Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 127

 

           Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

- улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

            - шүүгдэгч Б.Цэрэнбазар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Дайртан овогт Базаррагчаагийн Цэрэнбазарт холбогдох эрүүгийн 201719000206 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 3-р багийн нутаг Түшээ гүн гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Дайртан овогт Базаррагчаагийн Цэрэнбазар /РД:аз86051931 / гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Цэрэнбазар нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3-р багийн нутаг Баянгол гэх газарт иргэн Р.Даваадоржийн нүүрэн тус газарт нь цохиж,  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Цэрэнбазар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн.

Эрүүгийн 201719000206 дугаартай хэргээс:

Хэрэг бүртгэлтэд хохирогч Р.Даваадорж мэдүүлсэн: 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол гэх газарт залуучууд өөрсдийнхөө уяж байгаа адууг унаж уралдсан. Тэгээд уралдаан болж байх хооронд морины бариан дээр найзуудын хамтаар архи уусан. Морины уралдаан тараад гэртээ харих замдаа У.Цогт-Эрдэнэ, Ц.Түшээсүрэн нарын хамт дэлгүүр орж архи авсан. Гарч ирээд дээшээгээ өгсөөд явж байтал замд Цоож, Доржоо, Эрдэнэцогт нарын хамт тааралдаад тэндээ газар сууцгааж архи уусан. Архиа уугаад сууж байтал Цэрэнбазар морьтой нилээн согтуу ирээд бид нартай ууж байгаад хамт сууж байсан хүмүүстэй маргалдах янзтай юм яриад байхаар нь чи болио согтуу байна зүгээр суу гэж хэлсэн. Ингээд сууж байтал Б.Цэрэнбазар гартаа аяга барьчихсан байснаа ганцаараа намайг цохиод авах шиг болтол, хацрын баруун талаас цус гараад эхэлсэн. Хацар зүсэгдсэн байсан. Цус гоожоод байхаар нь Асрамжийн газрын сувилагч дээр очиж хацраа оёуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

Хэрэг бүртгэлтэд гэрч У.Цогт-Эрдэнэ мэдүүлсэн: Асрамжийн газрын арын жалганд архи тойруулаад сууж байтал Б.Цэрэнбазар морьтой согтуу ирээд хамт суусан. Б.Цэрэнбазар нилээн согтуу хүн хүн рүү үсчээд агсам тавих гээд байсан. Тухайн үед Б.Цэрэнбазарын архи уух ээлж байтал архитай аягаа гартаа барьчихсан байсан ба  Р.Даваадорж, Б.Цэрэнбазартай нар нь хоорондоо ноцолдоод байсан. Бид нар хоорондоо юу гэж зодолддог юм гээд тоолгүй хаячихсан. Б.Цэрэнбазар нь Р.Даваадоржийн нүүрэн тус хэсэг рүү нь дээлний нударгаараа ороолгож байгаа харагдсан. Тэгээд ерөөсөө зодолдох гээд болохгүй болохоор нь би босоод салгатал Р.Даваадоржийн баруун хацарнаас цус гоожсон зүсэгдсэн байсан. Нилээн цус гоожсон болохоор нь Асрамжийн газрын эмч рүү Р.Даваадоржийг аваад явсан. Б.Цэрэнбазар өөрийгөө жолоодох чадваргүй байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18/

 

Хэрэг бүртгэлтэд гэрч Ц.Түшээсүрэн мэдүүлсэн: 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол гэх газарт морь уралдаж дуусчихаад Р.Даваадорж, У.Цогт-Эрдэнэ нарын хамтаар бид 3 гэртээ харих гээд морьтой явсан. Бид нар дэлгүүр орж архи авч сууцгаагаад архиа уусан. Тэгээд сууж байтал Б.Цэрэнбазар ирээд хүн хүнрүү агсам тавих гээд үсчээд байсан. Р.Даваадорж Б.Цэрэнбазарыг нутгийн хүмүүс  байж нэг нэгэн рүгээ дайрлаа гээд Б.Цэрэнбазарыг болиулах гэж хэдэн үг хэлсэн. Гэтэл Б.Цэрэнбазар гартаа шилэн стакан барьсан байсан түүгээрээ Р.Даваадоржийн нүүрэн тус газарт нь цохьчихсон. Р.Даваадоржийн нүүрнээс цус гоожоод эхэлсэн. Хартал зүсэгдчихсэн байсан. Тэгээд Р.Даваадоржийг аваад Асрамжийн газрын эмч дээр очиж оёдол хийлгэсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

Хэрэг бүртгэлтэд сэжигтнээр Б.Цэрэнбазар мэдүүлсэн: Би 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би гэрээсээ 13 цагийн орчим гараад Баянгол гэх газарт морины уралдаан үзсэн. Тэгээд морины бариан дээр нилээд олуулаа 2 шил архи уусан. Тэгээд юу болсон талаар ерөөсөө санахгүй байна. Би тасарчихсан юм шиг байгаа юм. Нэг мэдсэн чинь гэртээ 23 цагийн орчим ухаан орсон. Юу болсон талаар манай эхнэр надад хэлсэн. Гэрээсээ гараад Р.Даваадоржийн гэрт очоод уулзахад нүүрээ битүү бинтээр боосон байсан. Р.Даваадорж чи намайг цохьсон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26/

 

- Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны 2017 оны 03  сарын 22-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №141 тоот актад:

1. Р.Даваадоржийн биед  баруун хацарт шарх, зулгаралт зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-21 тал/,

 

-Шүүгдэгч Б.Цэрэнбазарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: Ял шийгэлгүй гэх лавлагаа /хх-30/,

-Шүүгдэгч Б.Цэрэнбазарыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-25-26 тал/, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-29 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

   Шүүгдэгч Б.Цэрэнбазар нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг “Баянгол” гэх газарт иргэн Р.Даваадоржийн нүүрэн тус газарт нь цохиж,  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Р.Даваадоржийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 141 тоот акт, гэрч У.Цогт-Эрдэнэ, Ц.Түшээсүрэн нарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Цэрэнбазарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Цэрэнбазарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

-Хохирогч Р.Даваадорж, шүүгдэгч Б.Цэрэнбазар нар нь “Эвлэрсэн” тухай баримт. /хх-ийн 43/

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Б.Цэрэнбазарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаарх дүгнэлтээ шүүхэд гаргана”  зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч Р.Даваадорж, шүүгдэгч Б.Цэрэнбазар нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч Р.Даваадорж нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Р.Даваадорж нь шүүгдэгч Б.Цэрэнбазартай сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

             Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Цэрэнбазар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дайртан овогт Базаррагчаагийн Цэрэнбазарыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Р.Даваадорж нь шүүгдэгч Б.Цэрэнбазартай сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Цэрэнбазарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Б.Цэрэнбазар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Б.Цэрэнбазарт урд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

               6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Цэрэнбазарт урд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  • , ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА