Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0135/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц***, 
Шүүгдэгч Ё.Э***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ё.Э***д холбогдох  эрүүгийн **** дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ё.Э***, 1980 оны 01 дүгээр сарын   26-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин ** дугаар багийн ** тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ё.Э***нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багт байрлах “ИМ***” төвийн зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж буй “ИМ***” бааранд хохирогч А.М***ын зүй бус үйлдлийн улмаас буюу А.М***ыг өөрийн найз болох Ц.С***г түлхэж унагаалаа хэмээн маргалдаж улмаар зүүн хөл тус газарт нь өшиглөж хохирогч А.М***ын бие махбодид “Зүүн шилбэ ясны дунд 1/3-н зөрөөтэй далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч Ё.Э***ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:     
Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хуучин зах дээр толгойт руу таксинд хүн авах гээд өөрийн эзэмшлийн **ДАХ улсын дугаартай Сонота-6 маркийн автомашинтай зогсож байхад багын найз С*** хөдөөнөөс орж ирлээ гээд ганцаараа хүрээд ирсэн. Би найзыгаа дагуулаад гэрт очиж цай уугаад сууж байхад С*** Шинэ Дархан орж худ Ц***гаас мөнгө авна гэсэн. Би өөрийн машинаа гэртээ үлдээгээд найзын хамт таксигаар Шинэ Дарханы хуучин хорооллын **-р байранд очсон. Би байрны гадна үлдээд найз С*** байрлуу орсон. Би байрны гадна хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь зах руу яваад өгсөн. Намайг зах дээр байхад С*** утсаар ярьж байгаад хүрээд ирсэн. 
...Дархан сумын **-р багт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ий ИМ*** бааранд ороод 2 шил архи, боргио пиво авч уусан. Би бааранд хүмүүстэй бүжиглэж байхад С*** бүжиглэж чадахгүй болохоор ширээн дээр пиво уугаад сууж байсан. Бид хоёр пиво ууж дуусаад баарнаас гарах гээд С*** түрүүлж босоод явсан. Тэгэхэд баарны бүжгийн талбайн голд зогсож байсан 50 орчим насны эрэгтэй хүн С***г түлхээд унагаасан. Би тэр ах дээр явж очоод миний найзыг яагаад түлхээд унагааж байгаа юм гэхэд өөдөөс юм яриад байсан. Би юу гэж хэлсэн талаар сайн санахгүй байна. Тэгээд нөгөө ахыг хоёр гараараа заамдаж бариад хөлөөрөө хавсраад унагаасан. Тэгэхэд хажуу талын ширээн дээр сууж байсан 50 гаруй насны гурван хүүхэн 60 орчим насны нэг эрэгтэй хүмүүс ирээд намайг түлхээд хүн аллаа гэж хэлээд салгасан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Бусдын бие эрх чөлөөнд халдаж болохгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон гэх мэдүүлэг, 

    Хохирогч А.М***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг өнгөрч байхад Шинэ зах орж охин С***той уулзчихаад эхнэр Ц*** руу яриад хаана байгаа талаар асуухад мэдэхгүй гэсэн. Би эхнэрийнхээ **** гэсэн дугаар луу залгахад ажлын газрын хүний төрсөн өдөр болоод нэг газар сууж байна гээд утсаа салгасан. Би захын архи пиво зардаг дэлгүүрээс нэг шил пиво аваад ганцаараа уусан. Тэгээд ИМ***н доод талын бааранд байж магадгүй гээд ганцаараа яваад орсон тэгэхэд эхнэр ажлын газрын Д*** болон түүний танил ах Х***, Н*** нарын хамт дөрвүүлээ сууж байсан. Би тэр дөрөв дээр очоод Д***гээс чиний төрсөн өдөр юм уу гэхэд тийм гэж хэлсэн. Би ажлын газрын М***тай утсаар яриад хаана байгаа талаар асуугаад баарнаас гарах гээд алхаж байхад хажуугаар хөдөөний байрын согтуу залуу орж ирээд юм асуух гээд байгаа юм уу, яах гээд байгаан мэдэгдэхгүй байхаар нь нэг гараараа цохиод авчих юм болов уу гэж бодоод түлхээд унагаасан. Тэгэхэд цаад ширээн дээрээс нэг залуу босож ирээд найзыгаа өмөөрч байгаа бололтой хоёр гараараа заамдаж бариад зүүн хөл рүү хөлөөрөө хавираад газарт унагаачихсан. Би газар унаад өндийгөөд хөлөө өргөхөд зүүн хөл унжаад ирсэн. Миний хөл хугарчихлаа гэхэд цаанаас эхнэр хамт байсан хүмүүстэйгээ босож ирээд намайг салгаад авсан гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
 
    Гэрч Х.С***мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р багт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний ИМ***  бааранд зөөгчийн ажил хийгээд сууж байсан. Тэр орой 19 цагийн орчим нэг эрэгтэй, гурван эмэгтэй хүн орж ирээд тек талаасаа хоёр дахь ширээн дээр нэг, нэг пиво аваад суусан. Тухайн дөрвөн хүн нэлээд ахимаг насны хүмүүс байсан. Харин тэр хүмүүсийг орж ирэхээс өмнө хөдөөний байрын 2 согтуу залуу орж ирээд тек талаасаа нэгдүгээр ширээнд пиво аваад суусан. Тэд нарыг пиво уугаад сууж байхад гаднаас ахимаг насны нэг эрэгтэй хүн орж ирээд нэг эрэгтэй, гурван эмэгтэй дээр утсаар яриад баарны голд ганцаараа зогсож байсан. Харин тек талаасаа 1 дүгээр ширээнд сууж байсан хоёр эрэгтэй залуугийн хөдөөний бор царайтай залуу босоод баарны голд зогсож байсан ахын хажууд очиход утсаар ярьж байсан ах хөдөөний согтуу залууг түлхээд газарт унагаасан. Тэгэхэд хамт сууж байсан шар царайтай залуу босож ирээд утсаар ярьж байсан ахыг хоёр гараараа энгэрээс нь барьж аваад хөлөөрөө хавираад газарт унагаасан. Тэгэхэд 2 дугаар ширээн дээр сууж байсан ахимаг насны эмэгтэйчүүд босоод салгасан. Би текин дээрээс босоод 00 өрөө орчихоод ирэхэд баарны голд гаднаас хөлрүүгээ хавируулаад унасан ах хөлөө жийгээд сууж байсан. Тэгэхэд 2 дахь ширээн дээр сууж байсан эгч нар нөгөө ахыг аваад ширээний хажуугийн сандал дээр суулгасан. Намайг 00 өрөөнөөс гараад ирэхэд маргалдсан 2 залуу гараад явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Гэрч Г.Х***ын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим Шинэ зах дээр нэг газарт ажилладаг байсан Н***тай таарсан. Бид хамт яриад явж байхад хамт ажилладаг байсан Ц*** гэдэг хүүхэн **** гэсэн дугаараас Н*** руу залгаад та хаана явж байгаа талаар асуухад Н*** Ц***т зах дээр явж байна гэхэд ИМ***н доод талын бааранд ороод ирээч гэж хэлсэн. Тэгээд Н*** намайг 2-лаа бааранд орж хамт жаахан сууж байгаад явах уу гэж хэлсэн. Би зөвшөөрөөд хамт бааранд орсон. Тэгэхэд Ц***, Д*** нар хамт сууж байсан. Бид 2 нийлж сууж нэг нэг пиво авсан. 
... бид нар дээр Ц***ын нөхөр М*** халамцуу ууртай хүрч ирээд Д***гээс чиний төрсөн өдөр юм уу гэж асуусан. Тэгэхэд Д*** тиймээ миний төрөн өдөр гэж хэлсэн. Тэгээд М*** уурлаад утсаар яриад ширээн дээр ч суулгүй эргээд алхсан. Тэгэхэд хажуу талаас нь хөдөөний байрын бор царайтай, бүлтгэр нүдтэй, дээгүүрээ тэмээний ноосон цамцтай нэлээд согтуу залуу М***аас юм асуух шиг болсон. Тэгэхэд М*** нөгөө залууг түлхээд газарт нилээд эвгүй сандал мөргөөд унагаасан. Би маргалдаж байсан хүмүүсийн эсрэг хараад сууж байхад өөдөөс хараад сууж байсан Ц*** нөхрийгөө газар унагаачихлаа гээд босоод яваад өгсөн. Удаагүй Ц*** эргэж ирээд нөхөр М***ын хөл хугарсан юм шиг байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч С.Ц***ын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим найз Д***гийн хамт Дархан сумын **-р багт үйл ажиллагаа явуулдаг ИМ***н доод давхарт бааранд орж суусан. Бид хоёр хүний нэг нэг пиво аваад ууж сууж байгаад би хамт ажилладаг байсан эгч Н***гийн гар утас руу залгахад зах дээр явж байна гэж хэлсэн. Би хүрээд ир гэхэд удаагүй танил Х*** ахын хамт бааранд ороод ирсэн. Тэгээд тэр хоёр нэг нэг пиво аваад дөрөвүүлээ юм яриад сууж байсан. Удаагүй гаднаас нөхөр маань ганцаараа ороод ирсэн. Бид нар дээр нөхөр ирээд хэний төрсөн өдөр болоод байгаа юм гэхэд найз Д*** миний төрсөн өдөр болж байна гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр бид нартай хамт суугаач үгүй цаашаа эргээд утсаар яриад явсан. Би нэг эргээд харахад нөхөр маань газарт унасан хоёр залуу өшиглөөд зодож байсан. Би суудал дээрээсээ босоод явж очоод та яаж байгаа юм боль манай нөхрийг аллаа гэж хэлээд цаашин түлхээд, татаад салгасан. Тэгэхэд монхор хамартай залуу текэн дээр очоод зогссон. Би араас нь явж очоод чи миний нөхрийн хөлийг хугалчихлаа. Та нар хүн алвал яах юм гэхэд нөгөө залуу ерөөсөө юм ярихгүй байсан. Харин хажуу талаас нь нэг эмэгтэй хүн өдий насны хүн ийм юм яриад байхдаа яадаг юм гээд байсан. Би эргээд нөхөр М*** дээр очоод босоод ир гэхэд босож болохгүй байна. Миний хөл хугарчихлаа гээд байсан. Би хамт байсан хүмүүсдээ очиж хэлээд хамт өргөж сандал дээр суулгасан. Бид нар сандал дээр сууж байгаад эргээд харахад бүгд баарнаас гараад явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24/
Гэрч Ж.Д***гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим хамт ажилладаг Ц***ын хамт ажллаа тараад Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний “***” бааранд орж нэг нэг шил пиво аваад уусан. Тэгээд сууж байгаад Ц*** Н*** эгчийг утсаар бааранд дуудсан. Удаагүй Н*** эгч Х*** гэдэг ахимаг насны ахтай орж ирсэн. Тэр хоёр бас нэг нэг пиво аваад уугаад суусан. Тэгээд бид дөрөв юм яриад пиво уугаад сууж байхад гаднаас Ц***ын нөхөр М*** ганцаараа утсаар яриад ороод ирсэн. Бид нар дээр ирээд надаас чиний төрсөн өдөр болж байгаа юм уу гэж асуусан. Би хариуд тийм гэж хэлсэн. Тэгэхэд М*** бид нарын ширээн дээр суухгүй цаашаа эргээд утсаар яриад алхасан. Тэгээд баарын голд зогсож байхад хажуугаар нь хөдөөний байрын согтуу залуу гарахдаа шүргээд тулсан. Тэгэхэд М*** нөгөө залууг түлхээд газарт унагаасан. Бид нарын сууж байсан ширээний хажуугийн ширээн дээр хамт сууж байсан залуу босож ирээд М***ыг найзыг минь түлхэж унагаалаа гэж өмөөрөөд хөлрүү өшиглөөд газарт унагаасан. Тэгээд М*** газар сууж байхад Ц***, Н*** нар очоод салгасан. Тэд нар нөгөө залуугаас салгаад ширээн дээр эргэж ирээд суусан. Харин М*** ганцаараа баарны голд суугаад байсан. Бид нар М***ыг баашлаад байна гээд суулгаад байсан чинь босож ирэхгүй байсан. Тэгээд эхнэр Ц*** нь очоод уулзаад ирэхэд хөл нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар сандал дээрээс босоод М***ыг очиж аваад сандал дэээр авч ирээд суулгахад хөл нь хугарсан байсан. Бид нар эмнэлэг рүү М***ыг авч очиж үзүүлэхэд зүүн хөл нь шилбээрээ хугарсан байна гэж хэлсэн. Бид нарыг эмнэлэг дээрээс цагдаагийн машинд суугаад цагдаагийн газарлуу байцаалт өгөх гээд явж байхад замд цагаагийн машинд суусан байсан хоёр хүнийг энэ хүмүүс М***ыг зодсон уу гээд хоёр согтуу залууг харуулсан. Тухайн үед М***тай маргалдсан хоёр залуу мөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25/
Гэрч Ц.Н***гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим Шинэ зах дээр танил Х***тай таараад хамт явж байхад хамт ажилладаг байсан Ц*** гэдэг хүүхэн **** гэсэн дугаараас залгаад та хаана явна гэж хэлсэн. Би зах дээр явж байна гэхэд ИМ***н доод талын бааранд ороод ирээч гэж хэлсэн. Би Х***ыг дагуулаад бааранд орсон. Тэгэхэд Ц***, Д*** нар хамт юм яриад сууж байсан. Бид хоёр нийлээд сууж нэг нэг пиво аваад яриад суусан. Би Ц***оос чи нөхөр М***ад хэлсэн юм уу гэж асуухад Ц*** би нөхөр М***ад хэлсэн гэж надад ярьсан. Бид нар нэг нэг пиво уугаад сууж байхад Ц*** яанаа гаднаас М*** ороод ирлээ гэж хэлсэн. Бид нар дээр Ц***ын нөхөр М*** халамцуу ууртай хүрч ирээд Д***гээс чиний төрсөн өдөр юм уу гэж асуусан. Тэгэхэд Д*** тиймээ миний төрсөн өдөр гэж хэлсэн. Тэгээд М*** уурлаад утсаар яриад ширээн дээр ч суугаагүй эргээд алхасан. Тэгэхэд хажуу талаас нь хөдөөний байрын бор царайтай, бүлтгэр нүдтэй, дээгүүрээ тэмээний ноосон цамцтай нэлээд согтуу залуу М***аас юм асуух шиг болсон. Тэгэхэд М*** нөгөө залууг түлхээд газарт нэлээд эвгүй унагаасан. Тэгэхэд цаана ширээн дээр тэр залуутай сууж байсан залуу манай найзыг яагаад байгаа юм гээд босож ирээд М*** дээр очиж харагдсан. Би Х***ын хамт нөгөө талруу хараад суусан байсан болохоор яг юу болсон талаар хараагүй юм. Тэгэхэд Ц*** нөхрийг газар унагаачихлаа гэж хэлээд босоод яваад өгсөн. Удаагүй Ц*** эргэж ирээд нөхөр М***ын хөл хугарсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд нэлээд удаан сууж байгаад М*** уурандаа худлаа яриад баашлаад байгаа юм гэж хэлээд нэлээд удаан суусан. Тэгэхэд М*** хөлөө жийгээд баарны голд суугаад байсан. Бид дөрөв нөгөө М*** чинь суугаад байх юм яаж ингээд суулгаад байх вэ гэж хэлээд бид дөрөв М***ыг өргөж авч  ирээд хажуудаа сандал дээр суулгасан. Тэгэхэд М*** өөрөө өмдөө дээшлүүлээд шилбээ үзүүлэхэд шилбэ нь нэлээд хавдсан байсан. Тэгээд Д*** эмнэлэг рүү яриад хүний хөл хугарсан талаар дуудлага өгсөн. Удаагүй эмч нар ирж үзээд хөл нь хугарсан байна гэж хэлээд эмнэлэгийн хүлээн авах руу аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 26/
Гэрч Ц.С***гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн орчим хөдөө Хүйтний голоос гэрээсээ хүний машинд дайгдаад Шинэ зах дээр ирж өөртөө гутал, хувцас худалдаж авсан. Тэгээд хойд зах дээр явж байгаад найз Э***тай таарсан. Бид хоёр Э***ы гэрт очоод цай, хоол идсэн. Тэгээд найз Э*** өөрийн машинаа гэртээ үлдээгээд хамт Шинэ Дархан орж худ Ц***гаас би мөнгө зээлж авах гээд очсон. Манай найз Э*** гэрийн гадна намайг хүлээж байгаад яваад өгсөн байсан. Миний мөнгө бүтэхгүй болохоор нь би Зах дээр ирээд утсаар ярьж байгаад Э***тай уулзсан. Бид хоёр ойрд уулзаагүй юм чинь гээд караокед орж дуулж байгаад нэг шил   0,75 архи хувааж уусан. Тэгээд караокед дуулж дуусаад гарсан. Бид хоёр явж байгаад Дархан сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ий “***” бааранд ороод бид хоёр 6 шил пиво авч уусан. Манай найз Э*** бааранд хүмүүстэй бүжиглээд байсан. Би бүжиглэж чадахгүй болохоор ширээн дээр пиво уугаад сууж байсан. Бид хоёр пиво ууж дуусаад баарнаас гараад Э***ы гэрлүү явах гээд би түрүүлээд босоод явсан. Тэгэхэд баарны бүжгийн талбайн голд зогсож байсан 50 орчим насны эрэгтэй хүнийг нэлээд согтсон байсан болохоор гуйваад шүргэсэн. Тэгээд нөгөө ахаас уучлалт гуйх гэхэд тэр ах уурлаад намайг түлхээд газарт унагаасан. Манай найз намайг баарнаас аваад гараад явсан. Бид хоёр Өүшин бааранд ороход намайг баарны бармен их согтолттой байна хүнд үйлчлэхгүй гээд бааранд оруулаагүй юм. Манай найз Э*** чи ахындаа амарчих нэлээд согтсон байна гэж хэлсэн. Би баарнаас гараад 18-ын таксины буудал дээр очоод ах С***ийн гэрлүү явах гээд такси хүлээгээд зогсож байхад эргүүлийн эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаа ирээд найз чинь хаана байна гэж хэлсэн. Би Өүшин бааранд байгаа гээд тэр хоёр цагдааг дагуулж очиход хүн зодсон байна гэж хэлээд бид хоёрыг эрүүлжүүлэх байранд хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27/
Гэрч М.Г*** /хх-ийн 28/, Б.О*** /хх-ийн 29/, В.Ц*** /хх-ийн 30/ нарын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.02.22-ны өдрийн 225  дугаар дүгнэлт: 
1.А.М***ын биед зүүн шилбэ ясны дунд 1/3-н зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвэр зэрэгт хамаарна. 
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 32/, 

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 12/, дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмлэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/, А.М***ын нэгдсэн эмнэлгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 34-48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-72/ зэрэг болно.  

Шүүгдэгч Ё.Э***нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “ИМ***” төвийн зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж буй “ИМ***” бааранд хохирогч А.М***ын зүй бус үйлдлийн улмаас буюу А.М***ыг өөрийн найз болох Ц.С***г түлхэж унагаалаа хэмээн маргалдаж улмаар зүүн хөлөөрөө хавсарч газарт унагаасны улмаас хохирогч А.М***ын бие махбодид “Зүүн шилбэ ясны дунд 1/3-н зөрөөтэй далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.02.22-ны өдрийн 225  дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хохирогч Б.М*** нь шүүх хуралдаанд хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэснээр шүүгдэгч Ё.Э***ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. 

Шүүгдэгч Ё.Э***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

Шүүгдэгч Ё.Э***д хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
   
 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Ё.Э***д бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Ё.Э***ыг 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ё.Э***д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ё.Э***д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил /нэг жил/-ийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар даалгасугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ё.Э***нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Э***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ