Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2021/01596

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.Дб/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: П.Дм/РД: /-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, тэтгэмжид 27 600 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Дб шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Х.Дб нь 1974.08.29-нд Улаанбаатар хотод төрсөн. 1997 оны 03 дугаар сарын 10-нд П.Дмтай гэр бүл болсон. Бидний дундаас охин Д.Даваасүрэн 1997.02.17-нд төрсөн. Одоо охин Д.Даваасүрэн 24 настай.

Х.Дб миний бие 1999 онд БНСУ руу ажиллахаар явж 2020 оныг хүртэл БНСУ-д ажиллаж амьдарсан ба гэр бүлтэй болсон.

П.Дмгаас 21 жил тусдаа амьдарсан. Миний бие өөр хүнтэй хамтын амьдрал зохиосон тул цаашид П.Дмтай амьдрах боломжгүй болсон.

Миний бие гэр бүл цуцлуулах маргааныг Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр хандсан боловч П.Дм нь охин Д.Даваасүрэнг магистр хамгаалуулах сургалтын төлбөр төлөх санал гаргасан мөн тэтгэмжийн асуудал яригдсан. Миний бие П.Дмгийн тавьсан саналуудыг хүлээн авах боломжгүй байгаа.

Х.Дб миний бие БНСУ-д визний зөвшөөрөлгүй ажиллаж амьдарч байсан болохоор мөнгө хуримтлуулах ямарч боломж гараагүй юм.

Бид гэрлэлтээ цуцлуулахад П.Дм нь тэтгэмж, сургалтын төлбөр төлүүлэх тухай маргаантай байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр хандаж байгаа болно.

Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.гэв.

 

Нэхэмжлэгч Х.Дбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа хариуцагч тал Гэр бүлийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд заасныг үндэслэж сөрөг нэхэмжлэлээ гаргасан. Дээрх 37 дугаар зүйлд гэрлэгсдийн тэжээн тэтгэх үүргийг зохицуулахдаа “хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан” гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. П.Дм группт орсон нь нотлогдсон байдаг. Группын мөнгө улсаас авдаг. Юу хэлэх гээд байна вэ гэхээр гэрлэгч хүндээр өвдөөд ямар нэгэн группт ороогүй буюу ямар нэгэн цалин хөлс орлогогүй улсаас тэтгэвэр тэтгэмж авдаггүй эсвэл ажил хөдөлмөр хийж байгаад тэтгэвэрт ороод тэтгэвэрт ажиллахад хөдөлмөрийн зөрүү гарсан тохиолдолд Х.Дбаас гаргуулах хууль зүйн үндэслэл бий болно гэж би үзэж байна. Нөгөө талаар Улсын дээд шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр тогтоолд хариуцагч хүндээр өвчилсөн гэдэг ойлголтод гэрлэлт цуцлуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх үед хариуцагч хөдөлмөрийн чадвараа алдах, эмнэлэгт хэвтэх, хэвтэрийн дэглэм зайлшгүй шаардлагатай байх, мэс засалд орох, эмчийн хяналтанд орж тууштай эмчилгээ хийлгэх зэргээр гэрлэлт цуцлах асуудлыг  хэлэлцэхэд өөрийн эрхийг хамгаалах боломж муутай байгаа үед эмнэлэгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэнэ. Өвчний хувьд эдгэрэшгүй хугацаагүй тахир дутуугийн группт орсон хэдий ч гэрлэлт цуцлах үед өвчин хүндэрсэн шатандаа биш ердийн явцдаа байгааг хамааруулахгүй байхаар дээд шүүхийн тогтоолд заажээ. Харин энэ тохиолдолд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд зааснаар ердийн нөхцөлд байвал асуудлыг шийдвэрлэхгүй гэж би ойлгож байна.” гэв.

 

Хариуцагч П.Дм шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгч X.Дбын тус дүүргийн шүүхэд гаргарсан нэхэмжлэлийг уншиж танилцаад дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна.

Нөхөр X.Дб бид нар 9-10-р ангид суралцаж байхдаа танилцаж, 1995 оноос нэг гэрт амьдарч эхэлсэн бөгөөд 1997 онд охинтой болж, өөрсдийн санаачилгаар гэр бүлээ батлуулж, албан ёсны гэр бүл болсон.

Тодорхой ажил олдохгүй байсан бөгөөд залуус Солонгос яваад байна би явж байрны мөнгө олж, амьдралаа сайжруулмаар байна гэхээр нь ээжийгээ гуйж хөөцөлдүүлж виз гаргуулан 1999 оны 5 сарын 10-ны өдөр охин бид хоёр болон хоёр талын аав ээж, ахан дүүсээрээ үдүүлэн Солонгос явсан билээ. Явахаар үнсээд салахад нь охин маань маш чангаар уйлж үлдсэн. Тэр дуу одоо ч миний зүрх сэтгэлд хадаастай байдаг юм.

Явснаасаа хойш 2004 оны 11-р cap хүртэл холбоотой бидэнд хэдэн доллар, охиндоо хувцас хунар явуулдаг байсан. Гэхдээ 2003 оноос ярих нь холдож, ярихаараа “би завгүй байна, дараа нь тухтай ярья” гэж хэлээд утсаа тасалчихдаг болсон. 2004 оны 11-р сард охиндоо хувцас явуулаад хадам аавынд бид хоёрыг дуудуулж яриад аав, ээжтэйгээ ч ярилгүй утсаа тасалсан. Тэр үеэс хойш сураггүй болж бид айж, гайхаж хойноос нь шаналж 16 жил боллоо. Энэ хугацаанд би өөрийн аав, ээжийн хамт ганц охиноо хүнээс дутуугүй өсгөн хүмүүжүүлсэн. МУИС-ийн сэтгүүлчийн анги төгсгөсөн. Охин маань Eagle ТВ-д ажиллаж байна.

Гэтэл 2020 оны 9-р сарын 4-ний өдөр шүүхээс дуудсан бичиг авчирч өгөв. Ямар учиртай юм бол гэтэл Х.Дбын салах өргөдөл ирсэн тухай байв. Тэр үед өргөдлийн агуулга сонин биш, амьд байна гэдэг нь сонин сайхан байж баярлаж догдолсон. СБ дүүргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлах газар очоод баримт материалтай танилцаж, голдоо ортлоо гомдож, хэлэх үггүй цочролд орсон бөгөөд бие маань улам муудаж, 3-4 cap хэцүү байдалд байтал дахин 2021 оны 3-р сарын 5-нд эвлэрүүлэн зуучлах газар уулзалт болж, 20 гаруй жил хараагүй түүний барааг харлаа. Бидэнд хэлээгүй хорин жилийн дараа шүүх дээр уулзаж байгаад маш гомдолтой байна. Тэр үед цочирдсоноосоо болоод хамт амьдарч чадахгүй гэдгээ хэлсэн.

Би 1999 оноос хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу 70-н хувийн тэтгэмж авч эхэлсэн. Одоо 22 жил болж байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан надад тэтгэмж, эсхүл охиндоо цаашид суралцахад нь зориулж санхүүгийн тусламж үзүүлээч гэж санал болгосон.

Гэвч хариуцлага хүлээх хүсэлгүй, чадваргүй гэдэг шалтгаанаар тэтгэмж төлөхгүй шүүхээр шийдүүлнэ гэсэн өргөдөл гаргажээ. Харин би энэ хэрэгтэй хамт шийдвэрлүүлэхээр Гэр бүлийн тухай хуулийн 36, 37 дугаар зүйлүүдийн дагуу тэтгэмж гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжпэл гаргах болно. Гэр бүл цуцлах асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж бодож байна.” гэв.

 

Хариуцагч П.Дм шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х.Дбын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч би ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, Гэр бүлийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Нөхөр Х.Дбтай 1997 оны 3-р сарын 10-ны өдөр гэр бүл болж, Охин Д.Даваасүрэнг 1997 оны 2-р сарын 17-нд төрүүлсэн.

Нөхөр Х.Дб нь 1999 оны 5 сарын 10-ны өдөр охин бид хоёрыг орхин Солонгос явсан билээ. Тэгээд 21 жилийн дараа шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар намайг дуудуулан уулзсан. Охинтойгоо ч одоогоор уулзаагүй байна.

Нөхөр Х.Дб нь өвчтэй эхнэр, 2 настай охиноо орхиод явсан. Би 1999 онд тахир дутуугийн группт орсон. Одоо 22 жил болж байна. Өөрийн нь аав, ээж, эгч, дүү нар цөм л амьд сэрүүн Улаанбаатар хотод байдаг. Миний охин Д.Даваасүрэн ч эмээ, өвөөдөө цагаан cap бүрээр очиж золгодог байсан. Би өөрөө аюулт өвчинд нэрвэгдэж группт орж, амьдрал ахуй хүнд байсан ч ганц охиноо дээд мэргэжилтэй болгож ажил төрөлд оруулсан.

Гэр бүлийн тухай хуулийн 36, 37 дугаар зүйлүүдийн дагуу тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Гэрлэгчид бие биеэ, түүнчлэн төрөл, садангийн хүнээ тэжээн тэтгэх тэтгэлэг нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна гэж заасан. Үндэсний статистикийн хорооны даргын Амьжиргааны доод төвшин тогтоох 2020 оны 01-р сарын 13-ны өдрийн А/05 дугаар тушаалаар Улаанбаатар хотод 230,000 төгрөг байхаар тогтоожээ.

Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт тэтгэмжийн нэг удаа олгож болохоор зохицуулсан байна. Би өнөөдөр 47 настай. Манай оронд эмэгтэйчүүдийн дундаж наслалт хамгийн сүүлд 2018 онд хийсэн судалгаагаар 75, 78 гэж гарсан байдаг. Би өөрийгөө ядаж 20 жил амьдрах байх гэж бодож байна. 230,000 х 12 cap = 2,760,000 /нэг жилийнх/, 2,760,000 х 20 жил = 55,200,000 төгрөг. Би энэ үнийн дүнгийн тал болох 27,600,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд Х.Дбаас 27,600,000 төгрөгийн тэтгэмж гаргуулж, надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Дб хариуцагч П.Дмд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл, хариуцагч П.Дм нэхэмжлэгч Х.Дбад холбогдуулан тэтгэлэгт 27 600 000/хорин долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч П.Дм нь 20 гаруй жил хараагүй түүнийг барааг харлаа, цочирдсоноосоо болоод хамт амьдарч чадахгүй гэдгээ хэлсэн гэх тайлбар ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Х.Дб, хариуцагч П.Дм нар нь гэр бүл болсноо 1997 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, ПА №111 Гэрлэлтийн гэрчилгээний болон 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Эхнэр нь жирэмсэн ... эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно.” гэж заасан.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч гэрлэлтийг цуцлахад татгалзахгүй гэх тайлбар гаргаж байгаа гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь тархины өвчтэй байх ба уг өвчин нь ердийн өвчний шалтгаантай болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 034602 дугаар актын хуулбараар тогтоогдож байна.

 

Уг өвчний улмаас хариуцагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 1999 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн актаар 79/далан ес/ хувиар, 2016 оноос 2018 он хүртэл 80/ная/ хувиар, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн актаар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 80/ная/ хувиар тогтоож байсан болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон 1999 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн актын хуулбар, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 034602 дугаар актын болон 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Нийгмийн халамжийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтмол 80/ная/ хувиар тогтоож байх тул хариуцагчийн тархины өвчин ердийн явцтай гэж үзэх үндэслэлтэй болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 034602 дугаар актын болон 1999 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн актын хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Нийгмийн халамжийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х.Дб, хариуцагч П.Дм нар нь 1999 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа байх ба гэрлэгчид цаашид хамт амьдрах, эвлэрэх бодит шалтгаангүй болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр тогтоогдож байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс тэтгэлэгт 27 600 000/хорин долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Гэрлэлт цуцлах үед эхнэр буюу нөхөр нь хөдөлмөрийн чадваргүй, эдийн засгийн хувьд зайлшгүй туслалцаа шаардлагатайгаас тэтгэвэр гаргуулах ... гарсан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно.” гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тус нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хариуцагчийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хамт шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь ердийн өвчний улмаас 1999 оноос одоог хүртэл хөдөлмөрийн чадвараа 80/хувь/ алдсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь 1974 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн 47/дөчин долоо/ настай болох нь Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ПА№ 111 гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Үндэсний статистикийн хорооноос 2020 онд хийсэн судалгаагаар Монгол Улс дахь эмэгтэй хүний дундаж наслалт 76.22/далан зургаа зууны хорин хоёр/ гэжээ.

 

Хариуцагч нь 67/жаран долоо/ нас хүрэх боломжтой гэж үзэж, Улаанбаатар хот дахь 2020 оны хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр нэг удаа 27 600 000/230000х12сар=2760000, 2760000x20жил=55200000, 55200000:2=27600000/ /хорин долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хөдөлмөрийн чадвараа 80/хувь/ алдсан, тахир дутуугийн тэтгэврээс өөр орлогогүй болох нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 034602 дугаар актын болон 1999 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн актын хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Нийгмийн халамжийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “Гэрлэгчид харилцан бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй.”, 41 дүгээр зүйлийн 41.1-т “Тэтгэлгийг дор дурдсан хэлбэрээр олгож болно:”, 41.1.1-т “мөнгөн хэлбэрээр;”, 41.2-т “Тэтгэлгийг дараахь хугацаагаар олгож болно:”, 41.2.2-т “нэг удаа.” гэж заасан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1, 41.2, 41.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь хөдөлмөрийн чадвараа 80/хувь/ алдсан, эдийн засгийн хувьд зайлшгүй туслалцаа шаардлагатай байх тул нэхэмжлэгчээс нэг удаа тэтгэлэгт 27 600 000/хорин долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй.

 

Зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигин овогт Хишигдэлгэрийн Дб, хариуцагч Монголмуд овогт Пүрэвийн Дм нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1, 41.2, 41.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Дбаас 27 600 000/хорин долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан хариуцагч П.Дмд олгосугай.

 

  1. Нэхэмжлэгч Х.Дб, хариуцагч П.Дм нар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44-р зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Х.Дбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Дмгаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Дбад олгож, хариуцагч П.Дмгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хариуцагч П.Дмд олгож, нэхэмжлэгч Х.Дбаас улсын тэмдэгтийн хураамжид 295 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсгуай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ