Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2021/01802

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: К БЭХА/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б/РД: /,

 

Хамтран хариуцагч: Д.Н/РД: /,

 

Хамтран хариуцагч: “А” ХХК/РД: / нарт холбогдох,

 

112 617 685.83 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээнээс татгалзаж байгааг баталгаажуулж, 8 728 709 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хамтран хариуцагч, хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч К БЭХА шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай “Капитал банк” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар “Капитал банк” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон.

Банкны тухай хуулийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу Капитал банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөгийн захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн.

Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон тухайд: Зээлдэгч Д.Б, хамтран зээлдэгч Д.Н нар нь Капитал банктай 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр №14/23 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж 80,500,000.00 /Наян сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг сарын 0.67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 15 сарын хугацаатай авсан.

Банк Зээлийн гэрээний 3.12 дахь хэсэгт заасны дагуу Д.Бгийн Капитал банкин дахь 2023008162 тоот харилцах /депозит/ дансанд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 24,050,000.00 /Хорин дөрвөн сая тавин мянган/ төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 24,150,000.00 /Хорин дөрвөн сая нэг зуун тавин мянган/ төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 24,150,000.00 /Хорин дөрвөн сая нэг зуун тавин мянган/ төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 8,150,000.00 /Найман сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг тус тус шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Зээлийн эргэн төлөлт, өр төлбөрийн үлдэгдлийн тухайд: Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1,900,003.68 /Нэг сая есөн зуун мянган гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөг, зээлийн хүүнд 6,525,465.01 /Зургаан сая таван зуун хорин таван мянга дөрвөн зуун жаран таван төгрөг нэг мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 62,031.84 /Жаран хоёр мянга гучин нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг тус тус төлсөн.

Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна.

Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 8 дугаар сарын 14-ний байдлаар дараах үлдэгдэлтэй байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 78,599,996.32 /Далан найман сая таван зуун ерөн есөн мянга есөн зуун ерөн зургаан төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг;

Зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 28,469,413.22 /Хорин найман сая дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун арван төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг;

Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл  5,541,776.29 /Таван сая таван зуун дөчин хоёр мянга долоон зуун далан зургаан мянга хорин есөн мөнгө/ төгрөг;

Нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 112,612,185.83 /Нэг зуун арван хоёр сая зургаан зуун арван хоёр мянга нэг зуун наян таван төгрөг наян гурван мөнгө/ төгрөг.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан 5,500.00 /Таван мянга таван зуун/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Хариуцагч Д.Б, хамтран зээлдэгч Д.Н нараас зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 112,617,685.83 /Нэг зуун арван хоёр сая зургаан зуун арван долоон мянга зургаан зуун наян таван төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж К БЭХАид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч К БЭХАийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “2018 онд Капитал банк ХХК-ийн хуучин удирдлагуудтай уулзаж байсан байх. Сөрөг нэхэмжлэлийн хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулаад гэрээний дагуу төлбөрийг төлж явсан, гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ байгаа. Тодорхой хэмжээний төлөлт үүргийн гүйцэтгэлийг хариуцагч хийж явсан. Хүчин төгөлдөр гэрээний дагуу зээл, зээлийн хүүнд төлсөн мөнгийг буцаан авах нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

 

Хамтран хариуцагч Д.Н, хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 12 сарын 13-ны өдөр “А” ХХК, “Капитал банк” ХХК, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нарын хамтарсан “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилчдын орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, орон сууцыг хүлээлгэн өгөхтэй холбогдсон хамтарсан гэрээ”-г байгуулсан байдаг.

Энэхүү гэрээг үндэслэн нэхэмжлэгч Д.Н би нөхөр Д.Бгийн хамт “А” ХХК-иас 60.13 м.кв орон сууц авахаар тохиролцсон. “Капитал банк” ХХК 2013 оны 12 сарын 13-ны өдрийн гурвалсан гэрээний дагуу санхүүжилтийг шийдэхээр болж уг орон сууцны үнэ болох 80.5 сая төгрөгийг манай гэр бүлд зээлсэн бөгөөд 2014 оны 06 сарын 05-ны өдөр бид Капитал банктай “Зээлийн гэрээ” байгуулсан.

Зээлийн гэрээний дагуу 3-н удаа Д.Бгийн дансаар 80,5 сая төгрөг ирсэн. Дансанд мөнгө орж ирэнгүүт Капитал банк тухайн цаг минутанд шууд татан авч байсан. Зээлийн зүйл болох мөнгийг Д.Бгийн дансаар оруулаад л гаргадаг. Тэрнээс биш Д.Б бид 2 тэр Зээлийн гэрээний дагуу ирсэн мөнгийг хараач үгүй, авч ашиглах боломж ч гараагүй. Тийм учраас 2014 оны 06 сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ хэрэгжсэн гэдэг нь эргэлзээтэй.

Барилга 2016 оны 07 сарын 25-нд ашиглалтанд орсон. Гэвч “А” XXX нь тохиролцсон ёсоороо үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нөхөр бид хоёрын нэр дээр гаргаж өгөөгүй.

Бид зээлийн гэрээний эргэн төлөлтөд 2014 оны 08 сарын 05-наас 2016 оны 02 сарын 20-ныг хүртэл нийт 8,790,000 төгрөг төлсөн. Бидний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй учир бид зээл төлөх боломжгүй болж зээлээ төлөөгүйн улмаас Монгол банкинд Д.Б, Д.Н бид нарын нэр дээр хугацаа хэтэрсэн зээлтэй гэсэн бүртгэлтэй болсон.

“Капитал банк” ХХК болон “А” ХХК нь тохиролцоогоо биелүүлэлгүй өнөөдрийг хүрлээ.

Анх 2014 оны 06 сарын 05-ны өдрийн “Зээлийн гэрээ” байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдөн бид байрандаа орох боломжгүй болсон.

Гэвч бид “А” ХХК-ийн захирал Ц.Ононтой гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд ороогүй учир Ц.Ононгоос ямар нэг эд зүйл шаардах эрхгүй болчихоод байсан учир Капитал банкны эрх хүлээн авагчтай очиж уулзсан.

“А” ХХК, “Капитал банк”-ны эрх хүлээн авагч нар надтай 2018 оны 09 сарын 26-ны өдөр уулзан хэлцэл хийсэн. Уг хэлцэл ёсоор “Капитал банк” ХХК-ны зээлийг “А” ХХК хариуцан төлбөрийг дуусгаж манай гэр бүлийг хохиролгүй болгох ёстой байсан.

Капитал банк өөрийн хүлээсэн үүрэгт болох 60.13 м.кв орон сууцыг А ХХК-иас шилжүүлэн авч өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

2013 оны 12 сарын 13-ны өдөр “А” ХХК, “Капитал банк” ХХК, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нарын хамтарсан “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилчдын орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, орон сууцыг хүлээлгэн өгөхтэй холбогдсон хамтарсан гэрээ”-ний 5.1.2, 5.1.3-т заасан эрх, 5.2.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс Капитал банк нь “А” ХХК-ийн захирал Ц.Ононгоос байрны гэрчилгээг авч чадаагүй. Ц.Ононгоос үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанд авч чадаагүйгээс шаардах эрхээ хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн.

Үнэн хэрэгтээ хэрэгжээгүй Зээлийн гэрээний дагуу шаардлага гаргаж байхаар Ц.Ононгоос үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шаардах нь зүйд нийцнэ.

Иймд нэхэмжпэгчтэй байгуулсан 2014 оны 06 сарын 05-ны өдрийн “Зээлийн гэрээ”-нээс татгалзаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Д.Н нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Капитал банк, Англи ХХК-уудын хооронд “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилчдын орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, орон сууцыг хүлээлгэн өгөхтэй холбогдсон хамтарсан гэрээ” байгуулагдсан байдаг.

Энэ гэрээг үндэслээд Нийгмийн даатгалын ажилтан Д.Б “А” ХХК-иас 60.13 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцож, Д.Б, Д.Н бид хоёр 2014 оны 06 сарын 05-ны өдөр “Капитал банк” тай 80.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.

Уг зээлийг Д.Бгийн дансанд шилжүүлсэн өдрөө Капитал банк гурвалсан гэрээний 5.2.1, 5.2.2-т заасны дагуу А ХХК-ийн барилгын ажлыг санхүүжүүлэхээр шилжүүлсэн байдаг.

Банк гэрээний дагуу санхүүжилт хийчихээд гэрээний 5.2.4, 5.1.2, 5.1.3-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Үүнээс болж гүйцэтгэгч буюу А ХХК үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдсан.

“А” ХХК, “Капитал банк”-ны эрх хүлээн авагч нар надтай 2018 оны 09 сарын 26-ны өдөр уулзан хэлцэл хийсэн. Уг хэлцэл ёсоор Д.Б бид 2 гэрээнээс татгалзаж “Капитал банк” ХХК-ны зээлийг “А” ХХК хариуцан төлбөрийг дуусгаж, манай гэр бүлийг хохиролгүй болгох ёстой байсан. Гэвч “А” ХХК өнөөдрийг хүртэл хэлцэлд заасан үүргээ биелүүлээгүй.

Бид 2014.07.01-ний өдрөөс 2016.02.29-ний өдөр хүртэл зээлийн хүүнд 8,728,709 төгрөг төлсөн.

Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан 2014 оны 06 сарын 05-ны өдрийн “Зээлийн гэрээ”-нээс татгалзаж байгааг баталгаажуулж, хүүнд төлсөн 8,728,709 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч Д.Б, хамтран хариуцагч Д.Н нарын өмгөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А ХХК-иас гаргаж өгсөн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ байна. Энэ гэрээ яагаад байгуулагдаагүй вэ гэхээр нэхэмжлэгчийн өөрийн үүргээ гүйцэтгээгүйгээс болоод энэ гэрээ байгуулагдаагүй. Энэ гэрээг байгуулж байгаад зээл ав гэдэг шаардлагыг нэн түрүүнд тавих ёстой байсан. Энэ гэрээ байгуулагдаагүй байхад яагаад зээл олгодог юм. 2-рт Гүйцэтгэгч Ц.Ононгийн хувьд мөнгийг гэрээгүйгээр авах сонирхолтой, гэрээ байгуулах сонирхол байхгүй байна. Хэрэв гэрээ байгуулах сонирхол байсан бол Д.Бг дуудаж гэрээгээ байгуулан үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг шилжүүлж өгөх боломж байсан гэж үзэж байна. Яагаад бид зээлийн зүйлийг шилжүүлж аваагүй вэ гэхээр Иргэний хуулийн 282.4-т зааснаар “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсэн байна. Банк санхүүгийн байгууллагын зээл олгох журам арай өөр зохицуулалтаар явна. Иргэний хуулийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн байна. Тэгэхээр тодорхой бичээгүй учраас нарийвчилсан зүйл өөрөө Иргэний хуулийн 282.4-т зааснаар зохицуулагдана гэж үзэж байна. Тэгэхээр Д.Бгийн Капитал банк ХХК дахь дансанд зээлийн зүйл орж ирээд тухайн өдөр минутандаа гарч А ХХК-ийн дансанд ордог. Энэ нь зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэл харагдахгүй байна. Гэтэл депозит дансны хуулгыг харвал өөрөө мөнгө гаргах ямар ч боломж байхгүй. Зөвхөн зээлийн хүү юм уу, мөнгө хийх л эрхтэй болохоос мөнгө авах ямар ч боломж байхгүй. 80.338.500 төгрөгийг шилжүүлж авсан гэдгийг А ХХК-ийн төлөөлөгч Ц.Онон хариу тайлбартаа авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тийм учраас зээлийг Д.Б, Д.Н нар хийсэн боловч А ХХК авсан байна. Мөн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг А ХХК өөрийн нэр  дээр шилжүүлэн авсан.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч К БЭХА хариуцагч Д.Б, хамтран хариуцагч Д.Н, хамтран хариуцагч “А” ХХКхолбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 78 599 996.32/далан найман сая таван зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн зургаан төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүний үлдэгдэл төлбөрт 28 469 413.22/хорин найман сая дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун арван гурван төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл төлбөрт 5 542 776.29/таван сая таван зуун дөчин хоёр мянга долоон зуун далан зургаан төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг, нийт 112 612 185.83/нэг зуун арван хоёр сая зургаан зуун арван хоёр мянга нэг зуун наян таван төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг, нотариатын зардал 5 500/таван мянга таван зуу/ төгрөгийг, бүгд 112 617 685.83/нэг зуун арван хоёр сая зургаан зуун арван долоон мянга зургаан зуун наян таван төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Б, Д.Н нь хэрэгжээгүй зээлийн гэрээний дагуу шаардлага гаргаж байхаар Ц.Ононгоос үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шаардах нь зүйд нийцнэ гэж маргасан.

 

Хариуцагч “А” ХХК-д 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б, Д.Н нартай 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр № 14/23 Зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б, Д.Н нар хамтран үүрэг гүйцэтгэгч болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 3-ын 3.4, 3.5, 3.7, 3.13, 3.17-д зааснаар нэхэмжлэгч нь 80 500 000/наян сая таван зуун мянга/ төгрөгийг, сарын 0.67/тэг зууны жаран долоо/ хувь, жилийн 8/найм/ хувийн хүүтэй, 15/арван тав/ сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүүг дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20/хорь/ хувь байхаар хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ болон Хавсралт 1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Капитал банк” ХХК дахь хариуцагч Д.Бгийн эзэмшиж буй 2023008161 тоот, 2023008162 тоот дансуудад нийт 80 500 000/наян сая таван зуун мянга/ төгрөгийг хэсэгчлэн шилжүүлсэн болох нь 2023008161 тоот Зээлийн дансны хуулга, 2023008162 тоот Депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.Б, Д.Н нар нь зээлийг ашиглаагүй гэх тайлбар гаргаж байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн ... зээл олгосонд тооцно.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бгийн дансанд 80 500 000/наян сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар 80 500 000/наян сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг олгосонд тооцно.

 

Хариуцагч Д.Б, Д.Н нар нь 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээл, зээлийн үндсэн хүүнд төлөлт хийх үүргээ зөрчиж эхэлсэн болох нь Зээлийн гэрээний болон хавсралт 1-ийн хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Д.Бгийн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.  

 

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасан.

 

Зээлийн гэрээний 3-ын 3.16-д “... төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ ...”, 3.19-д “Банкинд төлсөн зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдэх төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална ... хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ.” гэжээ. 

 

Гэрээний 3-ын 3.16, 3.19-д зааснаар хариуцагч Д.Б, Д.Н нар нь 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх үндсэн зээлийн төлбөрт 80 500 000/наян сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөөс 1 900 003.68/нэг сая есөн зуун мянга гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүнд 34 994 878.23/гучин дөрвөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга найман зуун далан найм төгрөг хорин гурван мөнгө/ төгрөгийг төлөхөөс 6 525 465.01/зургаан сая таван зуун хорин таван мянга дөрвөн зуун жаран таван төгрөг нэг мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 5 604 808.13/таван сая зургаан зуун дөрвөн мянга найман зуун найман төгрөг арван гурван мөнгө/ төгрөгийг төлөхөөс 62 031.84/жаран хоёр мянга гучин нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг төлсөн болох нь Зээлийн гэрээний болон Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Д.Бгийн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.  

 

Хариуцагч Д.Б, Д.Н нар нь 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 78 599 996.32/80500000-1900003.68=78599996.32/ /далан найман сая таван зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн зургаан төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүний үлдэгдэл төлбөрт 28 469 413.22/34994878.23-6525465.01=28469413.22/ /хорин найман сая дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун арван гурван төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл төлбөрт 5 542 776.29/5604808.13-62031.84=5542776.29/ /таван сая таван зуун дөчин хоёр мянга долоон зуун далан зургаан төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг, нийт 112 612 185.83/78599996.32+28469413.22+5542776.29=112612185.83/ /нэг зуун арван хоёр сая зургаан зуун арван хоёр мянга нэг зуун наян таван төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Д.Бгийн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.  

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б, Д.Н нараас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 112 612 185.83/нэг зуун арван хоёр сая зургаан зуун арван хоёр мянга нэг зуун наян таван төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь нотариатын зардал 5 500/таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Хариуцагч Д.Б, Д.Н нар нь Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэхтэй холбогдон баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлэхэд 5 500/таван мянга таван зуу/ төгрөгийн зардал гарсан болох нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 002074 мөнгөний тасалбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчээс гаргасан 5 500/таван мянга таван зуу/ төгрөгийн зардлыг хариуцагч Д.Б, Д.Н нарын Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б, Д.Н нараас 5 500/таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, “Капитал банк” ХХК, “А” ХХК нарын байгуулсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилчдын орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, орон сууцыг хүлээлгэн өгөхтэй холбогдсон хамтарсан гэрээний 6-ийн 6.2.14-т зааснаар гүйцэтгэгч буюу “А” ХХК орон сууцны барилгыг хүлээлгэж өгөөгүйгээс үүдэн гарах зээлийн эрсдэл болон хохирлыг хариуцна гэх тайлбар гаргаж байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, “Капитал банк” ХХК, “А” ХХК нар нь нэрлэгдээгүй гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тус нэрлэгдээгүй гэрээгээр гүйцэтгэгч “А” ХХК нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилчдын 60/жар/ айлын орон сууцны барилга, байгууламжийг барих, “Капитал банк” ХХК нь санхүүжүүлэх үүрэг хүлээсэн болох нь тус гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

“А” ХХК нь тус нэрлэгдээгүй гэрээгээр “Капитал банк” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх ба уг гэрээнд заасан зээлийн эрсдэл болон хохирол нь хариуцагч Д.Б, Д.Н нарын нэхэмжлэгчтэй байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хамааралгүй тусдаа гэрээ байна.

 

Түүнчлэн хамтран хариуцагчаар татсан “А” ХХК нь Зээлийн гэрээний оролцогч буюу нэг тал биш байх тул “А” ХХК-иас бүгд 112 617 685.83/нэг зуун арван хоёр сая зургаан зуун арван долоон мянга зургаан зуун наян таван төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч “А” ХХК нь хариуцагч Д.Бтэй 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үндэслэлтэй болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн № 10А/2016 Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар 80 500 000/наян сая таван зуун мянга/ төгрөгийг орон сууц барих ажлын хөлсөд шилжүүлсэн байх тул хариуцагч Д.Б нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн № 10А/2016 Орон сууц захиалгаар бариулах гэрээтэй холбоотой шүүхэд мэдүүлэх эрх нь нээлттэй байна.

Хариуцагч Д.Б, хамтран хариуцагч Д.Н нар нь нэхэмжлэгчид холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ээс татгалзаж байгааг баталгаажуулж, хүүнд төлсөн 8 728 709/найман сая долоон зуун хорин найман мянга долоон зуун ес/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хуульд заасан үндэслэлээр аливаа гэрээнээс татгалзах нь гэрээний талуудын эрх ба уг эрхээ гэрээний аль тал хэрэгжүүлнэ.

 

Шүүх гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсантай холбоотой үүссэн үр дагаварыг шийдвэрлэх тул сөрөг нэхэжмлэлд дурдсан “Зээлийн гэрээ”-ээс татгалзаж байгааг баталгаажуулах шаардлага нь бие даасан шаардлагад хамаарахгүй тул шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгч болон “А” ХХК-тай хэлцэл хийсэн, зээлийг “А” ХХК хариуцан төлбөрийг дуусгах ёстой байсан гэж маргаж байх боловч хариуцагч нарын тайлбарт дурдагдсан хэлцэл гэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

 

Түүчнлэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байх ба тус гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хүүнд төлсөн 8 728 709/найман сая долоон зуун хорин найман мянга долоон зуун ес/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б, хамтран хариуцагч Д.Н нараас бүгд 112 617 685.83/нэг зуун арван хоёр сая зургаан зуун арван долоон мянга зургаан зуун наян таван төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К БЭХАид олгож, үлдэх “А” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б, хамтран хариуцагч Д.Нын нэхэмжлэгч К БЭХАаас 8 728 709/найман сая долоон зуун хорин найман мянга долоон зуун ес/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б, хамтран хариуцагч Д.Н нараас бүгд 112 617 685.83/нэг зуун арван хоёр сая зургаан зуун арван долоон мянга зургаан зуун наян таван төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К БЭХАид олгож, үлдэх “А” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б, хамтран хариуцагч Д.Нын нэхэмжлэгч К БЭХАаас 8 728 709/найман сая долоон зуун хорин найман мянга долоон зуун ес/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч К БЭХАийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Б, хамтран хариуцагч Д.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, хамтран хариуцагч Д.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 721 038 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ