Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1126

 

 

 

 

 

 

 

2020             9             3                                       2020/ДШМ/1126                                        

 

 

Ц.Ц, Ц.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямбат,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Н.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч Н.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Ц, Ц.Г нарт холбогдох эрүүгийн 2003 00064 0393 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Товууш овгийн Ц.Ц, 1971 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер ажилтай, цагдаагийн албан хаагч, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

2. Олонхууд овгийн Ц.Г, 1980 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/;

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 175 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулий тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гд энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1998 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өвчний учир 1 жил 5 сар 28 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Ц.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бронго” гэх баарны гадаа “чи энэ баарны эзэн болчихсон юм уу, би үйлчлүүлмээр байна” гэх шалтгааны улмаас Б.Гын нүүрэн тус газар мөргөж, гараараа хүзүүг нь боож зодож дээд уруулд язарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Ц.Г нь 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Золт худалдааны төвийн гадаах машины зогсоол дээр 43-01 УНК улсын дугаартай, “Toyota Aqua” загварын тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа үл ялих шалтгаанаар Б.Гыг мөргөж баруун түнх, гуя орчмын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Ц, Ц.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус  тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Ц, Ц.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Ц.Г нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ц, Ц.Г нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Ц.Г нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг Сиди, хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг тус тус эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нараас хохирогч Б.Гт 360.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Г нь баримтгүй нэхэмжилсэн зардлаа нотолсон баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, прокурорын 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч “Платин Капитал” ББСБ-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс Ц.Цын үйлдсэн гэх гэмт хэргийн субъектив шинж буюу гэм буруугийн хэлбэрийг тогтоохдоо хавтас хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлыг бүрэн тодорхойлж тогтоолгүйгээр гэм буруугийн санаатай хэлбэрээр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхээс Ц.Цад холбогдох үйлдлийн гэм бурууг тогтоохдоо хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1076 дугаартай дүгнэлтийг үндэслэжээ.

Дээрх мэдүүлгүүдээс Т.Ж-д, Т.Б , С.М , Б.Ш нарын мэдүүлгүүд нь Б.Гын авто машинд мөргөдсөн эсэхийг, Г.Үүрцайх, О.Хатанзориг, О.Анхбаяр, Г.Золбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн 1076 дугаартай дүгнэлт нь Б.Гын биед учирсан гэмтлүүдийг л тус тус нотолсон байна. Ц.Цын өөрийн үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирол, хор уршгийг хүссэн, эс хүссэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдлуудыг нотлох баримтуудаар тогтоогоогүй, наад зах нь түүний гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдийг үнэлэлгүйгээр “... өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж, түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хор хохирол учруулна гэдгийг мэдсээр байж гэмт үйлдлээ хэрэгжүүлснийг шууд санаатайгаар үйлдэгдсэн гэж дүгнэх үндэслэл болно...” гэж дүгнэсэн нь алдаатай шийдвэр болжээ.

Ц.Цын хувьд цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаа, бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах нь гэмт хэрэг, зөрчил болно гэдгийг маш сайн ухамсарласан, тийм ч учраас бусдын өдөөн хатгалга, зүй бус үйлдлийн эсрэг ямар үйлдэл хийх ба хийхгүйг мэддэг, харилцааны хүнд нөхцөлд биеэ харьцангуй барьж сурсан хүн юм. Б.Гтай маргалдаж зууралдсаны улмаас үүсэх үр дагаврыг хүсээгүй гэдгээ ч өгсөн мэдүүлгүүдээрээ удаа дараа илэрхийлсэн байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тухай заасан байдаг ба Ц.Цын мэдүүлгүүд нь хэргээ хүлээсэн мэдүүлэг биш бөгөөд харин ч мэдүүлэгтээ болж өнгөрсөн үйл явдлын талаарх хэлсэн мэдээллүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Өөрийн хувийн байдлын талаар мэдүүлсэн сөрөг мэдээлэл нь ч хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогддог, өөрөөр хэлбэл тууштайгаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байна. Үүнийг шүүх үнэлсэнгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргий анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолын Ц.Цад холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Б.Гыг танина, Дархан Улаанбаатар хоёрын хооронд таксинд явдаг. Би Б.Гт санаатай гэмтэл учруулаагүй. Би Б.Гыг мөргөөгүй. ...” гэв.

Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ц.Ц, Ц.Г нар хохирогчид гэмтэл учруулсан. Ц.Г хохирогчийг машинаараа мөргөж, Ц.Ц хохирогчийг толгойгоороо мөргөж гэмтээсэн. Гэмтлийн зэргийг шинжээч эмчээс тодруулж асуухад “аль аль нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэсэн. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. Ц.Цын хувьд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн удаа дараагийн тогтвортой өгсөн мэдүүлэг, гэрч Ундрах, Жамбалсанж, Болдсайхан, Золбаяр нарын мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч Ц.Ц нь харин ч олон жил цагдаагийн байгууллагад ажилласан юм бол яагаад хүмүүсийг дарамтлах маягтай бааранд нь орж суугаад архи уух гээд яваад байдаг юм бэ. Хохирогч удаа дараа ял шийтгэл эдэлж байсан хүн байдаг. Мөрдөгч, прокурорын зүгээс мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед дүгнэлт хийгээд хохирогч өөр өөртөө гэмтэл учруулчихаад хүнээс мөнгө нэхээд байна уу гээд шалгасан. Гэтэл хохирогч Б.Г удаа дараа тогтвортой мэдүүлэг өгдөг. Шинжээч эмч мөн “уг гэмтлийг хохирогч өөр өөртөө учруулах боломжгүй” гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгдэх гэмт хэрэг биш юм. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Ц, Ц.Г нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад. мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

            Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бронго” гэх баарны гадаа “чи энэ баарны эзэн болчихсон юм уу, би үйлчлүүлмээр байна” гэх шалтгааны улмаас Б.Гын нүүрэн тус газар мөргөж, гараараа хүзүүг нь боож, зодож дээд уруулд язарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ц.Г нь 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Золт худалдааны төвийн гадаах машины зогсоол дээр 43-01 УНК улсын дугаартай, “Toyota Aqua” загварын тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа үл ялих шалтгаанаар Б.Гыг мөргөж баруун түнх, гуя орчмын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Гын “... 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Драгоны нэг цэгийн үйлчилгээ дээр ажилладаг Цогоо гэж хошууч нэг хүнтэй нилээн халамцуу байдалтай орж ирэхээр нь би “Цогоо ах баар хааж байна, Мөнхбаяр эгчийг нөхөр нь аваад ир гэсэн болохоор гарч байна” гэхэд “гэрлээ асаа, би хүнтэй явж байна, чи баарны эзэн юм уу, муу драгоны гуйлгачин” гээд надтай маргаан үүсгэж, ... чи муу юу юм бэ гээд намайг заамдаж аваад миний хоолойг цамцны захаар боохоор нь гарыг нь тавиулах гээд гараа хүчтэй татахад миний өмсөж байсан цамцны баруун суга, энгэр хэсэгтээ ташуулдаж урагдсан. Тэгээд Цогоо ахыг би гарнаас нь татаад пабын гадаа үүдэнд гарч ирээд маргалдаад бие биеэ түлхэлцээд нөгөө залуу нь салгах гээд байж байхад Цогоо ах толгойгоороо миний уруул орчим нэг удаа мөргөсөн, миний уруул язраад, үүдэн шүдний паалан эмтрээд, хамар амнаас цус гарсан. Би амаа дараад тонгойгоод байж байх хооронд Цогоо ах нөгөө хүний хамт 43-01 УНК улсын дугаартай, “Aqua” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд суучихаар нь би цагдаад дуудлага өгчихөөөд араас нь очиход уг машин хойш ухраад төв зам руу гарах гэхээр нь би явуулахгүй гэсэн чинь машин урагшаа яваад би гараараа тулаад өвдөглөөд газар суусан чинь миний баруун хөлийн өвдөг дээгүүр машины урд буфэр гарч ирээд тулаад зогссон. Миний хөлийн дунд чөмгөн дээр машины буфэр нь дарчихаар нь би босож чадахгүй орилоход машин хойш ухарсан. ...” /1хх 34-35/,

Гэрч Т.Ж-ийн “... 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Болдоотой тааралдсан чинь “Б.Г дуудаад байна, хүмүүстэй муудалцсан юм шиг байна” гэхээр нь бид хоёр ТҮЦ-ний хойно байрлах машины зогсоол  руу  харсан чинь Б.Г газар унасан бололтой сууж байсан. Хажууд нь цагаан өнгийн Aqua загварын машин зогсож байсан. Миний харснаар Б.Г тухайн машины ард нь бололтой сууж байсан. Бид хоёр Б.Гыг суганаас нь өргөж босгоход тэр машин хөдлөөд явчихсан. Б.Г хэлэхдээ хөл гишгэж болохгүй байна. Саяны машин намайг мөргөчихлөө. Дотор нь нэг цэгийн үйлчилгээ дээр гардаг байсан цагдаа Цогоо ах байсан гэж хэлсэн. ...” /1хх 44/,

Гэрч Т.Б-ны “... Б.Г над руу залгаад Драгон дээр хүмүүстэй маргалдаад жоохон асуудал үүсээд байна гэсэн. Тэгээд таксинд явдаг Жамбалсанжтай тааралдаад хамт очиход Б.Г машины зогсоол дээр хөлөө жийгээд суучихсан хажуугаас нь цагаан өнгийн Aqua  загварын машин  хөдлөөд Б.Гыг тойроод яваад өгсөн. Бид хоёр Б.Гыг сугадаж өргөөд босгоод учрыг нь асуухад “цагдаа нартай маргалдаад явах гээд байхаар нь ард нь гарсан чинь урагшаа явсан. Тэгэхээр нь урдуур нь ороод зогссон чинь дайрчихаад явчихлаа” гэж хэлсэн. ...” /1хх 45-46/,

Гэрч Г.З-ын “... дуудлагын дагуу очиход Б.Г гэх намхан махлагдуу залуу архи уусан байдалтай найз нь гэх залуу түшээд зогсож байсан. Тухайн залуугаас юу болсон талаар асуухад би архи уусан, машинд шүргүүлсэн баруун түнхээр өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд биеийн байдал ямар байгааг тогтоохоор Б.Гыг машинд суулгаж даралт үзээд, амин үзүүлэлтүүдийг үзэж хянахад өөрөө эмнэлэг явах боломжтой байсан, манай найз эмнэлэг аваад явна гэж байсан. Б.Г нь өөрийн ухаантай байсан учраас өвчин намдаах эм уулгаад ГССҮТ-д очиж үзүүлж, цагдаад  нь бүртгүүлэхийг зөвлөөд явсан. Хувцсыг нь тайлалгүй хөлийг нь барьж үзэхэд далд болон ил хугарлын шинж тэмдэг байгаагүй, баруун гуя орчмоор нь эмзэглэлтэй байсан. ...” /1хх 47/,

  Гэрч С.М-ын “... Б.Г Цогоо над руу дөвчигнөөд, намайг машин тэргээр мөргөсөн гэж хэлсэн. Би лавлаж асуугаагүй. Паб дотор ямар нэгэн юм болоогүй, гадаа үүдэнд зам дээр болсон би бол нэг ч гар хүрээгүй, би эрүүл шахуу байсан бүгдийг нь санаж байгаа гэж надад хэлсэн. ...” /1хх 48/,

Гэрч О.А-ын “... дуудлагын дагуу очиход зодуулсан гэх Б.Г найзын хамт зогсож байсан. Болсон асуудлын талаар асуухад “Бронго” паабад Ц.Ц гэж цагдаатай муудалцаж байгаад гарч ирэхэд цагаан өнгийн машинаар мөргөчихөөд яваад өгсөн гэсэн. Б.Г гэх залуугийн нүүр царай, өмссөн хувцсыг харанхуй байсан болохоор сайн хараагүй. ...” /1хх 49/,

Гэрч Г.Ү-ын “... намайг очиход Б.Г гэх хүн Золт худалдааны төвийн урд байрлах зогсоол дээр 2 хүнээр хоёр талаасаа түшүүлсэн байдалтай зогсож байсан. Юу болсон талаар асуухад “ТҮЦ-ийн ард “Aqua” загварын цагаан өнгийн машинд баруун хөлийн орчим мөргүүлсэн. Золт худалдааны төвд байрлах паабын үүдэнд Цогоо ахад ямар нэгэн шалтгаангүйгээр зодуулсан, нүүрэн тус газар цохиулсан гэж хэлсэн. Ил харагдах хэсгээр ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Хөл өвдөөд байна гээд доголоод байсан. Б.Гаас мэдүүлэг авч байхад өөрөө миний уруул язарчихсан гээд уруулаа татаж харуулж байсан. Харагдах байдлаараа уруул нь бага зэрэг язарсан шархтай байсан. Гэхдээ цус гараагүй тогтчихсон байсан. Ямар ч гэсэн язарчихсан шархтай харагдаж байсан ба хэр хэмжээтэй байсныг санахгүй байна. Хэн наад гэмтлийг чинь учруулсан бэ гэхэд Цогоо ах намайг цохичихсон, тэгээд уруул язарсан гэж хэлж байсан. ...” /1хх 51/,

Гэрч О.Х-ийн “... дуудлагын дагуу очиж, хохирогч гэх Б.Гаас болсон асуудлын талаар тодруулахад Ц.Ц нь Драгон орчмоор үүрэг гүйцэтгэдэг учраас зүс таньдаг. Тэгээд сая пааб хаах гэж байхад нэг хүнтэй орж ирээд архи пиво авна гэхээр нь хааж байна гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ, чи паабын эзэн юм уу гээд маргалдаад намайг мангасдаж түлхээд гараараа нүүр хэсэгт цохисон. Тэгээд гараад машиндаа суугаад явах гэхээр нь би машины урдуур нь ороход тэр машин нь миний хөлийг шүргэсэн гэж ярьж байсан. Тухайн үед Б.Г нь би машины зүүн урд очиход миний баруун хөлийг шүргэсэн одоо жаахан өвдөж байна гэсэн. Мөн нүүр царайг нь харахад амнаас нь бага зэрэг цус гарсан бололтой уруул нь цус болсон байсан. .../1хх 52/,

Гэрч Б.Ш-ийн “... уг залуу манай нөхрийн машины урдуур орж ирээд гараараа тулаад зогссон тэгж байснаа халтираад уначихсан юм. ... хөдлөх гээд жоохон хөдөлгөөн хийсэн. Тэрнээс биш урагшаа яваад хүн мөргөхөөр асуудал болоогүй. Дугуй дөнгөж эргэсэн байх гэж бодож байна. ...” /1хх 53/,

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “... Б.Гын биед учирсан дээд уруулд язарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл гэмтэл нь цохих, цохигдох, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүзүүнд цус хуралт гэмтэл нь хүзүү, хоолой боох үед үүсэх боломжтой. Баруун түнх, гуя орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тээврийн хэрэгсэлд мөргөгдөх үед үүсэх боломжтой. Дээд уруулд язарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний цус хуралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин баруун түнх, гуяны дээд хэсгээр эмзэглэлтэй хавдартай байсан болохоор уг гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 74-75/,

Мөн “... баруун түнх гуяны орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, мөргөлдөх үед үүсэх боломжтой. ... дээрх гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулж болох эсэхийг шинжээч эмч тогтоохгүй, мохоо зүйлийн үйлчлэлээр гэж дүгнэнэ. ...” /1хх 74-75/,

Мөн “... Б.Гт учирсан гэмтэл нь цохих, цохигдох, мөргөгдөх хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. Хэрвээ унах үед бол хязгаарлагдмал гадаргуутай зүйлд цохигдох үед үүсэх боломжтой. ...” /1хх 222/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 1076 дугаартай шинжээчийн “... Б.Гын биед дээд уруулд язарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл, хүзүүнд цус хуралт, баруун түнх, гуя орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 71-72/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн “... Б.Г тээврийн хэрэгслийг явуулахгүй гэж хөдөлгөөнийг санаатайгаар хааж зогссон, энэ үед тээврийн хэрэгслийн жолооч түүний энэ үйлдлийг харж хянаж байсан атлаа хөдөлгөөн эхлэх гэсэн үйл явдал болсон гэж үзэхээр байна. ...тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь ...санамсаргүй болгоомжгүй хэлбэрээр илэрдэг. Иймд энэ гэмт хэрэг нь зам тээврийн ослын шинжийг агуулаагүй. ...” /1хх 93/ гэх дүгнэлтүүд,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх 65-67/, хохирогч Б.Гын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг ажиллагааг дүрс бичлэгээр бэхжүүлсэн диск /1хх 225-229/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэх дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба прокуророос Ц.Ц, Ц.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүх Ц.Ц, Ц.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Ц.Г нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч Н.Б нь “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдлуудыг нотлох баримтуудаар тогтоогоогүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргий анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолын Ц.Цад холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.” гэж, 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Гэмт хэргийг санаатай үйлдэх гэж гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг хэлнэ.

Гэмт хэргийн сэдэлт нь тухайн этгээдийн хэрэгцээ, сонирхлоор нөхцөлдөн гэмт хэрэг үйлдэх шийдмэг байдлыг өдөөж буй, өөрөөр хэлбэл, хүнийг нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийхэд, идэвхитэй үйл ажиллагаанд өдөөн түлхэгч сэтгэл зүйн хүчин зүйл юм. Сэдэлт нь шунахай, танхай, үзэн ядалт, өс хонзон, хувийн зэрэг олон хэлбэртэй байдаг.

Гэмт хэргийн зорилго нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдэх явцад хүрэхийг хүссэн үр дүн буюу хүрэх үр дүнгийн талаар санаа бодлын төсөөлөл юм. Зорилго нь хэдийгээр тодорхой үр дүнд хүрэх эрмэлзэл боловч гэмт хэргийн зорилго болон учирсан хор уршиг нь заавал хоорондоо тохирох шаардлагагүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээд зорилгодоо хүрээгүй, эсхүл тавьсан зорилгоосоо илүү хор уршиг учруулсан байж болно.

Шүүгдэгч Ц.Цын хувьд хохирогч Б.Гтай “гэрлээ асаа, би хүнтэй явж байна, чи баарны эзэн юм уу, муу драгоны гуйлгачин” гэх зэргээр маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хувийн сэдэлтээр түүнийг мангасдаж, толгойгоороо мөргөсөн үйлдэл нь Б.Гыг гэмтээх боломжтой, хууль бус шинжтэй гэдгийг ухамсарлаж байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Цын үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон ба анхан шатны шүүхээс “хохирогч Б.Г нь шүүгдэгч Ц.Цыг өөрийнх нь нүүрэн тус газар цохисон, хоолой боосон талаар мэдүүлснийг гэрч Б.Ундрах, шүүгдэгч Ц.Ц нар нь үгүйсгэж, түүнийг цохиж зодсон хүн байхгүй гэж мэдүүлсэн боловч шинжээчийн 1076 дугаартай дүгнэлтээр “Б.Гын биед дээд уруулд язарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл, хүзүүнд цус хуралт” бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа, дээрх гэмтэл нь цохиулах, цохигдох, хоолойг боох үед үүсэх боломжтойг шинжээч эмч Ө.Сарангэрэл мэдүүлсэн, мөн дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч нарын буюу гэрч Г.Үүрцайх, О.Хатанзориг нарын мэдүүлэгт “...хохирогч Б.Гын амнаас бага зэрэг цус гарсан бололтой, уруул нь цус болсон, уруулаа сөхөж харуулахад уруул нь язарсан байсан” талаар мэдүүлцгээсэн зэргээс үзвэл хохирогчид учирсан дээрх гэмтэл нь гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хохирогчийн мэдүүлгийг худал гэж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд учирсан гэмтэл нь шүүгдэгч Ц.Цын үйлдэлтэй шалтгаант холбоотой” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч Н.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч Н.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ