Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1025

 

 

 

 

 

 

 

2020           9             3                                              2020/ДШМ/1125                       

 

 

Н.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

шүүгдэгч Н.Х,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/434 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2017 2502 0005  дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Түшээт жанжин гүнийхэн овгийн  Н.Х, 1989 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................../;

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,  

Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

            Н.Х нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 8096 тоотод оршин суух Ш.Эийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орон байранд нэвтэрч, “Sharp” загварын, 32 инчийн LCD зурагт, “Panasonic” загварын, 37 инчийн LCD зурагт зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 478.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бусадтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 5076 тоотод оршин суух А.Бын монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орон байранд нэвтэрч “TCL” загварын, 32 инчийн LCD зурагт, гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Хгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Хг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хг эд  хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Н.Хд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 37 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Хд оногдуулсан 2 жил 1 сар 7 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хгийн цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Н.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Хд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт үйлдэлдээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо мөрдөн байцаалтын явцад ажил хийж барагдуулсан. Цаашид өөрийн хүч хөдөлмөрөөр ажил хийж, амьдралаа зөв зүгт чиглүүлж, ухамсартай амьдрах болно. Мөн би үйлдэл оролцооны хувьд гадаа хүн харж зогсдог, өөрийн биеэр хулгай хийж байгаагүй юм.

Миний хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайн үйлдлүүдээ нэгтгэж, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс энэ 2 хэргийг нэгтгэж 1 шийтгэх тогтоолоор буюу Шинэчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хөнгөрүүлж, шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.

Та бүхэн миний хэргийг шийдвэрлэхдээ эцсийн удаа энэрэнгүй хандаач гэж хүсэж байна. Би цаашид дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй амьдрах болно. Өөрийн буруутай үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. Дахиж ийм ухамсаргүй үйлдэл гаргахгүй гэдгээ баталж байна. ...” гэв.

Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Хгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.Хд холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

            Н.Х нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 8096 тоотод оршин суух Ш.Эийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орон байранд нэвтэрч, “Sharp” загварын, 32 инчийн LCD зурагт, “Panasonic” загварын, 37 инчийн LCD зурагт зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 478.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бусадтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 5076 тоотод оршин суух А.Бын монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орон байранд нэвтэрч “TCL” загварын, 32 инчийн LCD зурагт, гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Эийн “... 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэртээ иртэл манай хашаанд байх 2 монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орсон байсан. Манай гэрээс “Sharp” загварын, 32 инчийн LCD зурагт, манай дүүгийн гэрээс “Panasonic” загварын, 37 инчийн LCD зурагт тус тус алдагдсан. ...” /1хх 25-26/,

Хохирогч О.Г-ын “... манай хашаанд амьдардаг Эрдэнэчимэг залгаад “зурагт алга, хулгай орчихсон байна” гэхээр нь гэртээ очтол Эрдэнэчимэг эгчийн хаалганы цоожийг эвдлэн хулгай ороод зурагт, зэс данх зэрэг эд зүйл алдагдсан байсан. Манай монгол гэрийн хаалганд зүүлгээстэй байсан хар өнгийн цоожийг эвдэж ороод хойморт байсан “Panasonic” загварын, 37 инчийн LCD зурагт авсан байсан. ...” /1хх 130-131/,

Хохирогч А.Бын “... Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 23-507 тоотод байрлах манай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн “TCL” загварын, 32 инчийн LCD зурагт, хөдөөнөөс ирсэн ахын марк тодорхойгүй утас зэрэг эд зүйл алдагдсан. ...” /1хх-204/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-16, 197-200/, хохирогч О.Ганбатад зурагт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 132/, эд зүйлийн үнэлгээ /1хх 35, 212/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Н.Хг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

  Прокуророос шүүгдэгч Н.Хгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Н.Х  нь “... хулгайн үйлдлүүдээ нэгтгэж, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний эрх зүйн байдлыг дордуулахгүйн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хөнгөрүүлж, шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 37 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/434 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/434 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ