| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2020/03332/И |
| Дугаар | 181/ШШ2021/00153 |
| Огноо | 2021-01-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2021/00153
| 2021 он 01 сары21 | 181/ШШ2021/00153 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Г.М-ийн
хариуцагч: УБЕГ холбогдох
ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 10,614,117.84 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уянга, А.Хулан, нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч өмгөөлөгчийн хамт шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие УБЕГын Эд хөрөнгийн бүртгэлийн архивт 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 6 тоот тушаалаар архивчаар томилогдон ажиллаж байх хугацаанд 2011 онд төрийн албаны зөвлөлөөс зарласан төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцэж УБЕГын даргын 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 756 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томлогдон ажиллаж байгаад ар гэрийн гачигдлын улмаас өөрийн хүсэлтээр УБЕГын даргын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 63 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр сэлгэн томилоглогдон ажилласан. 2010 оноос тухайн байгууллагынхаа архивчаар сэлгэн улсын бүртгэгч хүртлээ ажиллахдаа чин сэтгэлээсээ хандан ачааллыг даан хариуцлага алдахгүйг хичээн хамт олонтойгоо эвтэй хичээнгүйлэн ажиллаж байсан. 2014 оны 03 дугаар сараас тухайн дүүргийн Эд хөрөнгийн архивын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс улсын бүртгэгч Ч.Мөнхзаяад ажлаа хүлээлгэн өгч жирэмсний амралтаа авсан. Ингээд 2016 онд хүүхэд асрах чөлөө олгох хүсэлт өгөхөөр очиход өргөдөл хүлээн авах боломжгүй, өөр албан тушаалд түр томилогдон гарсан байсныг холбогдох журмын дагуу шүүхийн байгууллагад хандан шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүлж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 929 тоот шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.04-ний өдрийн 211 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2018.05.28-ны өдрийн 243 дугаартай тогтоол, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.06-ны өдрийн шийдвэр тус тус гарсан. Дээрх шүүхийн шийдвэрүүдийг хариуцагчаас сайн дураар биелүүлэхгүй байсан тул миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа. 2020 оны 06 сарын 19-ний өдрийн УБЕГын даргын Б/297 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр томилогдон ажиллаж байгаа ба Г.М надад шүүхийн шийдвэрээр 2019.01.31-ний өдрөөс 2020.06.19-ний өдөр хүртэлх цалин нийт 10.614.117,84 төгрөгтэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгаж өгнө үү. Түр орон тоон дээр гэж бич гэж бичүүлсэн, ажилд минь хэзээ жинхлэхийг хэлэхгүй байсан учраас түр тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тэр дор нь дарга нарт хэлсэн, тэгээд Шүүхийн шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж,шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажилд томилсноор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрт заасан албан тушаалд томилогдсон үндэслэлээр дуусгавар болсон гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:УБЕГт холбогдох Г.М-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 929 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 211 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 243 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүрэг дэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр эргүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэсэн. Өөр хүн ажиллаж байсан тул Г.М-ийг ажилд нь шууд томилох боломжгүй байсан. Нэхэмжлэгч Г.Мтэй уулзаж ярилцсан, Г.М тус газарт хандан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан ба дээрх шийдвэрийн дагуу тус албан тушаал дээр ар гэрийн гачигдлын улмаас ажиллах боломжгүй байгаа тул Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллахыг хүссэн. Г.М-ийн гаргасан хүсэлтийн дагуу УБЕГын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон, шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн болно. Г.М тушаал гарсан өдрөөс уг албан тушаалд ирж ажиллаагүй бөгөөд 2019 оны 09 дүгээр сард Г.М-ийн үндсэн орон тоонд байсан албан хаагч хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгон ажилдаа орох хүсэлт гаргасан тул Г.М-ийг УБЕГын даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/413 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Г.М нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд албан тушаалдаа ирж ажиллаагүй тул тухайн хугацааны цалинг олгоогүй. Түүнчлэн нэхэмжлэгч Г.М-ийг үндсэн орон тоо гарах хүртэл дахин түр орон тоон дээр томилох тухай удаа дараа санал болгосон боловч татгалзсан. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны 23 дугаар тэмдэглэлийг үндэслэн УБЕГын даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай Б/295 дугаар тушаалаар Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчийн орон тоог нэмж баталсан. Иймнхүү Г.М-ийг УБЕГын даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/297 дугаар тушаалаар Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилсон. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М хариуцагч УБЕГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 10,614,117.84 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хариуцагч талаас шүүхэд нэхэмжлэгчийн цалинтай тэнцэх олговорт 10,614,117.84 төгрөгийн дүнгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх шаардлагаа дэмжин оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрсөн.
Хэрэгт цугларсан баримтууд, талуудын тайлбараар;
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 929 дугаар шийдвэрээр, УБЕГын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 936, Оюуны өмч, УБЕГын даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/556 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.М-ийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 9 сарын 8-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан 3 сар 4 хоногийн цалин 1.945.375 төгрөг гаргуулан олгож, 2017 оны 9 сарын 8-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 211 дугаартай магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 929 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 243 дугаартай тогтоолоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 929 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 211 дугаартай магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж тус тус шийдвэрлэсэн.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02517 дугаартай шийдвэрээр, УБЕГаас 8 180 435,34 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгож шийдвэрлэсэн үйл баримт бий болсон, УБЕГын даргын 2020 оны 06 сарын 19-ний өдрийн Б/297 дугаар тушаалаар Г.М-ийг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн томилсон талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч тал Г.М 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус албан тушаал дээр ар гэрийн гачигдлын улмаас ажиллах боломжгүй,Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах тухай хүсэлт гаргасны дагуу Г.М-ийг УБЕГын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, Г.М ирж ажиллаагүй ба үндсэн орон тооны хүн ажилдаа орох хүсэлт гаргасан тул Г.М-ийг УБЕГын даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/413 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн тул Г.М нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд цалин олгоогүй, үндсэн орон тоо гарах хүртэл дахин түр орон тоон дээр томилох санал удаа дараа гаргасныг татгалзсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр маргана.
Г.М-ийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0929 дугаар шийдвэр 2020 оны 6 сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд биелэгдээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1.”Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасан.
Нэхэмжлэгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0929 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 243 дугаартай тогтоолоор шийдвэрлэн хүчин төгөлдөр болсноос хойш 2020 оны 6 сарын 19-ий өдрийг хүртэл биелэгдээгүй байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02517 дугаар шийдвэрээр 2019 оны 01 сарын 31-ний өдөр шүүхэд ажилгүй байсан хугацааны олговор гаргаж олгосноос хойш 2020 оны 9 сарын 18-ны өдөр нэхэмжлэл ирүүлсэн нь шаардлага гаргах хугацаандаа байна.
Хариуцагч маргаж байгаа үндэслэлээ нотлож, Г.М-ийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр УБЕГын даргад хаяглан, “...шийдвэрийн дагуу уг албан тушаалд ар гэрийн гачигдлын дагуу ажиллах боломжгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, ...Нийслэлийн бүртгэлийн газрын харьяа Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэгчийн түр албан тушаал дээр томилж өгнө үү, ...жич: түр албан тушаалыг өөрийн ар гэрийн гачигдлын улмаас түр хугацаанд ажиллахыг хүлээн зөвшөөрч үндсэн орон тоо гарахад жинхэлж өгөх асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдөл, 2019 оны 01 сарын 18-ны өдрийн Авилгатай тэмцэх газрын 05/538 тоот албан бичиг, 2019 оны 01 сарын 30-ны өдрийн УБЕГын даргын Б/32 дугаартай албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаал, мөн даргын 2019 оны 09 сарын 13-ны өдрийн Б/413 дугаартай Г.М-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал/хэргийн 29-32/ тус тус ирүүлснийг, нэхэмжлэгч уг өргөдлийг бичиж өгсөн тухайгаа хүлээн зөвшөөрч, харин үндсэн орон тоонд хэзээ томилохоо хэлээгүй тул зөвшөөрөөгүй, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж,шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажилд томилсноор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “шүүхийн шийдвэрт заасан албан тушаалд томилогдсон үндэслэл”-ээр дуусгавар болсон гэж үгүйсгэн тайлбар гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 20/08-605 дугаар тогтоол/хэргийн 84/ ирүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 120 дугаар зүйлийн 120.4.-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.”гэж тус тус зохицуулсны дагуу шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргаан тул хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилтныг үндсэн, байнгын ажлын байранд эгүүлэн тогтоосон тогтоогдсон үйл баримтыг ажил олгогч өөрчлөх эрхгүй, талууд тохиролцоогүйгээс шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.”хариуцагч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн биелүүлсэн”үндэслэлээр 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон байгаа нь хариуцагчийн маргаж буй үндэслэл үгүйсгэгдэнэ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байлгасан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүргийг хариуцагч үргэлжлүүлэн хүлээх тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шийдвэр биелэгдээгүй, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэх эрх Г.Мд нээлттэй болно.
Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр биелэгдээгүй хугацаа буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02517 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн 2019 оны 1 сарын 30-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн томилогдсон 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацаанд ногдох олговрыг шаардах эрхтэй.
Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дундаж цалин хөлсийг тогтоосны дагуу шийдвэрээр тогтоогдсон нэг сарын дундаж цалин 609,745 төгрөг тул 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 16 сар 19 хоногийн хугацааны цалин олговор 10,294,760 төгрөгийг хариуцагч байгууллагад хариуцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 319,357 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон, одоо ажил албан тушаалаа эрхэлж байгаа талаар зохигчид маргаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.”Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.”,
46.2.”Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу сар бүрийн цалин хөлснөөс ажил олгогч, ажилтан зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй ба Г.М-ийн ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг УБЕГт даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан дүнгээр талуудад хувааж хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан хариуцагч УБЕГаас олговорт 10,294,760 /арван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжилсэн дүнгээс үлдэх 319,375 /гурван зуун арван есөн мянга гурван зуун далан тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар олговорт олгодсон 10,294,760 төгрөгөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацааны Г.М-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, сар тутмын нөхөн бичилтийг дэвтэрт нь хийхийг УБЕГт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,775.87 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 179,666 төгрөг гаргуулан Г.Мд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ