| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2022/05823/И |
| Дугаар | 001/хт2024/00296 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 001/хт2024/00296
Р.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02164 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01504 дүгээр магадлалтай,
А.А, С.Э, С.С (хууль ёсны төлөөлөгч Э.У) нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 129,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, Э.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, Ц.Г, хариуцагч С.Э, хариуцагч А.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, хариуцагч С.С-гийн хууль ёсны төлөөлөгч Э.У, хариуцагч С.С-гийн өмгөөлөгч Ч.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч А.А, С.Э, С.С (хууль ёсны төлөөлөгч Э.У) нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 129,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02164 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан хариуцагч А.А, С.Э, С.С нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 129,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 960,900 (617,950+342,950) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01504 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.21-ний өдөр урьдчилан төлсөн 802,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, Э.У нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэн Р.Э-ын нэхэмжлэлтэй, иргэн А.А, С.Э, С.С (хууль ёсны төлөөлөгч, эх Э.У) нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.15-ны өдрийн 183/ШШ2024/02164 дугаартай шийдвэрийг хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.26-ны өдрийн 210/МА2024/01504 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.15-ны өдрийн 183/ШШ2024/02164 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д: “Зохигч, хариуцагч А.А, С.Э, С.С нар нь хууль ёсны өвлөгч мөн эсэх, талийгаач Г.С-ын өв хөрөнгийг хүлээн авах хүсэлт гаргасан зэрэг үйл баримтад маргаангүй, харин өв хүлээн авах хүсэлт гаргасан нь өв хүлээн авсанд тооцогдох эсэх талаар маргаантай”, 6-д: “... Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөгч нар хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий ямар хөрөнгийг өвлөж авсан талаарх үйл баримтыг тогтоох юм. ... Иймд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй, өвлөгч нар маргаантай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, өвлөгч нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоны дараа нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв” хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.26-ны өдрийн 210/МА2024/01504 дугаартай магадлалын хянавал хэсгийн 5-д “...Хэргийн баримтаар хариуцагч А.А, С.Э, С.С нар талийгаач Г.С-ын эд хөрөнгийг дээр зохицуулалтын дагуу өвлөн авсан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй” гэх дүгнэлтийг үйлдэж, гомдлыг хангаагүй.
Иргэний хуулийн 53 дугаар бүлгээр “Өвлөх” харилцааг зохицуулсан байх бөгөөд хариуцагч нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддогоос гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өвлөгч биш эсэх асуудалд хариуцагч нар нь огт маргаагүй болно. Түүнчлэн өвлөх эрхийн гэрчилгээгүй бол өвлөгч биш байх зохицуулалт Иргэний хууль болоод Нотариатын тухай хуульд байхгүй тул хариуцагч нар нь өвлөгч мөн. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө, мөн хуулийн 520.4-т “Гэрийн эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн хэсгийн шинж байдлаас үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжинэ”, 520.5-д “Гэрлэгчдийн хуваарьт эд хөрөнгийг энэ хуулийн 520.1-520.3-т зааснаар өвлөнө”, мөн зүйлийн 520.6-д “Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй” гэж зааснаас үзэхэд өвлөгдөх эд хөрөнгөд талийгаачийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө, эрх болон бүртгэлгүй боловч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хамаарахаар байна. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-т “Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ” гэж заасны дагуу өв хүлээн авсан хэмжээгээр хариуцлага хүлээхээр байх тул өвлүүлэгч Г.С-ын эд хөрөнгийн талаарх мэдээлэл нь энэхүү иргэний хэргийг үнэн зөв үндэслэл бүхий шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн холбогдох баримтуудыг гаргуулах тухай нэхэмжлэгч талаас удаа дараа шүүхэд гаргаж байсан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй юм. Гэсэн атлаа “өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөгч нар хариуцах үндэслэлтэй хэдий ч шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь өвлөгч нар хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий ямар эд хөрөнгийг өвлөж авсан талаарх баримтыг тогтоох юм” гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байхаас гадна давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна.
4.2. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасан, хавтаст хэрэгт түүний хууль ёсны эхнэр А.А-ас өв хүлээн авахаас татгалзсан тухай нотлох баримт авагдаагүй тул талийгчийн эхнэр А.А-ыг өв хүлээн авсан гэж үзнэ. Харин талийгаачийн хүү С.Э, охин С.С (ээж У) нарын хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “Энэ хуулийн 528.1-д “бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж зааснаар өв хүлээн авсан эсэхийг дүгнэх учиртай. Гэтэл хавтаст хэрэгт гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг А.А хүлээн аваагүй, хүлээн авахаас татгалзсан талаарх үйл баримт авагдаагүй, С.Э, С.С (ээж У) нар нь өвлөн авах хүсэлтэд дурдагдсан эд хөрөнгүүдийг эрхлэн удирдаагүй, эзэмдэн аваагүй гэх үйл баримт авагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч нарыг өв хүлээн аваагүй гэж дүгнэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулиар өв авсанд тооцох үндэслэлд өв хүлээн авахаас татгалзаагүй бол, өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн удирдсан, эзэмдэн авсан зэрэг үйлдэл хамаарахаар заасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх дан ганц өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй гэх үндэслэлээр хариуцагч нарыг өв хүлээн аваагүй гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байна. Ийнхүү нэхэмжлэгч Р.Э нь өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд хандаж байхад шүүхээс өвлөх эрхийн гэрчилгээ шаардаж буй нь зөрчигдсөн эрхийг сэргээхэд хүндрэл учруулж байна. Эцэст нь талийгаачийн эхнэр А.А-ын амьдардаг зэрэглэл өндөр, үнэтэй орон сууц болон Ж маркийн автомашин нь өвлөгдөх эд хөрөнгийн жагсаалтад байдаггүй, хариуцагч нарын хэн аль нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлөө өнөөдрийг хүртэлх хугацаанд гаргахгүй байгаагаас үзэхэд хариуцлагаас зайлсхийж буй санаатай үйлдэл төдийгүй хоорондоо харилцан тохиролцсоноор өвлөх эрхийн гэрчилгээ авахгүйгээр өвийг авсан байхыг үгүйсгэхгүй юм.
Мөн нэхэмжлэгч Р.Э-ын хувьд талийгаач Г.С-ын өвийн асуудлаар түүний хууль ёсны өвлөгчдийг өвөө хүлээн авахыг шаардах, өвийн гэрчилгээ гаргуулах зэрэг байдлаар шаардлага гаргах боломжгүй болохыг дурьдмаар байна.
Иймд хяналтын гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах” гэж заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, Э.У нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.14-ний өдрийн 001/ШХТ2024/01372 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, Э.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Р.Э нь анх 2022.12.12-ны өдөр хариуцагч А.А-д холбогдуулан “А.А-аас зээлийн гэрээний үүрэгт 92,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023.05.05-ны өдөр хариуцагчаар С.Э, С.С (хууль ёсны төлөөлөгч Э.У) нарыг нэмж татан оролцуулж, дахин 2023.09.07-ны өдөр шаардлагын хэмжээг ихэсгэж, хариуцагч тус бүрээс 43,000,000 төгрөг буюу нийт 129,000,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
7.1. “... Г.С-ын хүсэлтээр 2020 оны сүүлээс эхлэн түүний Х дахь 0000 тоот дансанд нийт 92,000,000 төгрөгийг шилжүүлж, түүнд зээлүүлсэн бөгөөд тэрээр 2021 оны 06 дугаар сард багтаан буцаан төлнө гэсэн боловч ковид өвчний хүндрэлээр Г.С нь 2021.05.04-ний өдөр нас барсан. ... Түүний эхнэр А.А-тай уулзаж, учир байдлыг тайлбарлан талийгаачийн зээлүүлсэн мөнгөө шаардахад хувь хүмүүсийн зээлийг би мэдэхгүй гэх хариуг өгсөн. Улмаар талийгаачийн том хүү С.Э-той мөн уулзаж, учир байдлаа хэлэн зээлүүлсэн мөнгөө шаардсанаас гадна талийгаачийн дүү Г.Г-тэй уулзахад ... өв залгамжлагч нь тодорхойгүй байна, ар гэрийнхэнтэй нь учраа олоорой гэх болсон.
7.2. Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар Монголын Нотариатын танхимаас гаргуулсан баримтад талийгаач Г.С-ын өвийг түүний хууль ёсны эхнэр А.А болон 3 хүүхэд нь хүлээн авахаар хүсэлт гаргасан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 535 дугаар зүйлийн 535.2-т заасны дагуу өв хүлээн авсан хэмжээгээр зээлдүүлсэн мөнгөө нэхэмжилж байна.
7.3. Талийгаач Г.С нь бодит байдал дээр надаас нийт 172,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд үүний 92,000,000 төгрөгийг өөрийн дансаар, 80,000,000 төгрөгийг дүү Г.Г-ийн дансаар хүлээн авсан. Миний бие түүний дүү Г.Г-ийн дансанд шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг түүнээс нэхэмжилж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2023.04.12-ны өдрийн 183/ШШ2023/01160 дугаар шийдвэрээр 80,000,000 төгрөгийг Г.Г төлөх үндэслэлгүй буюу тухайн зээлийг Г.С-ад зээлүүлсэн болохыг тогтоосон. ... Миний бие талийгаач Г.С-ад зээлдүүлсэн 172,000,000 төгрөгийг түүний 4 өвлөгч тэнцүү хариуцах учиртай гэж үзэн ... 1 өвлөгчид ногдох нь 43,000,000 төгрөг, 43,000,000*3 өвлөгч=129,000,000 төгрөг юм. Түүний хүү н.Б нь ОХУ-ын иргэн ба гэрийн хаяг болоод бусад байдлаар мэдээлэл олох боломжгүй байгаа тул А.А, С.С, С.Э нарт ногдох хэсгээр нэхэмжилж байгаа болно.” гэжээ.
8. Хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Энэ хүн нэг удаа утсаар энэ өрийн тухай хэлсэн. Дараа нь уулзах хэрэгтэй байна гэхээр нь уулзсан. Мөн энэ өр зээлийн тухай мэдэхгүй гэдгээ хэлсэн. ... Би энэ компанид ямар ч оролцоогүй бөгөөд ажлын талаар юу ч мэдэхгүй, мөн хувь хүмүүсийн мөнгөний асуудлыг ч мэдэхгүй...” гэж маргажээ.
9. Хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Миний аав Г.С-ыг нас барсантай холбоотойгоор Монгол Улсын Иргэний хуульд зааснаар нотариатын байгууллагаас олгосон өвлөх эрхийн гэрчилгээ болон шүүхээр тогтоосон өвлөх эрхийн тухай ямар нэгэн шийдвэр байхгүй тул миний бие албан ёсны өвлөгч биш юм. Иймээс тухайн хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэгч Р.Э-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй тул тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн зээлийн гэрээ гээд байгаа гэвч ямар нэгэн нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй. Талийгаач Г.С-тай ямар гэрээ хийсэн, эсхүл нэхэмжлэгч өөрөө мөнгө зээлж аваад зээлээ төлөөд байгаа юм уу гэдэг зүйл одоогоор тогтоогдохгүй байгаа.” гэж маргажээ.
10. Хариуцагч С.С-гийн хууль ёсны төлөөлөгч Э.У нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...С.С нь өнөөдрийн байдлаар Г.С-аас өвлөн авсан хөрөнгө байхгүй. С.С нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ямарваа нэгэн ашиг сонирхолд хохирол учруулсан зүйл байхгүй, мөн нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй тул энэ хэрэгт хариуцагч байх учиргүй гэж үзэж байна. Иймд уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
11. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч Р.Э нь өөрийн Х дахь 0000 тоот данснаас 0000 тоот данс руу ... нийт 93,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. ... Зохигч, хариуцагч Б.А, С.Э, С.С нар хууль ёсны өвлөгч мөн эсэх, талийгаач Г.С-ын өв хөрөнгийг хүлээн авах хүсэлт гаргасан зэрэг үйл баримтад маргаангүй, харин өв хүлээн авах хүсэлт гаргасан нь өв хүлээн авсанд тооцогдох эсэх талаар маргаантай. ... Хэргийн баримтаар Б.А, С.Э, С.С нар нь ... 100 хувь өвлөн авах хүсэлт гаргасан тул өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байгаа үйл баримт тогтоогдсон. Дээрхээс үзэхэд хариуцагч нарыг Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч нар хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөгч нар хариуцах үндэслэлтэй хэдий ч шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь өвлөгч нар хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий ямар хөрөнгийг өвлөж авсан талаарх үйл баримтыг тогтоох юм. Иймд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй, өвлөгч нар маргаантай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, өвлөгч нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоны дараа нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээхээр зохицуулсан, хэргийн баримтаар хариуцагч А.А, С.Э, С.С нар талийгаач Г.С-ын эд хөрөнгийг дээрх зохицуулалтын дагуу өвлөн авсан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Р.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.” гэсэн дүгнэлт хийжээ.
13. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөрүүгүй тогтоож, адил шийдэл гаргасан хэдий ч Иргэний хуульд заасан өв хүлээн авах тухай болон өвлөгчийн хариуцлагын талаарх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, Э.У нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангасан тул хүлээн авч хянан хэлэлцэв.
14. Нэхэмжлэгч Р.Э нь өвлүүлэгч Г.С-ын зээлийн гэрээний үүргийг түүний өв залгамжлагч нарт холбогдуулан шаардсан ба хариуцагч нар өвийг хүлээн аваагүй тул үүргийг хариуцахгүй гэж маргаснаас үзэхэд зохигчийн маргааны зүйл нь өв хүлээн авсан эсэх, өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх асуудал болжээ.
15. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Г.С-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 0000 дугаартай, Улаанбаатар хот, С тоот, 200 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 0000 дугаартай, Улаанбаатар хот, Ч, 00 тоот, 00 тоот хаягт байрлах 104,55 м.кв талбайтай, орон сууц, гараж, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, С хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Г-0000 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 0000 дугаартай, гэрчилгээний 0000 дугаартай, Улаанбаатар хот, С хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус 100 хувь, “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг өвлөн авахаар өв хүлээн авах хүсэлтийг хариуцагч С.Э, С.С-гийн хууль ёсны төлөөлөгч Э.У нар 2022.04.29-ний өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Д.Б-д, Б 2022.05.03-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Д.Б-д, хариуцагч А.А 2022.05.23-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Ц.Э-д тус тус гаргасан ба одоогоор өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байна.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.04.02-ны өдрийн 5/4194 дүгээр албан бичгээр албан бичгээр улсын бүртгэлийн Ү-0000, Ү-0000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тус тус “Г” ХХК-тай байгуулсан 2020.06.30-ны өдрийн ЗБ-1 дугаартай ипотекийн гэрээ бүртгэлтэй, улсын бүртгэлийн Г-0000 дугаарт бүртгэлтэй газрын хувьд “Г” ХХК-тай байгуулсан 2020.04.22-ны өдрийн З-2, 2020.05.01-ний өдрийн З, 2020.06.30-ны өдрийн З-1 дугаартай ипотекийн гэрээ тус тус бүртгэлтэй, С хаягт байршилтай орон сууц нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт иргэн Х.М, Ю.А нарын өмчлөлд бүртгэлтэй байгаа тухай үйл баримт тогтоогдсон.
16. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журмын талаар зохицуулсан ба хуулийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж, 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж, 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.” гэж тус тус заажээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 535 дугаар зүйлд өвлөгчийн хариуцлагын талаар заахдаа хуулийн 535.1-т “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.” 535.2-т “Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ.” гэжээ.
Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд маргаан бүхий тохиолдолд буюу өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэхэд өвийн зүйл, өвийг хүлээн авах өвлөгч, өвлүүлэгчийн үүрэг ач холбогдолтой ба Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өв хүлээн авсан гэж үзэх, эсхүл мөн зүйлийн 528.4-т зааснаар хугацаа хоцроосон эсэх дүгнэлтийг шүүх хийх нь зүйтэй бөгөөд энэ дүгнэлтэд үндэслэн Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.3-т заасан өмчлөх эрх өвийн журмаар үүссэн эсэх үр дагаварт хүрнэ.
17. Хэргийн баримтаар өвлөгчид өвийг хүлээн авсан эсэх асуудал эргэлзээгүй тогтоогдоогүй буюу өвлөх эрх бүхий этгээдүүд өв хүлээн авах хүсэлтийг дээрх хуульд заасан хугацаанд гаргасан эсэх асуудал тодорхой бус байгаагаас гадна өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд үүргийг хүлээх тул өвийн зүйл өвлөгчдийн хэнийх нь эзэмшил ашиглалтад байгаагаас шалтгаалж өвийг хүлээн авсан гэж үзэх эсхүл татгалзсан гэж үзэх нөхцөл байдал ач холбогдолтой болохыг хоёр шатны шүүх анхаараагүй.
18. Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцдог тул өвийн зүйл болох өвлөгдөх эд хөрөнгө тодорхой байх ёстой.
Гэтэл хариуцагч нарын хүсэлт гаргасан улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн талаар хоёр өөр баримт хэрэгт авагдсан ба энэ талаар тодруулахаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д нийцээгүй.
19. Маргаан бүхий тохиолдолд өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих зээлийн гэрээний үүрэг байгаа эсэх нь ач холбогдолтой бөгөөд хоёр шатны шүүх энэ талаар буюу өвлүүлэгч Г.С нь нэхэмжлэгч Р.Э-ын өмнө зээлийн гэрээний үүрэг хүлээх эсэх асуудлаар зохигч хангалттай мэтгэлцэж чадаагүй, энэхүү нөхцөл байдал тодорхойгүй болжээ.
20. Эдгээр үндэслэлээр хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль хэрэглээний асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02164 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01504 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Р.Э-ын 2024.09.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 802,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН