| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2021/01217/И |
| Дугаар | 181/ШШ2021/01869 |
| Огноо | 2021-10-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2021/01869
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.О/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М сургууль/РД: /-д холбогдох,
Шийдвэрийг хүчингүй болгуулж,ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяа, Б.Батжаргал, М.Нармандах, В.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Александерийн О миний бие нь М СУРГУУЛЬ-ийн бакалавр, магистр, БНСУ-д доктор, Япон улсад пост-док, АНУ-д зочин профессороор ажиллаж байгаад, 2012 онд М СУРГУУЛЬ-д багшаар орж ажиллан, өнөөдрийг хүртэл М СУРГУУЛЬ-ийн ШУС-ийн БУС-ийн Газар зүйн тэнхимийн багш, дэд профессороор ажиллаж байна.
Анх 2020 оны 6 дугаар сарын М СУРГУУЛЬ-ийн Эрдмийн дугуй танхимд явагдсан М СУРГУУЛЬ-ийн ШУС-ийн БУС-ийн Газар зүйн тэнхимийн хурал, мөн өдрийн М СУРГУУЛЬ-ийн ШУС-ийн захирлын өрөөнд явагдсан М СУРГУУЛЬ-ийн ШУС-ийн Захиргааны зөвлөлийн хурлуудаар А.О багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан ба тухайн хурлууд нь
- 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 14 дүгээр Газар зүйн тэнхимийн хурлын тэмдэглэл
- 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар М СУРГУУЛЬ-ийн ШУС-ийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр баталгаажсан ба А.О намайг ажлаас халсан гэсэн шийдвэрийг мэдэгдсэн ба тус тус хурлуудаас гарсан “Хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу Ажлаас чөлөөлөх” шийдвэртэй санал нийлээгүй тулд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, С.Хишигбат шүүгч дээр хуваарилагдаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
Энэ хооронд хариуцагч талаас хурал хийж, шийдвэрээ гаргасан гэсэн атлаа ажлаас халах тушаалыг бичгээр гардуулан өгөхгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор шийдвэрээ бичгээр гардаж аваагүй ч энэхүү хурлын тэмдэглэл шийдвэрийг нэхэмжлэлдээ хавсаргаж ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг 2020 оны 07 дугаар сард шүүхэд гаргасан.
Гэтэл хариуцагч нэхэмжлэлийг гардаж 2020 оны 09 дүгээр сард хариу тайлбар гаргахдаа А.Орхонсэлэнгийг ажлаас чөлөөлөөгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй гэсэн хариу тайлбарыг шүүхэд өгсөн байдаг ба энэхүү хэргийг н.Хишигбат шүүгч нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15:30 минутанд зарласан шүүх хуралдаанаараа хэлэлцэж, хариуцагч тал нь нэхэмжлэлийг ажлаас халаагүй тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Энэ хооронд А.О багш нь өөрийг нь халаагүй гэх үйл баримтыг мэдэж эхэлсэн ба А.О багшийг АНУ-ын Фульбрайт хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Аляскийн Фэйрбанкс Их сургуульд пост доктороор урьж, судалгааны ажилд хамтран ажиллах урилга ирүүлсэн байсан ба Covid 19-ийн улмаас энэхүү хөтөлбөр нь удаа дараа хойшлогдоод байсан билээ. Энэ нь олон улсын нэр хүндтэй хөтөлбөр бөгөөд Монгол улсын болон М СУРГУУЛЬ-ийн нэр хүндийг олон улсад гаргаж, сургуулиудын хоорондын сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой, оюутан, судлаачдад үр өгөөжтэй нь мэргэжлийн хүрээнд олон улсын судалгааны чиглэл бүхий номыг хамтран гаргах байсан бөгөөд энэхүү хүрээнд номоо хэвлүүлэх ажлыг хамтран эхлэх байсан.
Гэтэл Фульбрайт хөтөлбөрийн дүрэм болон МУ-ын УОК-ын шийдвэр бүхий тусгай нислэгийн хуваариас хамаарч 2020 оны 03 дугаар сард хөтөлбөр хэрэгжиж эхлэх болсонтой холбоотойгоор АНУ-руу мэргэжил дээшлүүлэхээр явах болсон тул М СУРГУУЛЬ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.3.7, 7.3.1, 7.3.4-д дурдсны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр М СУРГУУЛЬ-ийн ШУС-ийн БУС-д цалингүй 7 сарын чөлөө олгох өргөдлийг гаргасан. Шүүх дээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй маргаан явж байсан ч, А.О намайг ажлын байраар хангаж, хичээл заах боломж олгоогүй ч зохих журмын дагуу чөлөө авах өргөдлөө гаргасан байсан.
Миний энэхүү чөлөө авах өргөдлийг М СУРГУУЛЬ-ийн ШУС-ийн БУС-ийн Газар зүйн тэнхимийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаар “Газар зүйн тэнхимийн хурлын тэмдэглэл”-ээр баталгаажсан хурлаар шийдвэрлэхдээ “ажлаас нь халсан хүний ажлаас чөлөө авах асуудлыг хэлэлцэх боломжгүй, тийм учир чөлөө олгох боломжгүй” гэх утгаар А.О багшийн чөлөө авах өргөдлийг шийдвэрлэж, чөлөө олгохгүй гэсэн шийдвэрт хүрсэн байдаг. Энэ хооронд М СУРГУУЛЬ-аас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр н.Хишигбат шүүгч дээр үүссэн хэрэгт энэ хүнийг ажлаас халаагүй гэх утгатай тайлбараар иргэний хэргийг шийдвэрлүүлж, хариу тайлбараа өгч байсан.
Гэтэл МУ-ын тусгай үүргийн онгоцны хуваарь болон Фульбрайтын хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаа тулгамдсан тул А.О багш нь АНУ руу явах тусгай үүргийн онгоцоор АНУ руу ниссэн бөгөөд энэ хооронд буюу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаар багш А.Орхонсэлэнгийн “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” шийдвэр, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/21 дүгээр “А.Орхонсэлэнгийн ажлыг хүлээлцүүлэх комисс томилох тухай” тушаалууд А.О багшийн orkhonalex@gmail хаяг руу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ирсэн байдаг.
Энэхүү тушаалын үндэслэл нь зохих журмын дагуу чөлөө авахгүйгээр ажлаа хаяж яван ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр А.О багшийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх бүгдээс үзвэл шүүх дээр маргаантай байхад, мөн ажлаас халаагүй гэж шүүх дээр тайлбарладаг атлаа ажлын байран дээр ажлаас халсан мэт нөхцөл байдалтайгаар харьцаж, ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, албан ёсны чөлөө бүхий хүсэлтийг шийдвэрлэхгүй хоёр үзүүртэй зүү шиг аашлах явцдаа дахин А.О багшийн хөдөлмөрлөх эрхэнд халдаж, хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан байх тул 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаар багш А.Орхонсэлэнгийн “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.
Мөн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А.О миний цалинг үндэслэлгүйгээр зогсоосон ба миний бие шүүхэд хандсны дагуу 2020 оны 6 дугаар сараас цалинг буцаан олгож эхэлсэн. Мөн 2020 оны 6 дугаар сард ээлжийн амралтын олговрыг маань үндэслэлгүйгээр хасч олгосонг шүүхэд хандахад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00060 дугаар шийдвэр гарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. А.О миний бие тэнхимийн эрхлэгчтэйгээ тоогүй харилцаатайн улмаас ийнхүү удаа дараа ийм байдалд өртсөөр байгаа бөгөөд миний зүгээс эрдэм шинжилгээний ажлаа чөлөөтэй хийж, оюутан, судлаач нарт тус дэм болж, салбартаа сайн боловсон хүчин бэлдэх л ашиг сонирхолтой болно.” гэв.
Хариуцагч М сургууль шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Орхонсэлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
А.О нь М СУРГУУЛЬ-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газар зүйн тэнхимд багшаар ажиллаж байгаад захирлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.
Тус тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болохыг нотолж дараах тайлбарыг гаргаж байна.
1. А.О багш нь М СУРГУУЛЬ-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд 13 кредит А цагийн ногдол бүрэн хийх үүрэгтэй болохоо мэдсээр байж хичээл тасалж, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байна.
Тухайлбал: Шинжлэх ухааны сургуулийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дүгээр хурлаар Газар зүйн тэнхимийн багш А.Орхонсэлэнгийн хичээл зохицуулалтын асуудлыг хэлэлцсэн. Тус хуралд багш А.О өөрийн биеэр оролцсон болох нь хурлын протоколд захиргааны зөвлөлийн хуралд тус сургуулийн захирал Д.Заяабаатар хэлэхдээ: “... Тэнхимийн үйл ажиллагаандаа оролцоод хуралдаа суугаад, дотоод ажилдаа тэнхимийн эрхлэгч хянаад боломжтой, боломжгүйг хичээл сонгол руу оруулж нээж өгнө. О багш 13 кредит бүрэн хийнэ...”, “... Энийг захиргааны зөвлөлийн протоколд тэмдэглээд энэ асуудал дээр ийм байдлаар явна ...” гэсэн. Тус хуралд А.О багш нь өөрийн биеэр оролцсон болохыг дахин тодотгож байна.
2. Багш, ажилтанд чөлөө олгох асуудлыг М СУРГУУЛЬ-ийн Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан байдаг. М СУРГУУЛЬ-ийн Хөдөлмөрийн дотод журмын 7.1.7-д “Чөлөө олгох тушаалыг нөхөн гаргаж, тушаал гараагүй байхад чөлөө эхлүүлэхийг хориглоно” гэж заасан. Гэтэл А.О багш нь чөлөө олгох тушаал гараагүй байхад ажлаа орхиж явсан нь Хөдөлмөрийн гэрээ болон М СУРГУУЛЬ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.7 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.
3. М СУРГУУЛЬ-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал болон А.О багшийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “... Багш нь нэг сарын хугацаанд 3 ба түүнээс дээш удаа хичээл тасалсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан...” бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцсон бөгөөд А.О багш нь дээрх хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
М СУРГУУЛЬ-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд нэхэмжлэгч А.О багшийн заах 4 хичээлийг нийт 42 оюутан баталгаажуулсан болох нь Сиси мэдээллийн системд бүртгэгдсэн байна. Эдгээр оюутнуудын хичээл сургалтын үйл ажиллагааг алдагдуулсан тул М СУРГУУЛЬ-ийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар А.О багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.О хариуцагч М сургуульд холбогдуулан шийдвэрийг хүчингүй болгуулж, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газар зүйн тэнхимийн дэд профессорын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч М сургууль нь тушаал хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.О хариуцагч М сургуульд холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулж, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газар зүйн тэнхимийн дэд профессорын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлээс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газар зүйн тэнхимийн дэд профессорын албан тушаалд ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.5.2 дахь хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь захиргааны чөлөө олгох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад чөлөөг эхлүүлэн, 2021 оны 02 дугаар сард 3 ба түүнээс дээш удаа хичээл тасалж, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан.”, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан.
2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.5.2-ын 3-т “Багш нэг сарын хугацаанд 3 ба түүнээс дээш удаа хичээл тасалсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэжээ.
Хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмыг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шинэчлэн баталсан болох нь хариуцагчийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/199 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын 7-ийн 7.3.4-т “Нэг сараас дээш хугацааны цалингүй чөлөөг холбогдох бүрэлдэхүүн/салбар сургууль, газар ... нэгжийн удирдлагын зөвшөөрлийг үндэслэн М СУРГУУЛЬ-ийн захирлын тушаалаар олгоно.” гэжээ.
Хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/333 дугаар тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлын сургалтын үйл ажиллагааг сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу цахим хэлбэрээр, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 дугаар тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн болох нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/333 дугаар тушаалын болон А/333 дугаар тушаалын хавсралтын хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 дугаар тушаалын болон А/17 дугаар тушаалын хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн намрын улирлын сургалтын хичээл сонголт, баталгаажуулалт 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 31-ний өдөр хүртэл, 2021 оны хаврын улирлын хичээл сонголт, баталгаажуулалт 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хийгдэж, 2021 оны хаврын улирлын хичээл 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлсэн болох нь Намрын улирлын сургалтын нэгдсэн төлөвлөгөө болон Хаврын улирлын сургалтын нэгдсэн төлөвлөгөөгөөр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг хичээл сонголтын СиСи программд оруулаагүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн заах хичээл нь хичээл сонголтын программд орж сонгогдсон байсан болох нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр буюу нэхэмжлэгчийн чөлөө хүссэн болон өдөр бүр 12 цаг 00 минутаас 15 цаг 00 минут хүртэл хичээл заах тухай цахим шуудангийн хуулбар, мэргэжилтэн Д.Эрдэнэжаргалын хичээл бүртгэлийн талаарх тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн дотоод журмын 7-ийн 7.3.4-т зааснаар цалингүй чөлөө олгох тухай тушаал гараагүй байхад буюу 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гадаад улсруу зорчиж буцаж ирээгүй байгаа болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн № 2-4в/3958 лавлагаа, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын дэд захирал Д.Батжаргалд 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 7/долоо/ сарын хугацаатай чөлөө хүссэн цахим шуудан явуулж, дэд захирал Д.Батжаргал нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр татгалзсан хариу өгсөн болох нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, А.Орхонсэлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өргөдлийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 дугаар тушаал болон А/17 дугаар тушаалын хавсралтад зааснаар нэхэмжлэгч нь цахимаар хичээл заах үүрэгтэй байсан байх боловч 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хичээл заагаагүй болох нь Д.Эрдэнэжаргалын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь чөлөө олгосон шийдвэр гараагүй байхад буюу 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гадаад улсруу зорчиж, Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.5.2-ын 3-т заасан нэг сарын хугацаанд 3/гурав/ ба түүнээс дээш удаа хичээл тасалж, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан болох нь Хаврын улирлын сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Д.Эрдэнэжаргалын тайлбар, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн № 2-4в/3958 лавлагаа, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.5.2-ын 3-т заасан нэг сарын хугацаанд 3/гурав/ ба түүнээс дээш удаа хичээл тасалж, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан байх тул хариуцагчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгуулж, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газар зүйн тэнхимийн дэд профессорын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч А.Орхонсэлэнгийн шийдвэрийг хүчингүй болгуулж, эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М сургуульд даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ