Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 001/хт2024/00295

 

 

О.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/02611 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01613 дугаар магадлалтай,

О.Б-ийн нэхэмжлэлтэй,

М.А-д холбогдох,

Талуудын хооронд 2023.02.10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч М.А-д холбогдуулан талуудын хооронд 2023.02.10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/02611 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан хариуцагч М.А-д холбогдох, 2023.02.10-ны өдөр байгуулагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, Б хаягт байршилтай, 14 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн авто зогсоолын өмчлөлийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01613 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/02611 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан О.Б болон М.А нарын хооронд байгуулсан 2023.02.10-ны өдрийн 0162 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Б, 14 м.кв талбайтай авто зогсоолыг нэхэмжлэгч О.Б-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай.” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч М.А-гаас 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-эд олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцааж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.16-ны өдрийн 210/МА2024/01613 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” тус зүйлийн 2-т “Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б би дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Тус магадлалын хянавал хэсгийн “3.1. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “Уг авто зогсоолыг 2017.04.04-ний өдөр 20,000,000 төгрөгөөр С.П-гээс худалдаж авсан тул хууль ёсны дагуу өмчлөх эрхтэй” гэж маргасан байна., 3.2. Гэтэл дээрх гэрээг байгуулах үед С.П нь маргаан бүхий авто зогсоолын өмчлөгч байгаагүй тул хариуцагч М.А-д уг авто зогсоолыг худалдах эрхгүй юм” гэжээ.

М.А нь Б байрны доор байрлах 00 тоот автомашины зогсоолыг С.П-гээс худалдан авахаар харилцан тохиролцож “Автомашины зогсоол худалдсан тухай гэрээ”-г 2017.04.04-ний өдөр байгуулсан байдаг. Тус гэрээгээр хэлэлцэн тохирсон 20,000,000 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн, (хавтаст хэргийн 25 тал) С.П- нь “Автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан” учир дараа нь анхны өмчлөгчөөс шилжүүлэн авахаар тохиолцож тус автомашины зогсоолыг 2017.04.04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл М.А эзэмшиж, ашиглаж байна.

“Р” ХХК-тай 2002.11.11-ний өдөр 3/21 дугаартай дулаан гараж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан анхны өмчлөгч О.Б-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргаж дараа нь М.А руу шилжүүлнэ гэсний дагуу нэхэмжлэгч О.Б-, мөн хариуцагч М.А 00 тоот автомашины зогсоолыг худалдаж авсан О.П нар хамт 2017.08.18-ны өдөр Баянзүрх дүүргийн оюуны өмч бүртгэлийн хэлтэст О.Б-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх агуулга бүхий өргөдөл гаргасан боловч материал дутуу гэх үндэслэлээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй болно.

Мөн 2017.08.18-ны өдөр Улаанбаатар хотын банк дахь Баянзүрх дүүргийн Улсын тэмдэгтийн хураамж-бүртгэлийн хэлтэсийн 0000 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 300 төгрөгийг “УТХ Б”, 750 төгрөгийг “Б анхны бүртгэл УТХ 0000” гэсэн гүйлгээний утгатай М.А-д тухайн 00 тоот автомашины зогсоолыг худалдсан О.П-гийн гарын үсэгтэй орлогын мэдүүлэг байна. (хx221-222)

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Б нь Б байрны доор байрлах 00 тоот автомашины зогсоолыг худалдсан, мөн М.А руу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байсан.

2023.02.17-ны өдрийн 1859 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолд “...иргэн М.А, С.П, Т.Э, Т.Б, М.М, Д.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, “Р” ХХК-тай байгуулсан дулаан гараж худалдах, худалдан авах гэрээ, гэрч М.А-гийн гаргасан хүсэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд иргэн М.А 2017.04.04-ний өдөр тухайн дулаан гаражийг гэрч С.П-гээс 20,000,000 төгрөгөөр худалдан авсан байх бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гаргаагүй, үл хөдлөх хөрөнгийг гаргасан боловч бүрдэл шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр буцаасан байна.

О.Б гадаад улсад амьдарч байх тул Т.Э-ад 2023.01.16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах” эрхийг 3 жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. (хх80 тал) С.П, Д.Б нар Б байрны доор байрлах 00 тоот автомашины зогсоолыг худалдсан талаар маргадаггүй бөгөөд гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. (хх-40,41,42,65-66 тал)

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.2-т “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар” гэж заасны дагуу 2023.02.10-ны өдөр хариуцагч М.А О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нар бүртгэлийн 0162 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба түүнд 2023.01.16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах” эрхийг 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгогдсон. (хх-178 тал)

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана”, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заасан байдаг.

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан бөгөөд үндсэн дээр авто зогсоолын өмчлөх эрх шилжсэн үйл баримт тогтоогдож байна. Ингээд 2023.02.14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай гэрчилгээг М.А- өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд хууль ёсны өмчлөгч байх тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл өөр хэлцэлийг халгавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол халхавч хэлцэл ямарваа үр дагаврыг бий болгохыг зоридоггүй, 2023.02.10-ны өдөр хариуцагч М.А нэхэмжлэгч О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нарын байгуулсан гэрээний хувьд 2017.04.04-ний өдөр худалдан авсан 00 тоот автомашины зогсоолыг М.А-гийн өмчлөлд шилжүүлэхээр тус гэрээг байгуулсан, мөн бага татвар төлнө гэж гэрээний үнийн дүнг 3,000,000 төгрөгөөр байгуулан гэрээний үндсэн үнийн дүнг 30,000,000 төгрөг байхаар хэлэлцэн тохиролцсон бол үндсэн үнийн дүнтэй гэрээ байгуулагдсан байх ёстой бөгөөд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 3,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов, 3.2-т нийт төлбөрийг бүрэн төлсөн гэж тусгасан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа авто зогсоолын үнэ 30,000,000 төгрөг үнийг төлсөнөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцсон, ийнхүү тохиролцсон хэлцлийг халхавчилсан хэлцэл хийгдсэн гэх байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй” гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.

4.2. Мөн хариуцагч М.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б миний бие 2024.08.09-ний өдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт яаралтай журмаар Ц оношоор мухар олгой авах мэс засалд орж 3 хоног хэвтэн эмчлүүлж 2024.08.12-ны өдөр эмнэлгээс гарч хөдөлгөөний дэглэм барих шаардлагатай болсон. Ингээд 2024.08.16-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаарх эмнэлгийн магадлагаа болон нэг удаа хойшлуулж өгөх талаарх хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд өөрийн биеэр биечлэн оролцох хүсэл зоригоо илэрхийлсэн байхад хүсэлтийг хангаагүй хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан боловч хариуцагчийн эзгүйд хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь хариуцагч тал татгалзлын үндэслэлээ тайлбарлах, талуудын мэтгэлцэх зарчмаар хангаагүй нь шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2024.08.16-ны өдрийн 210/МА2024/01613 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.14-ний өдрийн 101/ШШ2024/02611 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.14-ний өдрийн 001/ШХТ2024/01374 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч М.А-д холбогдуулан талуудын хооронд 2023.02.10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Нэхэмжлэгч О.Б нь Р” ХХК-тай 2002.11.11-ний өдөр 3/21 дугаартай “Дулаан гараж худалдах, худалдан авах гэрээ” байгуулж Б нутаг дэвсгэрт байрлах Б байрны доор байрлах дулаан гаражаас 14 м.кв (2.8*5.1) талбай бүхий 00 дугаартай зогсоолыг 3000 ам.доллараар худалдан авч, өмчлөх эрхтэй болсон. ... 2023.02.10-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг 3,000,000 төгрөгөөр хариуцагч М.А-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд энэ нь Иргэний Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл болно. Учир нь миний өмчлөлийн 20 дугаартай гаражийн зах зээлийн үнэлгээ нь одоогоор 30,000,000 төгрөг байхад 3,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг, эрмэлзэл нэхэмжлэгчид байхгүй болно. ...Талуудын хооронд үүссэн энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг буюу 30,000,000 төгрөгөөр гараж худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийсэн хэлцлийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд миний дулаан гараж өмчлөх эрхийг ноцтойгоор хөндсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироосон агуулга бүхий гэрээ болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д зааснаар ... хэлцлээр шилжүүлсэн өөрийн өмчлөлийн дулаан гаражийн өмчлөлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч М.А нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... М.А би Б байрны доор байрлах 14 м.кв талбай бүхий 00 тоот автомашины зогсоолыг 2017.04.04-ний өдөр С.П-гээс 20,000,000 төгрөгөөр худалдан авч ... мөнгийг бэлнээр төлсөн. Тухайн үед энэхүү зогсоолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гэж байгаагүй бөгөөд энэ автомашины зогсоолын гэрчилгээг гаргахын тулд заавал хамгийн анхны эзэмшигчийн нэр дээр буюу О.Б-ийн нэр дээр гэрчилгээ гарч байж дараа нь миний нэр дээр шилждэг журамтай байсны дагуу 2017.08.18-ны өдөр С.П нь О.Б-ийг дуудан Баянзүрх дүүргийн Оюуны өмч, бүртгэлийн хэлтэст М.А, О.Б, С.П бид 3 хамт ирж авто зогсоолын гэрчилгээ гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч материал дутуу буюу “Р” ХХК-аас авах бичиг дутуу гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй. ...2023.01.20-ны өдөр ... О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э гэх хүн ... энэ миний авто зогсоол, үл хөдлөх гэрчилгээ нь надад байна гэх зүйлсийг ярьсаны дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугааp хэлтэст гомдол гаргасан. ...Мөрдөн байцаалтын үед ... 00 тоот авто зогсоолыг анх С.П-д зарсан Б нь мөрдөн байцаагчийн хажууд О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э болон С.П- нарыг байлцуулан тус авто зогсоолыг С.П-д зарсан болохоо баталсан тул асуудал тодорхой болсон. Үүний дагуу О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э надруу ярьж бид 2 гэрээ хийж улмаар авто зогсоолыг миний нэр дээр шилжүүлэн гэрчилгээ гарсан. Ийнхүү авто зогсоолыг шилжүүлэхдээ анхны үнээр нь буюу 3,000,000 төгрөгөөр үнэлж гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Худалдан авснаасаа хойш 6 жилийн турш авто зогсоолын дулаан, цахилгаан бусад төлбөрөө тасралтгүй төлж ирсэн. ...Миний бие Б байрны доор байрлах 14 м.кв талбай бүхий 00 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгч бөгөөд ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, О.Б нь өөрийн төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцсон, түүний итгэмжлэлийг гэрээнд хавсаргасан, хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх М.А-д үүсэж, өмнөх өмчлөгч О.Б-ийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, энэхүү хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр авто зогсоолын өмчлөх эрх шилжсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэв. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д “үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 3,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов”, 3.2-т “нийт төлбөрийг бүрэн төлсөн” гэж тусгасан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа авто зогсоолын үнэ 30,000,000 төгрөг, үнийг төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцсон, ийнхүү тохиролцсон хэлцлийг халхавчилсан хэлцэл хийгдсэн гэх байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, түүний өөрийн хүсэлтээр хийгдсэн маргаж буй авто зогсоолыг 30,265,492 төгрөгөөр үнэлсэн “Х” ХХК-ийн 2023.09.18-ны өдрийн үнэлгээний тайланг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. Учир нь дээрх үнэлгээ талуудын хооронд 2023.02.10-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш, зөвхөн худалдагч талын хүсэлтээр хийгдсэн байгаа нь талууд авто зогсоолын үнийг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон илэрхийлэл гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл үнэлгээний тайланг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”, 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн”, 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцсэн гэж үзэхээргүй байна. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...дээрх гэрээг байгуулах үед С.П нь маргаан бүхий авто зогсоолын өмчлөгч байгаагүй тул хариуцагч М.А-д уг авто зогсоолыг худалдах эрхгүй юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хийгдсэн 2023.02.10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь, худалдагч нь дээрх худалдах, худалдан авах гэрээгээр авто зогсоолыг 3,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориггүй байсан ба бодит байдалд нийцэхгүй үнийг гэрээнд заасныг хариуцагч мэдсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, 2017.04.04-ний өдөр уг авто зогсоолыг С.П-гээс хариуцагч М.А 20,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх хэлцлийг халхавчлах зорилгоор 2023.02.10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. ...Иймд нэхэмжлэгчээс дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн авто зогсоолыг буцаан шилжүүлэхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ. Харин уг хэлцлээр худалдан авагч нь авто зогсоолын үнийг төлөөгүй тул харилцан буцаах үр дагавар үүсэхгүй.” гэсэн дүгнэлт хийжээ.  

11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан өмчийн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар зөрүүтэй дүгнэж, өөр өөр шийдэл гаргасан ба энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

12. Зохигч талууд 2023.02.10-ны өдрийн Б байрны зоорийн давхарын 00 тоот, 14 м.кв талбай бүхий, авто зогсоолын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргажээ.

13. Давж заалдах шатны шүүх дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ өмчлөх эрхийг үүсгэсэн үүргийн хэлцлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

14. Хэргийн баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч О.Б- 2002.11.11-ний өдөр “Р” ХХК-аас 3000 ам.доллараар худалдан авсан боловч өөрөө эзэмшиж ашиглаагүй, ах Д.Б-ын мэдэлд ашиглуулж байсан, Д.Б нь 2011 оны 06 сард С.П-д 13,000,000 төгрөгөөр худалдаж, улмаар хариуцагч М.А 2017.04.04-ний өдөр С.П-гээс 20,000,000 төгрөгөөр худалдан авч тэдгээрийн хооронд үүргийн хэлцэл байгуулагдсан, уг үл хөдлөх эд хөрөнгийн  өмчлөгчөөр нэхэмжлэгч О.Б 2023.01.16-ны өдөр улсын бүртгэлд анх удаа бүртгэгдэж, зохигчийн хооронд 2023.02.10-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрх О.Б-ээс хариуцагч М.А-д шилжсэн, одоо маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэйгээс гадна тэрээр 2017 оноос хойш эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон.

15. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцлийг заасан бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл буюу үнийн талаарх тохиролцоо бодитой биш, талуудын хүсэл зоригийг илэрхийлээгүй гэж тайлбарлажээ.

16. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлгэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино.[1]

Эндээс үзвэл зөвхөн гэрээнд заасан үнийн талаарх тохиролцоо нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд нийцээгүй нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхэд хангалтгүй ба өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн байх буюу тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.

17. Нэхэмжлэгч О.Б болон хариуцагч М.А нарын хооронд 2023.02.10-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл мөн боловч нэхэмжлэгч О.Б-ээс хариуцагч М.А-д үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн өмчийн хэлцэл нь энэ үүргийн хэлцэлд суурилаагүй. Үүнээс өмнө хийгдсэн бусад үүргийн хэлцэлд үндэслэсэн тул хүчин төгөлдөр өмчийн хэлцэл гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл 2023.02.10-ны өдрийн 3,000,000 төгрөгөөр гараж худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн хэлцлийн шинжийг агуулсан хэдий ч гаражийн өмчлөх эрх шилжих үйлдэл нь энэхүү хэлцэл дээр суурилаагүй байна.

Хийсвэрлэх зарчмын хүрээнд өмчийн хэлцлийг хүчингүй гэж үзэхэд үүргийн хэлцлийг хүчингүй болгосон үндэслэл шууд нөлөөлөхгүй бөгөөд өмчийн хэлцэл хүчин төгөлдөр бус байхын тулд түүнийг хүчингүй гэж үзэх үндэслэл тусдаа тогтоогдсон байхыг шаардана.

Тодруулбал зохигчийн тайлбар болон хэргийн баримтаас үзэхэд дээр дурдснаар нэхэмжлэгч О.Б-ийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анх худалдан авахад өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан ба нэхэмжлэгч хариуцагчийн хэн аль нь 2017 онд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар харилцан тохиролцож байсан боловч бичиг баримтын бүрдэл дутуугаас хэлцэл хийгдээгүй, нэхэмжлэгч  ах Д.Б нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.П-д худалдсан болох нөхцөл байдлыг үгүйсгээгүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч О.Б нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хариуцагч М.А-д өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгө үүргийн хэлцлийн дагуу Д.Б-аас С.П-д, С.П-гээс М.А-д шилжсэн тухай үйл баримтыг мэдэж, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Эдгээр хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжих өмчийн хэлцэл хийгдсэн байна.

18. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулахад хэлбэрийн тусгайлсан шаардлага тавигддаггүй тул маргаан бүхий эд хөрөнгийг Д.Б-аас С.П-д, С.П-гээс М.А-д шилжүүлэхэд өмчийн хэлцэл байгуулагдаагүй хэдий ч энэ нь эдгээр үүргийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

19. Иймээс нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанчлан талуудын хооронд 2023.02.10-ны өдөр байгуулагдсан 30,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг 3,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл мөн боловч энэ хэлцэлд суурилж өмчлөх эрх шилжээгүй, харин үүргийн бусад хэлцэлд суурилсан тул энэ агуулгаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх шаардлага хангагдах боломжгүй.

20. Түүнчлэн нэхэмжлэгч О.Б нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.А-д шилжүүлэх хэлцлийг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийг худалдах эрхийг 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр 2023.01.16-ны өдөр Т.Э-ад олгож, төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцсон нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр нэхэмжлэгчийн өмчлөх эрх дуусгавар болсон байна.

21. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01613 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/02611 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.А-гаас 2024.09.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

Н.БАТЧИМЭГ

Д.ЦОЛМОН

 

 

[1] УДШ, Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай, 2010, тогтоол №17,