Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данжаадын Уранчимэг |
Хэргийн индекс | 181/2021/00056/И |
Дугаар | 181/ШШ2021/00239 |
Огноо | 2021-01-27 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2021/00239
2021 оны 01 срын 27 өдөр | 181/ШШ2021/00239 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
нэхэмжлэгч: З.У/-ын
хариуцагч: Т.Д холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.У, хариуцагч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.У миний бие Т.Дтэй 2001 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ПА №401 тоот гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бид хамтран амьдрах хугацаанд 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүү Д.З, 2005 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү Д.О нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оны 01 дүгээр сараас салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш 2 хүүгийнхээ өмнө хүлээсэн эцэг эхийн үүргээ хамтран биелүүлж байгаа болно. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү ыг миний асрамжид үлдээж эцэг Т.Дгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Манай том хүү 18 нас хүрсэн. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Утай 2000 онд танилцаад 2001 онд гэр бүл болж 2003, 2005 онд 2 хүү минь төрсөн. Хамтран амьдарч байгаад сүүлийн хэдэн жил зан байдлын хувьд таарч тохирохгүй нөхцөл байдал үүсч гэр бүлийн уур амьсгал хүндэрсэн учраас энэ байдалдаа дүгнэлт хийж ноднингийн 1 сараас тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд хэд хэд уулзаж зарчмуудаа тохиролцсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Энэ хугацаанд З.У хамтран амьдрагчтай болсон байгаа тул цаашид хамт амьдрах боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Том хүү 18 нас хүрсэн. Бага хүүд хүүхдийн тэтгэлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн нэр дээр байсан Нүхтийн байшингаа О, З хоёрын нэр дээр шилжүүлсэн. Мөн 1 сарын 25-ны өдөр хотын төвд байгаа орон сууцаа 2 хүүхдийн нэр дээр бас шилжүүлсэн. Мөн Нүхтэд байгаа залгаа таун хаусыг Уын нэр дээр үлдээж байгаа. Авто машин миний нэр дээр байгаа, би ойрын хугацаанд Уын нэр дээр шилжүүлж өгнө гэв.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.У нь хариуцагч Т.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч З.У, хариуцагч Т.Д нар нь 2001 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсноо 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлсэн, мөн тэдний дундаас 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүү Д.З, 2005 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү Д.О нар төрсөн, хүүхдүүд эрүүл өсч байгаа болох нь зохигчдын тайлбар, ПА №401 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, хүү Д.З, Д.О нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
Нэхэмжлэгч З.У, хариуцагч Т.Д нар нь хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2020 оны 1-р сараас хойш тусдаа амьдрах болсон, З.У өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, гэрлэгчид цаашид хамт амьдрах, эвлэрэх хүсэл зориггүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар талууд эвлэрээгүй байх ба гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т заасан гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж үзэх үндэслэл болж байх тул гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагатай хамт насанд хүрээгүй хүүхдийн асрамж, тэтгэлгийг шийдвэрлэх хуулийн зохицуулалтай.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохиролцох эрхтэй ба талууд насанд хүрээгүй хүү Д.Оыг эхийн асрамжид үлдээхээр тохиролцсоны дагуу хүү Д.Оыг эх З.Уын асрамжид үлдээх нь зүйтэй.
2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.З нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18 нас хүрч, насанд хүрсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар“Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх нь, хуулийн 10.1.1.”хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх”,
10.1.2.”хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх”,
10.1.3.”хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах”,
10.1.4.”хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах”,
10.1.5.”хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах”,
10.1.6.”хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах”,
10.1.7.”хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах”,
10.1.8.”хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах”,
10.1.9.”хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх”,
10.1.10.”хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах”үүргүүдийг хүлээнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2005 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Д.Оод сар бүр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Т.Дгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2., 26.6.-д зааснаар эцэг эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог тул хариуцагч Т.Д дээрх эрх үүргээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч З.У саад учруулах эрхгүй болно.
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.-т гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болохыг зохицуулсан ба хариуцагч Т.Д нь Хан-Уул дүүрэг Нүхтэд байрладаг 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөө хүү Д.О, Д.З нарт болон нэхэмжлэгч З.Уын өмчлөлд, мөн Сүхбаатар дүүрэг дэх орон сууцыг хүү Д.О, Д.З нарын өмчлөлд, өөрт ногдох хувиа авалгүйгээр тус тус шилжүүлэн өгч байгаа бөгөөд зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Номун овогт Түмэнжаргалын Д/РД: ЧТ76111270/, Боржигон овогт Зандраагийн У/РД:ШБ75080862/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Д.Оыг эх З.Уын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар 2005 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Д.Оыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-хүртэл нь сар бүр, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Дгээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.-т зааснаар хариуцагч Т.Д нь Хан-Уул дүүрэг Нүхтэд байрладаг 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөө хүү Д.О, Д.З нарт болон нэхэмжлэгч З.Уын өмчлөлд тус тус, мөн Сүхбаатар дүүрэг дэх орон сууцыг хүү Д.О, Д.З нарын өмчлөлд, өөрт ногдох хувиа авалгүйгээр тус тус шилжүүлэн өгсөн, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэснийг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хариуцагч Т.Д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч З.У саад учруулах эрхгүй болохыг дурьдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,420 төгрөгөөс 129,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 59,110 төгрөгийг мөн хариуцагч Т.Дгээс 129,310 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Уд олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ