| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2024/0105/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/103 |
| Огноо | 2024-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/103
2024 08 14 2024/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2404000000106 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
Улсын яллагч Б.Батцэцэг,
Шүүгдэгч Б.******* нар оролцов.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зуухны цехийн горимын машинист мэргэжилтэй, ******* дүүргийн “******* *******”-д зуухны машинист ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү эхнэрийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 13 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын ******* /РД:УЮ99041618/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 13 дугаар гудамжны 13 тоотод хохирогч Ж.*******ийг “Чи хэн бэ, пизда минь” гэж хэлсэн үгэнд дургүйцэн баруун хөмсөг хэсэгт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед эхнэртэйгээ хадмын гэрээс өөрийн гэр рүүгээ харих замд манай гудамжинд буюу 4 дүгээр хороо, *******ын 13 дугаар гудамжинд хүмүүс хэрэлдэж муудалцаад байсан. Дунд нь манай аав байхаар нь би яваад очсон. Тэдгээр хүмүүс бүгд согтуу байсан, аавыг зодсон байдалтай байхаар нь би аавыг аваад явах гэтэл нэг үл таних саарал подволктой, бараан өнгийн биеийн тамирын өмдтэй хүн намайг “Чи хэн бэ, пизда минь” гэж хэлээд миний зүүн мөрнөөс татсан. Тэгэхээр нь би түлхээд зүүн гараараа нүүрний хөмсөг хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгсэн нүдээ дараад газар унасан. Би аавийг дагуулаад гэртээ хариад аавыг хэвтүүлчихээд гараад явсан ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 53-54, 65, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед найз , Дөш, Мийгаа ах нарын хамт үргэлжлүүлэн архи авч уусан. Тэгээд *******ийн гэрт хоноод маргааш өглөө нь буюу 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед билүү цагийг нь сайн санахгүй байна, гаднаас *******ийн таньдаг нэг ах нь 1 шил архитай орж ирээд, бид нартай цуг суусан. Би тухайн хүнтэй танилцахад ******* гэж байсан. Бид хэд ууж байгаад би хашааны сүүдэрт унтаж байхад ******* гэх ах нэг хүнтэй муудалцаад байсан. Би босоод болиулах гэтэл үл таних залуу миний баруун хөмсөг хэсэгт нэг удаа цохисон, юугаар цохисныг би мэдэхгүй байна, тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22),
Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ эхнэрийн эгчтэй нэг шил архи уусан. Тэгээд гэрээсээ гараад хажуу айл *******ийнд ороход миний таньдаг *******, нар бас нэг танихгүй хөдөөний залуу байсан, тэд нар хашаанд нь архи ууж байсан. Би нэг шил архи аваад бид хэд цуг ууцгаасан. Тухайн үед би нэлээн согтоод хашаанаас нь гарахад хөдөөний гэх залуу намайг ганц хоёр цохисон. Гудамжинд явж байсан хүү *******г дуудаад хүү маань намайг аваад явсан. Юу болсноо сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25),
Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тухайн өдөр би хамтран амьдрагчтайгаа найз *******ийн гэрт 1 шил архи авч очиж уусан. ******* гэртээ ганцаараа байсан. Бид 3-ыг уугаад сууж байхад найз гэх ******* 1 шил архитай орж ирээд цуг ууцгаасан. ******* гэх хүн *******ийн хашааны шонг янзалж өгсөн хүн юм байна лээ, ирсэн шалтгаан нь хашааг нь янзлах зорилготой ирсэн юм байна лээ. Бид хэд их уугаад согтоцгоосон байсан. ******* нэгэнтэй нь маргалдаад байсан. Яг хэнтэй, юунаас болоод маргалдаад байгааг нь ойлгоогүй. ******* бид 2 гэрт орж амарсан. ******* гадаа амарсан. Удалгүй гэрийн гадаа хүмүүс шуугилдаад орилолдоод байхаар нь гараад хартал ******* нүдээ цохиулчихсан зогсож байсан. Юу болсон талаар асуухад “******* ахын хүү нь намайг цохичихлоо” гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27),
Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тухайн өдөр би найзындаа архи уучихаад гэртээ ирээд байж байтал найз хамтран амьдрагч *******ийн хамт манай гэрт 1 шил архи аваад ирсэн. Тэрийг нь уугаад сууж байтал манай хөрш ******* авч орж ирээд цуг уугаад би согтоод гэртээ унтсан. Цаашаа юу болсныг санахгүй байна. Маргааш өглөө нь ******* орж ирээд тэр 2-оос уучлалт гуйгаад байсан. *******ын хүү нь *******ий цохичихсон гэж байсан. ******* өөрөө гомдол, санал байхгүй гэж хэлж байсан, надад өөр мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29),
******* дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 28/73 тоот албан бичигт “Иргэн Ж.******* нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ойрын дуудлага 56,609 төгрөг, яаралтай тусламж 106,190 төгрөг, нийт 162,799 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэжээ (хх-ийн 19),
Хохирогч Ж.*******ийн эмчилгээ хийлгэсэн талаарх яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх (хх-ийн 32-41),
******* дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 002 дугаартай дүгнэлтэд “...Ж.*******ийн биед баруун нүдний зовхины ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэжээ (хх-ийн 46),
Хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зураг (хх-ийн 3),
Шүүгдэгч Б.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 13 дугаар гудамжны 13 тоотод хохирогч Ж.*******ийг “Чи хэн бэ, пизда минь” гэж хэлсэн үгэнд дургүйцэн баруун хөмсөг хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.*******ийн “Бид хэд ууж байгаад би хашааны сүүдэрт унтаж байхад ******* гэх ах нэг хүнтэй муудалцаад байсан. Би босоод болиулах гэтэл үл таних залуу миний баруун хөмсөг хэсэгт нэг удаа цохисон, юугаар цохисныг би мэдэхгүй байна, тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч Д.*******ын “Би нэлээн согтоод хашаанаас нь гарахад хөдөөний гэх залуу намайг ганц хоёр цохисон. Гудамжинд явж байсан хүү *******г дуудаад хүү маань намайг аваад явсан юу болсноо сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.гийн “Удалгүй гэрийн гадаа хүмүүс шуугилдаад орилолдоод байхаар нь гараад хартал ******* нүдээ цохиулчихсан зогсож байсан, юу болсон талаар асуухад “******* ахын хүү нь намайг цохичихлоо” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.*******ийн “Маргааш өглөө нь ******* орж ирээд тэр 2-оос уучлалт гуйгаад байсан. *******ын хүү нь *******ий цохичихсон гэж байсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед баруун нүдний зовхины ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 002 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зураг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэргийн улмаас хохирогч Ж.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн, шүүгдэгч Б.******* нь хохирогч Ж.*******ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 162,799 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Улсын яллагчаас “Шүүхээс Б.*******г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүгдэгч Б.*******гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг болон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн цалин хөлс, орлого олох боломж, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ