Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 223/МА2018/00024

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 02 өдөр

 Дугаар 223/МА2018/00024

 

 

Ш.Э-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2018/00482 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ш.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Э-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүргийн биелэлтэд 20 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“худалдах худалдан авах гэрээг цуцалж, 39-38 ХӨВ улсын дугаартай DAEWOO маркийн автомашиныг буцаан өгөх, урьдчилгаа төлбөр 12 000 000 төгрөг, автомашины гэмтлүүдийг засварлуулахад гарсан зардал 2 904 000 төгрөг тус тус гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ж.Э-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гэрэлт-Од, хариуцагч Ж.Э , нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

 

 Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2017 оны 09-р сарын 09-ны өдөр 3938 ХӨВ дугаар бүхий DAEWOOмаркын авто машиныг 34 сая төгрөгөөр зарна гэх зарыг хариуцагч Үнэгүй.мн сайтнаас хараад машиныг худалдаж авсан байдаг. Худалдаж авахдаа 32.000.000 сая төгрөгөөр тохироод урьдчилгаа болох 12.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр өгсөн байдаг. Үлдэгдэл 20.000.000 сая төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 09-р сарын 09-ны өдөр 3938 ХӨВ дугаар бүхий DAEWOOмаркын авто машиныг 34 сая төгрөгөөр зарна гэх зарыг хариуцагч Үнэгүй.мн сайтнаас хараад машиныг худалдаж авсан байдаг. Худалдаж авахдаа 32.000.000 сая төгрөгөөр тохироод. Урьдчилгаа болох 12.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр өгсөн байдаг. Үлдэгдэл 20.000.000 сая төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч Ж.Э  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2017 оны 09-р сарын 09-ны өдөр Ш.А-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийж. Гэрээ хийх үед 12.000.000 сая төгрөгийг төлж үлдэгдэл болох 20.000.000 сая төгрөгний төлбөрийн төлөх хугацааг тохирсон. Уг машиныг хүлээн авсанаас хойш эвдрэл гэмтэл их гарсан. Дорнод аймгаас өвсний тээврийн ажилд 3 удаа явсанаас өөр ашиглаж чадаагүй. Улмаар тээвэрт явж байх хугацаанд машины тормос ажиллагаагүй болж хий авахгүй болж эвдэрснээр цаг хугацаа алдсан. Уг машиныг унах болгонд дахиад цахилгааны масс үүсээд, автомат төхөөрөмж эвдрээд байсан. Энэ машиныг анх Ш.А өгөхдөө ээлтэй сайн машин хүний гар огт хүрээгүй гэж хэлж байсан. Гэтэл холын зайнд явахад асар их эвдрэл гэмтэлтэй байсан. Дорнод аймагруу өвс ачаад явж байх хугацаанд машин эвдэрч. Тэндээ хоноод өвсөө хулгайд алдаж байсан тохиолдол ч надад байдаг. Мөн би шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. ХӨВ улсын дугаартай DAEWOO маркын авто машиныг буцаан өгч, урьдчилгаа төлбөр 12.000.000 төгрөг гаргуулах мөн иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасны дагуу автомашины гэмтлүүдийг засварлуулахад гарсан 2.904.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүылиын 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д тус тус зааснаар хариуцагч Ж.Э оос 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-д олгож, хариуцагч Ж.Э-н сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг, хариуцагч Ж.Э-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 650 төгрөгийг тус тус улсынорлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э оос 257 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

            Хариуцагч Ж.Э  давж заалдах гомдолдоо: “Миний бие Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 151 /ШШ2018/00482 дугаар шийдвэрийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шуудан хүргэгчээс гардан авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх "...нарын хооронд Зээлээр худалдах, худалдах гэрээ байгуулагдсан ..." гэж дүгнэжээ. Худалдагч Ш.Энх-Амгалангаас худалдан авагч Ж.Э  би 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 39-38 ХӨВ улсын дугаартай DAEWOO маркийн автомашиныг худалдаж авахаар гэрээ байгуулж, тухайн өдөртөө урьдчилгаа төлбөрт 12 000 000 төгрөг өгч, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг 2017.09.11-ний өдөр 3 000 000, 2017.10.11-ний өдөр 8 000 000 төгрөг, 2017.11.11-ний өдөр 9 000 000 төгрөг тус тус хэсэгчлэн төлөхөөр үнэ төлөх хугацааг хойшлуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1,-д заасан "Зээлээр худалдах-худалдан авах гэрээ" байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Худалдах, худалдах авах гэрээнээс Зээлээр худалдах, худалдан авах гэрээний ялгаа нь талууд хэсэгчлэн төлж байгаа үнийн дүнгийнхээ төлбөрт зохих хүүгийн хэмжээг тусгадгаараа гол ялгаатай байдаг. Нэхэмжлэгч Ш.А-д хариуцагч миний бие машины төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулж хэсэгчлэн төлөхөөр тохирлоо гээд нийт төлөх үндсэн төлөх төлбөр болох 32 сая төгрөг нэмэгдээгүй, харин хүү төлж нийт төлбөрийн хэмжээ нэмэгдэхээр тохирсон бол анхан шатны шүүхийн дүгнэсний дагуу Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг буруу тодорхойлж дүгнэсэн байна.

Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс 2 удаа гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3,-т заасан нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагч миний энэ хүсэлт хангагдсанаар хэргийг шийдвэрлэх гол ач нөхцөл байдлыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ нотлох боломжтой байсан. Гэтэл шүүх хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 .-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Би өөрийн зүгээс машины эвдрэл гэмтлүүдийг баримтжуулан фото зураг болон видео бичлэг хийж СД хэлбэрээр хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч энэ талаар шүүх үндэслэх хэсэгтээ ямар ч дүгнэлт хийгээгүй, зөвхөн нэг талыг барьж нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлж, дүгнэсэн байна. Доголдолтой эд хөрөнгийг нуун дарагдуулж, эвдэрхий зориулалтын дагуу ашиглах боломжгүй автомашиныг надад худалдсан байхад шүүх хариуцагч нь автомашиныг 500 метр газар унаж үзээд авсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар автомашиныг нэхэмжлэгч хүлээж авахдаа доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэж байгаа нь хэтэрхий өрөөсгөл дүгнэлт юм. Тухайн нэхэмжлэгчийн оршин суудаг сумын төвд тухайн машиныг шалгаад, доголдолтой эсэхийг оношлуулах боломж байгаагүй, нэхэмжлэгчийг нас тогтсон ахмад хүн учраас намайг хуурахгүй байх итгээд аваад явсан. Гэтэл шүүхээс машиныг 500 метр унаж үзээд авсан тул машины доголдлын талаар шаардлага гаргах эрхгүй, зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж, бодит байдал нийцэхгүй дүгнэлт хийлээ гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хариуцагчийн гаргасан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг алдаа зөрчлийг шалгаж, нэхэмжлэгчийн 20 сая гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, хэргийн оролцогчдоос гаргаж ирүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн ба тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Харин шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг  хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар зөвтгөх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.  

 

Нэхэмжлэгч Ш.А худалдах-худалдан авах гэрээний  үндсэн үүргийн биелэлт 20 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргаж,  зохигчдын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бичгээр  байгуулсан автомашин худалдах-худалдан авах гэрээг шаардлагынхаа үндэслэл болгожээ.

 

Хариуцагч Ж.Э   нэхэмжлэлийг татгалзсанаас гадна худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах, доголдлыг засварлахад гарсан зардал 2 904 000 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 3938ХӨВ  улсын дугаартай, “DAEWOO” маркийн ачааны автомашиныг 32 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 12 000 000 төгрөгийг хариуцагч буюу худалдан авагч машиныг хүлээн авах үедээ төлсөн, үлдэх 20 000 000 төгрөгийг 2017 оны 09 сарын 11-нд 11 000 000 төгрөг, 2017 10 дугаар сарын 11-нд 8 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 11-нд 9 000 000 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн талаар маргаагүй байна.

Зохигчид гэрээний зүйл буюу автомашины доголдлын талаар маргажээ.

Хариуцагч нь анх машиныг хүлээж авах үедээ үзэж шалгаж авсан үйл баримтыг маргаагүй боловч гэрээний зүйлийн өөрийнх нь онцлогтой холбоотой тухайн үед мэдэгдэх боломжгүй доголдол хожим илэрсэн байх боломжтой хэдий ч хариуцагч машиныг хүлээж авах үедээ дагалдах бичиг баримтын хамт хүлээж авсан, машин 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн, үйлдвэрлэгдсэнээс хойш 22 жил ашиглагдсан хуучин автомашин болохыг мэдээгүй гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчид эрсдэлийг хариуцуулсан үндэслэлийг үгүйсгэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч буюу худалдагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг шилжүүлэх үедээ түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх, мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах тухай зохицуулалтыг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдагчийг эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар гэрээний зүйлийн шинж чанартай холбогдуулан мэдэх боломжтой байсан гэсэн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа гэж үзсэн нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 262 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ. Гэрээний зүйл нь дагалдах баримт бичгийн хамт өмчлөх эрх шилжих ёстой хөрөнгө байх ба  хариуцагчийн тайлбараар худалдан авсан машины үнийг бүрэн төлж дууссанаар машины дагалдах баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохиролцсон гэснээс үзвэл Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасны дагуу  өмчлөх эрх шилжих тухай тохиролцоог гэрээний талууд хийсэн гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Хариуцагч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор доголдолтой хөрөнгө шилжүүлсэн үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээгээр шилжүүлсэн 12 000 000 төгрөгийн төлбөрийг буцаан гаргуулах, доголдлыг арилгахад гаргасан  зардал 2 904 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг заасан шаардах эрхэд үндэслэгдэхээр байна. Энэ тохиолдолд худалдан авагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор, хуульд заасан  тодорхой урьдчилсан нөхцөлүүдийг хангасан тохиолдолд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах эрхийг худалдагчийн эсрэг хэрэгжүүлэх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, худалдагч гэрээний үүргийг зөрчсөн байх, худалдан авагч нь түүнд үүрэг гүйцэтгэхийг сануулсан байх, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон байх нөхцөлүүд хуулиар тавигдах бөгөөд хэргийн баримт болон зохигчдын тайлбараар дээрх үйл баримт тогтоогдоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.   

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2018/00482 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “ зүылиын” гэснийг “ ...зүйлийн...” гэж, “... 263.1, 264.1...” гэснийг хасч, “... олгож... гэсний дараа Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлгүй тул...” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Ж.Э-н гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257 950 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАА       

           

                        ШҮҮГЧИД                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                              Ц.ӨРНӨНДЭЛГЭР