Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2017/0073/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Б***, 
Хохирогчийн өмгөөлөгч Д.О***,
Хохирогч Д.Ш***, 
Шүүгдэгч П.Б***, Г.Ц***, Б.М*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **1 дүгээр зүйлийн **1.2.1, **1.2.5-т зааснаар шүүгдэгч П.Б***, Г.Ц***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **1 дүгээр зүйлийн **1.2.1, **1.2.4, **1.2.5-т зааснаар шүүгдэгч Б.М*** нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, П.Б***, 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р багийн Хушаатын ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.

2.Монгол Улсын иргэн, Б.М***, 1989 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн Хүнсчдийн ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзан, 
 2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **1 дүгээр зүйлийн **1.2.1, **1.2.5-т зааснаар 3 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзан, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.
3.Монгол Улсын иргэн, Г.Ц***, 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, дүү, хүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн Үйлдвэрийн **  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд: 
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 5 хоногийн хорих ял оногдуулсаныг  2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2893 дугаартай өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор түүний эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 10 хоногийн хорих ялаас өршөөн хасаж суллагдсан, 
 2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 20 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэнийг, 
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар Г.Ц***ад 5 жил 1 сар хорих ял оногдуулж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 196 дугаартай шүүгчийн захирамжаар Г.Ц***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай. 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч П.Б***, Б.М***, Г.Ц*** нар нь архидан согтуурсан үедээ бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Дархан сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““С***”” баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Д.Ш***ыг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан, 
Шүүгдэгч Б.М*** нь танхайрах гэмт хэрэгт шийтгүүлээд ялтай байх хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдэж, танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч П.Б***ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 
    
    2016 оны 09 дүгээр сард би хөдөө айлын хадлан дээр ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө Дарханд байх гэртээ ирсэн. Өглөө нь би унтаж босоод Халуун усны газарт очиж усанд орчихоод дүүгийнхээ хамт зах орж өөртөө хувцас аваад, дараа нь гэрлүүгээ очиж байж байгаад өдөр буцаж зах ороод зах дээр явж байгаад өөрийн зүс таних Б*** гэж ахтай таараад түүний хамт Монгол Алт ХХК-ны гадаа 1 шил архи хувааж уусан. Тэгээд би Б*** ахтай 1 шил архи хувааж уучихаад салаад явж байхдаа Б*** гэж найзруугаа утсаар залгаад уулзъя гэхэд тэрээр намайг шинэ захын Хаан банкны гадаа хүлээж бай би одоо чам дээр очлоо гэхээр нь би түүнийг Хаан банкны гадаа хүлээсэн боловч ирээгүй. Ингээд би Б***г хүлээгээд ирэхгүй байхаар нь буцаж гэртээ очиж мөнгө аваад гэрээсээ буцаж гараад Өвшин нэртэй караоке пааб орж ганцаараа 4 шил Боргио нэртэй пиво уусан. Тэгээд би пивоо ууж дуусгаад Өвшин нэртэй караоке паабаас гараад зам дээрээс такси бариад ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн хойд талд байдаг “С***” нэртэй баар орсон. Тэр үед намайг “С***” баарлуу орж байхад баарны үүдэнд миний зүс таних М*** гэж найз маань байсан. Тэгээд би М***ийн сууж байсан баарны ширээн дээр очиж суусан. Тэр үед М*** ширээн дээрээ архи, пиво захиалаад хэрэглэж байсан бөгөөд би архинаас 3 хундага уусан санагдаж байна. Тэгээд би бааран дотор бүжиглэж байгаад уусан архи, пивондоо согтоод гадаа гарсан санагдаад байна. Би тэр үед нилээн согтсон байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байна. Би тэр үед баарнаас гараад цагаан өнгийн куртик өмссөн билүү нэг залуутай маргалдаад, ноцолдоод байсан талаараа санаж байна. Нэг ухаан орсон чинь манай найз М***, нэг залуутай намайг боль боль гээд салгаад байж байсан. Тэр үед би яг хэн гэж хүнтэй ямар хувцастай хүнтэй зодолдсон талаараа санахгүй байна. Тэгээд би ухаан орсон чинь дээгүүрээ дан футболктай байж байсан. Тэгээд газар унасан малгай, куртик, цамцаа газраас авах гээд очиход М*** гэж дуудаг залуу миний нүүрлүү хөлөөрөө өшиглөсөн санагдаад байна. Тэгээд М*** гэж залуу чи хүн алчихлаа шүү дээ гээд байсан. Тэгээд намайг М***тай маргалдаж байхад цагдаа нар намайг ирээд аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 50/,

    Шүүгдэгч Б.М***ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2016 оны 9 дүгээр сарын 24-ний орой би найз Ц***ын хамт Дархан сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “С***” нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд найз Ц***ын хамт тус баарны гадаа тамхи татаад байж байхад миний зүс таних Б*** таарсан. Тэгээд би Б***той уулзаад ганцаараа явж байна гэхээр нь түүнийг сууж байсан ширээн дээрээ суулгаад бид нар пивоо хувааж уусан. Тэгээд би бүжгийн талбайд бүжиглэж байгаад эргээд ширээн дээрээ суусан чинь Ц*** ганцаараа байсан. Тэгээд би Ц***аас Б*** хаашаа явсан юм бэ гэж асуухад Ц*** надад Б***ийг тамхи татах гээд гадагшаа гарсан гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа Б***ийн араас гадаа гарахад Б*** баарны гадаа үл таних 2 залуутай маргалдаж байсан. Тэгэхээр нь Б*** дээр явж очоод зүгээр үү гэж асуухад Б*** надад зүгээр зүгээр гэхээр нь би баарлуу буцаж ороод пивоноосоо 2-3 удаа балгачихаад бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь хүмүүс гадаа зодоон болоод байна гэсэн. Тэгэхээр нь би гараад харсан чинь Б***ийг үл таних 2 залуу газар унагаачихсан хөл гараараа өшиглөөд байж байсан. Тэгээд би Б***ийг очиж салгах гээд яваад очиход Б***ийг зодож байсан 1 залуу намайг цохиод авсан. Тэгэхээр нь би тухайн залуутай маргалдаад байж байхад бааран дотроос Ц*** гарч ирээд Б*** бид хоёрыг салгаад аваад явсан. Тэгээд бид гурав явж байсан чинь Б*** зодоон хийсэн газраа куртикээ хаячихлаа гээд буцаад зодоон хийсэн газар луугаа яваад өгчихсөн. Харин Ц*** надад чи зодоон нүдээн хийгээд хэрэггүй тэнсэнтэй байгаа юм чинь гай болно явья гэхээр нь би Ц***ыг дагаад гэр гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 54/, 

Шүүгдэгч Г.Ц***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2016 оны 9 дүгээр сарын 24-ний орой яг хэдэн цагийг нь сайн санахгүй байна. Би найз М***ийн хамтаар Дархан сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “С***” бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд би М***ийн хамт бааран дотор ороод пиво уугаад байж байхад гаднаас М***ийн найз нь гээд Б*** гэдэг залуу орж ирсэн. Тэгээд Б***, М*** бид хоёртой нэг ширээнд хэсэг пиво уусан. Тэгээд М*** сууж байгаад бүжиглэлээ гээд босоод явсан. Тэгээд Б*** надтай хэсэг сууж пиво ууж байгаад тамхи татлаа гээд гараад явсан. Удалгүй М*** бүжиглэж байгаад ширээн дээр хүрч ирээд надаас Б***ийг асуусан. Тэгэхээр нь би түүнд Б*** тамхи татлаа гээд гараад явсан гэж хэлсэн чинь М*** түүний араас гарсан. Удаагүй байж байсан чинь М*** буцаж орж ирээд гадаа зодоон болох гээд байна гээд намайг дуудаад түрүүлээд буцаад гараад явсан. Тэгээд би гадуур өмсөж байсан куртикээ өмсөөд баарнаас гарахад Б*** 2 залуугийн доор орчихсон 2 залууд зодуулаад газар хэвтэж байсан. Тэгсэн чинь М*** Б***ийг зодож байсан 2 залуу дээр очоод хоёуланг нь салгаад цааш нь чирээд аваад явсан. Хэсэг явж байгаад Б*** би баарны гадаа хувцасаа үлдээчихлээ, хувцасаа очиж авна гээд М*** бид хоёроос салаад явсан. Тэгээд би М***ийг гэртээ аваад харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 58/, 
    Хохирогч Д.Ш***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
    2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байсан санагдаж байна. 20 цагийн орчимд гэрээсээ гараад Дархан сумын Өргөө багт байрлах Төмөр замын ** дугаар байранд байдаг Н*** гэж найзынхаа гэрт түүнтэй ажил ярихаар очсон. Ингээд би Н***н гэрт хэсэг юм ярьж сууж байгаад 22 цагийн орчимд Н***н гэрээс ганцаараа гараад **-н буудлаас хуучин Дархан, тосгон хоёрын хооронд халтууранд явдаг Мөнхдорж гэж ахыгаа **-н буудал дээр машинтайгаа зогсож байвал очиж уулзах санаатай **-н буудал орсон. Тэр үед **-н буудал дээр ирэхэд М*** ах байгаагүй учир би түүнийг хүн аваад тосгон явсан байх гэж бодоод **-н буудал дээр нилээн хүлээсэн боловч М*** ах ирээгүй. Тэгээд **-н буудал дээр М*** ахыг хүлээгээд байж байхад өмнө нь надтай хамт Дархан Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан М*** гэж залуу таарсан. М*** бид хоёр нэг жил орчим уулзаагүй байсан учир М*** өөрийн гар утсаа “С***” бааранд барьцаанд тавиад бааран дотор ороод пиво ууя гэсэн. Ингээд М***ы хамт **-н буудлаас Дархан сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “С***” баарны гадаа ирээд М*** “С***” баарны гадаа ирээд М*** баарны зөөгчтэй уулзаад ирье гэсэн. Тэгээд би ганцаараа “С***” баарны гадаа ганцаараа хүлээгээд байж байхад үл таних согтуу гэмээр залуу над дээр хүрч ирээд -чи яагаад хүнийг хурдлаарай гэж хэлдэг юм гэсэн тэр үед би М***ыг “С***” баарлуу ороод ирье гэхээр нь хурдлаарай гэж хэлсэн. Тэгээд би надтай ирж уулздаг үл таних залууд хандаж -би баарлуу орсон залууг таньдаг юм гэсэн тэгээд би халаасандаа байсан тамхиа асаагаад зогсож байсан чинь дахин тухайн залуу надад хандаж -тамхилаач гэсэн тэр үед миний тамхи дуусаад хоосон тамхины хайрцагтай үлдсэн байсан учир миний тамхи дууссан байна хоёулаа миний асаасан тамхийг хуваагаад татъя гэсэн. Тэгсэн чинь тухайн залуу надад хандаж чи надтай тамхи хувааж татдаг хэн бэ гээд тухайн залуу намайг хэл амаар өдөөд байсан. Тэгээд би тухайн залууд хандаж чи ингэж болохгүй шүү гээд зогсож байсан чинь миний араас хүн ирэх шиг болоод би арагш эргээд харсан миний толгойн зүүн хэсэг рүү тас хийгээд цохих шиг болсон. Нэг мэдсэн чинь би ухаан алдаад газар уначихсан байсан. Тэгээд ухаан ороод сэрсэн чинь 3 залуу хөлөөрөө миний толгой руу дэвслээд зогсож байсан. Тэгээд байж байсан чинь М*** баарнаас гарч ирээд миний толгой руу дэвслээд байсан 3 залууг болиулсан. Ингээд байж байсан чинь намайг зодож байсан 3 залуугийн 2 залуу нь зугтаагаад яваад өгсөн. Тэр үед М*** 3 залуугийн үлдсэн 1 залуутай би чамайг танина чи зугтаагаад нэмэргүй шүү гээд байсан. Тэгээд би эмнэлэгт очоод хэвтсэн. Эмчилгээний зардалд нийт 1 230 500 төгөг гарсанаас Б*** надад 410 000 төгрөг төлсөн, үлдэх зардлаа гаргуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг,

Гэрч А.М***ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

    Би өмнө нь Д.Ш*** гэж залуутай Дархан Төмөрлөгийн үйлдвэрт 1 цехд хамт ажиллаж байсан бөгөөд одоо Ш*** Дархан Төмөрлөгийн үйлдвэрт ажиллахгүй байгаа. 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байсан санагдаж байна. Би тухайн өдөр ханиад хүрчихээд **-н буудалд үйл ажиллагаа явуулдаг Шижир нэртэй эмийн сан орж өөртөө эм авчихаад явж байгаад Ш***тай таарсан. Тэгээд бид хоёр нэг жил орчим уулзаагүй гээд ганц ганц пиво ууя гэж ярьсан. Тэр үед бид хоёрт бэлэн мөнгө байгаагүй учир би Ш***т миний таньдаг хүн “С***” бааранд зөөгч хийдэг хоёулаа миний гар утсыг “С***” бааранд барьцаанд тавиад ганц ганц пиво олж ууя гэсэн. Тэгээд бид хоёр Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “С***” баарны гадаа ирээд би Ш***ыг баарны гадаа үлдээчихээд ганцаараа баарны зөөгчтэй уулзаад гараад ирье гээд орсон. Тэгээд би Ш***ыг “С***” баарны гадаа ганцааранг нь үлдээчихээд удаагүй бааран дотор 5 минут орчим л болсон гараад ирсэн чинь зүс таних Б*** гэх залуу үл таних хоёр залуутай нийлээд Ш***ыг газар унагаачихсан толгой ру унь хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд би Ш***ыг салгаж авчихаад Цагдаа болон эмнэлгийн байгууллага дуудахад нөгөө хоёр залуу зугтаагаад явчихсан. Тэгээд би Б***ийг зугтаагаад яваад өгчих байх гэж бодоод хэсэг ноцолдсон санагдаж байна. Тэгээд Цагдаагийн алба хаагч ирээд Б***ийг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/, 

    Гэрч Б.Х*** мөрдөн байцаалтад өгсөн:
    2016 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө байсан санагдаж байна. Намайг гэртээ унтаж байхад манай нөхөр Ш***тай хамт Дархан төмөрлөгийн үйлдвэрт хамт ажиллаж байсан М*** гэж залуу манай нөхрийн утаснаас над руу залгаад -Ш*** хүнд зодуулаад толгойгоо хагалуулчихлаа Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт яваад очиход М*** эмнэлгийн үүдэнд манай нөхрийн цустай хувцасыг нь сандал дээр тавьчихсан сууж байсан. Тэгээд би түүнээс манай нөхөр хаана байгаа юм бэ гэж асуухад хүлээн авахын өрөөнд байна гэсэн. Тэгээд би нөхөр дээрээ ороход манай нөхрийн толгойг битүү мааралаар боочихсон сувилагч нар түүнийг хараад байж байсан. Тэгээд би М***аас юу болсон талаар асуухад манай нөхрийг “С***” баарны гадаа 3 залууд зодуулсан гэж байсан. Тэгээд М*** нэг таньдаг залууг нь Цагдаад бариад өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш манай нөхөр 10 хоног эмнэлэгт хүнд байдалтай хэвтэж эмчлүүлж байгаад гарсан. Манай нөхрийг эмнэлэгт хэвтэж байхад нөхрийг маань зодсон гээд байгаа Б*** гэх залуу хүрч ирж надтай уулзсан. Тэгээд би түүнд -та нар хүнийг ямар аймаар зоддог юм бэ чи 2 залуутай нийлж манай нөхрийг зодсон гэж байна нөгөө 2 чинь хаана байна гэхэд -гар утас нь холбогдохгүй нэг залуугийн эцэг нь нас барчихсан би гэрт нь очиж чадахгүй байна гэрийг нь мэднэ гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20/, 

Гэрч Х.Х*** мөрдөн байцаалтад өгсөн:

Би “С***” бааранд бармен зөөгч хийдэг. 2016 оны 9 дүгээр сарын 24-ны орой ажлынхаа гадаа үүдэн дээр зогсож байхад зүс таних М*** гэх залуу хүрч ирээд -нэг найзтайгаа цуг явж байгаа юм гар утсаа барьцаанд тавиад 1 шил архи зээлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би М***д -зээлээр үйлчлэхгүй гэж хэлсэн. Тэгээд би ажил дотроо байж байгаад хаах үеэр ажлынхаа гадаа гарсан чинь үл таних махлаг залуу хүнд зодуулсан гэмээр хамар амнаас нь цус гарсан байдалтай манай ажлын зүүн талын төмөр хашлаган дээр сууж байсан. Тэр үед зүс таних М***, Б*** нар хоорондоо маргалдаад М***, Б***ид хандаж -чи манай найзыг зодоо биз дээ би чамайг цагдаад дуудаж өгнө гээд байж байсан. Тэгээд би зодуулсан байдалтай хашлаган дээр сууж байсан залуугаас чи хэнд зодуулсан юм бэ гэж асуухад тэрээр надад юу ч хэлэлгүй зүгээр л доошоо тонгойгоод суугаад байсан. Удаагүй байж байсан чинь Цагдаагийн алба хаагч нар ирээд Б***ийг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч С.О*** /хх-ийн 23/, Д.Н*** /хх-ийн 24/, Л.Н*** /хх-ийн 25/, Ц.Э*** /хх-ийн 26/, Г.Ар*** /хх-ийн 27/, Л.Б*** /хх-ийн 28/ нарын мэдүүлэг, 

Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1047 дугаар шинжээчийн дүгнэлт:

1.Д.Ш***ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины аалзан бүрхүүл доорхи цус хуралт, зүүн чамархай духны хэсгийн шарх, зүүн чамархайн хуйх ба зүүн нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
4.Д.Ш***ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний төгсгөлөөс шалтгаална гэжээ /хх-ийн 30/, 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/, хохирогч Д.Ш***ын “Нэгдсэн эмнэлэгт” хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 62-75/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88, 97, 111/, шийтгэх тогтоолын хуулбарын хуулбар /хх-ийн 99-100, 101-103, 114-116, 120-121/, Өршөөл үзүүлэх комиссын тогтоолын хуулбар /хх-ийн 117/, Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжийн хуулбар /хх-ийн 122-123/, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 02-р сарын 10-ны өдрийн 11 дугаартай магадлалын хуулбар, хяналтын камерын DVD бичлэг зэрэг болно.  

Шүүгдэгч П.Б*** нь хохирогч Д.Ш***ыг гэрч М***ыг хурдлаарай гэж хэлсэний төлөө чи яагаад хүнийг хурдлаарай гэж хэлдэг юм, надтай тамхи хувааж татдаг хэн бэ гэх зэргээр шалтаглаж үг хэл өдөөн маргалдсаны улмаас шүүгдэгч Б.М***, Г.Ц*** нар нь шүүгдэгч П.Б***той нийлж хохирогч Д.Ш***ыг бүлэглэн, догшин авирлан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтад хохирогч Д.Ш***ын өгсөн: "тухайн үед би Б*** гэх залуутай маргалдаж байгаад явж байсан чинь миний араас хүн ирэх шиг болохоор нь эргээд харах гэтэл миний толгойн зүүн хэсэг рүү цохиод авах шиг болсон. Тэгтэл би ухаан алдаад уначихсан. Тэгээд ухаан ороод сэрсэн чинь 3 залуу миний толгой руу хөлөөрөө хэдэн талаас өшиглөөд байж байсан" гэх /хх-ийн 15/, мөрдөн байцаалтад гэрч Б.Хорлоогийн өгсөн: "Б*** гэх залуу надтай ирж уулзсан. Та нар манай нөхрийг ямар аймаар зоддог юм бэ нөгөө хоёр чинь хаана байна гэхэд хоёулаа гар утас нь холбогдохгүй байна. Нэг залуугийнх нь эцэг нь нас барчихсан очиж чадахгүй байна гэж хэлж байсан" гэх /хх-ийн 20/, мөрдөн байцаалтад гэрч А.М***ы өгсөн: "зүс таних Б*** нь үл таних 2 залуутай нийлээд Ш***ыг газар унагаачихсан толгой руу нь хөлөөрөө өшиглөж байсан" гэх /хх-ийн **/ мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн биед учирсан гэмтэл болон тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдал зэргээс шүүгдэгч П.Б***ийг дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн байна гэж үзэх болон шүүгдэгч Б.М***, Г.Ц*** нар нь хохирогч Д.Ш***ыг зодоход оролцоогүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймд шүүгдэгч Б.М*** нь танхайрах гэмт хэргийг давтан үйлдлээр шүүгдэгч П.Б***, Г.Ц*** нартай бүлэглэн архидан согтуурсан үедээ 2016 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““С***”” баарны гадна үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн догшин авирлаж хохирогч Д.Ш***ыг зодож бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл, тархины аалзан бүрхүүл доорхи цус хуралт, зүүн чамархай духны хэсгийн шарх, зүүн чамархайн хуйх ба зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нарын өгсөн мэдүүлэг, гэрч А.М*** /хх-ийн 17-19/, Х.Х*** /хх-ийн 21/ нарын мэдүүлэг, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016.9.27-ны өдрийн 1047 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б***, Г.Ц*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **1 дүгээр зүйлийн **1.2.1, **1.2.5-т заасан, шүүгдэгч Б.М***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **1 дүгээр зүйлийн **1.2.1, **1.2.4, **1.2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.М*** нь сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн **1 дүгээр зүйлийн **1.2.1, **1.2.5-т зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдэн тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-ийн 101-103/ тогтоогдож байх бөгөөд тэнсэж хянан харгалзан хугацаандаа танхайрах гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Ц*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар 5 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдэж уг ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн болох нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр магадлал, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 196 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбаруудаар тогтоогдож байх бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар "...аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна" гэж заасан тул түүний ялтай байдал өршөөгдөхгүй болно. Тиймээс шүүгдэгч Г.Ц***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч П.Б*** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн  гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх, шүүгдэгч П.Б***, Г.Ц***, Б.М*** нарыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг, шүүгдэгч Г.Ц***ыг ялтай байхдаа, шүүгдэгч Б.М***ийг тэнсэж хянан харгалзан  хугацаанд гэмт хэрэг үйлдсэнийг тус тус хүндрүүлэх нөхцөлд байдалд тооцов. 

Шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, шүүгдэгч П.Б***ид оногдуулсан хорих ялыг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

Шүүгдэгч Б.М***ид оногдуулсан хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **1 дүгээр зүйлийн **1.2.1, **1.2.5-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар урьд нь хорих ял эдэлж байсан ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан бөгөөд шүүгдэгч Г.Ц***ын хувий байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх өөрчилсөн болохыг дурдав. 

  Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан унааны болон эмчилгээний зардалд нийт 1 230 494 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч П.Б*** хохирогчид 410 164 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул үлдэх 820 328 төгрөгийг шүүгдэгч Г.Ц***, Б.М*** нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Ш***т олгох нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Г.Ц***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "У*** хамтран амьдардаг байсан. Бидний дундаасаа  2 хүүхэдтэй болсон бөгөөд бид хоёр салж хоёр хүүхдээ нэг нэгээр нь авсан. Том хүү Ө*** миний асрамжид байдаг. Одоо У***ийн хаана байгааг мэдэхгүй байна" гэх мэдүүлэг болон Дархан сумын ** дугаар багийн засаг даргын 2017.4.06-ны 786 тоот албан бичиг "Г.Ц*** нь 2011 оноос хойш О.У***тэй хамтран амьдарч 2014 онд салж хүү У***ийн Ө***ыг эцэг Г.Ц***ын асрамжид авсан", ам бүлийн тодорхойлолт "ам бүл 7, ...У***ийн Ө*** РЮ12302710" зэргээс 2012 оны 10 дугаар сарын 27-ний өдөр төрсөн 4 настай хүү У***ийн Ө*** нь Г.Ц***ын асрамжид байдаг болох тогтоогдож байх тул Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай Олон улсын конвенцид заасны дагуу Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар 4 настай хүү У.Ө***ад асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргад үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг DVD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.Б*** нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.М***ийг согтуугаар бүлэглэн давтан үйлдлээр догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг, шүүгдэгч П.Б***, Г.Ц*** нарыг бүлэглэн догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн **1 дүгээр зүйлийн **1.2.1, **1.2.5-т зааснаар шүүгдэгч П.Б***ийг 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих, шүүгдэгч Г.Ц***ыг 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **1 дүгээр зүйлийн **1.2.1, **1.2.4, **1.2.5-т зааснаар шүүгдэгч Б.М***ийг 4 жил /дөрвөн жил/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар шүүгдэгч Б.М***ийн энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрий 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн **1 дүгээр зүйлийн **1.2.1, **1.2.5-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас зарим болох 1 жилийн /нэг жил/ хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн /таван жил/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Г.Ц***ад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч П.Б***ид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Б.М***ид оногдуулсан 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч П.Б***ид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 3 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгчийн тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

6.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 19-нд төрсөн У***ийн Ө*** /**** регистрийн дугаартай/-ад асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргад үүрэг болгосугай. 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 

8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.Б*** бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Г.Ц***аас 410 164 /дөрвөн зуун арван мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөг, шүүгдэгч Б.М***оос 410 164 /дөрвөн зуун арван мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөг тус тус гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р баг Мангирын **-р хэсэг ** тоотод оршин суух хохирогч Д.Ш*** /****/-т олгосугай.      

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б***ид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Ц***, Б.М*** нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАТЖАРГАЛ