Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2017/0128/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ***ад холбогдох эрүүгийн 201709000174 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, 1968 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн ****тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд: 1.Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил 8 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн, 2.Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

Шүүгдэгч *** нь 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр ***тэй маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ***ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө намайг Хонгор сумын Салхит багт эгч ***ийн гэрт байхад эхнэр *** Улаанбаатараас вагоноор Салхит руу гарч байна шөнө очноо надад мөнгө байна нэг шил архи авлаа шүү гэхлээр нь би яах гэсэн юм бэ гээд өөрөө мэд гэж хэлсэн. Ингээд шөнө 01 цаг өнгөрөөгөөд *** ирээд эгчийнд хамт хоносон. Тэгэхдээ авч ирсэн архийг нь эхнэр *** бид 2 хувааж уугаад согтоод унтсан. Маргааш өглөө нь *** унтаж үлдээд би гэртээ харьсан. Би гэртээ хариад охины өгсөн 10 000 төгрөгөөр 0,5 литрийн архи аваад гэртээ нэг залуутай уугаад нөгөө залуу явж би согтоод унтсан. Өдөр нь 16 цагийн үед эхнэр гаднаас ирээд хамт байж байтал Нэргүй гэх эмэгтэй орж ирээд ***ийг дагуулаад архи ууна гээд гараад орой 21 цагийн үед согтуу орж ирээд Нэргүй яваад *** бид 2 гэртээ үлдээд нэг нэгнийгээ архи уулаа гээд маргалдаад би эхнэрийг нэг удаа алгадсан гэх мэдүүлэг, Хохирогч ***ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Би нөхөр Ганбатын хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багт оршин суудаг. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байхаа би Улаанбаатар хот руу ажлаар яваад буцаж Салхитад шөнө вагоноор ирээд хадам эгчийндээ Ганбаттай хамт очиж хоносон. Ингээд өглөө нь намайг унтаж байх хооронд Ганбат миний түрийвчинд байсан 10 000 төгрөгийг аваад гараад явчихсан байсан. Тэгэхээр нь би босоод гэртээ очтол гэр эзгүй байхаар нь гэртээ байж байтал өдөр 11 цагийн үед Ганбатыг согтуу орж ирэхлээр нь -чи миний Дархан явах зардлын мөнгийг авчихлаа гээд уурлаад хэрүүл хийсэн. Ингээд Ганбат гарч яваад шөнө 22 цагийн үед орж ирэхдээ намайг жижиг өрөөнд орон дээр унтаж байтал миний толгой руу өшиглөөд үснээс зулгааж, хана мөргүүлж зодсон. Тэгэхлээр нь би охиноо дуудаж хадам эгчийндээ хүргүүлээд охин цагдаа, эмч дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 7/, Гэрч Е.***ийн мөрдөн байцаалтад өгсөн: Миний төрсөн дүү *** 2017 оны 02 дугаар сарын 17-ний өдөр байхаа би өдрийг нь сайн санахгүй байна утсаар залгаад Ганбат намайг зодоод байна гэж хэлсэн. Ганбат, *** хоёр суугаад 28 жил болж байгаа дундаасаа 4 хүүхэдтэй. Хоёулаа архи уугаад согтуугаасаа болоод нэгнийгээ зодоод байдаг байх. 2010 онд Ганбат нь ***ийг зодож эрүүг нь хугаласан байсан. Ганбат нь эрүүлдээ зан араншин нь гайгүй согтохоороо авир ихтэй гэх мэдүүлэг /хх-ийн 8/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016.02.20-ны өдрийн 250 дугаар дүгнэлт: 1.***ийн биед тархи доргилт, нүүрний цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖурмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.***ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 11/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 26-27, 34/ зэрэг болно. Шүүгдэгч *** нь 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр ***тэй маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь тархи доргилт, нүүрний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд хохирогчийн өгсөн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч *** нь сүүлд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан бөгөөд түүний ялтай байдал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар дууссан байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Гэсэн хэдий ч хохирогч *** нь шүүгдэгч ***тай шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд энэ нь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***ыг согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.БАТЖАРГАЛ