Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0151

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Саранцэцэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0001 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Хиганбайн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12  дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0001 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар “М.Хиганбайг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, М.Хиганбайг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Булган сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Гомдлын шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Хиганбайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай.

Гомдлын үндэслэл:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0001 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч М.Хиганбайг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Булган сумын нийгмийн даатгалын байцаагчийн апбан тушаалд эгүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үндэслэл нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д тухайн төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол түүнийг төрийн албанаас чөлөөлөхөөр, мөн зүйлийн 24.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй байхаар тус тус зохицуулсан. Тухайн иргэний тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эсэхийг хүчин төгөлдөр иргэний үнэмлэх дээр бичигдсэн он, сар, өдрөөр тодорхойлох ёстой.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Шаяхмет нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар М.Хиганбайг ажлаас чөлөөлөхдөө түүний хувийн хэрэгт байгаа холбогдох бичиг баримтууд болон 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эрх бүхий байгууллагаас олгосон тухайн үед хүчин төгөлдөр байсан иргэний үнэмлэх дээр бичигдсэн он, сар, өдрийг баримтлан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлсөн байдаг.

2. Шүүхээс”М.Хиганбайг төрийн албанаас чөлөөлөх тухай шийдвэр гаргахаас өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр М.Хиганбай нь 1957 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн тухай төрсний бүртгэлийн лавлагааг эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга эзгүй байсан тул холбогдох бусад албан тушаалтнуудад үзүүлж танилцуулсан, улмаар мөн өдөр энэ талаар хэлтсийн даргад утсаар мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь энэ үйл явдал Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаал гарсны дараа болсон асуудал юм. Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох хүмүүс М.Хиганбайг дуудаж тушаалын хувийг гарт өгч ажил хүлээлгэж өгөх үед энэ үйл явдал болсон байдаг. Өөрөөр хэлбэл М.Хиганбайн төрсний бүртгэлийн лавлагаа авчирсан нь тушаал гарснаас хойших үйл баримт юм. Ийм байхад шүүхээс он, сар, өдрийг сайн тодруулахгүйгээр хүмүүсийн аман мэдүүлгээр тушаал гаргахаас өмнө эрх бүхий хүмүүст хандсан мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

3. Шүүхээс “...тухайн этгээд нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах хуульчилсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулахгүйгээр, түүнчлэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн шийдвэр гаргах талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, нэхэмжлэгчээс тайлбар авах зэргээр оролцоог нь хангахгүйгээр төрийн албанаас чөлөөлсөн нь буруу болжээ” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Нийгмийн даатгалын хэлтсийн даргын хувьд түүнийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөх болсноо 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр болсон Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөлийн хурал дээр албан ёсоор мэдэгдсэн байдаг. Дээрх хурлын тэмдэглэл нь хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд тухайн хурал дээр М.Хиганбай нь 8 дугаар сарын 1-ний өдрөөс гарах хүсэлт гаргасан болохоос биш 1957 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, төрсөн он, сар, өдөр иргэний үнэмлэх дээр буруу бичигдсэн, түүнийг засаж залруулахаар хөөцөлдөж байгаа талаар огт мэдэгдээгүй байна.

Тэгээд ч нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар авах зэргээр түүний оролцоог хангах ажиллагаа өмнө нь хуульчлагдаагүй байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан. М.Хиганбайг ажлаас чөлөөлсөн асуудал энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө болсон үйл баримт учир дээрх үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

4. Шүүхээс М.Хиганбай нь бодит байдалд 60 нас буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байсан тул нэхэмжлэгчийн 60 нас хүртэл төрийн албанд ажиллах эрхийг нь зөрчсөн байна гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаал гарах үед М.Хиганбай нь албан ёсны иргэний баримт бичгэн дээр бичигдсэн он, сар, өдрөөр тооцоход 60 нас хүрсэн байсан. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаал гарснаар түүний 60 нас хүртэл төрийн албанд ажиллах эрх нь зөрчигдөөгүй. Харин М.Хиганбай нь ажлаас чөлөөлсөн тушаал гарсны дараа өөрөө хүсэж, өөрийн хүсэл сонирхлоор Улсын бүртгэлийн байгууллагад хандаж шинээр иргэний үнэмлэх авсан нь түүний эрхийн асуудал бөгөөд Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаал энд огт хамааралгүй юм.

Түүнчлэн М.Хиганбай нь Улсын бүртгэлийн байгууллагад хандаж төрсний бүртгэлийн лавлагаа авч улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан шинээр регистрийн дугаар, иргэний үнэмлэх авсан үйл явдал түүнийг ажлаас чөлөөлснөөс хойш болсон үйл баримт учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй.

5. М.Хиганбай нь 1982 оноос 1956 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрснөөр иргэний бичиг баримт авч ирсэн нь хэрэгт авагдсан холбогдох иргэний баримт бичгүүдийн хуулбар, архивын лавлагаа, М.Хиганбайн шүүх хуралдаан дээр өгсөн тайлбар, мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.

Хэрэв М.Хиганбай нь 1957 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрснөө мэдэж байсан бол 34 жилийн хугацаанд холбогдох эрх бүхий байгууллагад хандаж залруулах бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй явж ирсэн нь түүний буруутай үйл ажиллагаа болохоос биш нийгмийн даатгалын хэлтсийн даргын буруутай үйл ажиллагаа биш.

Мөн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан өргөдөлд болон 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр болсон Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөлийн хурал дээр 1957 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн талаар ямар нэгэн асуудал хөндөж тавиагүй байна.

5. Түүнчлэн М.Хиганбайн төрсний бүртгэл гэх аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст байгаа төрсний бүртгэлийн журналын 104-т бүртгэсэн бүртгэлийн “Ж” үсгийг “X” үсэг, “3”-ын тоог “7” болгож тус тус зассан нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Баймырзагийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 087 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/12145 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.Хиганбайн бүртгэл гэх төрсний бүртгэлийн журналын хуулбар дээр хүүхдийн нэр дээр “Хасен Магай” гэж бичсэн, М.Хиганбайн нэр огт ороогүй байдаг.

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ эдгээр зөрүүтэй баримтуудын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна.

Иймд хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж миний гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Булган сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд дээрх шаардлагаа анхан шатны шүүх хуралдаанд дэмжсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө” гээд 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”,  24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заасан. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй....” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч М.Хиганбай нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “...өндөр насны тэтгэвэрт 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гарах хүсэлтэй байна” гэж Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргажээ. Үүний дараа нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын байцаагчид хандаж өргөдөл гаргасан тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Регистрийн дугаар өөрчилж, дахин олгох тухай” 724 дүгээр дүгнэлт гарч Иргэний бүртгэлийн газарт хүргүүлсэн байна. Улмаар 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч М.Хиганбайд регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг олгожээ.

 Дээрх баримтуудаас үзвэл М.Хиганбай нь маргаан бүхий захиргааны акт гарах үед 59 настай байсан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч М.Хиганбай нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй гэдгээ Баян-Өлгийн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох хүмүүстэй уулзаж, “Төрсний бүртгэлийн лавлагаа”-г танилцуулж байсан нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар болон гэрч Т.Ботагөз, А.Тилек нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч 1957 онд төрсөн гэдгээ хариуцагчид урьдчилан мэдэгдсэний дараа маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгийн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаал гарсан байна.

Мөн анхан шатны шүүх “...Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх нөхцөл бүрдсэн эсэх, тухайн этгээд нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах хуульчилсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулалгүйгээр... төрийн албанаас чөлөөлсөн буруу болжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                     ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

                                     ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

                                     ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР