| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2024/0098/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/100 |
| Огноо | 2024-08-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/100
2024 08 07 2024/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******т холбогдох эрүүгийн 2404001290103 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бүжингоо
Шүүгдэгч Л.******* нар оролцов.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, Галуутад оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******гийн ******* /РД:НЧ76081016/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* хэсгийн 34 тоотод байрлах хохирогч Ц.*******гийн гэрийн зочны өрөөнд тавиур дээр байрлуулсан “Sony” загварын 32 инчийн өнгөт зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 200,000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Л.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос ******* дүүрэгт ирээд 2 найзтайгаа 3 шил архи уучихаад орой 20 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* хэсгийн 34 тоотод найз *******оотой уулзахаар очоод гэрийн хаалгыг нь тогшоод гарч ирэхгүй болохоор нь байшингын зүүн талаар тойроод ороход ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан жижиг цонхыг хагалаад байшин руу ороод *******ийг байна уу гэж харахад байхгүй байсан. Том өрөө рүү нь ороод хойд талд нь зурагтны тавиур дээр хар өнгийн жижгэвтэр зурагт байсан, тэр зурагтыг аваад орсон цонхоороо гаргаж тавиад өөрөө араас нь гарсан. Зурагтыг аваад хашаанаас гарахад нэлээн хэдэн хүүхэд хашааны гадна тоглож байсан, надаас “та наад зурагтаараа яах гэж байгаа юм бэ” гэхээр нь “авч явж байгаа юм аа” гэж хэлсэн. Тухайн хүүхдүүд та байж бай цагдаа дуудсан байгаа гэж хэлэхээр нь хүлээгээд байж байтал цагдаа нар ирээд намайг аваад цагдаагийн газарт ирээд согтуурлын зэргийн драггер багажаар шалгаад эрүүлжүүлэх байранд хонуулсан. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57-58, 69-70, хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 18-ны 21 цагийн үед манай хажуу айлын хүүхдүүд миний утас руу залгаад “танай хашаа нь дотор нэг өндөр хүн яваад байна” гэж хэлсэн. Тэгээд ******* дүүрэг 5 дугаар хороо, ******* хэсгийн 34 тоот гэртээ ирэхэд манай гэрийн гал тогооны цонхыг хагалан хулгайч орж 32 инчийн зурагтыг маань авч гарж байгаад цагдаад баригдсан байсан ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22)
Насанд хүрээгүй гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн ах Б.ийн хамт найзындаа очиж ажил хийгээд гэртээ ирсэн. Тэгээд бие засах гээд нойл орсон чинь манай ах байхаар нь хажуу айлын ******* ахын хашаа онгорхой байсан болохоор тэдний нойлд ороод бие засаад гарсан. Тэгээд ахыг хүлээгээд зогсож байхад тэднийд нэг юм түчигнээд байхаар нь ******* ахыг гэртээ байгаа юм байна гэж бодоод байж байтал байшингийнх нь ардуур нэг өндөр нуруутай, ах зурагт тэвэрчихсэн хашаа давах гээд оролдож давж чадахгүй газар унасан. Тэгээд ах бид хоёр очиход хар өнгийн түрийтэй гуталтай, хар саарал өнгийн гадуур хүрэмтэй, саарал өнгийн ажлын өмдтэй 50 орчим насны эрэгтэй өндөр нуруутай ах байсан, “та наад зурагтаараа яах гэж байгаа юм бэ” гэхэд “энэ манай таньдаг айл намайг зурагт аваад гараарай” гэж хэлсэн гэхээр нь манай ах ******* ах руу залгаад “танайд хулгай орж байна” гэсэн чинь “ах нь одоо очлоо намайг очтол байлгаж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд ******* ах ирээд цагдаад дуудлага өгсөн ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-28),
Насанд хүрээгүй гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүүтэй хамт айлд ажил хийж байгаад ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* хэсгийн 35 тоот гэртээ ирсэн. Тэгээд манай дүү болон миний гэдэс өвдөхөөр нь нойл ороход манай ах нойлд байсан. Хажуу айлын ******* ахын хашаа онгорхой болохоор нь дүүтэйгээ хамт тэдний нойлд орсон, эхлээд манай дүү ороод дараа нь би ороход манай дүү намайг болж байна уу ******* ахын байшин дотор юм дуугараад байна, ******* ах ирсэн юм болов уу гэж асуусан. Тэгээд би гарахад ******* ахын байшингаас зурагт тэвэрчихсэн хүн гараад хашаа давах гээд байсан. Тэгээд дүүтэйгээ очоод “та ******* ахын хашаанд юу хийж байгаа юм бэ, зурагтаар нь яах гэж байгаа юм” гэж асуухад “намайг зурагт аваарай гэж хэлсэн юм” гэж хэлсэн. Тэгээд би ******* ах руу залгаад танай байшингийн цонхийг хагалаад хүн зурагт аваад хашаан дотор чинь явж байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй ******* ах ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-34),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-9, 11),
Согтуурлын зэргийн шалгасан гэрэл зургийн үзүүлэлтэд “...3.71 хувьтай...” гэжээ (хх-ийн 10),
Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Sony маркийн зурагт 32 инч өнгөт зурагт 1 ширхэг 200,000 төгрөг” гэжээ. (хх-ийн 45-46),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 16),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 17),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 74, 77-80) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* хэсгийн 34 тоотод байрлах хохирогч Ц.*******гийн гэрийн зочны өрөөнд тавиур дээр байрлуулсан “Sony” загварын 32 инчийн өнгөт зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 200,000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, миний буруу” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.*******гийн “2024 оны 05 дугаар сарын 18-ны 21 цагийн үед манай хажуу айлын хүүхдүүд миний утас руу залгаад “танай хашаа нь дотор нэг өндөр хүн яваад байна” гэж хэлсэн. Тэгээд ******* дүүрэг 5 дугаар хороо, ******* хэсгийн 34 тоот гэртээ ирэхэд манай гэрийн гал тогооны цонхыг хагалан хулгайч орж, 32 инчийн зурагтыг маань авч гарж байгаад цагдаад баригдсан байсан” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.ий өгсөн “...ахыг хүлээгээд зогсож байхад тэднийд нэг юм түчигнээд байхаар нь ******* ахыг гэртээ байгаа юм байна гэж бодоод байж байтал байшингийнх нь ардуур нэг өндөр нуруутай, ах зурагт тэвэрчихсэн хашаа давах гээд оролдож давж чадахгүй газар унасан. Тэгээд ах бид хоёр очиход хар өнгийн түрийтэй гуталтай, хар саарал өнгийн гадуур хүрэмтэй, саарал өнгийн ажлын өмдтэй 50 орчим насны эрэгтэй өндөр нуруутай ах байсан, “та наад зурагтаараа яах гэж байгаа юм бэ” гэхэд “энэ манай таньдаг айл намайг зурагт аваад гараарай” гэж хэлсэн гэхээр нь манай ах ******* ах руу залгаад “танайд хулгай орж байна” гэсэн чинь “ах нь одоо очлоо намайг очтол байлгаж байгаарай” гэж хэлсэн тэгээд ******* ах ирээд цагдаад дуудлага өгсөн ...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.ийн өгсөн “...******* ахын байшин дотор юм дуугараад байна, ******* ах ирсэн юм болов уу гэж асуусан. Тэгээд би гарахад ******* ахын байшингаас зурагт тэвэрчихсэн хүн гараад хашаа давах гээд байсан. Тэгээд дүүтэйгээ очоод “та ******* ахын хашаанд юу хийж байгаа юм бэ, зурагтаар нь яах гэж байгаа юм” гэж асуухад “намайг зурагт аваарай гэж хэлсэн юм” гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, согтуурлын зэргийн шалгасан гэрэл зургийн үзүүлэлт, “Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар хууль бусаар авч, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэдэг бөгөөд уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульд заасан ба, хохирлын хэмжээ шаарддаггүй.
“Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгоно.
Шүүгдэгч Л.******* нь “Sony” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* хэсгийн 34 тоотод байрлах байшингийн цонхийг нь тоосгоор хагалан орж хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******гийн эд хөрөнгөд 200,000 төгрөгийн хохирол учирсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч төлж барагдуулсан болох нь хохирогчийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 90), шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.*******т 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулах” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Л.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг тоосгыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.*******т 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг тоосгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ