| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 151/2024/00253/И |
| Дугаар | 001/хт2024/00302 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 001/хт2024/00302
Б.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00648 дугаар шийдвэртэй,
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 223/МА2024/00023 дугаар магадлалтай,
“Н” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00648 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5, 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 22,541,280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 223/МА2024/00023 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00648 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.04-ний өдрийн 223/МА2024/00023 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугааp зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.04-ний өдрийн 223/МА2024/00023 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн талаар.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.М-ын гаргасан сахилгын зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан (хоёр ба түүнээс дээш) гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил болохыг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байхад давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийн заалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч Б.М тухайн ээлжид ажиллах 24 цагийн хугацаанд өөрийн хариуцсан техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, нислэгийн хуваарийн дагуу агаарын хөлөгт үйлчилгээг цаг алдалгүй хүргэх үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн. Мөн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон эсэхээс үл хамааран тэрээр нислэгийн хуваарийг байнга шалгаж, мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрэн нээлттэй байсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээний 7.2.14, 7.2.15-д заасан үйл ажиллагаанд мөрдөх заавар, журмуудыг дагаж мөрдөөгүй, ажилтны хувьд ажлын хариуцлага алдаж, нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэв” гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5-д “Анхан шатны шүүх дээрх баримтаар нэхэмжлэгч Б.М хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэхээргүй байна ... нэг үйл баримттай зөрчилд холбогдуулан хэн хэн гэх ажилтан, албан тушаалтанд ямар үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч Б.М-ад сахилгын шийтгэлээс хүнд төрлийг сонгож оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.” гэж дүгнэсэн нь ажилтны гаргасан зөрчлийн шинж байдал, түүнд оногдуулах сахилгын шийтгэлийн төрөл тохирсон байх Хөдөлмөрийн хуулийн зарчимд нийцэхгүй байна.
Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. ...” гэж заасныг тайлбарлахдаа агаарын тээврийн тэр дундаа нисэх буудал, агаарын хөлөг хоёрыг хооронд нь холбож буух/суух зорчигчийн аюулгүй байдлыг хангаж байдаг зорчигчийн гүүрэн хүзүүвч, олон авиа компаниудын өндөр үнэ өртөг бүхий агаарын хөлөгт гаднын биетээр ойртолт хийдэг чухал ач холбогдолтой ажил үүргийн шинжийг харгалзаж үзэлгүйгээр гаргасан зөрчлийг өөр чиг үүрэг бүхий ажилчидтай харьцуулж жишин ижил төрлийн сахилгын шийтгэлийг оногдуулах байсан мэтээр дүгнэсэн нь зорчин явагчдын амь нас, агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлгийн бүрэн бүтэн байдал, цаашлаад иргэний агаарын тээврийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал шүүхэд хамааралгүй гэж үзэж байгаатай адил байна.
Хуулийн дээрх зохицуулалт нь ажил олгогч тухайн салбарын онцлог, шинж чанартай уялдуулан ажилтантай байгуулах Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод дүрэм, журамд ноцтой зөрчил гэдгийг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу онцгойлон тусгаж, тодорхойлон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох, ажилтны гаргасан зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэлийг сонгон хэрэглэх эрх хэмжээг хуульчилсан байдаг.
Ажил олгогч “Н” ХХК нь Газрын үйлчилгээний газрын А Б.М-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасныг үндэслэл болгосон бөгөөд сахилгын шийтгэлийн төрлийг сонгон хэрэглэхдээ зөрчил гарах болсон учир шалтгаан, уг зөрчлийн аюулын шинж, агаарын тээврийн ажлын онцлог, дэг журам, сахилга батын хатуу шаардлага, үйл ажиллагааны хэвийн байдал нь нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, нийтийн эрх ашигт шууд нөлөөлөх онцлог зэргийг харгалзан шийдвэрээ гаргасан. 2023.11.07-ны өдрийн Баяллын дугаартай онцгой үүргийн нислэгт зорчигч буулгах/суулгах гүүрэн хүзүүвчийг тогтсон цагаас хоцроож залгасан гэх зөрчлийн дагуу холбогдох ажилчид болон тэднээс авсан тайлбарыг үндэслэн “Н” ХХК-ийн захирлын 2023.12.08-ны өдрийн Б/410 тушаалыг Б.М-ад холбогдуулан Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжөөр чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан газрын үйлчилгээг цаг тухайд нь үзүүлээгүй, албан ажил, үүрэг даалгаврын цаг хугацаанд нь чанартай, үнэнчээр, өөрийн чадвар боломжоо дайчлан гүйцэтгээгүй гэж үзэн энэхүү зөрчил нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар шууд нэрлэн заасан ноцтой зөрчил тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж заасан нь шүүх хөндлөнгийн байх, нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулахгүй байх, тухай ойлголт юм.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг өөр өөрөөр үнэлэх, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд тусгагдаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй, үйл баримтыг тогтоохыг шаардаж шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь шүүх хөндлөнгийн байх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмаар явуулах зарчимд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод хэм хэмжээнд заасан ноцтой зөрчил байсан эсэх, хөдөлмөрийн харилцаанд талууд тэгш эрхтэй оролцсон эсэх, хөдөлмөрийн харилцааг нэг талын санаачилгаар дуусгавар болгоход хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хавтаст хэрэгт цугларсан баримтыг үнэлж дүгнэн тодруулахыг хүсэж байгаа үйл баримттай холбоотой зүйлээ талуудаас шүүх хуралдаан дээрээ асуулт тавьж хариулт авах бүрэн боломжтой байсан. Хэргийн зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж, мөн хуулийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.” гэж заасны дагуу шүүх эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхэд хангалттай хэмжээний нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлийн талаар.
Магадлалын хянавал хэсгийн 1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн зүйлгүй боловч хэргийн үйл баримт тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэл болсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай ....” гэж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрээс үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийг хүчингүй болгох ямар нэг алдаа гаргаагүй болохыг давж заалдах шатны шүүх тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гаргах шийдвэрийн төрлийг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсгийг баримтлан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа юм.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг эсхүл хэд хэдэн үндэслэлээр мөн хуулийн 168.3-т “Анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 168.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол давж заалдах журмаар хянан хэлэлцсэн шүүх тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.” гэж зааснаар шийдвэрээ гаргах байсан. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийг магадлал гаргахдаа огт үндэслээгүй бөгөөд хуульд байхгүй үндэслэл зааж анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн агуулга нь ажлаас үндэслэлгүй халагдсан тул 2023.12.08-ны өдрийн “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/410 дугаар тушаалыг хүчингүй болгох урьд эрхэлж байсан ажил, албан тушаал эргүүлэн томилуулах шаардлага. Гэвч давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулгаас хэтэрсэн буюу хөдөлмөрийн хуулийн зорилт, үл ялгаварлан гадуурхах, шударга бус үйлдлийг хориглох, тэгш байдлыг хангах зарчим тайлбарлаж, хариуцагчид Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 гэх хуульд байхгүй заалтыг, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотолгооны үүргийг хүлээнэ гэж хянавал хэсгийн 3-т дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан зарчимд нийцэхгүй байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 1-д “хэргийн үйл баримт тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн...” гэж дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023.04.14-ний өдрийн 17 дугаар тогтоолоос өөрөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.дэх хэсгийн заалтыг хэрэглэсэн.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл болж байна.
Иймд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.04-ний өдрийн 223/МА2024/00023 дугаар магадлалыг хүчингүй болгож хэргийг давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.21-ний өдрийн 001/ШХТ2024/01435 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “... миний бие “Н” ХХК-д Газрын үйлчилгээний газрын А албан тушаалд 2022.08.05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. ...2023.12.08-ны өдөр “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/410 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. .... уг тушаалын тушаах хэсгийн 1 дэх заалтаар “Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжөөр чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан газрын үйлчилгээг цаг хугацаанд нь үзүүлээгүй, албан ажил, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай, үнэнчээр, өөрийн чадвар боломжоо дайчлан гүйцэтгээгүйгээс 2023.11.07-ны өдрийн Б аяллын дугаартай онцгой үүргийн нислэгт зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцроож залгасан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэжээ. ... Б аяллын дугаартай онцгой үүргийн нислэг 04 цаг 30 минутад буух байсныг хэн ч надад мэдэгдээгүй бөгөөд диспетчер 04 цаг 34 минутад над руу холбогдож 6 дугаар зогсоол дээр тус онгоц буусныг мэдэгдсэн. Би мэдээллийг сонссон даруйд цаг алдалгүй А33 дугаар постоор нэвтэрч зогсоол 6 дээр очиж агаарын хөлгийг гүүрэн хүзүүвчтэй 04 цаг 41 минутад холбосон. ...Энэ үйлдлийг зөрчил гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй ба миний бие хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй..” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч “Н” ХХК нь эс зөвшөөрч: “…Б.М нь 2023.11.07-ны өглөөний Б компанийн онцгой үүргийн ирэх нислэгт Газрын үйлчилгээ үзүүлэх зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцорч, хүзүүвч залгасан зөрчил гаргасан. Ажил олгогчийн хувьд байгууллагын хэмжээнд мөрдөгддөг дүрэм, журам зааврыг мөрдөж ажиллаагүйн улмаас үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ноцтой зөрчил гэж үзэж Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. ...Шуурхай удирдлага хяналтын төв нь урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээ буюу нарядыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас өдөр бүр 16 цагаас 17 цагийн хооронд цахимаар хүлээн авч, “Н” ХХК болон нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагад цахимаар болон хэвлэмэл байдлаар тараалт хийж, мэдээллээр хангаж ажилладаг. 2023.11.07-ны өдрийн нарядыг Газрын үйлчилгээний газрын диспетчерийн С цахим хаягт 17 цаг 01 минутад хүргүүлсэн бөгөөд тус нарядад Б аяллын дугаартай нислэгийн зорилго нь “Онцгой үүргийн нислэг” гэж тусгагдсан. Мөн газрын үйлчилгээний барилгад ирэх, явах нислэгийн цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой байдаг тул Б.М-ын хувьд тухайн нислэгийг мэдээгүй байх боломжгүй юм. ...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “...Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023.11.07-ны өдрийн урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээ болон уг мэдээг холбогдох байгууллага руу хүргүүлсэн тухай и-мэйлээс үзэхэд тухайн өдрийн урьдчилсан нислэгийн мэдээнд Б аяллын дугаартай агаарын хөлгийн онцгой үүргийн нислэгийн төлөвлөлтийг тусгаж, 2023.11.06-ны өдрийн 15 цаг 54 минутад С багц хаягаас Чингис хаан Олон улсын нисэх буудлын С цахим хаягт болон холбогдох бусад алба, салбаруудад цахимаар хүргэгдсэн болох нь тогтоогдсон, ... нэхэмжлэгч Б.М тухайн ээлжид ажиллах 24 цагийн хугацаанд өөрийн хариуцсан техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, нислэгийн хуваарийн дагуу агаарын хөлөгт үйлчилгээг цаг алдалгүй хүргэх үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн. Мөн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон эсэхээс үл хамааран тэрээр нислэгийн хуваарийг байнга шалгаж, мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрэн нээлттэй байсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 7.2.14, 7.2.15-д заасан үйл ажиллагаанд мөрдөх заавар, журмуудыг дагаж мөрдөөгүй, ажилтны хувьд ажлын хариуцлага алдаж, нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэв. ...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ “... хариуцагч “Н” ХХК нь 2023.11.07-ны өглөөний 04 цаг 30 минутад буух ёстой Б компанийн онцгой үүргийн ирэх нислэгт Газрын үйлчилгээ үзүүлэх зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцорч залгасан гэх нэг үйл баримттай зөрчилд холбогдуулан хэн хэн гэх ажилтан, албан тушаалтанд ямар үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч Б.М-ад сахилгын шийтгэлээс хүнд төрлийг сонгож оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг үйл баримтыг зөрүүтэй тогтоосон байх ба давж заалдах шатны шүүхийн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан үндэслэлийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
12. Нэхэмжлэгч Б.М- хариуцагч “Н” ХХК-тай 2022.08.05-ны өдөр А дугаар “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, А ажиллаж байхдаа “Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжөөр чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан газрын үйлчилгээг цаг хугацаанд нь үзүүлээгүй, албан ажил, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай, үнэнчээр, өөрийн чадвар боломжоо дайчлан гүйцэтгээгүйгээс 2023.11.07-ны өдрийн Б аяллын дугаартай онцгой үүргийн нислэгт зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцроож залгасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2023.12.08-ны өдрийн Б/410 дугаар тушаалаар Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1 (13), 4.9.1 (14) дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 7.2.14, 7.2.15 дахь заалт, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.4.1 дэх заалтуудыг тус тус баримталж, ажлаас чөлөөлжээ.
13. Зохигч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх талаар маргасан ба давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзэхдээ ажил олгогч энэхүү зөрчилтэй холбоотойгоор өөр бусад ажилтнуудад ямар сахилгын шийтгэл ногдуулсан нь хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн нь ойлгомжгүй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох аль ч үндэслэлд хамаарахгүй болно.
Зүй нь маргаан бүхий тохиолдолд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил үүний дотор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, улмаар түүнд ажил олгогчоос ногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон эсэх талаарх эрх зүйн дүгнэлтийг хийх бөгөөд хэргийн баримтаар ийнхүү дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
14. Иймээс давж заалдах шатны шүүхийн энэхүү алдаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 223/МА2024/00023 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Н” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.03-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН