| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2021/01033/И |
| Дугаар | 181/ШШ2021/02101 |
| Огноо | 2021-11-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2021/02101
| 2021 11 04 | 181/ШШ2021/02101 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: И.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Г-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ж.Э
Гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Ц , түүний өмгөөлөгч С.Дондов, хариуцагч Ж.Г , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2011 онд Ж.Г той танилцаж, 2012 онд хамт амьдарч, 2014 онд том хүү Г.Б , 2015 онд бага хүү Г.Г ийг төрүүлсэн. Намайг ирэхэд Ж.Г ийн эмээ бид хоёртой 2014 он хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд 2 хүүхэд маань төрсөн, ингэхэд Ж.Г ийн эмээ хүүхдүүддээ баталгаа болгож маргаан бүхий байрыг бид нарт өгсөн. Тус байрыг өгөхдөө миний охин энэ гал голомтыг өөд нь татаж, өргөж дээдэлж яваарай гэж хэлээд бид нарт дундын өмч гэж өгсөн. Тухайн үед уг байр Ж.Г ийн нэр дээр байсан.
2014 онд том хүү маань төрснөөс хойш Ж.Г бид хоёрын зан харилцаа таарамжгүй болж эхэлсэн. Дандаа архины асуудалтай байдаг байсан. Би дараалаад 2 удаа төрсөн учраас нойртой, нойргүй маш их бухимдалтай байсан. Бид хоёр нэгийгээ хардаж, нэгийгээ гэх сэтгэлгүй болсон. Ж.Г байнга намайг зодож, бие сэтгэл эдийн засгийн хохирол дарамтыг өгч байсан. Би Ж.Г той хамт амьдрах гэж их зүтгэсэн. Манай нөхөр 2014 онд ажилтай болсон, ингэхэд нь би нөхрийгөө хийморь золбоотой явбал бид нарын амьдрал сайхан болно гэж итгээд өөрийгөө 10 жил орхисон. Би Ж.Г ийг нэг удаа ч үрчгэр цамцтай явуулж үзээгүй. Нөхрийгөө маш их хайрлаж, халамжилж ирсэн. Үүнийг Ж.Г болон манай хадам ээж үгүйсгэхгүй байх. Би 3 хүүхдээ өсгөх хугацаандаа нэг ч удаа эмнэлэгт хэвтүүлж үзээгүй. Хэрэв Ж.Г ийн хэлж байгаа шиг байсан бол манай гэр аймар л юм байх байсан. Ж.Г бид хоёр жил хамт амьдраагүй. Бид хоёр таарч тохирохгүй болж би 2019 оноос эхэлж Цагдаагийн байгууллагад хандсан. Би жилийн хугацаанд хоёр хүүхдээ өөрөө өсгөж, арчилж, сургууль цэцэрлэгт нь зөөдөг.
Өнгөрсөн 3 сард би хүнд өвдсөн. Бамбайн үрэвслийн хордлогод орж түүнийгээ мэдэхгүй яваад хүндрүүлсэн байсан. Би Ж.Г т өвдсөн гэдгээ хэлтэл намайг зодож, цохиж, дээрэлхээд хаяад явсан. Гэтэл гэрийнхэндээ миний буруу мэтээр тайлбарласан байсан. Ж.Г нь гэрээсээ явахдаа гэр орноосоо хөөгөөд явсан. Надад Ж.Г оос салахад хохирох зүйлгүй, гэхдээ цаана нь хоёр хүүхэд маань байгаа шүү дээ. Ж.Г өмнө 2 эхнэр авч байсан, ингэхдээ нэгд нь ч тэтгэвэр, тэтгэмж өгч байгаагүй. Ж.Г нь намайг хуулийн мэдлэггүй болохоор маш их ашигладаг. Чамайг хэн ч тоохгүй, чамайг хэн ч авч хэлэлцэхгүй гэж хэлдэг. 2021 он надад маш хүнд жил болсон. Миний охин энэ жил сургуулиа төгссөн. Би урдаа байсан бүх зовлонгоо давж гарсан, одоо надад хэцүү зүйл байхгүй. Би охиноо гадагшаа сургуульд явуулсан, өөрийнхөө өвчнийг давж гарсан. Миний хүү Г.Б сургууль, цэцэрлэгээсээ маш их хоцрогдолтой байсан ч одоо хэвийн болсон.
Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хоёр хүүхдийнхээ амьдрах орчныг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И.Ц нь гэрлэлт цуцлуулах гол шалтгаанаа удаа дараагийн хүчирхийлэл, маш их дарамтанд байсан, үүнээс болж бамбай булчирхайн хорт үрэвсэлтэй болж биеийн байдалд нь сөргөөр нөлөөлсөн гэж тайлбарладаг. Шүүхээс үүнийг анхаарч үзэх байх гэж бодож байна. Хариуцагч нь хоёр хүүхдийг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг өгсөн. Иймээс хуулийн дагуу шийдвэрлэж тэтгэмжийг гаргуулж өгөх байх гэж бодож байна. Гэр бүлийн дундын хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаантай байгаа тул хариуцагчийн ээж гуравдагч этгээдээр оролцож байна. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх өмчийн талаар анхаарах байх. Бага насны 2 хүүхэдтэй, өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, орох оронгүй байгаа үед байрыг чөлөөлүүлж, суллуулна гэсний дагуу Ж.Э ийг гуравдагч этгээдээр оролцуулж байгаа юм.
Талуудыг хамт амьдарсны дараа Ж.Г ийн эмээ нь гал голомтоо сайн авч яваарай гэж хэлээд өгсөн гэх тайлбарыг хэлдэг. Үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагаанаас харахад маргаан бүхий орон сууцыг Ж.Г нь бэлэглэлийн гэрээгээр Ж.Э т шилжүүлсэн үйл баримт байдаг. Нэхэмжлэгч И.Ц нь өөрсдөд нь уг байрыг өгсөн учраас нөхрийнхөө нэр дээр байж байхад болно гэж бодож байсан гэдгээ хэлдэг. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд гэдэгт Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойших хугацаа хамаарна гэж заасан. Талууд нь 2012 оноос хойш хамт амьдарч 2 хүүхдээ төрүүлж, 2014 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Гэр бүлийн тухай хуульд гэр бүлийг тодорхой зааж хуульчилж өгсөн байдаг. Тийм учраас уг хуульд заасны дагуу гэр бүлийн дундаа хамтран өмчлөх өмчийг хуулийн дагуу хувааж оногдох хэсгийг И.Ц болон түүний хоёр хүүд оногдуулах талаар анхаарч үзнэ үү. Мөн И.Ц ийн охин буюу Ж.Г ийн дагавар охин хуулийн дагуу хөрөнгө эзэмших эрхтэй байдаг. Гэхдээ И.Ц ийн охин уг хөрөнгөнөөс татгалзаж байна, тийм учраас ээж маань хоёр дүүтэй маань орох оронтой амьдраад өөрийнхөө биеийг эрүүл болгоод байж байвал тусгайлан нэхэмжлэл гаргах хүсэлгүй байна гэдгээ хэлсэн. Иймд шүүхээс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И.Ц бид хоёр 2012 оноос хойш хамт амьдарсан. Энэ хугацаанд маш их зүйл болж байсан. Би эрэгтэй хүн болохоор цагдаа дууддаггүй байсан. И.Ц нь над руу олон удаа хутга барьж дайрч байсан. Одоо надад хутганы сорви, шүдээрээ хазаж байсан сорви нь байгаа. И.Ц пивотой шилээр миний толгой руу цохиход би гараараа хаагаад шөрмөсөө тастаж байсан сорви хүртэл байгаа. И.Ц нь дандаа намайг хардаж, архичин гэж дайрч гүтгээд цагдаад өгдөг байсан. Миний бие энэ бүхнээс залхсан юм. И.Ц нь байнга намайг шоронд хийнэ харж байгаарай, чамайг ажилгүй болгоно гэж хэлдэг байсан. Энэ бүхэнд миний сэтгэл хөрөөд И.Ц ийг орхисон. Өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх ёстой болохоос хүнийг гүжирдэж болохгүй.
Гэр бүлийн тухай хуульд өмчтэй холбоотой харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Би маргаан бүхий байрыг бэлэглэлийн гэрээгээр ээждээ өгөөгүй. 2014 онд эмээ маань ээж дээр очиж харсан. Уг байр нь аав, ээж бид гурвын нэр дээр байсан бөгөөд 2000 онд нүүж орж байсан. Эмээ маань бид нарыг амьдар гэж хэлсэн болохоос надад бэлэглэж өгсөн зүйл байхгүй. Энэ нь өөр ухагдахуунтай ойлголтууд юм. 2019 онд эмээ маань охиндоо байраа өгнө гээд намайг дуудсан. Ингээд би өвлөх эрхээсээ татгалзаж байсан болохоос биш бэлэглэлийн гэрээгээр өгөөгүй. Сүүлийн 4 жил тэтгэвэртээ гараад бид нарыг хөгшин хүнтэй зууралдаад яахав гээд ээж маань эмээг өөр дээрээ аваад харж байсан. Эмээ маань охиндоо буюу ээжид маань байраа өгнө гэж хэлэхэд нь би татгалзаагүй байрыг нь өгсөн” гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 онд аав маань нас барахад И.Ц манай гэрт ороогүй байсан. 2014 онд том хүү Г.Б төрсөн тэр үеэр байранд орсон байх. Манай аав ээж хоёр 2000 онд уг байранд орж байсан. Би Ж.Г , И.Ц хоёрыг тав тухтай байг мөн ээжийгээ нялх хүүхдүүдийн дунд ядрах байх гэж бодоод сүүлийн үед ээжийгээ асарч байсан. И.Ц худал хэлдэг болохоороо бид нарт өгсөн гэж амаараа тайлбар өгч байна. Ж.Г ийг гэрээсээ хөөгдсөнөөс хойш манай ээж маш их хямарсан. Би 08 дугаар сард хэл амаа ололцохоор 4 удаа ирсэн. Гэтэл И.Ц гэрээ дотроос нь түгжээд оруулаагүй, надтай ерөөсөө ярилцаагүй. 4 дэх дээр нь Ж.Г ирээд бид хоёр үүдэнд нь сууж байсан. Гэтэл И.Ц цагдаа дуудаад ирсэн, ингэхэд нь би учир шалтгааныг нь тайлбарлаж хэлсэн. Цагдаа байрны хаалгыг тогшиход И.Ц би гараад явчихсан гэж ярьсан. Манай ээж И.Ц ийн үйлдлээс болоод маш их хямарч, сэтгэл санааны хохирол амсаж байгаа. Би И.Ц тэй учир зүйгээ ололцохгүй байсан тул ээжийгээ гал голомтод нь оруулъя гэж бодоод шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Цагдаа болохоор та шүүхээр шийдвэрлүүлэхгүй бол болохгүй юм байна гэж хэлсэн. Цагдаа дуудлага өгсөн хүнийх нь талд ороод шийдвэр гаргадаггүй юм байна лээ. Би бүх зүйл дээр хоёр ачийн минь ээж гээд хэрүүл хийхгүй, бүх зүйлийг нь харсаар байж зүгээр өнгөрөөж байсан. Гэтэл бүх зүйл нь даамжраад бид нарыг гэрт маань оруулахгүй, бүгдийг нь хөөж гаргасан. Шүүх танхимд хэлж байгаа тайлбарыг сонсохоор бүгд эсрэгээрээ, бүх зүйл нь худал байна. Би 2 ачийгаа боддог, цаашдаа ч гэсэн бодно. Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд 3 өрөө байранд амьдардаг. И.Ц 2 хүүхэдтэйгээ манайд очиж амьдарна гэвэл би татгалзахгүй. Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажил олдох байх. Би 2 ачийгаа гудамжинд гаргах бодлого бариагүй” гэв.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Ц нь хариуцагч Ж.Г т холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн шаардлагатай, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд орон сууц албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч И.Ц , хариуцагч Ж.Г нар нь 201 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлсэн, мөн тэдний дундаас 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Б , 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Г.Г нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү Г.Б , Г.Г нарын нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч И.Ц , хариуцагч Ж.Г нар нь 2019 оноос хойш тусдаа амьдарсан, гэр бүлийн хүчирхийлэлтэй, мөн цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагатай хамт хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэгийг хамт шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох эрхтэй ба талууд хүү Г.Б , Г.Г нарыг эх И.Ц ийн асрамжид үлдээхээр тохиролцсон тул хүү Г.Б , Г.Г нарыг эх И.Ц ийн асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл /Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үүрэг хүлээнэ /-ийн 12.1.1-т “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” гэж заасны дагуу хариуцагч Ж.Г нь өөрийн төрсөн хүү Г.Б , Г.Г нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Б , 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Г.Г нарыг сар бүр 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Г оос хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч И.Ц нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, 36 байр, 16 тоот орон сууцнаас ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д “гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх” гэж заажээ.
Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, 36 байр, 16 тоот орон сууц нь талууд 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлэхээс өмнө үүссэн буюу
Дээрхи хөрөнгө нь 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ж.Г , Ц.Норовсамбуу, Ц.Жигжид нарын өмчлөлд анх бүртгэгдсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 44 дэх тал/
Нэхэмжлэгч нь гэр бүл болоход нь зориулж бэлэглэсэн гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлоогүй гэж үзэв.
Иймд, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, 36 байр 16 тоот орон сууцнаас ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Бие даасан шаардлагын тухайд:
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Э нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, 36 байр 16 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан.
Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, 36 байр, 16 тоот орон сууцны өмчлөгчөөр Ж.Э бүртгэгдсэн болох нь баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заажээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь “Манай ээжийн байр байсан. Энэ байрандаа ээжийгээ асарч, хамт амьдрах хүсэлтэй байх тул Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, 36 байр 16 тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа тул албадан чөлөөлүүлнэ үү” гэж, нэхэмжлэгч И.Ц нь “Би хүүхдүүдтэйгээ очих газар байхгүй, сургууль нь гэрийн хажууд ойр байдаг” гэж тус тус тайлбарласан.
Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй.” гэж заасан бөгөөд Ж.Э ийн нэр дээр байрны өмчлөл шилжихээс өмнө Ж.Г нарын өмчлөлд байсан, мөн бэр И.Ц , ач хүү Г.Г , Г.Б нар нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, 36 байр 16 тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаагүй, гэр бүл, төрөл, садангийн харилцаатай хүмүүс хоорондоо эзэмшсэн байх тул эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.
Иймд, И.Ц , Г.Г , Г.Б нарын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, 36 байр 16 тоот орон сууцныг чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ж.Г, И.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Б , 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Г.Г нарыг эх И.Ц ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Б , 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Г.Г нарыг 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Г оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 07 дугаар хороолол, 36 дугаар байр, 16 тоот орон сууцнаас ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 36 дугаар байр 16 тоот орон сууцыг И.Ц нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч И.Ц , хариуцагч Ж.Г нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г оос улсын тэмдэгтийн хураамжид 145,930 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХБАЯР