Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2017/0468

 

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2017/0468

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дугаар хороо, З А А, 00 дугаар байрны 0 тоотод оршин суух, Б.Г,

Хариуцагч: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолын Б.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Мөнхдаваа, Б.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Б.Г нь 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл үндэсний бөх болон бусад бөхийн төрлөөр хичээллэж, Үндэсний их баяр наадамд 10 дахь жилдээ барилдаж, Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор 5 давж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 104 дүгээр зарлигаар Улсын начин цол хүртсэн. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, 03 дугаар тогтоолоор Б.Г-оос сэргээшийн бодис илэрсэн, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр Үндэсний их баяр наадамд 5 давсан давааг хүчингүй болгож, улсын начин цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай тогтоолыг гаргасныг бид эс зөвшөөрч байна.

Б.Г нь 2005 оноос хойш барилдаж эхлэхдээ ямар нэг хориотой бодис хэрэглэж байгаагүй бөгөөд 2005 онд Сумын заан, 2008 онд Аймгийн заан цол, 2012 онд Цэргийн арслан, 2016 онд тэгш ой болж улсын их баяр наадамд 1024 бөх барилдсанаас 5 давж, Улсын начин цол хүртсэн.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна гэж заасан. Б.Г-ийн 5 давсан даваатай маргахгүй, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан 7.1, 7.2 гэдэг заалт нь тухайн Үндэсний баяр наадмын барилдааныг нэрлэсэн заалт болохоос тэр барилдааны давааг нэрлэсэн заалт биш юм. Дээрх хуулийн заалтыг шууд утгаар нь авч үзвэл нэхэмжлэгч Б.Г нь 5 давсан боловч шөвгийн 16-д биш, 32-т үлдсэн учраас сэргээшийн шинжилгээ өгөх ёсгүй байсан, шинжилгээ авсан нь үндэслэлгүй.

Нөгөөтээгүүр Сэргээшийн шинжилгээг хийх эрхгүй этгээд шинжилгээг хийсэн. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний их баяр наадмыг бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам-ын 3.1-д заасны дагуу Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон Үндэсний олимпийн хорооны даргын хамтарсан тушаалаар тухайн жилийн сэргээшийн шинжилгээ авах комиссыг баталдаг. Гэтэл Допингийн эсрэг үндэсний төвийг сэргээшийн шинжилгээ хийлгэхээр томилсон шийдвэр байдаггүй. Харин 2016 онд Эрүүл мэндийн яамны харьяа Биеийн тамир, спортын газрын дарга болон Үндэсний олимпийн хорооны даргын хамтарсан тушаалаар Ч.Н-ыг шинжээч эмчээр томилсон байдаг. Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар Допингийн эсрэг үндэсний төвийн үүсгэн байгуулагч 7 хүний нэг нь Г.С байна. Гэтэл Г.С-д Допингийн эсрэг үндэсний төвөөс эрх олгоогүй байхад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд албан бичиг хүргүүлсэн нь үндэслэлгүй юм.

Бүгд Найрамдах Солонгос Улсын итгэмжлэгдсэн лабораторийг хэн эзэмшдэг, хэн баталгаажуулдаг талаарх баримтыг өнөөдрийг хүртэл шүүхэд ирүүлээгүй. Түүнчлэн Улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд Допингийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагааны чиг үүрэгт шинжилгээ авах үйл ажиллагаа дурдагдаагүй байна. Иймд 2016 онд Ардын хувьсгалын 95 ойн Үндэсний их баяр наадмын сэргээшийн шинжилгээ авсан Допингийн эсрэг үндэсний төв нь шинжилгээ авах эрхгүй этгээд юм.

Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо эрх хэмжээний

хүрээнд тогтоол гаргасан. Тогтоолын нэг дэх заалтаар нэхэмжлэгчийн улсын цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа захиргааны акт бөгөөд уг шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу шүүхэд гомдол гаргасан. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэр нь захиргааны актын бүх шинжийг агуулж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу явагдах ёстой. Гэтэл хариуцагч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь Б.Г-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргахаасаа өмнө түүнд мэдэгдээгүй, тайлбар, санал гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагаа хийгдээгүй тул Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт гаргах журмыг зөрчсөн.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолд У.Х гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Зохион байгуулах хорооны дарга нь Засгийн газрын аль нэг гишүүн, дэд дарга нь Нийслэлийн Засаг дарга байна гэж заасан. Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар тогтоолоор 2016 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргыг Монгол Улсын Шадар сайд, орлогч дарга нь Нийслэлийн Засаг дарга байхаар баталсан. Үүний дараа Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 352 дугаар тогтоолоор шинэ Засгийн газар өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга нь Нийслэлийн Засаг дарга байхаар баталснаас хойш одоог хүртэл ямар нэгэн тогтоол буюу Монгол Улсын Шадар сайд У.Х-ийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар томилсон тогтоол гараагүй. Хорооны дарга нь Нийслэлийн Засаг дарга байна. Гэтэл Монгол Улсын Шадар сайд У.Х маргаан бүхий тогтоолд гарын үсэг зурсан байх тул уг тогтоолыг гаргах эрхгүй этгээд юм. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт юм. Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ, 67.3-т Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэжээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны баталсан. Допингийн шинжилгээ авах журам нь хэм хэмжээний актын шинжийг бүрэн агуулаагүй, Хууль зүйн яаманд албан ёсоор бүртгэгдээгүй, уг журмыг бүх нийтээр дагаж мөрдөх эрх зүйн үр дагавар үүсэхгүй байхад үүнийг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 7 сард сэргээшийн шинжилгээ хийсэнтэй маргахгүй. Гагцхүү шинжилгээ авах эрхгүй этгээд буюу Допингийн эсрэг үндэсний төв нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийг зөрчиж шөвгөрсөн 32 бөхөөс шинжилгээ авсан, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, холбогдох журам нь хэм хэмжээний нэгдсэн актад албан ёсоор бүртгэгдээгүй. Монгол Улсын Шадар сайд У.Х-ийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар томилсон шийдвэр гараагүй байхад тогтоол гаргах эрхгүй этгээд маргаан бүхий тогтоолд гарын үсэг зурж Б.Г-ийн Улсын начин цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгуулахгүй бол түүний Улсын начин цолыг хасаж эрхийг зөрчиж болзошгүй байгаа юм. Иймд Б.Г нь зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 15-ны 03 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Зохион байгуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэсэн тусгайлсан зохицуулалтаар гомдлоо шууд шүүхэд гаргах боломжтой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хугацааны дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, Г.Х нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ой тохиож байсан тул Улсын их баяр наадамд 1024 бөх барилдсан бөгөөд шөвгөрсөн 32-т үлдсэн бөх начин цолны болзол хангана. Харин 512 бөх барилдвал шөвгийн 16-д үлдсэн бөх начин цолны болзол хангана.

Б.Г-ийн хувьд Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн баяр наадмаар 5 даван 32-т үлдэж, Улсын начин цолны болзлыг хангасан учраас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар 5 давсан Улсын начингаас эхлээд 9 давсан буюу улсын цол авсан бөхчүүдийг 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр сэргээшийн шинжилгээнд хамруулсан.

Хэрэв Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа шиг шууд утгаар нь ойлговол Улсын их баяр наадамд 524 бөх барилдсан жил нь шөвгийн 16-д үлдсэн бөхөөс сэргээшийн шинжилгээ аваад, 1024 бөх барилдсан жил нь шөвгийн 32-т үлдсэн бөхөөс шинжилгээ авахгүй гэж ойлговол хуулийн заалт иргэдэд ялгавартай үйлчлэх болно. Хууль бүгдэд эрх тэгш үйлчлэх ёстой. Улсын цол авсан бол сэргээшийн шинжилгээ өгөх ёстой гэсэн хуулийн зарчим байгаа. Хэрэв хуулийг ялгавартай хэрэглэвэл тэгш ойтой жил шөвгийн 32-т үлдсэн бөх буюу начин цолны болзол хангасан бөх сэргээш хэрэглэж болно, шинжилгээ авахгүй байх үр дагавар үүснэ.

Нэхэмжлэгч Б.Г нь сэргээшийн шинжилгээний хариутай маргадаггүй, харин шинжилгээ авсан үйл ажиллагаатай холбогдуулан маргаж байгаа тул гомдол гаргах хугацаагаа алдсан гэж үзэж байна. Учир нь Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрэм-ийн 8.3-д Сэргээшийн шинжилгээнд сорьц авах, хадгалах, шилжүүлэх ажлыг ... салбар хороо, Монголын Үндэсний олимпийн хороо хамтран зохион байгуулна, 8.5-д Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл хороонд хандана, хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гомдол гаргаж болно гэж заасны дагуу Үндэсний бөхийн барилдааны сэргээшийн шинжилгээг Салбар хороо зохион байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь шинжилгээ авах ёсгүй байсан гэж маргаж байгаа бол шинжилгээ авсан буюу 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор Бөхийн салбар хороонд хандаагүй, урьдчилсан шийдвэрлүүлэх журмаар зохион байгуулах хороонд гомдол гаргаагүй шинжилгээ авах эрхтэй, эрхгүй байгууллага гэдэгт маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Сэргээшийн хяналтын хүснэгтэд хориглосон бодисыг нэг бүрчлэн зааж танилцуулсан. Допингийн эсрэг олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орсон учир дотоодын хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ. Олон улсын гэрээнд заасны дагуу хориотой бодис хэрэглэсэн эсэхийг Олон улсын эрхтэй байгууллага тогтоодог бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо тэр бодисыг хэрэглэсэн эсэхийг тогтоохгүй.

Захиргааны хэргийн шүүх нь маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол хүчингүй болгох боломжтой. Харин Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр буюу улсын цол хасаагүй, давааг хүчингүй болгоогүй, барилдах эрхийг хассан шийдвэрийг гаргаагүй учраас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийх шаардлагагүй. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлж, шөвгөрсөн 32 бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан. Тэдгээр бөхчүүдээс сэргээш хэрэглэсэн болох нь тогтоосон бөхийн цолыг хасах саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бөхийн салбар хорооноос ирүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн хүргүүлсэн. Улсын цолыг хасах эсэх талаарх шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргана.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан журам батлах, сэргээшийн шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ажиллах эрх, үүрэг нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд байдаг. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журмуудыг баталсан.

Журмын дагуу хамтарсан тушаалаар сэргээшийн шинжилгээ хийх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Допингийн эсрэг үндэсний төв орсон тул шинжилгээ хийх эрхгүй этгээд гэж үзэхгүй.

Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам нь бүх нийтээр дагаж мөрдөх үүрэггүй, хэсэг бүлэг хүмүүст зориулсан журам бөгөөд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Б нь өөрөө салбар хорооны дарга хийж байсан бөгөөд энэ журмыг бүртгүүлэх шаардлагагүй гээд бүртгэж өгдөггүй байсан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн албан бичиг нь уг журмыг бүртгэлгүй гэдгийг тодорхойлсон болохоос хэм хэмжээний акт мөн эсэх, бүртгүүлэх шаардлагатай, шаардлагагүй гэдгийг дурдаагүй.

Монгол Улсад Олон Улсын АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байгаатай холбогдуулан 2016 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар Нийслэлийн Засаг даргыг томилсон. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд У.Х-ийг томилсон шийдвэр гарсан тул эрх хэмжээ нь олгогдсон этгээд гаргаж, гарын үсэг зурсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хурлын тэмдэглэл, тогтоолын огноо зөрүүтэй асуудал нь алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй, сайн мэдэхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Г нь Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн баяр наадмаар 1024 бөх барилдсанаас 5 даван шөвгийн 32-т үлдэж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар Улсын начин цолны болзлыг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 104 дүгээр зарлигаар түүнд Монгол Улсын начин цолыг олгожээ.

Улмаар Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн шинжилгээний хариуг үндэслэн улсын начин Б.Г-ийн цолыг хураах шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо /дарга/-д ирүүлснийг үндэслэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, маргаан бүхий 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Б.Г-ийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 5 давсан давааг хүчингүй болгож, Улсын начин цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

Нэхэмжлэгч нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар шөвгийн 32-т үлдсэн бөхөөс сэргээшийн шинжилгээ авах ёсгүй байсан, сэргээшийн шинжилгээ авсан нь үндэслэлгүй ... сэргээшийн шинжилгээг эрх бүхий этгээдийн тушаал шийдвэрээр томилогдоогүй, шинжилгээ хийх эрхгүй этгээд болох Допингийн эсрэг үндэсний төв сэргээшийн шинжилгээг авсан ... Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь миний эрхийг хөндсөн захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй ... Хууль зүй, дотоод хэргийн яамны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй журмыг үндэслэн тогтоолыг гаргасан ... маргаан бүхий тогтоолыг гаргах эрхгүй этгээд, өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар тогтоолыг гаргасан гэх үндэслэлүүдээр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх ...-ийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна, 12 дугаар зүйлийн 12.4.5-д бөх, харваачийг ... сэргээшийн шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулах, Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм-ийн 8.2-д Улсын баяр наадмын бөхийн барилдаанд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн бөхчүүд сэргээшийн шинжилгээнд заавал орно, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам-ын 3.1-д Биеийн тамир, спортын улсын хороо болон Монголын үндэсний олимпийн хорооны хамтарсан шийдвэрээр томилогдсон Сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэг сорьц авах ажлыг гүйцэтгэнэ гэж заасны дагуу Эрүүл мэнд, спортын яамны харьяа биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн хамтарсан 205 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг[1] нь сэргээшийн шинжилгээ авах ажлыг гүйцэтгэсэн, нэхэмжлэгч Б.Г нь дээрх хууль, журамд заасны дагуу сэргээшийн шинжилгээнд 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хамрагджээ.

Үндэсний их баяр наадамд барилдаж, шөвгийн 32-т үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авч, сорьцыг БНСУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Институтын /KIST/ допингийн хяналтын лабораторид шинжлүүлэхэд ******* дугаартай Б.Г-ийн сорьцод дростанолоне метаболите /drostanolone metabolite/ хэмээх допингийн төрлийн бодис илэрсэн болох нь А, Б сорьцын шинжилгээний хариу зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.Г нь тухайн үед буюу сэргээшийн шинжилгээг өгөхдөө шөвгийн 32-т үлдсэн бөхөөс сэргээшийн шинжилгээ авах ёсгүй буюу шинжилгээ өгөхгүй гэж маргаагүй, харин ч сэргээшийн шинжилгээгээ өгч, сэргээш хэрэглээгүй тухай батламж өгсөн байх бөгөөд тэрээр тус шүүхэд сэргээшийн төрлийн бодисыг хэрэглээгүй гэж маргаагүй тул сэргээшийн шинжилгээг хийсэн БНСУ-ын лабораторийг хэн эзэмшдэг, хэн баталгаажуулдаг, тус лаборатор нь Олон улсын итгэмжлэгдсэн лаборатор мөн эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Нөгөөтээгүүр сэргээшийн шинжилгээ авах ажлыг Эрүүл мэнд, спортын яамны харьяа биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга болон Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн, уг ажлын хэсэгт Допингийн эсрэг үндэсний төвийн мэргэжилтэн болон Спортын анагаах ухааны алба /САУА/-ны хүний их эмч нар орж ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Допингийн эсрэг үндэсний төвийг сэргээшийн шинжилгээ хийлгэхээр томилсон тушаал шийдвэр байхгүй, тус төвийн үйл ажиллагааны чиг үүрэгт нь сэргээшийн шинжилгээ хийх талаар дурьдаагүй, эрхгүй этгээд сэргээшийн шинжилгээг хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Үндэсний их баяр наадмаар Допингийн эсрэг үндэсний төвийг сэргээшийн шинжилгээ хийлгэхээр томилоогүй, тус төв нь сэргээшийн шинжилгээ хийгээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн холбогдох заалтын агуулгаас үзвэл Улсын баяр наадамд барилдаж, улсын цол буюу 5 ба түүнээс дээш давсан бөхчүүдийг шөвгийн 16 болон 32-т үлдсэнээс үл хамаарч, сэргээшийн шинжилгээнд заавал оруулах ёстой байх бөгөөд авсан шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасах зохицуулалттай байх тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан ... барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхийг сэргээшийн шинжилгээнд хамруулна гэх шууд утгаар хуулийг хэрэглэх боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын ... нэхэмжлэгч Б.Г нь 5 давсан боловч шөвгийн 16-д биш, 32-т үлдсэн учраас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар сэргээшийн шинжилгээ өгөх ёсгүй байсан, шинжилгээ авсан нь үндэслэлгүй... гэх үндэслэл, тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар тогтоолоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Нийслэлийн Засаг дарга байхаар шинэчлэн баталжээ. Улмаар Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 352 дугаар тогтоолоор дээрх тогтоолд өөрчлөлт оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргыг Нийслэлийн Засаг дарга болгон өөрчилжээ.

Мөн Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар[2] Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд[3], орлогч даргаар Нийслэлийн Засаг дарга байхаар шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Шадар сайдыг маргаан бүхий Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолыг гаргах, гарын үсэг зурах эрхгүй гэж үзэх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын ... Монгол Улсын Шадар сайд У.Х-ийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар томилсон тогтоол гараагүй байхад эрхгүй этгээд өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар маргаан бүхий тогтоолыг гаргаж, гарын үсэг зурсан нь илт хууль бус захиргааны акт гаргасан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм-ийн 2.1-д Улсын наадмын үндэсний бөхийн барилдааныг Бөхийн салбар хороо хариуцан зохион байгуулна, 8.3-т Сэргээшийн шинжилгээнд сорьц авах, хадгалах, шинжлүүлэх ажлыг Хорооноос баталсан журмын дагуу салбар хороо, Монголын үндэсний олимпийн хороо хамтран зохион байгуулна, 8.4-д Бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг салбар хороо шийдвэрлэнэ гэж заасны дагуу Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, Б.Г-ийн улсын начин цолыг хураахаар шийдвэрлэж, холбогдох шийдвэрийг[4] Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлжээ. Улмаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь дээрх шийдвэрийг үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1-т заасны дагуу Б.Г-ийн улсын начин цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байх тул дээрх тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийх шаардлагагүй байна. Өөрөөр хэлбэл Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм-ийн 2.1-д Улсын наадмын үндэсний бөхийн барилдааныг Бөхийн салбар хороо хариуцан зохион байгуулна гэж заасны дагуу Б.Г-ийн асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх ажиллагааг Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж шийдвэрлэсэн байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг салбар хороон дээр хэрэгжүүлэхээр байна. Иймд сонсох ажиллагааг хийгээгүй гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь ... хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй журмыг үндэслэн тогтоолыг гаргасан гэж маргаж байх боловч энэхүү журам нь дангаараа маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй, захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас уг журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй нь маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 5 буюу түүнээс дээш давж, улсын цол авах болзол хангасан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг заавал авах хуулийн зохицуулалттай байх бөгөөд нэхэмжлэгч Б.Г-ийн хувьд дээрх хуулийн шаардлагыг хангаж, сэргээшийн шинжилгээг өгсөн, сэргээшийн төрлийн бодис хэрэглээгүй талаар батламжийг гаргаж, сорьцын лабораторын шинжилгээнд жагсаалтад орсон бодис хэрэглэсэн тухай хариу гарвал Үндэсний их баяр наадмын тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журамд заасан шийтгэл хүлээхэд гомдолгүй болохоо илэрхийлсэн байх бөгөөд түүний сэргээшийн шинжилгээний сорьцод сэргээшийн төрлийн бодис буюу хориотой бодис илэрсэн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байх тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд түүний Улсын начин цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор буюу 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 12 дугаар зүйлийн 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолын Б.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар

зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН