Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1127

 

2020           9            3                                               2020/ДШМ/1127                                        

 

 

Э.А, Б.С, Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ш.М,

өсвөр насны шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ц.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/663 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ш.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.А, Б.С, Б.А нарт холбогдох эрүүгийн 2005 00207 0311 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Сартуул овгийн  Б.С, 1996 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Сутайн буянт” захын харуул ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

2. Цул бор овгийн  Э.А, 1999 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 5, эх, 2 эгч, дүү нарын хамт ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

3. Боржигин овгийн  Б.А, 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт .............................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

            Э.А, Б.С нар нь бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мын “Samsung S7” загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлж аваад зугтаан илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж 170.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Э.А, Б.А нар нь бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нефтийн автобусны буудал дээр хохирогч Б.Оын хоолойг боож, хавирч унагах зэргээр биед нь хүч хэрэглэн довтолж “Samsung G7” загварын гар утсыг хууль бусаар дээрэмдэж, 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.А, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Э.А, Б.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус  тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Сыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Э.Аыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч Б.Аг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэж, Э.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхээс хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өрх толгойлсон эх Энхгэрэл, дүү Отгонзул, эгч Туулын хамт амьдардаг бөгөөд ээж Энхгэрэл нурууны дискны суулттай, ажил хийдэггүй, гэрт байдаг. Дүү Отгонзул “Чингис” СООСЭ-гийн 2 дугаар курст сурдаг. Эгч Туул саяхан амаржсан. Энэ гэр бүлд хөдөлмөрийн чадвартай ганц хүн нь би бөгөөд “Сутайн буянт” ХХК-д ажил хийж, гэр бүлээ тэжээж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. Би гэм буруугаа хүлээж, хохирлоо барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Ш.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй, дан ганц хохирогчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дахь заалтыг баримтлаагүй гэж үзэж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилсэн прокурорын алдааг анхан шатны шүүх залруулалгүйгээр хохирогч Б.Оын “... гэнэт нэг залуу нь миний араас баруун гараараа боогоод хавирч унагаад “Samsung S7” загварын гар утас аваад зугтаасныг тод санаж байна...” гэсэн ямарч нотлох баримтгүй, дангаараа өгсөн, бусад баримтаар нотлогдоогүй, хохирох үедээ согтуурал мансуурлын байдалд байсан этгээдийн эх сурвалжаа зааж чадаагүй, илтэд зөрүүтэй 2 өөр мэдүүлгийг хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэх гол нотлох баримт болгон авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 , 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.4, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчиж, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг шууд дордуулсан гэж дүгнэлт өгөх үндэслэл болж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2-т заасан “Хууль ёсны зарчим”, 1.3-т заасан “Шударга ёсны зарчим”-ыг баримтлах бөгөөд нотлогдоогүй үйлдлийг нотлогдсон мэтээр дүгнэлт хийсэн нь “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал, Б.О нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... 2 хүнд сугадуулаад явж байсан. Газар уначичхсан байхад халаас ухаад байсан...” гэж мэдүүлсэн атлаа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “ 2 залуу араас дагаад явж байх шиг байсан, гэнэт нэг залуу нь миний араас баруун гараараа боогоод хавирч унагаад самсунг J-7 маркийн гар утас аваад зугтаасныг тод санаж байна...” гэж эрс зөрүүтэй өөр өөр мэдүүлэг өгсөн байх ба эдгээр мэдүүлэг нь шүүхийн тогтоолд хийсэн “... хүч хэрэглэсэн шинжийг нарийвчлан нотолж мэдүүлсэн” гэсэн дүгнэлтийн үндэслэлгүй болохыг шууд нотолж байна.

Иймд дээрх эргэлзээтэй байдлыг хянаж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар зүйлийн 12-ны өдрийн 2020/ШЦТ/663 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Ариунгэрэл, насанд хүрээгүй шүүгдэгч Б.А нарын хохирогч Б.От хүч хэрэглэн дээрэмдсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж, ял халдаасан хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 , 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,1.4, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 39.6 дугаар зүйлүүдэд заасныг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, уг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хуульд заасан хугацаагаар тэнсэж хянан харгалзаж магадлан шийдвэрлүүлэхээр шүүгдэгч Э.Аын гомдолд нэмэлт тайлбар гаргасан. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг хэрэглэх боломжгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл дээр хэрэглэх боломжтой. Гэхдээ хуульд хэрэглэж болно гэж заасан болохоос биш заавал хэрэглэх ёстой гэх ойлголт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.А, Б.С, Б.А нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Э.А, өсвөр насны Б.А нар нь бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нефтийн автобусны буудал дээр хохирогч Б.Оын хоолойг боож, хавирч унагах зэргээр биед нь хүч хэрэглэн довтолж “Samsung G7” загварын гар утсыг хууль бусаар дээрэмдэж, 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Хохирогч Б.Оын “... 2020 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах замын урд талын хотын төв рүү явах чиглэлтэй Нефьтийн автобусны буудал дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээн халамцуу сууж байхад 2 эрэгтэй хүн хажууд ирж зогссон. Нэг эрэгтэй нь та хөлдлөө шүү дээ харихгүй юм уу гэж хэлэхээр нь би зам хөндлөн гараад Цэргийн хотхоны байрны зүг рүү алхаад байрны голоор алхаж явахад нөгөө 2 залуу араас дагаад байх шиг байсан. Тэгээд гэнэт нэг залуу нь миний араас баруун гараараа боогоод, хавирч унагаагаад миний “Samsung G7” загварын гар утсыг аваад зугтаасан. ...” /1хх 116-117/,

Б.Агийн яллагдагчаар өгсөн “... 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр найз Э.Аын хамт автобусны буудал дээр байж байхад үл таних 30 орчим насны эрэгтэй хүн баруун гартаа хар өнгийн утас барьчихсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Э.А тухайн ахын хөлдлөө хариад амар гэхэд “за гээд зам хөндлөн хойш гараад Цэргийн хотхоны байрнуудын голоор ороход Э.А 2-уулаа гар утсыг нь авчих уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би өөрөө мэд гэсэн чинь Э.А чи наанаа хүн харж бай гэсэн. Намайг хүн хараад зогсож байсан чинь Э.А нөгөө ах дээр очиж 5 орчим минут юм ярьж зогсож байснаа гэнэт гүйж ирээд зугтаарай гэсэн. ...” /1хх 196-197/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1хх 140-142/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, Э.А, өсвөр насны Б.А нар бүлэглэн хохирогч Б.Оыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээн халамцуу явж байхад нь араас нь боогоод, хавирч унагаагаад “Samsung G-7” загварын гар утсыг авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд прокуророос Э.А, өсвөр насны Б.А нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

            Харин Э.А, Б.С нарын 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мын “Samsung S7” загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, зүйлчлэл тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэргийн үйл баримтыг зөв тогтоосон атлаа гэмт хэргийн шинжийг нь тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй байхад анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

            Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан ....” гэх дээрэмдэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан... ” гэх залилах гэмт хэрэг хоорондоо хэрхэн ялгагдах талаар бодитой дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан ” гэмт хэрэг нь амь насанд аюулгүйгээр эд хөрөнгийг өөрийн болгодог. Гэхдээ хохирогч эд зүйлээ хүсэж өгдөггүй.

            Харин залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг.

            Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэрэг бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргээс өмчлөгч хууртагдсан, итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхээ сайн дураараа өгсөн байдгаараа ялгаатай.

            Мөн гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилготой байх бөгөөд ингэхийн тулд өмчлөгчийг хууран мэхлэж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгийг шилжүүлэн авсан байдаг.        

Хэрэгт авагдсан хохирогч М.Мын “... “ах аа надад утсаа өгөөч, би хүн хүлээж байна, ирдэггүй, хаана байна гэж асуугаад өгье” гэж хэлэхээр нь утсаа өгөөд замын урд байх Батзориг руу харж байхад шууд зугтаасан. ...”, мөн Б.Сын яллагдагчаар өгсөн “... Э.А согтуу залуугаас ахаа утсаа өгөөч гээд утсыг нь гуйж аваад утсаар нь хүн рүү залгаад холбогдохгүй байна гээд чихэндээ наад байгаад утсыг нь аваад баруун тийш зугтаасан. ...”, Э.Аын яллагдагчаар өгсөн “... Би очоод “ахаа утсаараа ганц яриулаад өгөөч гэж хэлсэн. Гэтэл тэр ах асуудалгүй гээд надад утсаа өгсөн. Би гар утсаар нь худлаа дугаар луу залгаж, ярьж байгаа болоод арагшаа хоёр гурав алхаад нөгөө ах өөр тийшээ харахаар нь гар утсыг нь аваад баруун тийш гүйсэн. ...” гэсэн мэдүүлгүүдээр хохирогч М.М нь хууртагдсаны улмаас өөрийн эд хөрөнгө болох гар утсыг сайн дураар шүүгдэгч нарт өгсөн байна. Энэ нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Э.А, Б.С нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.    

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заажээ.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Учир нь, өсвөр насны шүүгдэгч Б.Ад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны хүнд оногдуулсан эдлэх ялыг хоёр дахин багасгах нь эрх зүйн үр дагавартай ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол шүүхээс хойшлуулсан шийдвэрийг сэргээн эдлүүлэх нөхцөл байдал үүсэх ба өсвөр насны шүүгдэгч Б.Агийн эрх зүйн байдал дордохоор байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/663 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ш.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/663 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Прокуророос шүүгдэгч Э.А, Б.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Шүүгдэгч Сартуул овогт Батсайхан Б.Сыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Цул бор овогт Энхгэрэлийн Э.Аыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд гэснийг “Б.С, Э.А нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд ...” гэж,

2 дахь заалтын “Шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэж, Э.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг “Шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэж, Э.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.” гэж,

6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар тогтоож, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ш.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ