Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 131

 

Ц.Б-д оногдуулсан хорих ялыг

шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд

нийцүүлэн хасах тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, ялтны өмгөөлөгч Ц.Батбаяр, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 234 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 131 дүгээр магадлалтай, Ц.Б-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Ц.Бат-Оргилын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, эрэгтэй, Боржигон овогт Ц.Б нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.2, 91.2.11-д зааснаар 16 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоожээ.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 496 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.2, 91.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй”, “Ц.Б-г бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулан эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 14 жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсан байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 256 дугаар тогтоолоор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 496 дугаар магадлалын тогтоох хэсгийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан хэсгүүдийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 45 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 256 дугаар тогтоолын тогтоох хэсэгт “Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.2, 91.2.11-д зааснаар 15 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн залруулга оруулж шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 234 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.11 дэх хэсэгт зааснаар Ц.Бат-Оргилын хорих ялыг 12 жил болгон дүйцүүлж, биеэр эдэлсэн 3 жил 1 сар 1 хоног хорих ялыг хасч, үлдэх биечлэн эдлэх ялыг 8 жил 10 сар 28 хоногоор тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 234 дүгээр захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Ц.Б-д урьд оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.11 дэх хэсэгт заасан ялын хэмжээнд нийцүүлэн хасч, 12 жил хорих ялаар шинэчлэн тогтоосугай” гэж өөрчилж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан Ц.Бат-Оргил гаргасан гомдолдоо: “...Надад оногдуулсан хорих ялыг насанд хүрсэн хүнд оногдуулах ялын хэмжээтэй дүйцүүлэн хассан. Миний ялыг насанд хүрээгүй хүний ялтай дүйцүүлэн хасаагүйгээс эрх зүйн байдал маань дордсонд гомдолтой байна. 2002 оны Эрүүгийн хуулиар насанд хүрсэн хүнд холбогдох Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь зүйлд заасан ялын хэмжээ 15-25 жил хорих ял байсан. Харин насанд хүрээгүй хүнд уг зүйл ангиар оногдуулах ялын хэмжээ 10-15 жил байсан боловч анхан шатны шүүх миний ялын хэмжээг 12 жилийн хорих ял болгож хассан. Энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн насанд хүрээгүй хүнд оногдуулах ялын хэмжээтэй тохирохгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлон заасан ямар гэмт хэргийн шинжид хамаарч байгааг тогтоосны дараа ял нийцүүлэн хасах асуудлыг шийдвэрлэнэ. Иймээс Ц.Б-г “өсвөр насны хүн” гэж тодорхойлон хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй юм” гэжээ. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасан байхад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өөрөөр тайлбарлаж байгаатай санал нийлэхгүй байна. ...Иймд насанд хүрсэн хүний ялын хэмжээтэй дүйцүүлэн хасахгүйгээр 18 насанд хүрээгүй өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ялтны өмгөөлөгч Ц.Батбаяр хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Шүүх ял дүйцүүлэн хасах тухай асуудлыг шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасныг баримталж шийдвэрлэх ёстой байсан. Иймд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж ялыг дүйцүүлэн хасч өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Ялтан Ц.Б-г өсвөр насны хүн гэж тодорхойлон, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, эдлэх ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүх ялтан Ц.Б-д оногдуулсан хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах тухай асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь 2015 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох ижил төрлийн ялын доод, дээд хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ Эрүүгийн хуульд нийцүүлж хасна.

Анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн ялтан Ц.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.2, 91.2.11-д зааснаар оногдуулсан 15 жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.11 дэх хэсэгт заасан 12 жилтэй дүйцүүлэн хасч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Ц.Б-д урьд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.11 дэх хэсэгт заасан ялын хэмжээнд нийцүүлж 12 жил хорих ялаар шинэчлэн тогтоосугай” гэж хууль зүйн үндэслэл бүхий өөрчлөлт оруулжээ.

Шүүх ялтанд оногдуулсан ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд хяналтын шатны шүүх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлтийг ялтны гомдлоор дахин хянан хэлэлцэх, оногдуулсан ялыг өөрчлөх эрхгүй тул ялтан Ц.Бат-Оргилын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 234 дүгээр шүүгчийн захирамж, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 131 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, ялтан Ц.Бат-Оргилын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ,                                               Б.ЦОГТ

                                  ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН