. Би үр дүнгийн гэрээгээ байгуулсан, яагаад ийм шийдвэрт хүрч байгаа талаар асуухад бусад аймгийн захирлуудын үр дүнгийн гэрээг шууд F гэж дүгнээд ажлаас нь чөлөөлж байгаа, та өөрөө шийд гэж хэлсэн. Би захирлын ажлаас хуулийн дагуу ямар нэг алдаа зөрчилгүй явуулж байгаа талаар хэлэхэд огт тоогоогүй.

Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх ёсгүй, хуулийн зохицуулалт байсаар байхад надад ажлын байрны дарамт үзүүлсэн. Тэрээр дахин 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өргөдлөө өг гэж дахин ярьсан. Тэгэхээр нь би Хангайн бүсийн арга зүйн төвд ажиллах хүсэлтэй байна гэсэн агуулга бүхий хүсэлтийг аргагүйн эрхэнд бичиж өгсөн бөгөөд намайг цалин бууруулахгүйгээр Хангайн бүсийн төвд ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргахаас өөр аргагүй болтол утсаар удаа дараа ярьж, өөр бусад аймгуудад юу болж байгааг ярьж айлган, бичиж өгөхгүй бол бүр ажилгүй болох магадлалтай гэх мэтээр дарамталсан. Тэгээд ажлаа хийгээд байж байхад 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Н.Т ирж ажлаа авсан. Тэр өдөр би Сайдын намайг чөлөөлсөн тушаалыг гардаж авсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал нь Төрийн албаны болон Захиргааны ерөнхий хууль, Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр байсан ба миний хөдөлмөрлөх болон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчиж байна. Төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцэн ажлаа хийж байгаа захирлуудыг ингэж ажил албан тушаалаас нь шууд тэнцэхгүй гэж хууль бусаар шийдэх эсвэл өөр ажил албан тушаалд шилжүүлж байгаа мэтээр хууль бусаар ажлаас чөлөөлөхийг хориглосон хуулийн зохицуулалтыг зориуд зөрчиж байгаа нь миний эрх ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж байна.

Би О аймаг дахь МСҮТ-ийн захирлын албан тушаалаас өөрчлөгдөх, чөлөөлөх үндэслэл байхгүй байхад намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж, өөрчлөхдөө сонсох ажиллагааг явуулахгүйгээр захиргааны акт гаргаж, хууль зөрчсөн. Иймд сайдын Б/18 дугаар тушаал нь хууль зөрчиж гарсан хууль бус тушаал тул хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй.

Би Н.Т-ыг захирлын ажлаа хүлээн авсан өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажлаа хийсэн байтал тушаал гарсан өдрөөр миний ажлыг дуусгавар болгож цалинг бодож олгож намайг хохироосон

Намайг захирлын албан тушаалаас хууль бусаар чөлөөлөхдөө цалинг сард 30000 төгрөгөөр бууруулж, хохироосон тул 2017 оны 01 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар дутуу олгосон цалинг нөхөн гаргуулж өгнө үү.

Миний бие урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 47 тоот албан бичгийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гардаж авсан бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Төрийн эрхэнд нэг нам бүлэглэл гарч ирээд төрийн албан хаагчдыг халдаг, сольдог болохыг хэзээ болих юм бэ. Төрийн албанд ажиллаж байгаа сонгон шалгаруулалтад орж тэнцсэн төрийн албан хаагч нарын эрх ашиг хэдий болтол зөрчигдөх юм бэ. Үүнийг сайд танаас ганцаараа би ч асууж байгаа юм биш, ажлаас чөлөөлөгдсөн бүх хүмүүс асуух эрхтэй гэж бодож байна.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, О аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг болон дутуу олгосон цалинг нөхөн олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, Б.Э нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна, 9.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал гэж зааснаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал нь төрийн үйлчилгээний албан хаагч болохыг хуулиар тогтоосон.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан бөгөөд Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинжлэн тогтоох тухай 354 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 4-т Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь ТҮМБ-6 зэрэглэлд хамаарах төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарахыг тус тус заасан. Энэ нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулахаар хуульчилсан. Эдгээр эрх зүйн зохицуулалтын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.Ц-ийг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд буюу хувийн эрх зүйн хүрээнд үүсч буй ажил олгогч, ажилтан 2-ын хооронд үүссэн харилцаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар иргэний хэргийн шүүх шийдвэрлэх маргаан юм.

Мөн нэхэмжлэгчийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажил хүлээлцэхэд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг мэдсэн боловч 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдлоо гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хугацааг хэтрүүлсэн. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т ...гомдлыг хянан шийдвэрлэх үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж зааснаар нэхэмжлэлээ гаргаагүй.

Нэхэмжлэгч Ч.Ц-ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох асуудлыг ажил олгогч бус, ажилтны санаачлагаар шийдвэрлэсэн. Ч.Ц нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж, ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасны дагуу ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.

Гэтэл нэхэмжлэгч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны МБС-ын хэлтсийн дарга А.Х утасдаж, ажлын байрны дарамт үзүүлсэн гэх боловч энэ нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна. Мөн Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь яам, түүнийг төлөөлж аливаа шийдвэр гаргах эрхтэй субъект нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байтал МБС-ын хэлтсийн дарга дарамт үзүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Харин ажил олгогч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд ажилтан Ч.Ц-ийн бичсэн өргөдлийн дагуу ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

Мөн Ч.Ц нь өргөдөлд дурдсан асуудлаар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өргөдөл гарган шийдвэрлүүлж байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ч.Ц нь тус шүүхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, О аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг тооцож гаргуулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Нэхэмжлэгчийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Орхон аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анх Хөдөлмөрийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Ч.Ц-ийг Орхон аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилжээ.

Маргаан бүхий Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13 дахь заалтыг тус тус үндэслэн О аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Ч.Ц-ийг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нь ... ажил олгогчийн зүгээс ажлын байрны дарамт үзүүлж, ... хүсэлтийг бичгээр гаргахаас өөр аргагүйд хүрсэн ... захирлын албан тушаалаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байхад намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн ажлаас чөлөөлөхдөө сонсох ажиллагааг явуулахгүйгээр захиргааны актыг гаргаж, хууль зөрчсөн ... гэж, хариуцагч нь Энэ маргаан нь хувийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаан тул уг маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой ... Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ... Ч.Ц-ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох асуудлыг ... ажилтны санаачлагаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасан, энэ дагуу Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн. Тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажил, албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарагдах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулах ёстой.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсгийг маргаан бүхий тушаалыг гаргах гол үндэслэлээ болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг тодорхойлон заасан байх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг санаачилсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох ёстой. Тодруулбал ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид гаргаснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл бий болох ёстой.

Нэхэмжлэгч Ч.Ц нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Н-д 2017 оны 01 дүгээр сарын 02, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн хүсэлтээр Хангайн бүсийн арга зүйн төвд ажиллах хүсэлтээ бичгээр гаргаж байсан болох нь өргөдлүүд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн зүгээс ажлын байрны дарамт үзүүлж, хүсэлтийг бичгээр гаргахаас өөр аргагүйд хүрсэн гэж маргаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжил, боловсролын сургалтын хэлтсийн дарга А.Х-гийн нэхэмжлэгчийн утсанд илгээсэн мессежийг ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл байсан гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгчийн ... ажил олгогчийн зүгээс ажлын байрны дарамт үзүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд ажил олгогчоос түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл /нэхэмжлэгчийн хувьд / бий болсон, хариуцагч нь ажилтны өөрийн санаачлагаар түүнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлснийг шүүх буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Ц-ийн өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн түүнийг Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Хангайн бүсийн арга зүйн төвийн сургалт хариуцсан арга зүйчээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар томилсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар Засгийн газрын гишүүн нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын ... дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлөх, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, тогтоомжид нийцүүлэн тушаал гаргах бүрэн эрхтэй байна. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-т зааснаар Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх хуулийн зохицуулалттай байна.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь Монгол Улсын Засгийн газрын болон Хөдөлмөрийн тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийг өөрийнх нь өөр ажил, албан тушаалд ажиллах хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлсөн, маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Хоёр: Нэхэмжлэгчийн ... цалингийн зөрүүг тооцож гаргуулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй байх бөгөөд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох ёстой.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ч.Ц нь өөр ажил, албан тушаал эрхлэх хүсэлтээ гаргаж, өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь тогтоогдож байх тул түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэхгүйн зэрэгцээ түүнд цалингийн зөрүүг тооцож олгох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалт нь ажлаас үндэслэлгүй халагдсан болон захиргааны санаачлагаар үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм.

Иймд нэхэмжлэгчийн ... цалингийн зөрүүг тооцож гаргуулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Ц нь төсвийн ерөнхийлөн захирагч Хөдөлмөрийн сайдтай үр дүнгийн гэрээгээр ажиллаж байсан, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллагыг нийтийн эрх зүйн этгээд буюу захиргааны байгууллага гэж ойлгохоор, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ... хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ... гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж тус тус тодорхойлон заасан байх тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гаргасан шийдвэртэй холбоотой энэхүү маргааныг нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаан гэж үзнэ. Иймд хариуцагчийн ... хувийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаан тул уг маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гардан авч, тус шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/Ш32017/1598 дугаар захирамжаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Ц-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, О аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг тооцож гаргуулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН