Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2021/01874

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.У/РД: /-д холбогдох,

 

Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б би С.Утай 2019 онд танилцаж, дотноссон. Бид 2 үерхээд, бие биеийнхээрээ ирэн очиж явсаар, дундаасаа 2021 оны 01 сарын 05-ны өдөр Уянгын Түвшинбаяр хүүгээ төрүүлсэн. Хүүгээ төрснөөс хойш манайд хамт амьдарч эхэлсэн. Хүү маань тархины уйланхай, түнхний дутуу ургалттай төрсөн учир эмч бидэнд “хүүхдээ эрүүл агаарт тогтмол гаргах”-ыг зөвлөсөн. У хүүг маань аваад өөрийнхөө гэрлүү явна гэхэд нь “Эмч хүүг маань агаарын дутмагшилтай байна гэсэн. Чи олуулаа амьдардаг газарлуу авч яваад хэрэггүй” гэснээс болж, үл ойлголцол үүсч, 2021 оны 1 сарын сүүлээр хүүгээ аваад явчихсан.

Тэрнээс хойш дахиж ирээгүй. Би уучлал гуйн эвлэрэх гэж олон удаа оролдсон. Хүүтэйгээ уулзаж, эргэх гээд холбогдоход татгалздаг, гэрт нь очихоор цагдаад “Намайг зодсон, хүчирхийлсэн” гэж худлаа дуудлага өгөөд, баривчлуулна гэж сүрдүүлээд, удаа дараа цагдаад өгсөн. Цагдаа намайг хэлтэс рүүгээ авч яваад, шалгасан боловч “хүчирхийлэл үйлдсэн үйл баримтгүй, тогтоогдсонгүй” гэж үзээд, надад арга хэмжээ аваагүй. Энэ мэтээр хүүтэйгээ уулзах боломжгүй болсон учир би гэрлүү нь орж чадалгүй, хүүтэйгээ уулзаж чадахгүй, хүүдээ авч очсон идэх уух зүйлсийг хашааных нь хаалганы шонд өлгөчихөөд, гаднаас нь буцдаг болсон. Хүүгээ дөнгөж төрсний дараа Уаг хөл хориотой иргэд чөлөөтэй орж гарах боломжгүй байсан зэргээс болж бид 2 ярилцаад, хүүхдийн төрсний гэрчилгээнд би ганцаараа явсан. Анх төрсний гэрчилгээ авахдаа би хүүгээ өөрөөрөө овоглож, Бийн Түвшинбаяр гэж хэвлэгдэж гарсан.

Гэтэл Уа 2021 оны 3 дугаар сард хүүгийн овгийг минийхээр овоглохоо болино гээд надаар өргөдөл бичүүлж, Уянгын Түвшинбаяр болгож, гэрчилгээг солиулсан байсан.

Уг нь би шинэ амьдралтай, гэр бүлтэй хүүтэй боллоо гэж маш их баяр хөөртэй амьдарч байсан боловч үнэхээр шүүхэд хандаж, журмаар нь миний хүү мөн эсэхийг тогтоолгохоос өөр аргагүй эргэлзээтэй асуудлууд бий болоод байна.

1. Хүүг маань надтай огт уулзуулахгүй байгаа. Уулзах гэхээр хориглож, саад хийж ямар нэг аргаар хөөдөг, сүрдүүлдэг.

2. Миний нэрээр овоглосон байсныг болиулсанд гомдолтой байгаа. Яагаад уулзуулахгүй, яагаад хүчээр овгийг нь солиулаад бичиг баримтыг нь өөрчлөөд байгаа юм бэ гэдэг асуудал “миний төрсөн хүүхэд биш юм болов уу” эргэлзээ төрүүлээд байна. Тиймээс нэн түрүүн би хуульд заасан журмаар шүүхэд хандаж, Уянгын Түвшинбаяр хүүгээ өөрийн төрсөн хүү эсэхийг мэдэх хүсэлттэй байгаа тул намайг төрсөн эцэг мөн эсэхийг тогтоож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч С.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Бийн гаргасан эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Хүү болох Түвшинбаяр нь надаар овоглодог миний хүү юм. Ц.Бтой гэр бүлийн баталгаагүй бөгөөд хүүгийн хууль ёсны асран хамгаалагч нь би юм. Хүүхдээ төрснөөс хойш өөрийн хүүхэд мөн биш талаар удаа дараа маргаан хийж байсан. Тиймээс хүүхдийн эцэг байх эрхгүй этгээд гэж үзэж байгаа учраас “Эцэг тогтоолгох” шинжилгээ хийлгэхийг зөвшөөрөхгүй байна. Цаашдаа би хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэж явна.

Тиймээс хүүхдээр шалтаглан намайг элдэв бусаар айлган сүрдүүлэхээ зогсооно уу гэдгийг үүгээр дамжуулан мэдэгдэж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Эцэг эхийг тогтоох үйл ажиллагаа нь онцгой ажиллагааны журмаар тухайн асуудал маргаангүй нөхцөлд явагддаг”. Тиймээс Ц.Бийн гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Энэхүү маргаан бүхий асуудлыг хүсэлтээр шийдвэрлэдэг гэж ойлгодог.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч С.Уд холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Цагас овогт Уянгын Түвшинбаяр/РД: УУ21210550/-ын төрсөн эцэг нь болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь энэхүү маргаан бүхий асуудлыг хүсэлтээр шийдвэрлэдэг гэж ойлгодог гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй талаар маргахгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага ... эцэг, эхийг тогтооно.” гэж заасан.

 

2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Цагас овогт Уянгын Түвшинбаяр/РД: УУ21210550/-ын төрсний гэрчилгээний эцэг хэсэгт нэр бичигдээгүй байх ба Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар У.Түвшинбаярын эцгийг захиргааны журмаар тогтоох боломжгүй болох нь 0000742004 Төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх ... хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно.”, 23.2-т “Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ.” гэж заасан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь Цагас овогт Уянгын Түвшинбаярын эцэг болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эр, эмийн харилцаатай байсан талаар маргахгүй байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 3058 дугаар шинжээчийн дүгнэлтээр Ц.Б нь Цагас овогт Уянгын Түвшинбаярын эцэг болох нь тогтоогдож байна.

 

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Цолмонгийн Б нь Цагас овогт Уянгын Түвшинбаяр/РД: УУ21210550/-ын төрсөн эцэг болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Цолмонгийн Б нь Цагас овогт Уянгын Түвшинбаяр/РД: УУ21210550/-ын төрсөн эцэг болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Уас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ