Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2021/02109

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны11 срын  08 өдөр

                        181/ШШ2021/02109

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Х-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н Ш Ш Г Г -т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул, гэрч Г.Баярбаатар,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2804 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Х.Х  нараас 56,206,172 төгрөг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгийн үнэлгээ хийгдсэн. Барьцаа хөрөнгийн үнэлгээтэй 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр танилцахад 278,100,000 төгрөгөөр үнэлсэн байсан.

Шинжээчийн гаргасан дүгнэлтээс харахад барьцаа хөрөнгийг хэрхэн ямар объекттой харьцуулсан, барьцаа хөрөнгийн өөрийнх нь онцлог шинж чанар, яаж эдийн засгийн үнэлгээг гаргасан гэх зэрэг нь тодорхойгүй байгаа тул барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар гудамж, 558а тоот хаягт байрлах 357 м.кв талбайтай газар болон тус хаягт байрлах 376,3 м.кв талбайтай хувийн сууцыг үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2804 дүгээр захирамжаар Х.Х , Н.Бямбацогт нараас 56,206,172 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Х.Х гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012485 дугаартай Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамж, 558А тоот хаягт байршилтай 376,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Г-2203001670 дугаартай 357 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 155/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 155/02 тоот тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад төлбөр төлөгч Х.Х  140,000,000 төгрөгөөр, Н.Бямбацогт 230,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон. Шинжээч тус үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг 113,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4/13394 тоот албан бичгээр мэдэгдсэн тайланг хуулбарлан өгсөн.

Нэхэмжлэгч Н.Бямбацогт, Х.Х  нарын нэхэмжлэлийн дагуу хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11542 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 261 дүгээр шийдвэрээр Н.Бямбацогт, Х.Х  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Төлбөр төлөгч Х.Х , Н.Бямбацогт нарын 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 8/160 дугаар тогтоолоор дахин шинжээч томилсон. Түүнээс хойш үнэлгээний компаниас тухайн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 278,100,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4-155/15557 тоот албан бичгээр мэдэгдэж, тайланг хуулбарлан гарын үсэг зуруулан баталгаажуулсан.

Төлбөр төлөгч Х.Х , Н.Бямбацогт нарт 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-155/17405 тоот албан бичиг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/41 дүгээр тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг оршин суух бүртгэлтэй хаяг болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамж, 558А тоот хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгт танилцуулж гарын үсэг зуруулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Х.Х гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч Х.Х  нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамж, 558а тоотод байрлах 376.3 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай барилга, 357 м.кв талбайтай газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02804 дүгээр захирамжаар Н.Бямбацогт, Х.Х  нараас 55,847,578 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 411 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 18280549 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 155/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамж, 558а тоотод байрлах 376.3 м.кв хувийн сууцны зориулалттай барилга, 357 м.кв талбайтай газрыг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг ажиллагаанд төлбөр төлөгч Н.Бямбацогт биечлэн оролцсон байна.

 

2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 155/02 тоот тогтоолоор  битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах ажиллагаанд төлбөр төлөгч Н.Бямбацогт биечлэн оролцжээ.

 

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамж, 558а тоотод байрлах 376.3 м.кв хувийн сууцны зориулалттай барилга, 357 м.кв талбайтай газрын үнийн саналын авахад нэхэмжлэгч Н.Бямбацогт орон сууцыг 230,000,000 төгрөг, газрыг 40,000,000 төгрөг, нийт 270,000,000 төгрөгөөр, нэхэмжлэгч Х.Х  хувийн сууцыг 100,000,000 төгрөг, газрыг 40,000,000 төгрөг, нийт 140,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн болох нь төлбөр төлөгч нарын үнэлгээний саналаар тогтоогдож байна.

 

Төлбөр авагч Капитрон банк ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Г3/489 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Н.Бямбацогт, Х.Х  нарын үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 166 дугаар тогтоолоор “Мөнх оргил трейд ХХК”-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч Мөнх оргил трейд ХХК нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамж, 558а тоотод байрлах 376.3 м.кв хувийн сууцны зориулалттай барилга, 357 м.кв талбайтай газрыг зах зээлийн үнэлгээний хандлагаар 113,200,000 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж заажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 261 дүгээр шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамж, 558а тоотод байрлах 376.3 м.кв хувийн сууц, гражийн зориулалттай барилга, 357 м.кв талбайтай газрыг шинжээчийн тогтоосон үнэлгээ буюу 113,200,000 төгрөгийн 70 хувь болох 79,240,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон ажиллагааг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нь “Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамж, 558а тоотод байрлах 376.3 м.кв хувийн сууцны зориулалттай барилга, 357 м.кв талбайтай газрыг үнэлгээ тогтоосон хугацаанаас хойш 6 сар өнгөрсөн тул дахин шинжээч томилж үнэлгээ тогтоосон” гэж тайлбарласан.

 

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамж, 558а тоотод байрлах 376.3 м.кв хувийн сууцны зориулалттай барилга, 357 м.кв талбайтай газрын үнийн саналын авахад төлбөр төлөгч Н.Бямбацогт болон нэхэмжлэгч  Х.Х  нар нь шинжээч томилуулах хүсэлт гаргасан болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 91, 92 дахь тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 8/160 дугаар тогтоолоор Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч Хөрөнгө үнэлгээний төв ХХК нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамж, 558а тоотод байрлах 376.3 м.кв хувийн сууцны зориулалттай барилга, 357 м.кв талбайтай газрыг зах зээлийн үнэлгээний хандлагаар 278,100,000 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь хэт бага үнээр үнэлсэн гэж тайлбарлах боловч уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дахин үнэлгээ тогтоох ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамж, 558а тоотод байрлах 376.3 м.кв хувийн сууцны зориулалттай барилга, 357 м.кв талбайтай газрыг шинжээчийн тогтоосон үнэлгээ буюу 278,100,000 төгрөгийн 70 хувь буюу 194,670,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  заасныг баримтлан хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамж, 558а тоотод байрлах 376.3 м.кв хувийн сууцны зориулалттай барилга, 357 м.кв талбайтай газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Х гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР