Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2021/01881

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 1-р 40 мянгат гудамж, 3-р байр, 19 тоотод оршин суух, Намхайцэрэн овогт Ганбатын Г/РД: ХГ75122162/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, “М” ХХК/РД: 2072572/-д холбогдох

 

8 612 583 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Г нь “М” ХХК-ийн үүрэн холбооны 9909 0666 дугаарын хэрэглэгч юм. “М” ХХК-иас үүрэн холбооны 9909 0666 дугаарын олон улсын дата роуминг үйлчилгээний төлбөрт хэрэглэгч Г.Гас 8,612,583 төгрөг нэхэмжилсэн.

Г.Г 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэмж 500,000 төгрөгийн барьцаа байршуулан ярианы роуминг үйлчилгээний гэрээ байгуулсан. Г.Г нь Сингапур улсаас 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 08:00 цагт нисэн, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 12:05 цагт Хонгконг улсад, 2019 оны 6 сарын 17-ны өдрийн 04:30 цагт Хонг Конгоос нисэн Улаанбаатар хотод 08:55 цагт буусан. Хэрэглэгч Г.Г нь тухайн улсуудад байсан хэдий ч роуминг дата үйлчилгээг огт ашиглаагүй байтал их хэмжээний төлбөр гарсан бөгөөд ийнхүү төлбөр гарсан нь дугаараа чөлөөтэй ашиглах боломжгүй болгосон юм. Зайлшгүй шаардлагаар дугаараа ашиглахаас өөр аргагүй байсан тул гарсан төлбөрийг бүрэн төлснөөр дугаараа ашиглаж байна.

“М” ХХК-ийн үүрэн холбооны үйлчилгээний хэрэглэгч болсноосоо хойш төлбөрийн ямарваа нэгэн асуудал огт гаргаж байгаагүй бөгөөд хэрэглэсэн хэрэглээнийхээ төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй байдаг. Харин энэхүү дата роуминг үйлчилгээний төлбөр нь огт үндэслэлгүй байна. Сингапур улсад ажиллаж амьдарч байхдаа Сингапурын үүрэн холбоог ашигладаг байсан бөгөөд Монгол улс руу ирэх замдаа Хонг Конг улсаар дамжин өнгөрөхөд ийм хэмжээний дата роуминг ашигласан гэх ямар ч үндэслэлгүй юм. Мөн Хонг Конг улсаар дамжин өнгөрөхөд онгоцны буудалд үнэгүй интернет ашиглах боломжтой байдгийг хэн бүхэн мэдэх бөгөөд олон улсын дата роуминг үйлчилгээг ашиглах ямар ч шаардлагагүй байдаг.

Хариуцагчийн зүгээс нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуултал үйлчилгээг үргэлжлүүлэн авахын тулд гарсан гэх төлбөрийг бүхэлд нь төлөхөөр өөр аргагүй болсон. Нэхэмжлэгчийн хувьд аваагүй үйлчилгээнийхээ төлөө төлбөр төлөхгүй гэж үзэж байгаа болно.

Үүрэн холбооны роуминг үйлчилгээний талаар үүссэн маргаантай асуудлаар аль болох эвийн журмаар шийдвэрлүүлэхээр хариуцагчид гомдол гарган, хариуг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 14/4910 дугаартай албан тоотоор авсан ба хэрэглэгч нь өөрийн ашиглаж байгаа гар утасны дата тохиргоог асааж унтраах үйлчилгээг ашиглах эсэх шийдвэрийг зөвхөн өөрөө гаргадаг тул гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн байдаг.

“М” ХХК-ийн хариуг огт хүлээн зөвшөөрөхгүй байх тул эрхээ хамгаалуулахаар Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй болсон.

“М” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан үүрэн холбооны үйлчилгээний гэрээнд зааснаар үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. “М” ХХК нь гэрээгээр тохиролцсон үйлчилгээгээ үзүүлээгүй мөртлөө төлбөрөө нэхэмжлэн авсан. Талууд үйлчилгээний гэрээ байгуулахдаа ярианы роуминг үйлчилгээний нөхцлийг харилцан тохирч хүлээн зөвшөөрсөн. Ярианы роуминг үйлчилгээний барьцаанд 500,000 төгрөгийг байршуулсан. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 231.1.4 дэх хэсэгт “... Үүргийн гүйцэтгэлийг дараах аргаар хангана: 231.1.4. барьцаа ...” гэж, 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт “... Барьцаа үүсэх үед тодорхойлж болох ирээдүйд бий болох, болзол тавьсан шаардлагыг, эсхүл талуудын харилцан тохиролцсон аливаа үүргийг хангахад барьцааг хэрэглэж болно ...” гэж тус тус зааснаар төлбөр гүйцэтгэх үүрэгт эд хөрөнгө барьцаалсан бөгөөд үйлчилгээ авсан төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон. Улмаар хариуцагч нь барьцаа хөрөнгийн хэмжээнд үйлччилгээ үзүүлэх үүрэгтэй байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс үйлчилгээний гэрээнд заасан үйлчилгээг үзүүлээгүй, үйлчилгээг барьцаа хөрөнгийн хэмжээнд үзүүлэх ёстой гэж марган төлөгдсөн төлбөрийг гаргуулахаар шаардаж байна.

Иймд үүрэн холбооны 9909 0666 дугаарын олон улсын дата роуминг үйлчилгээний төлбөр 8,612,583/найман сая зургаан зуун арван хоёр мянга таван зуун наян гурав/ төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас буцаан гаргуулан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч Г.Гантулгын өмгөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчилгээний гэрээ ерөнхий гэрээ. Ярианы роумингийн гэрээ байгуулсан. Гэрээний 5-ын 5.2.2-т дата роуминг үйлчилгээнээс хэтэрсэн тохиолдолд үйлчилгээг хязгаарлана. 5-ын 5.2.5-д хэмжээ дуусвал үйл ажиллагааг хязгаарлана. Мбарьцаа хөрөнгийн хүрээнд хязгаарлаагүй өөрөө үүргээ биелүүлээгүй.” гэв.

 

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

1. Г.Г нь “М” ХХК-ийн 99090666 дугаарыг ашигладаг бөгөөд уг дугаар дээр шинэ үйлчилгээ авахаар 2018 оны 4-р сарын 25-ны өдөр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гэрээгээ шинэчлэн “MyMobi” үйлчилгээний хугацаатай багцын үйлчилгээ авах, мөн шинээр роуминг үйлчилгээ авах хүсэлт гарган роуминг үйлчилгээний гэрээ байгуулан барьцаа 500,000 төгрөг нэмж байршуулсан байна.

2. Г.Г нь байгуулсан гэрээнийхээ дагуу олон улсын дата роуминг үйлчилгээг авсан бөгөөд төлбөр бодогдсон өдрүүдэд нэр бүхий улсуудад/Сингапур, Хонг-Конг/ дата роуминг үйлчилгээг ашигласан байдаг.

3. Тухайн хэрэглэгч нь өөрийнхөө гар утасны дата роуминг цэсийг идэвхжүүлэх, унтраах үйлдлийг өөрөө сонгон хийдэг гэдгийг хэн бүхэн мэдэх тул огт ашиглаагүй гэх тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй тайлбар юм.

4. М ХХК-ны зүгээс хэрэглэгчтэй байгуулсан гэрээнийхээ хүрээнд үйлчилгээгээ үзүүлсэн бөгөөд хэрэглэгчийн хэрэглээний төлбөрийн мэдээлэл, хэрэглээгээ хянан, хэрэв үйлчилгээг авах шаардлагагүй бол хаах боломжтой тухай анхааруулах зурвас буюу мессежийг 2019 оны 06 сарын 15-ны өдөр удаа дараа хэрэглэгчийн 99090666 дугаарт хүргүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Г хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 99090666 дугаарын олон улсын дата роуминг үйлчилгээний төлбөр 8 612 583/найман сая зургаан зуун арван хоёр мянга таван зуун наян гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “М” ХХК нь гэрээнийхээ дагуу олон улсын дата роуминг үйлчилгээг авсан гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 41090966 дугаар Үйлчилгээний гэрээний дагуу 99090666 дугаарыг эзэмшиж, ашигладаг болох нь 41090966 дугаар Үйлчилгээний гэрээний болон хэрэглэгчийн хувийн мэдээллийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ярианы роуминг үйлчилгээний гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-г байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Үйлчлэгч, хэрэглэгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг Иргэний хуульд заасны дагуу гэрээгээр зохицуулна.”, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч .... өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.” гэж заасан.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь гадаад оронд зорчихдоо өөрийн үүрэн холбооны дугаар, гар утсаа ашиглан хариуцагчтай гэрээ байгуулсан операторуудын сүлжээг ашиглах үйлчилгээг хариуцагч үзүүлэхээр заасан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуульд шууд нэрлэгдээгүй, өвөрмөц агуулга бүхий тус Гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний шинжтэй, хуульд нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Гэрээг байгуулсан боловч олон улсын дата роуминг үйлчилгээг ашиглах гэрээ байгуулаагүй гэж маргаж байна.

 

Гэрээний 1-ийн 1.1, 1.1.4, 5-ын 5.4, 5.4.1-т зааснаар нэхэмжлэгч нь ярианы роуминг үйлчилгээг идэвхжүүлэхэд Дата үйлчилгээг ашиглан дата, контент, программ хангамж, апликейшн татах, ашиглах, интернэтэд хандах, и-мэйл хүлээн авч, хариу өгөх үйлчилгээг ашиглах эрх идэвхжиж, дата роуминг үйлчилгээний задгай хэрэглээ буюу роумингийн дата багцад дагалдах эрхээс гадуурх хэрэглээнд дата роуминг үйлчилгээний багцыг идэвхжүүлээгүй байхдаа хэрэглэсэн хэрэглээ орно гэжээ.

 

Гэрээний 1-ийн 1.1, 1.1.4, 5-ын 5.4, 5.4.1-т нэхэмжлэгч нь дата роумингийн багцийг сонгон идэвхжүүлээгүй байгаа тохиолдолд ч дата үйлчилгээний эрх идэвхжиж, дата роуминг үйлчилгээний задгай хэрэглээний төлбөр тооцогдох талаар заажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Бүгд Найрамдах Сингапур Улсад болон 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Хонг-Конгд дата роуминг үйлчилгээг ашигласан төлбөрт 8 612 583/найман сая зургаан зуун арван хоёр мянга таван зуун наян гурав/ төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэгч нь хариуцагчид 8 612 583/найман сая зургаан зуун арван хоёр мянга таван зуун наян гурав/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн № 14/4910 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь дата роуминг үйлчилгээг ашиглаагүй гэж маргаж байна.

 

Шинжээч Харилцаа холбооны зохицуулах хорооны болон Үндэсний дата төвийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нь Apple” компанийн IOS үйлдлийн системтэй гар утасны системийн шинэчлэл хийх, шинэ төрлийн шинэчлэл гарсан эсэхийг шалгах мэдээлэл авах үйлдлийн системийн идэвхтэй байдлыг хаагаагүй байх тул уг үйлдлийн систем идэвхтэй байх үед автоматаар URL-ууд руу хандалт хийгдсэн болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны болон Үндэсний дата төвийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн дата роуминг үйлчилгээг ашиглаагүй гэх тайлбар Харилцаа холбооны зохицуулах хорооны болон Үндэсний дата төвийн шинжээчийн дүгнэлтүүдээр үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Белгаком Интернэшнл Кариир Серисиз корпораци компанитай Оператор компаниудын үйлчилгээ үзүүлэх гэрээ, Хонг Конг Телекомюникэшн Лиммтед компанитай Шуурхай роумингийн гэрээ байгуулсан болох нь Оператор компаниудын үйлчилгээ үзүүлэх гэрээний орчуулга болон хуулбар, Шуурхай роумингийн гэрээний хуулбар болон орчуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс дата роуминг үйлчилгээний төлбөрт 8 612 583/найман сая зургаан зуун арван хоёр мянга таван зуун наян гурав/ төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлтэй болох нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн № 14/4910 албан бичгийн хуулбар, Оператор компаниудын үйлчилгээ үзүүлэх гэрээний орчуулга болон хуулбар, Шуурхай роумингийн гэрээний хуулбар болон орчуулга, шинжээч Харилцаа холбооны зохицуулах хорооны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар дахин шинжээч томилсон нь шинжээч Харилцаа холбооны зохицуулах хорооны шинжээчийн дүгнэлт нь бүхэлдээ үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болохгүй тул шүүх шинжээч Харилцаа холбооны зохицуулах хорооны шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “... Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.”, 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж заасан.

 

Гэрээний 4-ийн 4.1, 4.5-д зааснаар нэхэмжлэгч нь дата роуминг үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэхийн дагуу төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь дата роуминг үйлчилгээний төлбөрт 8 612 583/найман сая зургаан зуун арван хоёр мянга таван зуун наян гурав/ төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэгч нь 8 612 583/найман сая зургаан зуун арван хоёр мянга таван зуун наян гурав/ төгрөгийг төлсөн нь үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гантулгын хариуцагч “М” ХХК-иас нийт 8 612 583/найман сая зургаан зуун арван хоёр мянга таван зуун наян гурав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гантулгын хариуцагч “М” ХХК-иас нийт 8 612 583/найман сая зургаан зуун арван хоёр мянга таван зуун наян гурав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152 752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ